| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2010005920285 |
| Дугаар | 2025/ДШМ/908 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/908
2025 07 29 2025/ДШМ/908
Р.Л-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/3897 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Л-т холбогдох эрүүгийн 2010005920285 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Р-ийн Л, ................, /РД:................
Р.Л нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн ********* тоот хашааны гадна Л.Г-той маргалдаж түүний толгойд өшиглөж, зодсоны улмаас эрүүл мэндэд “гавлын зулайн заадал хэсгээр салж арагш үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын дунд хэсэг, тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалаганы хонхор, зүүн шагайн үений дотор хэсэгт цус хуралт” бүхий гэмтэл учруулсны улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэл болон өмгөөлөгчийн “талийгаач 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ухаан алдаж унасан талаар тухайн үед амь хохирогч ярьж байсныг гэрч Б.С, Т.Ц нар мэдүүлсэн тул ухаан алдаж унасан нь талийгаачийн амь хохирсон үйл явдалтай холбоотой эсэхийг шалгаж тогтоох, мөн 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай байгаа тул хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/513 дугаартай магадлалд ”...амь хохирогч Л.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 18-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд явсан маршрутыг буюу хаагуур, хэнтэй явсан, хэнтэй уулзсан, уулзалтын өмнө болон дараа нь биеийн байдал ямар байсан талаарх байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай...” гэсэн заалтыг прокурор, мөрдөгч биелүүлээгүй. Гэрч Б.Буянтогтох “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө гэрээс гарахад хашааны буланд А, Гандөш, Б, Г-, М нар байсан. Г- манай охин цэргийн баяр гээд архи өгсөн гээд 1 шил архийг хуваагаад уусан...” гэж мэдүүлсэн. Мөн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг “...хэрэг болоод 3 жил гарангийн хугацаа өнгөрсөн болохоор тухайн үед юу мэдүүлснээ санахгүй байна. Би анх мэдүүлэг өгөхдөө жоохон халамцуу байсан болохоор буруу санаад ярьсан байж магадгүй одоо үнэхээр санахгүй байна. ...М манай баруун талын хамар хашаа. Талийгаачийнх манай зүүн талын хамар хашаанд байдаг. Хэрэг болдог өдөр 10.00-11.00 цагийн үед хашаандаа байхад М-ийн хашаанд хүмүүс ярьж байхыг сонсоод харахад М, Л, талийгаач Г-, Сэрээнэн нар архи ууж байсан. ...намайг очиход Сэрээнэн удаагүй ажилтай гээд явсан. Бид 4 тэр архийг хувааж ууж байхад Л талийгаач 2 маргасан тухайн үед зодоон болоогүй...” /3хх 77-81/, гэрч С.М-ийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “...Тэгээд архи ууж байхад Г- “цагаан толгойтой ах, буурал ах” гэж яриад байсан. Тэгэхэд Л энэ үгэнд нь дургүйцээд Г- руу уурласан. ...Анх мэдүүлэг өгөхдөө согтуу байсан болохоор буруу юм ярьсан байсан. Тэрийгээ дараа нь тайлбарлаж хэлсэн. ...Би анх мэдүүлэг өгөхдөө Буянтогтохоос сонссон зүйлээ өөрөө харсан мэтээр мэдүүлэг өгсөн. ... “/3хх 73-74, 154, 2хх 146-147/ гэх мэдүүлгүүд өгсөн ба гэрч Б.Б, С.М нар эрс зөрүүтэй мэдүүлэг удаа дараа өгсөн тул мэдүүлгийн зөрүүг арилгахаар дахин мэдүүлэг авч тодруулах. Иймд анхан шатны тойргын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд 2025/ШЗ/3897 дугаар шүүгчийн захирамжид гомдлын дагуу өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу зарлаж шүүхээс захирамж гаргаж шийдвэрлэсэн. Уг захирамжид шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг нэмж шалга гэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан асуудлууд өмнө нь хүртэл яригдаж байсан бөгөөд шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, гэрч нар болсон бүх процессыг өөрсдөө үнэн зөвөөр дахин мэдүүлсэн. Хэрэв дахин мэдүүлэг авсан тохиолдолд өмнө мэдүүлсэн зүйлүүдээ дахин мэдүүлнээ. Мөн эдгээр мэдүүлэгт илтэд зөрүүтэй мэдүүлэг байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Р.Л-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс “...хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов тогтоож” мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, шүүгдэгч Р.Л-т холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/966 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ДШМ/282 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/3776 дугаар “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” шүүгчийн захирамж гаргаж, хэргийг прокурорт буцааж шийвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй.” гэж заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн учраас гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу талуудын хүсэлтийн дагуу эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай бол шинжээч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой юм.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан “гэмт хэргийн зүйлчлэл” хүндрэн өөрчлөгдөх, эсхүл гэм буруу, хохирол, хор уршиг зэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үндэслэлээр шинжээч томилох шаардлагатай гэж үзэх тохиолдолд шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/3897 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадоржийг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Р.Л-т урьд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/3897 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Р.Л-т урьд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ