Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/215

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Шүүгдэгч *******   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч*******    холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818003770220 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******    суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *******   мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт Дархан-Уул аймгийн *******    оршин суух, урьд:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан гэх Х******* 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******  байрны хажууд иргэн *******  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн*******  байрны хажууд иргэн*******  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  гэгчтэй маргалдаад бид 2 гараашийн булан эргээд барьцалдаж байгаад намайг мөргөөд цаашаа явчихсан. Тэр үед хамарнаас цус гараад байж байхад *******  ирээд цэцэрлэг рүү оруулж хамраас гарсан цусыг угааж өгөөд гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,

 

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “...гараашийн араас *******  болон манайд эхнэр нь ажилладаг *******  хамарнаас цус гарсан байдалтай тэр 2 гарч ирэхээр нь *******  бид 2 очоод салгаад би *******  аваад цэцэрлэг рүү ороод гар нүүрийг нь угаагаад гэрт хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

Гэрч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “.*******  гарч ирэхээр нь юу болсон бэ гэж асуусан чинь энэ муу дургүй хүргээд над руу агсрах гээд маргалдаад мөргөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 512 дугаартай “...ГЗТЖ-ын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16/.

 

Шүүгдэгч*******  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч *******  нэхэмжлэлээс хагалгааны төлбөрийн 514,100, томографын зураг авхуулсан 135,000, рентгэн зураг 20,000, НИК ХХК шатахуун 20,000 төгрөгийн баримтууд тамга тэмдэг дарагдаж гарын үсэг зурсан, нотлох баримтын шаардлага хангасан байна.

 

Бусад баримтууд нь тамга тэмдэггүй, гэм хорын хохиролтой хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүгдэгчээс нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд 689,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагийн талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч орлого боломжтой, мал маллан амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч*******  нэхэмжлэлийн шаардлагаас 689,100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс 689.100 төгрөг гаргуулан хохирогч *******   -т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрхи хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг *******    сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД