| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10291/И |
| Дугаар | 191/ШШ2025/09947 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09947
2025 11 14 191/ШШ2025/09947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............... тоот хаягт байрлах, Ш ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ш ХХК нь иргэн Ж.Б-тай 2023.06.14-ний өдөр 230223061405 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,744,083.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025.08.01-ний 197/ШЗ2025/42936 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Ж.Б-ын оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 25/628 дугаартай У.М, Д.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 2 х/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.01-ний өдрийн 197/ШЗ2025/42936 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 3 х/,
-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.08-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,
-2023.06.14-ний өдрийн 230223061405 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 5-7 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8 х/,
-2023.06.14-ний өдрийн Барьцааны гэрээ /хх-ийн 9 х/,
-Иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10 х/,
-2018.11.30-ны өдрийн ТЗ101/647 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 11-13 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Ш ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б-ын оршин суух хаягийг ............ тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 1,744,083.60 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.01-ний өдрийн 197/ШЗ2025/42936 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 3 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2025.10.15-ны өдрийн 191/ШЗ2025/43061 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж.Б /РД:00000000/-ын Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлжээ.
Дээрх лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б-ыг ............. тоотод оршин суудаг гэж тодорхойлсон бөгөөд уг хаягаар 2025.10.27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025.11.02-ны өдөр өөрөө гардаж авсан байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 18-19 х/
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Ш ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Ш ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА