Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0757/З |
Дугаар | 221/МА2018/0294 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0294
2018 оны 05 сарын 21 өдөр |
Дугаар 221/МА2018/0294 |
Улаанбаатар хот |
Д.У нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн С.М давж заалдах гомдлоор, Д.У нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.У 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 413 дугаар захирамжийн С.М холбогдох хэсэг, С.М 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ……….. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-ыг хүсчээ.
Хоёр: Гуравдагч этгээд С.М 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргасан бие даасан шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0218 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай (1994 он) хуулийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай (2002 он) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг баримтлан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М холбогдох хэсэг, С.М 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ………. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсэг, 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн огноо бүхий 1118 дугаартай гэрчилгээг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн С.М холбогдох хэсэг, С.М 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ……….. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсэг, 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн огноо бүхий 1118 дугаартай гэрчилгээ тус тус хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд С.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжийн С.М холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ………..дугаар газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, харин миний бие бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус гаргасан. Харин шүүхээс миний бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжийн С.М холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ………….. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсэг, 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1118 дугаартай гэрчилгээг тус тус 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсэг нь холбогдох хуулийг зөрчсөн тухайд хэрэгт авагдсан баримтаар 1997 онд Б.Д нь өөрийн хашааны хагас /205 м.кв хэмжээтэй газар, өвлийн шавар байшин, мухлаг/-ыг гуравдагч этгээд С.М эцэг С, эх Б, ах С.М нарт 400.000 төгрөгөөр худалдах талаар аман тохиролцоо хийж, тухайн үед эдгээр хүмүүс нь мөнгийг бэлнээр төлсөн. Үүнийхээ дараа өвлийн байшин, мухлагаа хашаа байшингийн даатгалд даатгуулж, хүнсний мухлаг эрхлэх хотын соёлын газраас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж өвлийн байшиндаа амьдарч байсан.
1994 оны Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар төрийн өмч мөн”, 27 зүйлийн 27.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа газар /оршин байгаа/ сум дүүрэгтэй газар эзэмших давуу эрхтэй гэсний дагуу 1999 онд өөрийн газар дээр “Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг нийслэлийн Газрын албаар хийлгэн 2000 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд зохих материалыг бүрдүүлэн дүүргийн Засаг даргаас 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ………… дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 300 м.кв хэмжээтэйгээр олгосон.
Энэ нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “Гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасантай нийцсэн.
Харин шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгасан 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлах мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэжээ. Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б “...2000 оны үед нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн хорооноос бүртгэл хийн, хүсэлт, холбогдох баримтуудыг нягталж шалган газрыг эзэмшүүлсэн. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо иргэн бүрт 300 м.кв хэмжээтэйгээр олгодог байсан” гэсэн нь дүүргийн Газрын албанаас дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, мөн тухайн хороо нь өөрийн нутаг дэвсгэрийнхээ айл өрхийн нөхцөл байдлыг бүрэн мэддэг, С.М анхнаасаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2 дугаар гудамжны 438 тоотын 410 м.кв хэмжээтэй хашаа байшинг бүхэлд нь эзэмших хүсэлтийг гаргаагүйг мэдэж, өөрийнхөө амьдарч буй газраа эзэмшихээр хандсаныг мэдэж байсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй. С.М нь нийслэлийн Газрын албанд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 413 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж буй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ………. дугаар гудамжны ………тоотын 351 м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг олгосон. Тухайн үед С.М нийслэлийн Газрын албаны холбогдох ажилтантай уулзан Б.Д тохиролцсон гэрээ, холбогдох баримтуудыг үзүүлэн өмчлөх эрхийг 205 м.кв хэмжээтэй болгон нийслэлийн кадастрын бүртгэлийн санд баталгаажуулсан байдаг.
Ингээд 2008 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг 205 м.кв хэмжээтэйгээр авсан нь С.М нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж зааснаар хуулийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан.
Хоёр. Нэхэмжлэгч Д.У Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тухайд нэхэмжлэгч Д.У нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан.
Тухайн нэхэмжлэлийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу миний эзэмшлийн газарт С.М нийслэлийн Засаг даргын 2003 оны захирамжаар газар олгосон гэдгийг нийслэлийн Газрын албаны 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05/3025 дугаар албан бичгээр мэдсэн учраас дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэх тайлбар шүүхэд гаргажээ. Гэтэл Д.У Авлигатай тэмцэх газарт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд маргаж буй С.М газар өмчлөх шийдвэр олгосон бүртгэлтэй холбоотой гомдлыг гаргасан байдаг. Дээрх гомдолд “...2003 онд өмчлүүлэх шийдвэрийг С.М гэдэг хүний нэр дээрх 351 м.кв газрыг үнэгүй өмчлөх шийдвэрийг гаргуулж улмаар 2008 онд rap зураг үйлдэж 205 м.кв газрыг таслаж авахаар болж кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулж” гэсэн гомдлыг, хавсаргасан материалын 4-т иргэн С.М хуурамч шийдвэр гэх баримтуудыг хавсаргаж гомдол гаргажээ.
Тухайн гомдлоос үзвэл Д.У тус шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хуулийн хугацаанаас өмнө ч С.М олгосон маргаан бүхий нийслэлийн Засаг даргын шийдвэрийг мэдэж байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дугаар зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Хариуцагч нийслэлийн Засаг дарга 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжаар иргэн Б.Д Чингэлтэй дүүргийн …….. дүгээр хороо, Нуурын ……. дугаар гудамжны …….. тоотын 410 м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг олгож шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
Учир нь С.М нэхэмжлэгчийн маргаж буй ……… тоотын хашаа газрын эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2000 онд ………… дугаар гэрчилгээгээр, нийслэлийн Засаг даргаас 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 413 дугаар захирамжаар өмчлөх эрхийг олгон шийдвэрлэсэн. Харин дээрх газрыг Б.Д Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2003 онд эзэмших эрхийг, 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжаар 410 м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг олгосон байдаг.
Нийслэлийн Засаг даргаас Б.Д маргаж буй газрын өмчлөх эрхийг олгох асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймээс нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэп /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т “Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчсон бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, мөн гуравдагч этгээд бие даасан шаардлагыг хангах хангалттай үндэслэлтэй байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Б.Д, Н.С нар өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн …….дүгээр хороо, Нуурын ……….тоот хашаанд байрлах хүнсний мухлагийг холын хамаатан Ш.С Л.Б нарт тухайн үеийн ханшаар зохих ёсоор түрээслүүлж байсан ч өдгөө түрээслэгч, түрээслүүлэгч нар нас баржээ.
Б.Д, Н.С, Ш.С Л.Б нар болон тэдгээрийн хүүхдүүд болох нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд тухайн газрыг бодитоор олон жил эзэмшиж амьдарч байсан нь гэрч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, шүүхийн үзлэгээр нотлогддог.
Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн …… дүгээр хороо, ………… тоот газрыг нэхэмжлэгч Б.У аав талийгаач Б.Д 401.25 м.кв хэмжээтэйгээр буюу бүхэлд нь кадастрын зураг хийлгэж нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар; гуравдагч этгээд С.М ах С.М гэр бүлийн хамт мөн л тухайн газарт ……….. тоот хаягтайгаар буюу өөрийн амьдарч байгаа 205 м.кв газарт кадастрын зураг хийлгэж нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлөн авчээ.
Газар эзэмших, өмчлөх эрх бодит байдлын хувьд ч, мөн хууль зүйн хувьд ч зөрчилгүй байх ёстой боловч тухайн үеийн нөхцөл байдлаас үзэхэд газар эзэмших, өмчлөхөд нарийвчилсан кадастрын зураг байхгүй хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн тухайн газарт оршин сууж амьдардаг гэдгийг тогтоосны үндсэн дээр газар эзэмшүүлж, өмчлүүлж байсан байна.
Цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд амьдарч байгаа газрыг нь өмчлүүлэх шийдвэр түрүүлж гарсан, харин талийгаач Б.Д болон одоогийн нэхэмжлэгч Б.У нарт газар өмчлүүлэх шийдвэр нь “хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх” тухай Газрын тухай хуулийн шаардлагыг хангаагүй хэдий ч маргаан бүхий газарт он удаан жил амьдарсан, аль аль нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьсан, түүнтэй маргаагүй төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад одоо байгаа хэмжээгээр дахин шинэ акт гаргах боломжтой гэдгийг хариуцагчаас илэрхийлсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд ч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байдлаар одоогийн байгаа газраар нь олгохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Харин давж заалдах гомдол гаргах болсон үндэслэл шалтгаанаа өмгөөлөгч Э.Ж “…хариуцагчийн зүгээс зөвхөн Б.У 205 м.кв газрын өмчлөх эрхийг олгоно, та нарын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй гэсэн, нэгэнт шүүхээс түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд дахин шинээр акт гарахгүй бол хүчингүй болох үр дагавар үүсэхээр байна…” гэж тайлбарлах боловч хариуцагчийн тухайд гуравдагч этгээдэд захирамж гаргахгүй байх үндэслэл байхгүй болохоос гадна бодит нөхцөл байдалд нийцүүлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын аль алиных нь эрх ашгийг зөрчихгүйгээр дахин шинээр захирамж гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул биелүүлэх үүрэгтэй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд одоогийн эзэмшиж байгаа хэмжээгээр нь газрыг тус тус эзэмшүүлж, өмчлүүлэх байдлаар дахин шинээр шийдвэр гаргах агуулга тусгагдсан байна.
Харин шүүгчийн захирамжаар С.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ч маргаан бүхий газрыг С.М өөрийн төрсөн дүү С.М 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Худалдах, худалдан авах тухай” 103 дугаар гэрээгээр зарсан, хэдийгээр С.М тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гараагүй ч шүүхээс гуравдагч этгээдээр С.М татсан захирамжаа С.М болгон өөрчилсөн нь бодит байдалд нийцсэн, өөрөөр хэлбэл С.М илүүтэйгээр С.М эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буруутгах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН