Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 170

 

 

 

Н.Н, Н.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолтой, Н.Н, Н.Ч нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.1932 оны байдлаар 48 настай, Алтай аймгийн Дарви сумын 5 дугаар тасагт оршин сууж байсан, Н овогтой Н нь “Ардын засаг бидэнд хилс хэлтгий алба үзүүлж албан татварыг хэтэрхий ихээр ноогдуулсан” хэмээх зэргээр нийтээр хөрөнгөтэй ангийн чанараар ноогдуулсан алба татвартай эсэргүүцэн тэмцэж, түүнээс уламжлан засаг төрд хорсож, худал цуурхал, хорт занал таавар өгүүллийг гаргасан гэх,

2.1932 оны байдлаар 50 настай, Алтай аймгийн Дарви сумын 2 дугаар тасагт оршин сууж байсан, Н овогтой Ч нь “... Бид нараар албан өртөөг ихээр хийлгэж, албан татварыг ихээр авч байна. Сүм хийдээс албан татварыг ихээр авч, лам нарыг хар болгосон учраас шашин доройтож байна, шашныг ариунаар мандуулбал зохино” гэх зэргээр ангийн чанараар ноогдох татвартай эсэргүүцэн тэмцэж, худал гүтгэлэг, цуурхлыг тарааж, ард олны санал сэтгэлийг нам засгаас холдуулахыг хичээсэн, мөн “Ардын засаг баячуудын хөрөнгийг хурааж байна, Банчин богд ирнэ, газар хөдөлсөн явдал болбоос цаг төрийн байдал нэгэн янз болох болов, ардын засаг устах магадгүй” гэх зэргээр худал цуурхлыг тараасан, мөн СССР-ийн ах дүүгийн холбоо, найрамдлыг буруугаар мушгиж шууд захирагддаг гэх зэргээр гадаадын эзэрхэгийн гарт оруулж, өөрөө давхар мөлжин суухыг санаж худал хорт гүтгэлгүүдийг тархаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудаар Н.Н, Н.Ч нарт Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөтгөн, тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан 2 жил хорих ял тус тус шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Н нь Ардын засаг бидэнд хилс хэлтгий алба үзүүлж албан татварыг хэтэрхий ихээр ноогдуулсан хэмээх зэргээр нийтээр хөрөнгөтэй ангийн чанараар ноогдуулсан алба татвартай эсэргүүцэн тэмцэж, түүнээс уламжлан засаг төрд хорсож, худал цуурхал, хорт занал таавар өгүүллийг гаргасан, Н.Ч нь бид нараар албан өртөөг ихээр хийлгэж, албан татварыг ихээр авч байна. Сүм хийдээс албан татварыг ихээр авч, лам нарыг хар болгосон учраас шашин доройтож байна, шашныг ариунаар мандуулбал зохино гэх зэргээр ангийн чанараар ноогдох татвартай эсэргүүцэн тэмцэж, худал гүтгэлэг, цуурхлыг тарааж, ард олны санал сэтгэлийг нам засгаас холдуулахыг хичээсэн, Ардын засаг баячуудын хөрөнгийг хурааж байна, Банчин богд ирнэ, газар хөдөлсөн явдал болбоос цаг төрийн байдал нэгэн янз болох болов, ардын засаг устах магадгүй гэх зэргээр худал цуурхлыг тараасан, мөн СССР-ийн ах дүүгийн холбоо, найрамдлыг буруугаар мушгиж шууд захирагддаг гэх зэргээр гадаадын эзэрхэгийн гарт оруулж, өөрөө давхар мөлжин суухыг санаж худал хорт гүтгэлгүүдийг тархаасан.

Дотоодыг хамгаалах газрын Алтайн хэлтсээс шалгасан мөрдөн байцаалтын 2235-2 дугаартай 1932 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 1932 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дууссан хэрэгт Дотоодыг хамгаалах газрын байцаагч Батмөнх нь Н.Ныг 1932 оны 2 дугаар сарын 16, 23, 1932 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 3 удаа/хх-ийн 28-29/, Н.Чыг 1932 оны 2 дугаар сарын 15,1932 оны 3 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд 3 удаа/хх-ийн 29-30/ тус тус байцааж мэдүүлэг гаргуулсан байна. Хэрэгт Дотоодыг хамгаалах газрын Алтайн хэлтсийн төлөөлөгч Шагдар 1932 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шүүх цаазны бичгийн 43, 60 дугаар зүйлд зааснаар хар феодал Д.Ж, Н.Т, Н.Н, Н.Ч, Д.Т нарт холбогдуулан ялын төлөвлөгөө үйлдэж, туслах төлөөлөгч Шагдарсүрэн, жинхэнэ төлөөлөгч Гомбо нар зөвшөөрөн баталсан байх ба тэднийг шийтгэсэн тогтоол байхгүй байна.

Н.Н мэдүүлэхдээ: 1. Ардын нам засаг, дотоодыг хамгаалахаас бидний тайж нарыг худал хэрэгт дарлаж байна, би толгойгоороо давахгүй боловч үнэнийг илэрхийлэх хэмээх зүйлгүй тэмцэнэ, би феодал бус ард болой. Энэ засаг ардыг даралсаар буй нь хэзээд үнэн.

2. Туслагч Түвшинтөр нэг өдөр улаа нэхэж яваад манай гэрт ирж надад “албан татвар дахин нэмэгдэж 60 төгрөг болов, мөнгө олдохгүй хэцүүдэж, давхар өртөө залгуулах нь хэцүү” гэж ярихад би таны үг зөв, албан татварыг тайж, түшмэдүүдээс нэмж ихээр гаргуулдаг явдал нь ардын засгаас хэтэрхий дарлаж байгаа хэрэг гэж хэлсэн.

3. Газар хөдөлснийг мэдсэн, энэ тухай “урьдын сайн цаг болбол муу байдагсан одоо цаг ямар болох бол жаргалтай цаг ирэх юм уу улам зовлонтой цаг тохиолдох юм уу” хэмээн хэлж явсан ба олноос ийм үгийг уламжлан хэлэлцэх болсон нь үнэн.

4. Өөрийн хөвгүүн Дыг оргохыг урьд мэдсэн газаргүй, Дыг оргосныг гишүүн Пээс л сонссон гэж мэдүүлжээ.

Н.Ч              мэдүүлэхдээ: Жийн хүүг “хувилгаан” хэмээн залах ажилд Т, Н нартай хүчин болж уг ажлыг гүйцэтгэсний зэрэгцээ одоогийн цаг төрийн байдлыг харилцан ярилцаж, жаргал зовлонгоо ярилцсаар явдаг, мөн өнгөрсөн онд газар хөдөлсөн бөгөөд, энэ ардын төр гэгч гарч ирснээс нааш ийм юм болсонгүй билээ, одоо нэг бидний жаргах цаг ирэх болов уу хэмээн хоорондоо ярилцаж байсан нь үнэн гэжээ.

Ялын төлөвлөгөө: Дотоодыг хамгаалах газрын Алтайн хэлтсийн төлөөлөгч Шагдарын 1932 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шүүх цаазны бичгийн 43, 60 дугаар зүйлд зааснаар төлөвлөсөн ялын төлөвлөгөөнд: мээрэн Н бол хүү Дыг гяндангаас оргосон учрыг мэдсэн ба Ттэй нийлж цуурхал тараасан, тавнан Ч бол засаг захиргааг эсэргүүцсэн нэр бүхий 3 этгээдийн хамт цуурхал тараасан, Жийн хүүг хувилгаан хэмээн залахад жинхэнэ хүчин болж явсан тул Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43 дугаар зүйлд заасан ёсоор шийтгэвээс зохих саналыг Алтай аймгийн Ардын шүүх таслах газарт шилжүүлэн гүйцэтгэсүгэй” гэжээ. ...Н.Н 1931 оны 12 дугаар сарын 9, Н.Ч 1931 оны 12 дугаар сарын 10-нд тус тус баригдсан бөгөөд эдүгээ Алтай аймгийн гянданд буй гэжээ.

Таслан шийтгэсэн байдал: Үндэсний Төв Архив болон Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн хэргийн архив, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын архивт буй 4658 хүний 294 хуудас бүртгэл, судалгааны дэс дугаарын 2733-т: “Н Н Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны 209 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 49 дүгээр зүйлээр 2 жил хорих” гэж, дэс дугаарын 4241-т: “Н Ч Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны 210 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 49 дүгээр зүйлээр 2 жил хорих” гэж тус тус бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлийн дагуу Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудад үзлэг хийхэд Алтай аймгийн Дарви сумын 5 дугаар тасаг, мээрэн ба тавнан явсан, 48 настай, Н Ныг Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31-ийн 1-ээр хөнгөтгөн, тусгай ангийн 49 дүгээр зүйл/Улс төр ба ардын хувьсгалд зөрчиж тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учрыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тархааж үймээн цохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болгохыг хичээгсдийг 6 сараас доош хорино/-ийг баримтлан 2 жил хорих, Алтай аймгийн Дарви сумын 3 дугаар тасаг, тавнан явсан, 51 настай Н Чыг Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31-ийн 1-ээр хөнгөтгөн, тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан 2 жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Н.Н, Н.Ч нарыг улс төрийн хэрэгт холбогдуулан удаа дараа байцааж, өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн нотлогдоогүй хэрэгт Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудаар Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан хорих ялаар тус тус хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Н.Н, Н.Ч нарыг хувьсгалын эсэргүү цуурхал тараасан, засаг захиргааг эсэргүүцсэн гэж тухайн үед албан татвар нэмсэн тухай ард олны дунд нийтээрээ ярьдаг зүйлийн талаар ярилцаж байсныг гэмт хэрэг гэж үзэж хилсээр ял шийтгэсэн. Н.Н, Н.Ч нарын үйлдсэн гэх хэргийн улмаас тухайн үед нийгэмд болон иргэдэд учирсан хор хохирлыг болон гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон, бусдаар гэрчлүүлэн нотлуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Н.Н, Н.Ч нарын засаг захиргааг эсэргүүцсэн гэх үйлдлийг нотолсон баримт хэрэгт огт байхгүй ба цуурхал тараасан гэх хэрэг нь тухайн цаг үед татвар нэмж, ард олны амьдрал доройтож байгаа талаар ард олны дунд түгээмэл яригддаг байсан яриа нь үнэн бодит байдал байсан бөгөөд Н.Н, Н.Ч нарын үйлдэл, үг яриа нь цуурхсан болон төр, засгийг эсэргүүцсэн шинжгүй байхад тэднийг урьдын мээрэн, тавнан явсан гэдгээр нь шалтаглан улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Н.Н, Н.Ч нарыг хувьсгалын эсэргүү цуурхал тараасан, засаг захиргааг эсэргүүцсэн гэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан зөвхөн өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэж, хөндлөнгийн хууль ёсны ямар ч баримтгүйгээр Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолоор тэдэнд хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт /Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн/ заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Иймд Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулан, Алтай аймгийн Дарви сумын харьяат, НыН, Ны Ч нарыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Н нь “Ардын засаг бидэнд хилс хэлтгий алба үзүүлж албан татварыг хэтэрхий ихээр ноогдуулсан” гэх зэргээр нийтээр хөрөнгөтэй ангийн чанараар ноогдуулсан алба татвартай эсэргүүцэн тэмцэж, түүнээс уламжлан засаг төрд хорсож, худал цуурхал, хорт занал таавар өгүүллийг гаргасан гэх,

Н.Ч нь “бид нараар албан өртөөг ихээр хийлгэж, албан татварыг ихээр авч байна. Сүм хийдээс албан татварыг ихээр авч, лам нарыг хар болгосон учраас шашин доройтож байна, шашныг ариунаар мандуулбал зохино” гэх зэргээр ангийн чанараар ноогдох татвартай эсэргүүцэн тэмцэж, худал гүтгэлэг, цуурхлыг тарааж, ард олны санал сэтгэлийг нам засгаас холдуулахыг хичээсэн, “Ардын засаг баячуудын хөрөнгийг хурааж байна”, “Банчин богд ирнэ, газар хөдөлсөн явдал болбоос цаг төрийн байдал нэгэн янз болох болов, ардын засаг устах магадгүй” гэх зэргээр худал цуурхлыг тараасан, мөн СССР-ийн ах дүүгийн холбоо, найрамдлыг буруугаар мушгиж шууд захирагддаг гэх зэргээр гадаадын эзэрхэгийн гарт оруулж, өөрөө давхар мөлжин суухыг санаж худал хорт гүтгэлгүүдийг тархаасан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Н.Н, Н.Ч нарын үйлдэлд Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Н.Н, Н.Ч нарыг тус бүр 3 удаа байцаасан байх бөгөөд тэдний гэм бурууг нотолсон ямар ч нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн өөрсдийнх нь мэдүүлгийг үндэслэн ял шийтгэсэн байх тул улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Н.Н, Н.Ч нарт холбогдох 2235 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Ны Н, Ны Ч нарыг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Н.Н, Н.Ч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дээд шүүхийн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 209, 210 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Н.Н, Н.Ч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН