Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 967

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О” ХХК     

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс   

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар О тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг,

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг 

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг,

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 тоот захирамж, 

5. “О” ХХК-ийн захирал З.Бын барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, 

6. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** ***тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Ц.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани нь Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт /17-р сургуулийн

хойно/ Хайлааст Чингэлтэй-21 тоот хаягт өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг.  Манай компанийн өмчлөлд байгаа барилгыг /Хайлаастын 150 ортой эмнэлгийн дуусаагүй барилгын А корпус буюу1300м2 талбайтай обьект/-ыг тус компанийн захирал З.Б би 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн ӨМЧИЙН харилцааны газраас дуудлага худалдаагаар худалдан авч үйлчилгээний чиглэлээр барьж ашиглалтанд оруулсан. 

Дараа нь дээрх барилгын дуусаагүй Б корпус /2500 м.кв/ талбайтай объектыг 2005 онд “ З” ХХК худалдан авсан. 

Тус 2 корпусын газар нь барилгын сууриараа 2003 оны 9-р сарын 25 ны өдрийн *** тоот шийдвэрээр тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан байдаг. 

2002 онд бид дуудлага худалдаанд орох үеэсээ эхлэн газрын асуудлыг хөндөж тавихад тухайн үеийн өмч хувьчлалыг хариуцаж байсан эрх мэдэл бүхий албан тушаалтангууд уг барилгыг бидэнд зарахдаа үйл ажиллагаа явуулах хангалттай газар талбай, орц гарцыг шийдэж, зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж газрыг чөлөөлж өгнө. НӨХГ-аас тухайн үеийн нэрээр Хот байгуулалт Газрын Харилцааны газарт албан тоот явуулна , тэд шийдэж өгнө гэсэн юм. 

Гэвч тухайн үеийн нэрээр Хот 6айгуулалт, Газрын харилцааны газар дорвитой ажил хийлгүй, зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж чадаагүй. Өнөөдрийг хүртэл бидний хүсээд байгаа алга дарам газрыг шийдэж өгсөнгүй. 

Ингээд тус компани нь анх барилгаа барих үйл ажиллагаа явуулахын тулд барилгад шахаж буусан айлуудыг нүүхийг удаа дараа шаардсан боловч нүүлгүй 2 хашааны газрын эзэдтэй тохиролцож тэднийг унаа гаргаж, тээврийн хөлс өгч нүүлгэж, газраа чөлөөлж, маш их хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэн 100 гаруй машин цэвэр шороо худалдан авч, “Хотын зам” гэдэг компаниас автогридор, далангийн индүү хөлсөөр авч тэгшлэж, индүүдэж инженерийн шугам сүлжээгээ хийж гаднах талбайгаа гаргаж тохижуулсан юм. 

Бид гаднах талбайгаа тохижуулж хашаагаа барихаар зохих журмын дагуу кадастрын зураг хийлгэж газраа баталгаажуулах хүсэлтээ 2003 оноос удаа дараа /9-10 удаа/ нийслэлийн засаг дарга болон нийслэл, дүүргийн өмчийн харилцааны газарт гаргаж байсан боловч бидний асуудлыг шийдэлгүй  бие биерүүгээ түлхэж, цааш нааш гүйлгэж хугацаа алдуулж, хуурсаар, хүнд суртал гарган өдийг хүрсэн. 

ГЭТЭЛ 2015 оны Нийслэлийн засаг даргын Отоот захирамжаар Чингэлтэй фгийн Нийгмийн Даатгалын хэлтэст олгосон газар нь манай инженерийн шугам сүлжээ, орц гарцыг хааж хэвийн үйл ажиллагаа ЯВУУЛАХ боломжгүй болгож газар олгосон байдал нь барилга байгууламжид  тавигдах шаардлага, хот, байгуулалтын тухай хууль, иргэн аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг зөрчиж байна. 

Маргаантай байгаа манай компанийн өмнөх талбай нь 18м*30м буюу 540м2 хэмжээтэй бөгөөд уг газар дээр 2-3 байгууллага барилга барьж үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй юм. Энэ бүх учир шалтгаанаа холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст хэлэхэд хүлээж авахгүйгээр төрийн нэр барьж иргэн аж ахуй нэгжийн эрх ашиг, өмч хөрөнгөнд халдаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож маш ихээр дарамт үзүүлж байна. 

Хэрэв энэ газрыг эзэмшүүлж болох байсан бол манай компани дараах давуу эрхээр 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байгаагийн хувьд авах ёстой гэж үзэж байна. Үүнд: 

1. Дуудлага худалдаагаар уг объектыг худалдан авсан. Бидэнд худалдахдаа зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хангалттай талбай, орц гарцыг шийдэж өгнө гэж зарсан. 

2. Өөрсдийн хөрөнгөөр арга буюу зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж тэдэнтэй тохиролцож талбайгаа чөлөөлсөн.  

3. Уг газар доор тус компанийн инженерийн шугам сүлжээ байгаа. 

4. Өөрсдийн хөрөнгөөр гаднах талбайгаа засаж 1мгаруй өндөр далан байгуулан бетонон суурьтай хашаа барьж талбайгаа тохижуулсан. 

5. Дуусаагүй барилга/ 2500м2 талбайтай/-ыг барих шаардлагатай ./ажлын талбай кран зогсох, машин механизм орох, гарах,барилгын материал буулгах гэх мэт/

6. Удаа дараа газраа баталгаажуулах хүсэлтээ өгч байсан. 

Гэвч өнөөдрийг хүртэл яагаад манай компанийн орчны газрын асуудлыг шийдэж өгөлгүй байсаар,балгас байсан барилгыг байшин болгож, хүний үйл ажиллагаагаар эвдэгдэж элэгдэлд орсон, хогийн цэг болсон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж инженерийн шугам сүлжээгээ хийж, өдий олон жил хөөцөлдөж, тохижуулж, хашиж хамгаалсан газрыг үнэ цэнэтэй болохоор нь төрийн нэр барьж дээрэмдэж ,бидний насаараа цуглуулсан өмч хөрөнгийг үнэгүйдүүлж ,үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, эд материал ,сэтгэл санааны хохирол учруулж цагдаа хүчний байгууллагаар далайлган жирийн иргэн аж ахуй нэгжийг хүчин мөхөсдүүлж байгаа явдал нь шударга ёсонд нийцэхгүй. 

Хэрэв энэ газрыг манайд шийдэж өгөх боломжгүй гэж үзвэл бид НӨХГ-аас авсан дууссан болон дуусаагүй байгаа 2 объектыг болон гаднах талбайг тохижуулахад гарсан зардлын хамт НӨХГ-т одоогийн зах зээлийн ханшаар мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж буцаан өгч хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа давхар уламжилж байна. 

Иймд бидний эрхийг зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны Отоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн даатгалын хэлтэст олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтэст Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ****, Нийслэлийн Засаг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 123 м2 газар эзэмших эрх авсан байна. Гэтэл барилга нь 13м:10м хэмжээтэй баригдах тул дээрхи олгогдсон газарт барилгын зураг хийж, барилга барих боломжгүй болсон байна. 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 61, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны 548 тоот албан бичгээр 2015 онд үйлчилгээний тасгийн барилга барих хөрөнгийн санхүүжилт батлагдсантай холбогдуулан тасгийн барилга барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн байна. 

Ингээд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хамтарсан Газар барилгажилтийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар 17 дугаар сургуулийн ард 235м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Отоот захирамжаар 235м2 газрыг 15 жилийн хугацаатай конторын барилгын зориулалтаар олгосон юм. 

Газрын мэдээллийн сангийн кадастрын зургаас харахад нэхэмжлэгчийн кадастрын зураг нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн кадастрын зурагтай давхцал байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Одүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 235 м2 газрыг 15 жилийн конторын барилгын зориулалтаар эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа барилга барих хүсэлт тус газарт 2015 оны 05 дугаар сарын 28-ны 945 дугаар албан бичгээр болон 2015 оны 06 дугаар сарын 02-ны **** дүгээр өргөдлөөр тус тус гаргасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн **** дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам’’-ын 4 дүгээр бүлгийн 4.3.2-т гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авахаар заасан тул Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар албан бичгээр хөрш залгаа байрлаж байгаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс санал авахыг авахыг зөвлөсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар албан бичгээр хөрш залгаа орших Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс барилга барихад татгалзах зүйлгүй болохыг нотолсон тус хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **** албан бичгийг ирүүлсэн. 

УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Улаанбаатар хотыг хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор байршил нь олон нийт ажил хэргийн бүс байхаар тогтоосон тул барилга барих асуудлыг Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ДТ-15/12 дугаар хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн тул Чингэлтэй 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17 дугаар сургуулийн хойд талд байршуулан 13,4x10,4 метрийн хэмжээтэй 3 давхар албан конторын барилгын зориулалттай барилга барих 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ДТ-15/128 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. 

Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоны дараа Чингэлтэй дүүргийн ийн даатгалын хэлтсээс барилгын эх загвар зураг /эскиз/ батлуулах хүсэлтээ  2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлж, барилгын эх загвар зураг /эскиз/ батлагдсан. 

Тус газраас Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо  Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дүгээр тогтоолыг удирдлага болгон хэрэгжүүлдэг.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсч, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартайгаар олгогдсон. 

Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах”-ийн 2.4-т “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг....” хэмээсэн байдаг бөгөөд  энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдүүлэх материал нь “ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх,

алтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3-т заасан бүрдэлтэй ижил болно. 

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ дээрх журмын 6.3-т бүрдлийг бүрдүүлж, тэдгээр нь журмын 6.4-т заасан шаардлагыг хангаж байсан учир Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон болно” 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн конторын барилгыг төлөвлөхдөө нэхэмжлэгч “О” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн орц гарцыг хаагаагүйн дээр барилга хоорондын зай 11,0 м байхаар төлөвлөсөн. Энэ т, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 31-01-04-ийн л мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлагын 8 р хэсгийг хангаж байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.2.2-т “Гэр хорооллын газар дахь талбарт барилга барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно.” гэсэн. 

 Уг журмын 4 дүгээр бүлгийн 4.3-т санал авах тохиолдолд ямар байдлаар талаар зохицуулсан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.3.2-т хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс саналыг нь авахаар заасан байдаг. Энэ ч утгаараа хөрш эд хөрөнгө өмчлөгч болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс санал авсан. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ.” хэмээн заасан байдаг. Харин нэхэмжлэгч “О” ХХК бол Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хувьд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч биш болно. 

Иймд тус газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгаар зөвшөөрлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс /тухай үеийн нэрээр/-ийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** тоот албан бичгээр Хайлааст дахь Цагдаагийн тасгийн байрыг шинэчлэн барихад зориулан оффисын зориулалттай газар эзэмшүүлэхийг хүссэн байна. 

Хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу эзэмшиж, ашиглаж, байгаа газартай давхцаагүй байх тул Цагдаагийн хэлтэс 361 м.кв газар эзэмшүүлж, **** тоот газрын гэрчилгээ олгосон байна. 

Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны *** дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангийн 2015 оны Төсвийн тухай хуулиар тус хэлтэст 13:1*10 хэмжээтэй үйлчилгээний тасгийн барилга барих хөрөнгийн санхүүжилт батлагдсан.  Тасгийн барилга нь дүүргийн хүн ам ихээр суурьшсан гэр хороололд баригдах ёстой бөгөөд иргэд даатгуулагчид гэрийн ойролцоо газраас нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, цаг хугацаа их шаардахгүй, тохь тухтайгаар нэг цэгээс хүргэх зорилгоор баригдаж байгаа юм.  

Барилга барих газрыг Чингэлтэй дүүргийн өмчийн харилцаа газрын албаны холбогдох ажилтнуудтай хамт үзэж, 17 дугаар сургуулийн баруун хойно барих нь боломжтой гэж шийдвэрлэсэн. 

Чингэлтэй дүүргийн засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот, Нийслэлийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***тоот захирамжуудаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17 дугаар сургуулийн  баруун хойд талд 123м2 газрыг конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар ***** тоот газар эзэмших гэрчилгээ олгосон. 

Гэтэл барилга 13,1м*10м хэмжээстэй баригдах учир дээрхи зөвшөөрөл олгогдсон газарт нь барилгын зураг хийж, барилга барих боломжгүй болсон тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын хариуцсан мэргэжилтэн газар дээр нь очин үзэж хэмжээг томсгон дахин зөвшөөрөл авах шийдэлд хүрснээр, шинээр кадастрын зураг хийлгэж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт захирамж гаргуулах хүсэлтээ хүргүүлсэн.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээг 235 м2 болгон өөрчлөн баталсан. 

Уг захирамжид Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 235м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар конторын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдэж, 0004385*** тоот газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон. 

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэлд тасгийн барилга барих 235 м.кв талбай бүхий газар нь “О” ХХК-ны эзэмшил газартай давхцалгүй байгаа болно. 

Зөвшөөрөл олгогдсон газарт хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан, холбогдох эрх бүхий  газруудаас техникүүдийн нөхцөлүүдийг авч, “О” ХХК-аар зураг төслүүдийг хийлгэн магадлалын ерөнхий дүгнэлтийг авсан. 

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 оны 11 дүгээр сард тасгийн барилга барих барилаг угсралтын тендер зарлагдан дүгнэгдэж “М” ХХК шалгаран барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. 

Тус хэлтэс нь хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл олгогдсоны дагуу 235 м.кв талбайг эзэмших эрх авсан ба “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тус цагдаагийн хэлтэс нь Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай хүртээмжтэй, болгох ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор 100.000 хүн ам тутамд цагдаагийн нэг хэлтэс байхаар заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 700  дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хорооны иргэдэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдан ажиллаж байна. 

Уг нэхэмжлэлд дурьдсан 361 м.кв газар нь хуучин Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшилд байж байгаад цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс хуваагдахад тус хэлтсийн эзэмшилд шилжиж ирсэн бөгөөд 2007 оноос хойш одоог хүртэл Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Улаанбаатар банк дахь **** тоот дансанд газрын төлбөр болох 138.764 төгрөгийг жил бүр төлсөөр ирсэн. 

“О” ХХК-ий захирал З.Б нь 2015 оны 01 дүгээр сард тус газар дээр дур мэдэн хашаа барьж эхлэх үед хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А хүлээн авч уулзан байгууллагын эзэмшлийн газар гэдгийг тайлбарлаж, холбогдох бичиг баримтыг үзүүлэн дээрх хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан боловч тэрээр дур мэдэн барьж, зурагт тусгагдаагүй бохирын шугам

татаж, дураараа авирлаж байгаа талаар нь анхааруулж хууль ёсны акт тавихад миний эзэмшлийн газар, би мэднэ гэх зэргээр эсэргүүцэж байгаа нь тус газрыг өөрийн эзэмшилд авахыг санаархаж байна гэж үзэхээр байна. 

Тус хэлтсийн алба хаагчдын үүсгэн санаачлагыг удирдлагаас дэмжин хамт олны хурлаар хэлэлцэн уг газар дээр ажилчдын амины орон сууц барихаар төлөвлөн барилгын зураг төслөө зуруулж, гүйцэтгэгч компани сонгон орон сууц, захиалах гэрээ болон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Иймд “О” ХХК-ийн захирал З.Бын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ***, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар захирамжийг хууль бус гэж цуцлуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх эрх зүйн баримт бичгүүдийг хуулийн дагуу гаргасан гэж үзэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “О ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. О ХХК-ийн захирал З.Б нь  2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас заралсан дуудлага худалдаанд оролцож эмнэлгийн дуусаагүй барилгыг худалдаж авсан. 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот тогтоолоор өмчлөх эрхийг иргэн З.Бт шилжүүлсэн байдаг. 1982 оны зурагтай 1987 оноос эхэлж баригдсан дуусаагүй барилга байсан. Хувьчлалаар тус объектийг худалдаж авахдаа хамгийн түрүүнд орчны газрыг авах хүсэлт тавьсан. Нотлох баримтаа ч эх хувиар нь өгсөн байгаа. Тус барилга олон жил хаягдсан учраас барилга нурсан, хогонд дарагдсан байдалтай, хашаа нь унасан, хананд нь амбаараа тулгаад барьчихсан зөвшөөрөлгүй айлууд байсан гэх мэт хэцүүхэн байдалтай  байсан. Тухайн үед Хот байгуулалт, газрын харилцааны газар гэж байсан бидэнд объектийг зарахдаа газрыг нь шилжүүлж өгнө гэж худалдсан. Өвөл худалдаж авсан учраас ямар ч ажил хийх боломжгүй байсан. Хавар болонгуут бид айлуудыг нүүлгэж, газар өмчилж авах хүсэлт өгсөн. 

2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас Хот байгуулалт, газрын харилцааны газар луу тус газрыг дуудлага худалдаагаар авсан тул газрын хэмжилтийг хийж өгч, газар олгоно уу гэсэн утга агуулга бүхий албан бичгийг явуулсан байгаа. Албан бичиг үзүүлэхээр нэг ч айл нүүгээгүй. 2003 онд барилгын ажлаа эхлүүлж чадахгүйд хүрээд байсан тул машин гаргаж, хүмүүсээр туслалцуулж өөрсдийн хүчээр нүүлгэсэн. 2003 оны 04 дүгээр сарын 30-нд Хотын дарга М.Э хүсэлт өгч байсан. 2003 оны 09 дүгээр сарын 18-нд Чингэлтэй дүүргийн газрын албанд, 2004 оны 05 дугаар сарын 11-нд Чингэлтэй дүүргийн газрын албанд, 2004 оны 07 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн газрын албанд, 2004 оны 08 дугаар сарын 25-нд Нийслэлийн газрын албанд, 2010 оны 08 дугаар сарын 10-нд Нийслэлийн газрын албанд, 2013 оны 06 дугаар сарын 11-нд Нийслэлийн газрын албанд гэх мэт 10 гаруй удаа өргөдөл, хүсэлт гаргаж өгч байсан боловч хүсэлтийг огт шийдээгүй, тус газрыг өгөх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Айлуудыг нүүлгэсний дараа шийдэж өгнө гэсэн боловч мөн л хүлээж бай л гэсэн. 2014 онд иргэн Г болон Нийгмийн даатгалын хэлтэсд хувааж эзэмшүүлсэн байдаг. Нийслэлийн засаг даргын 2014 оны О тоот  Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсд олгосон захирамжыг хүчингүй болгуулахаар үндсэн шаардлагаа тавьсан. Үүнтэй холбоотойгоор бусад захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага гарсан” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Барилгадаа дулаан, цэвэр, бохир усны шугам оруулахын тулд орчны газрынхаа нүхэнд байсан хогийг зайлуулаад шороогоор дүүргэж талбай болгосон. Тус ажлыг “Х” ХХК хийсэн байгаа. 2005 оны төлбөр төлсөн баримт зэргийг хавсаргасан байгаа. Бид үзлэгээр үзэхэд бохирын ёонкс харагдаж байсан. 2007 онд булангийн хэсэг дээр Цагдаагийн хэлтэс захирамж гаргасан байсан. Энэ хүмүүсийг барилга барина гэж ирэхэд нь 6000 Кв-ын шугамтай, бохирын ёонкстой гэж барилгыг 100 метр урагшлуулж 17 дугаар сургуулийн зүүн хойно барьсан.  2014 онд хотын дарга Э.Б-д хандсөн өргөдөлийн хариугаар ямар учиртай барилга гэдгийг нь мэдсэн. Тус албан бичиг нь Чингэлтэй дүүргийн засаг даргад газрын маргаан шийдвэрлэх тухай гэсэх байх бөгөөд агуулга нь О ХХК-ийн удаа дараагийн хүсэлтүүдийг авч үзэхэд 2014 оны иргэн Г болон Нийгмийн даатгалын хэлтэст олгосон захирамжууд болон 2007 оны захирамжуудыг эргэж хараад энэ газрыг О ХХК-д эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот албан бичгийг өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд танаа гэсэн хаягтай байсан тул тус маргааныг шийдвэрлэх юм байна гэж бодоод хүлээж байтал 2014 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн газрын хэмжээг ихэсгэж захирамж гаргасан” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргад холбогдох 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2002 онд дуудлага худалдаагаар авсан барилгын орчны газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хариу өгөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан О ХХК-г судлахад хэд хэдэн захирамжтай байдаг. 2003 оны Нийслэлийн Засаг даргын 395 тоот захирамж байдаг. 2013 оны 855 тоот захирамжаар мөн О ХХК-д 986 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. 2013 оны 979 тоот захирамжаар О ХХК-ийн газрын харъяалагдах хороо өөрчлөгдсөн тул хороог зөвтгөж өөрчилсөн байдаг учраас тухай бүрт нь Нийслэлийн Засаг даргын захирамжууд гарсан гэж үзэж байна. Мөн О ХХК-ийн кадастрын зургийг нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа. Тус зурган дээрээс О ХХК-ийн 986 м.кв газартай хэсэг харагдаж байгаа. Захирамж тус бүртэй холбоотой тайлбарыг мөн бичгээр гаргаж өгсөн. Тус тайлбараа дэмжиж байна. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжтай байснаа барилгаа барихаасаа өмнө Нийслэлийн Засаг даргад хандаж захирамжыг шийдвэрлүүлсэн. 2014 оны 811 тоот захирамжаар 123 м.кв газар олгохоор шийдвэрлэсэн байдаг. 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 454 тоот захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 235 м.кв талбайг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. О ХХК-ний зүгээс хүсэлт гаргасан газар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга баригдах гэж байгаа учраас орц, гарцыг хааж эрх ашгийг хөндөж байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Бодит байдал дээр нотлох баримтаар өгсөн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг яамнаас шилжүүлж конторын барилга 80-90 хувьтай явагдаж байгаа. Эндээс харахад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай 460 м.кв газар эзэмших эрхээ шилжүүлээд *** тоот захирамж гарсан байгаа. Кадастрын зурагаа газрын мэдээллийн санд оруулаад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэдэг нь харагдаж байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2007 онд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшиж, конторын барилга барих хүсэлт гаргасан байдаг тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын *** тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. 2014 оны А/215 захирамжаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 15 жилийн хугацаатай 123 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. О ХХК-ийн газартай ямар нэг давхцал байхгүй. Орц, гарц хаасан зүйлгүй учраас хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зүйл байдаггүй. 

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Отоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 235 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг конторын барилгын зориулалтаар олгосон байдаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тухайн хувийн эзэмшлийн газар конторын зориулалтаар барилга бариулах хүсэлтээ хуульд нийцүүлэн ирүүлсэн байдаг. Тухайн хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар хэлэлцүүлээд 14,4*10,4 м.кв газарт 3 давхар конторын зориулалтын барилга барих боломжтой гэж үзсэн. . Үүний дагуу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь эх загвар зургийг боловсруулж ирж батлуулсан. Дараа нь барилгын ажлын зураг хийгдэж, экспертизээр магадлал хийлгээд шаардлагатай техникийн нөхцөлүүдийг авсны үндсэн дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах хүсэлтээ ирүүлсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот тогтоол, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан журмыг үндэслэж барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгодог. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зай хэмжээг дурддаг. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг төлөвлөхдөө О ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох барилгаас нь 11 метр зайтай байхаар төлөвлөсөн нь Хот тосгоны төлөвлөлт, барилгын норм дүрмийн 31-01-04-дэх хэсгийн 4 дүгээр хавсралтын заавал мөрдөх хэсэгт заасан байдаг. Хөрш залгаа газар өмчлөгч О ХХК-аас зөвшөөрөл аваагүй гэж мөн дурддаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр бүлгийн 4.2.2-т Гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барих /амины орон сууцнаас бусад барилгын хувьд барилга барих үйл ажиллагаанд  иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан байна. Уг журмын 4 дүгээр бүлгийн 4.3-д Журмын 4.2.-д заасан санал авах тохиолдолд,  дараах байдлаар  авна гээд тодорхой нөхцөлүүд заасан байх бөгөөд 4 дүгээр бүлгийн 4.3.2-т Гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын  хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс гэж заасан байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан байдаг. Эндээс дүгнэхэд О ХХК нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь үл хөдлөх хөрөнгөөрөө хил залгаа эзэмшигч биш учраас санал авах шаардлагагүй байсан. Тухайн үед хөрш залгаа газар эзэмшигч буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс саналыг авч тухайн зөвшөөрлийг олгосон” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “О” ХХК нь

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг,

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг 

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг,

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 тоот захирамж, 

5. “О” ХХК-ийн захирал З.Бын барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, 

6. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** ***тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг,  мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот захирамжийг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 158 тоот “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоолын дагуу өмчлөх эрхтэй болсон ба уг үл хөдлөх хөрөнгийнхөө орчны газрыг эзэмших хүсэл зоригтой байсан болох нь, уг үл хөдлөх эд хөрөнгийн орчны газраа эзэмших өргөдөл, хүсэлтээ удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан дугаар №92 тоот Дуудлага худалдааны явцын тэмдэглэлийн бүртгэлийн хуудсуудад тусгагдсан нэхэмжлэгчийн газрын асуудлыг шийдвэрлүүлэх талаарх санал, хүсэлтүүд , Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газар, Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын харилцааны алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагуудад “О” ХХК-ийн нэрээр болон тус компанийн захирал З.Бын нэрээр гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдээр нотлогдож байна. 

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2004 оноос эхлэн бохир усны цооног хийсэн болох нь *** тоот Техникийн нөхцөл , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

Гэтэл хариуцагчид буюу дүүргийн болон нийслэлийн засаг дарга нар хуулийн дээрх заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдийг судлан үзэж, шалгаж шийдвэрлэлгүйгээр, нэхэмжлэгчийн эзэмшил үүссэн буюу бохир усны цооног хийсэн зэрэг асуудлуудыг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчид нягтлан шалгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэхээсээ өмнө нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдлүүд болон нэхэмжлэгчийн эзэмшил буюу бохир усны цооног үүссэн зэрэг асуудлуудыг судлан шалгаж, шийдвэрлэсний дараа гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст олгогдсон газарт нэхэмжлэгчийн бохир усны шугам сүлжээ буюу цооног байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгээр болон хэрэгт цугларсан кадастрын зургууд, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зургууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларасан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна. 

Мөн маргаан бүхий газарт цементэн суурь бүхий төмөр хашааг нэхэмжлэгч барьсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой нотлогдож байна.

Нэхэмжлэгч “О” ХХК-д эзэмшлийн газар нь үйлчилгээний зориулалттай болох нь дугаар 000303828 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр  нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь дуудлага худалдаа, худалдах худалдан авах гэрээ, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар *** тоот “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоолын дагуу өмчлөх эрхтэй болсон үл хөдлөх эд хөрөнгөдөө үйлчилгээний зориулалтаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ  авсан байна. 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж газар эзэмшигчийн эрхийг хуульчилсан байна. 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасан журмын дагуу хууль ёсоор олж авсан болох нь дуудлага худалдаа явуулсан талаарх баримтууд, худалдах худалдан авах гэрээ, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 158 тоот “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоол, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжоор хангуулах эрхтэй. 

Мөн нэхэмжлэгч нь манай өмчлөлийн барилгаруу орох, гарах орц, гарцыг хааж манай байшинтай маш ойрхон зайд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон гэсэн агуулгаар маргаж байна.

Маргаан бүхий газрын хог хаягдлыг цэвэрлэж, хонхор, налуу газрыг шороо асгаж, тэгшилж, индүүдэж, бохир цэвэр усны шугам сүлжээ хийж, зардал гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг хангасан буюу хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад нь бусад этгээдүүд саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актуудыг шүүхээс түдгэлзүүлсэн болно. 

Зүй нь хариуцагчид дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн шалган үзэж, шийдвэрлэсний дараа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэх, эсхүл эс эзэмшүүлэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь ёстой  байжээ.

Хариуцагч засаг дарга нар дараах нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шийдвэрлэсний үндсэн дээр “О” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргасны дараа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэх эрх олгох, эсхүл эс олгох эсэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой гэж шүүх үзлээ. Үүнд: 

• Хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгийнхөө орчны газрыг эзэмших талаархи нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдийг шийдвэрлэх

• Нэхэмжлэгчийн байгуулсан бохир усны шугам сүлжээ буюу цооног маргаан бүхий газарт байрлаж байх тул энэ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх

• Мөн маргаан бүхий газарт баригдсан нэхэмжлэгчийн цементэн суурь бүхий төмөр хашааг албадан буулгах, эсхүл эс буулгах эсэх 

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч шалгаж  тодруулах шаардлагатай байсан гэж үзсэн бөгөөд нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлуудыг хариуцагчаар өөрөөр нь шалгаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах эрхийг хангасан буюу зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад нь бусад этгээдүүд саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актуудыг шүүхээс түдгэлзүүлсэн ба нэхэмжлэгчийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломж, эрхийг хангасан шинэ захиргааны акт гаргасны дараа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэх, эсхүл эс эзэмшүүлэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх гэсэн арга замаар энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч засаг дар нар биелүүлнэ.

 Шүүх маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдийг шалгаж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа учраас энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн “О” ХХК-ийн захирал З.Бын барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль зүйн дагуу Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд уг зөрчигдсөн эрхийг захиргааны хэргийн шүүх хамгаалахаар зохицуулсан байх ба бодит байдал дээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга өөр газар баригдсан нь тодорхой нотлогдож байгаа учраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдал дээр зөрчигдөөгүй байх тул зөвхөн энэ үндэслэлээр шүүх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** ***тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгогдсон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** ***тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчинтэй хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусч байгаа болно.

Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт дахин барилга барих зөвшөөрөл олгогдсон тохиолдолд энэ асуудлаар тухайн үед нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, боломж нээлттэй юм.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нийслэлийн болон дүүргийн засаг дарга нар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хууль ёсоор олж авсан үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх, боломжийг хангасан захиргааны шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг,  мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 тоот захирамж хүчингүй болно. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1  заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “О” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг,  мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 тоот захирамжийг тус тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан ““О” ХХК-ийн захирал З.Бын барилгын орчны газраа буюу гаднах талбайг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** ***тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч “Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, “О” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргасны дараа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст газар эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “О” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар, үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Отоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/215 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.БАТЗОРИГ