Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2018/00045

 

Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй С.Одгэрэлд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2018/00880 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Бямбацэрэнгийн Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сумъяагийн Одгэрэлд холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн 16.865.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.Одгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацалсүрэн, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

Нэхэмжлэгч Бямбацэрэнгийн Баярмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Одгэрэл надаас 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн 5046308299 данс руу 525000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 52252771243 тоот данс руу 3.250.000 төгрөг, 6.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 1.090.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 бүгд 16.865.600 төгрөг шилжүүлж авсан.

Ингэхдээ мөнгийг өсгөж өгнө найдвартай хөрөнгө оруулагч компани байгаа гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний С.Одгэрэлд өгсөн мөнгө өсөх нь битгий хэл үндсэн мөнгө орж ирээгүй өдий хүрлээ. 2018 оны 5 дугаар сараас хойш надад ямар ч мөнгө өгөөгүй тул энэ мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж эхэлсэн.

Иймд С.Одгэрэлээс 16.865.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. С.Одгэрэл нь өөрийн фэсбүүк дээр тавьсан мэдээллийн дагуу асууж тодруулахад С.Одгэрэл нь 10.000 долларийг Стеймфорд гэх компанид төвлөрүүлэх юм бол 7 хоног бүр 7.000 долларын ашиг авч 3 сарын дотор үндсэн мөнгөө авна, дахин хөрөнгө оруулахгүйгээр ашиг аваад явдаг компани байна гэж хэлсэний дагуу би дээрх мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс би ашиг гэж 65 доллар авсан, энэ мөнгийг уг компани биш С.Одгэрэл өөрийн данснаасаа шилжүүлсэн байдаг. Эндээс үзсэн ч Стеймфорд компани гэж байдаг эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. Иймд С.Одгэрэлээс 16.865.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баярмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.Одгэрэл надаас бүгд 16.865.600 төгрөг шилжүүлж авсан. Ингэхдээ мөнгийг өсгөж өгнө найдвартай хөрөнгө оруулагч компани байгаа гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний С.Одгэрэлд өгсөн мөнгө өсөх нь битгий хэл үндсэн мөнгө орж ирээгүй өдий хүрлээ. 2018 оны 5 дугаар сараас хойш надад ямар ч мөнгө өгөөгүй тул энэ мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж эхэлсэн.

С.Одгэрэл нь өөрийн фэйсбүүк дээр тавьсан мэдээллийн дагуу асууж тодруулахад С.Одгэрэл нь 10.000 долларийг Стеймфорд гэх компанид төвлөрүүлэх юм бол 7 хоног бүр 7000 долларийн ашиг авч 3 сарын дотор үндсэн мөнгөө авна, дахин хөрөнгө оруулахгүйгээр ашиг аваад явдаг компани байна гэж хэлсэний дагуу би дээрх мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс би ашиг гэж 65 доллар авсан, энэ мөнгийг уг компани биш С.Одгэрэл өөрийн данснаасаа шилжүүлсэн байдаг гэжээ.

Хариуцагч С.Одгэрэл шүүхэд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би анх 2018 оны 02 дугаар сарын 01-нд Ирландын Stamford-markting гэх компанид 10.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь Forex арилжаанд орж ашиг олон түүнээсээ ашгаа хувиарладаг компани гэж тайлбарласан. Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил болсон байсан. Компанийн сайт монгол хэл дээр мөн Улаанбаатар хотод 3 том оффис ажиллаж байсан. Монголд оруулж ирсэн хүмүүс нь энэ онлайн бизнес ойрын 2 жилдээ эрсдэлгүй гэж хэлсэн. Тиймээс би энэ компанид үнэхээр итгэж цалингийн зээл авч хөрөнгө оруулсан. Энэ компани 7 хоног бүрийн хагас сайн өдөр бүр ашигаа хувиарладаг байсан. Миний бие энэ компанид 10.000 долларын хөрөнгө оруулаад үүнээсээ ердөө 4000 долларыг буцаан авсан

 Б.Баярмаа эгч 219 долларыг 525.600 төгрөгөөр худалдан авч 525.600 төгрөгөө Б.Баярмаа эгч өөрөө доллар авсан хүнийхээ 5046308299 данс руу шилжүүлсэн. 5046308299 данс нь надад ямар ч хамааралгүй данс юм.

 Б.Баярмаа эгч 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний 5225271243 тоот данс руу 3250.000 төгрөг, 6000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 1090.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөгөөр 1 удаа нийт 15.840.000 төгрөгийг над руу шилжүүлсэн мөнгө шилжүүлэхдээ Б.Баярмаа эгч доллар өгч авна гэдэг бас төвөгтэй юм байна. Эгч нь сайн мэдэхгүй болохоор би чиний данс руу мөнгө олоод хийгээд байя эгч нь мөнгөө олно гээд угаасаа зав ч гарахгүй байна гэж хэлээд шилжүүлсэн.

Б.Баярмаа эгчийн өөрийнх нь хүсэлтээр би шилжүүлсэн мөнгөөр нь доллар худалдан авч компанийн дансанд өөрийн нь нэрэн дээр 12.000 доллар байршуулж өгсөн. Үүнээс 2 мянган доллар нь компанийн урамшуулал. Үлдсэн 10.000 долларыг бүрдүүлэхдээ 562.028 доллар нь 13.906.992 төгрөгөөр худалдан авч энэ мөнгийг нь Намсрайн Сандагсүрэн 5540354742 гэх дансанд шилжүүлсэн. 1.433.008 төгрөгөөр нь 597 доллар дотоодоос худалдан авч мөнгийг нь шилжүүлсэн. Баярмаа эгчийг элсүүлсний цалин гэж надад 6.5 хувь цалин болох 780 доллар орж ирсэнийг би өөрөө аваагүй Баярмаа эгчид өгсөн. Баярмаа эгч өөрийнхөө мөнгөөр нийт 643.628 доллар надаар дамжуулан 15.340.000 төгрөгөөр худалдан авсан.

 Энэ компанийн талаар Баярмаа эгч тодорхой мэдээлэлтэй байсан. Би Баярмаа эгчид өөрсдөө шийдвэрээ гарга одоогийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн л байна, ирээдүйд ямар байхыг нь мэдэхгүй гэж хэлсэн. Баярмаа эгч яадаг ч байсан орно мөнгө хайна гэсэн. Баярмаа эгчид 10.000 доллар хийх мөнгө олдохгүй байсан. Би тус мөнгийг төлөх хариуцах эзэн биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Одгэрэлээс 15.840.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.025.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 237.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.Одгэрэл намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх дүгнэлт хийжээ. Б.Баярмаа нь хөрөнгийг шилжүүлэхдээ Стэймфорд компанид хөрөнгө оруулалт хийж, үүнээсээ ашиг олох зорилготой байсан /үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, шүүх хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэлд бичигдсэн/ бөгөөд харин тухайн хөрөнгийг шилжүүлэхдээ өөрийн цахим интернетийн мэдлэг дутуу байдлаас шалтгаалан миний туслалцааг хүсч, миний данс руу хөрөнгөө шилжүүлэн надаар доллар худалдан авахуулуулж тухайн компанид Б.Баярмаа өөрөө эзэмшдэг 1113438 тоот аккаунт буюу дансандаа доллар байршуулуулсан байдаг.

Миний бие Б.Баярмаагийн хүсэлтээр тухайн компанид Б.Баярмаагийн нэр дээр аккаунт буюу стэймфорд компаний орчинд ажиллах 1113438 тоот дансыг нь нээж өгсөн ба энэхүү дансанд нь долларыг нь байршуулан түүнд өөрт нь хүлээлгэн өгсөн байдаг. Б.Баярмаа өөрийн аккаунтаараа нэвтрэн орж, өөрөө цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулсан байдаг бөгөөд энэ нь миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

Тухайлбал, Б.Баярмаа бид хоёрын хооронд харилцсан фэйсбүүк мессенжер чатад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Б.Баярмаагийн нэр дээр “Стэймфорд” компанийн вэб хуудас дахь түүний 1113438 тоот данс буюу аккаунтыг баримтжуулсан гэрэл зураг мөн фэйсбүүк чатаар түүний 1113438 дансыг нь баримтжуулан түүнд илгээж тэр өөрөө хүлээн аваад нэвтрэн орсон гэсэн утга бүхий чат зэргээр нотлогдоно. Уг нотлох баримтуудтай нэхэмжлэгчийн зүгээс маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг. Зохигчид тухайн асуудлаар маргаагүй хүлээн зөвшөөрсөнөөр тухайн үйл баримт болон нотлох баримт нь үнэлэгдэх баримтад тооцогдохоор хуульчлагдсан байдаг.

Гэтэл Б.Баярмаагийн миний данс руу мөнгө хийх болсон шалтгаан нь зөвхөн Стэймфорд компанид хөрөнгө оруулалт хийх зорилго байсан, Б.Баярмаа бид хоёрын хооронд маргаж буй мөнгөтэй холбоотой ямар ч харилцаа үүсээгүй, миний бие хөрөнгөжөөгүй, Б.Баярмаа нь надад хөрөнгө оруулж би мөнгийг нь өсгөж өгнө гэсэн зүйл огт байхгүй харин Стэймфорд компанид хөрөнгө оруулалт хийх хүсэл зоригийнхоо дагуу цахим орчин дахь мэдлэг дутуу шалтгаанаар миний дансанд мөнгөө хийж, би мөнгийг нь стэймфорд компаний хөрөнгө оруулагч нараас болон Стэймфорд компаний менежер Намсрайн Сандагсүрэн гэх эмэгтэйгээс доллар худалдан авч Б.Баярмаагийн эзэмшдэг Стэймфорд компанийн 1113438 тоот дансанд нь байршуулан түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Үүнийг ч нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа боловч Стэймфорд компанийг дампуурангуут буух эзэн нь намайг болгож, надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг шүүхээс ялган зааглаж, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тайлбарлаж чадахгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрөө миний хувьд интернэт орчинд ажиллаж чадахгүй гэсэн тул туслах зорилгоор мөнгийг нь өөрийн дансанд байршуулж, доллар болгон, 1113438 тоот дансыг буюу аккаунтыг нээн, доллар байршсан талаар өөрт нь мэдэгдэж, хүлээлгэн өгсөн. Ингэсээр хөрөнгө олж авсан этгээд нь би биш Стэймфорд компани бөгөөд тус компани Б.Баярмаа хоёрын хооронд үүрэг үүссэн энэ нь хэрэгт авагдсан тус компанийн эрх нээгдсэн баримт, чатаар холбогдох линкийг явуулж Баярмаа нь тухайн линк рүү орж харж өөрийнхөө бүртгэлийг баталгаажуулснаа илэрхийлсэн байхад намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хамгийн гол нь нэхэмжлэгч Б.Баярмаа, Стэймфорд компани нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болохыг шүүх анхаарч үзэх ёстой байсан.

Б.Баярмаагийн шилжүүлсэн мөнгийг Намсрайн Сандагсүрэнд доллар болгуулахаар шилжүүлсэн бөгөөд энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнийг баримтжуулсан давхар нотлох баримт нь Б.Баярмаагийн нэр дээр үүссэн Стэймфордын аккаунт хаяг, мөн Намсрайн Сандагсүрэнтэй чаталсан фэйсбүүк чат юм. Тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн хүн л аккаунт хаягтай болох бөгөөд үүнийгээ ч нэхэмжлэгч Б.Баярмаа мэдэж байгаа, энэ нь фэйсбүүк чатаар нотлогдоно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл миний бие ямар нэг байдлаар хөрөнгөжөөгүй, нэхэмжлэгчээс надад хандан хөрөнгийн шилжүүлэг хийгээгүй, бидний хооронд тухайн маргаж буй хөрөнгийг надад шилжүүлэхтэй холбоотой ямар ч харилцаа үүсээгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн болохоо шүүхийн шийдвэрт дурдаж бичээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ямар баримтыг үнэлсэн мөн няцаасан, ямар баримтыг ямар баримт няцааж байгаа болохыг харьцуулан дүгнээгүй нь тухайн шийдвэрийг үндэслэл бүхий биш болохыг харуулна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд харин шүүгчээс өөрийн анхнаасаа төрсөн итгэл үнэмшилдээ тулгуурлан өөрийнхөө таамаглалд үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүгчээс миний гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг үнэлж бичээгүй атлаа хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар хангалттай нотлогдохгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийж буйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баярмаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Одгэрэлийн гаргасан гомдлыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2018/00880 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд С.Одгэрэлийн 5225271243 тоот дансанд 15.840.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд дээрх мөнгийг С.Одгэрэл буцаан төлөөгүй мөн энэ мөнгийг стэймфорд ХХК-д шилжүүлээгүй өөрөө хэрэглэсэн нь тогтоогдсон. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2018/00880 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч С.Одгэрэлд холбогдуулж зээлсэн 16.865.600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа С.Одгэрэл нь мөнгийг өсгөж өгдөг компани байна гээд Стэймфорд гэдэг компанийн тухай танилцуулж 16.865.600 төгрөгийг Хаан банкинд байдаг өөрийнхөө дансаар шилжүүлж аваад буцааж төлөөгүй гэж тайлбарладаг бол хариуцагч С.Одгэрэлээс тайлбарлахдаа би Стэймфорд гэдэг компанид хөрөнгө оруулж ашиг хүртдэг байсан энэ байдлыг Б.Баярмаа мэдээд надад хандаж компанид хөрөнгө оруулахаар шийдэж, өөрөө цахим орчинд программ хангамж дээр ажиллаж чадахгүй байсан учир надаар дамжуулан миний дансанд өөрийнхөө мөнгийг шилжүүлж би уг мөнгийг Стэймфорд компанид доллар болгон шилжүүлж өгсөн тул энэ мөнгийг хариуцахгүй гэж маргадаг байна.

Б.Баярмаа нь С.Одгэрэлийн данс руу мөнгө шилжүүлэх болсон гол зорилго нь тухайн компанид хөрөнгө оруулах мөнгөө өсгөж авах зорилготой байсан нь тодорхой байна.

Б.Баярмаа нь мөнгийг шилжүүлэхдээ Стэймфорд компанид хөрөнгө оруулалт хийж, үүнээсээ ашиг олох зорилготой байсан. Харин мөнгийг шилжүүлэхдээ монгол төгрөгийг долларт хөрвүүлэх зэрэг шалтгаанаас үүдэж С.Одгэрэл миний данс руу мөнгийг шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөөрөө доллар худалдан авахуулж Стэймфорд компанид Б.Баярмаа өөрөө эзэмшдэг 1113438 тоот аккаунт буюу дансандаа доллар байршуулуулсан байдаг болох нь /хх-ийн 43-44 дүгээр тал/ хэрэгт авагдсан бид хоёрын хооронд харилцсан фэйсбүүк мессенжер чатад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байхад шүүхээс энэ нотлох баримтыг үнэлээгүй гэж хариуцагч С.Одгэрэлээс тайлбарлаж байгаа боловч эдгээр нотлох баримтууд нь эргэлзээтэй, Б.Баярмаагийн мөнгийг Стэймфорд компани хүлээн авчээ гэж үзэх хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

 Нэхэмжлэгч Б.Баярмаагийн С.Одгэрэлд шилжүүлсэн мөнгө нь С.Одгэрэлийн данснаас Стэймфорд компанийн дансанд шилжсэн тухай санхүүгийн баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, хэдийд ямар хугацаанд тухайн компанийн дансанд орсон болох мөн тухайн компани мөнгийг хүлээн авсан тухайгаа харилцагчдаа албан ёсоор мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдож байна.

Харин Стэймфорд компанид Б.Баярмаагийн 15.840.000 төгрөг нь долларт хөрвөж байршсан гэж үзэж байгаа бол хөрөнгө оруулалт хийсэн харилцагчдаа тухайн компани мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хөрөнгө оруулсан харилцагчдаа ногдол ашиг, орлого цалин хувиарласан тухай баримт байхгүй байгаа нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 196.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаа болон Стэймфорд компанийн хооронд гэрээ байгууллагдсан, ямар нэг эрх зүйн харицлаа үүссэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаа болон Стэймфорд компанийн хооронд цахим хэлбэрээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Баярмаагаас тайлбарлахдаа С.Одгэрэл надад цалин гэж 65 долларыг өөрийн данснаас шилжүүлсэн гэж тайлбарладаг байдал нь Стэймфорд компаниас цалин олгожээ гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Талуудын тайлбарт дурьдаад байгаа Стэймфорд компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, компанийн иргэний эрх зүйн чадвар, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны чиглэл зэрэг эрх зүйн баримт, баталгаа байхгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Б.Баярмаагийн 15.840.000 төгрөг нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд С.Одгэрэлийн ХААН банкин дахь 5249051412 тоот дансанд шилжиж орсон, хариуцагч С.Одгэрэл нь Б.Баярмаагийн 15.840.000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцах дансны мэдээлэл болон зохигчидын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь С.Одгэрэлээс 15.840.000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Одгэрэлийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч С.Одгэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2018/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Одгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Г.УЛАМБАЯР