| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2310040822154 |
| Дугаар | 2025/ДШМ/877 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/877
2025 07 23 2025/ДШМ/877
И.З, Б.Б, Г.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн
тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч И.З, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.З, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн И.З, Б.Б, Г.Б нарт холбогдох 2310040822154 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 945 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
2. М овгийн Б-ийн Б, .................. /РД:....................,
3. Х овгийн Г-ын Б, ...................., /РД:....................,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь заалтад зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 998 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч И.З, Б.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ****** *** * тоот хашаанд байх өвөлжөөнөөс Д.И-ийн эзэмшлийн улаан халзан зүсмийн 1 тооны дүнжин үхэр, зоо тарлан алаг зүсмийн 1 тооны үнээ, улаан зүсмийн 1 тооны үнээ буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нядлан, махыг нь **** УАВ улсын дугаартай “Тоёота Акуа Пи-10”, **** УАУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслүүд ашиглан зөөвөрлөж, бусдад худалдан борлуулж, хохирогч Д.И-өд 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу олон тооны мал хулгайлж, бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: И.З, Б.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарыг олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч И.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.З, Б.Б, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон нийт 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын хүүхэд болох 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн 3 настай Б.Ж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 2 настай Б.Х нарын асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хугацаанд өөрийн асрамжид байлгах үүргийг шүүгдэгч Б.Б-ын эх С.О-д хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-ас 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.И-өд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш ихээр гэмшиж, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд эхнээс нь дуусах үхртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Миний хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие цаашид дахин гэмт хэрэг хийхгүй, зөв шударгаар хөдөлмөрлөж амьдарна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хууль эрх зүйн мэдлэггүй улмаас хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаж оролцсон. Одоо миний бие гэм буруугаа ухамсарлаж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч Г.Б нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү, би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэсэн гомдол гаргасан учраас өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо энэ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцооны талаар анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв шалгаж тогтоогүй, бодит дүгнэлт хийгээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байгаа тул би өөрийн гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг давж заалдах гомдолдоо хавсаргаж шүүхэд ирүүлсэн тул өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчтэй санал нэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч И.З-ын өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.З-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Гэмт хэргийг илрүүлэхэд оролцсон нөхцөл байдал, түргэн шуурхай илрүүлсэн нөхцөл байдал. Хохирол болох 3 үхэрээс шүүгдэгч И.З нь нэг ч төгрөг аваагүй. Харин учруулсан хохирлоо сайн дураараа төлж биелүүлсэн. Иймд шүүгдэгч И.З-ын гаргасан гомдлын дагуу хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөөгүй байсан. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал байна, энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах тул шүүгдэгч нарын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн гэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хуульд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон байхыг хэлдэг. Гэвч шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон анхан шатны шүүх хуралдаанд “хулгайн мах гэдгийг мэдээгүй, зараад өгөөч гэхээр нь цааш нь хүнд зарж өгсөн, хэргийн зүйлчлэл тохирохгүй, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй” гэж маргаж оролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн болон гэм буруугийн талаар маргахгүй гэж байгааг нь шүүхээс түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бөгөөд заавал хэрэглэх хэм хэмжээ биш байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч И.З, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч И.З, Б.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ********************* тоот хашаанд байх өвөлжөөнөөс Д.И-ийн эзэмшлийн улаан халзан зүсмийн 1 тооны дүнжин үхэр, зоо тарлан алаг зүсмийн 1 тооны үнээ, улаан зүсмийн 1 тооны үнээ буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нядлан, махыг нь **** УАВ улсын дугаартай “Тоёота Акуа Пи-10”, **** УАУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслүүд ашиглан зөөвөрлөж, бусдад худалдан борлуулж, хохирогч Д.И-өд 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу олон тооны мал хулгайлж, бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст “Хашаанд уяатай байсан 3 үнээг хулгайлаад аваад явсан байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 11/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-17/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 18-26/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 27-30/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 31-33/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 34/,
хохирогч Д.И-ийн “...Би Хан-Уул дүүргийн ********************* тоотод үхэр маллаж амьдардаг. Өнөө өглөө сэрээд гэрээсээ гараад үхрээ хорооноос нь гаргах гээд очтол үхрийн хашааны хаалга нь онгорхой хаалгыг нь дарсан дулаалганы уяаг нь тасдаад нээчихсэн, 3 үхэр байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Зоо тарлан шар алаг үнээ, улаан халзан үнээ, улаан үнээ хулгайд алдагдсан ба хашаан дотор гадны хүний гутлын мөр үлдсэн байсан. Миний гурван үнээ сүү сааль сайтай, зундаа нэгнээс нь 10 литр сүү гардаг 5-6 настай үнээнүүд байсан. Алдагдсан үнээнүүдээ нийт 8.000.000 төгрөг болох байх гэж бодож байна. Зоо тарлан алаг үнээ, улаан үнээ хоёрын зүүн чихэнд малын дугаар бүхий бийрктэй. Тэр дугаарыг нь мал эмнэлгээс асуугаад мэдээд эргээд мэдэгдэж болно. Харин улаан халзан үнээ нь бийрктэй үгүйг нь хэлж мэдэхгүй байна. Улаан үнээний баруун нь доош зүүн нь дээш солжир эвэртэй. Би өчигдөр орой буюу 2023 оны 11-дүгээр сарын 16-ны 18 цаг өнгөрч байх үед хашсан. Алдсан 3 үхрээ олж авмаар байна. Гомдолтой байна. ...” /1 хх 52/,
гэрч Д.Ч-ын “...Би 1994 оноос хойш Хар хорин зах дээр мах зарах ажлыг өнөөдрийг болтол хийж байна. Би хүмүүсээс ямар нэгэн юм авахдаа тухайн зүйлийнхээ нэрийг бичдэг. Хонь авахаар бол хонь, үхэр авахаар бол үхэр гэж гүйлгээний утга бичиж шилжүүлдэг. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 9 цагийн орчим нэг залуу залгаад /утасны дугаарыг нь санахгүй байна/ таны дугаарыг эмээлтийн бой дээрээс авсан юм, мах авах юм уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу хот руу орж явна, танайх хаана байдаг вэ, хойшоо явах гэсэн чинь оройтчихлоо гэж хэлэхээр нь Тахилтын давхрын буудал дээр Приус маркийн машинаас туранхай бор залуу бууж ирээд надтай уулзсан. Бас хар өнгийн жижиг машинтай хүн хамт явж байсан. Тэр залуу үхрийн мах ямар үнэ ханштай байгаа талаар асуухаар нь би 7000-7500 төгрөгийн хооронд авч байгаа талаар хэлэхэд туранхай бор залуу /Б/ 3 үхрийн мах өгөх гэсэн юм гээд надад үхрийн махаа машинаасаа буулгаж ирээд хиллүүлж өгсөн. Тэгэхэд хар өнгийн машинтай залуу надтай юу ч ярилгүй, машинд ачсан махнуудаа авчирч өгсөн. Би 3,000,000 төгрөгийг мобайл банкаараа шилжүүлээд, үлдэгдэл 682,000 дахиж шилжүүлсэн. Тэр хүмүүсийн өгсөн мах нь 400-500 кг болсон санагдаж байна. Би тэр хоёр залуугаас авсан махыг хулгайн мах гэдгийг өнөөдөр цагдаагаас мэдлээ, тухайн үед хулгайн мах гэдгийг мэдсэн бол юу гэж авах билээ дээ. Тэр туранхай залуу нь Архангайгаас авч ирсэн үхрийн мах байгаа юм, бид явсаар байгаад оройтчихлоо, танд өгчихье гэж хэлж байсан. Би тэр залуусыг харах юм бол танина. Нэг нь туранхайдуу, гонзгойдуу бор царайтай залуу байсан. Тэр нь цагаан өнгийн приус машин уначихсан байсан. Нөгөө залуу нь надтай юу ч яриагүй. Надтай ярилцсан эхний залуугийн зургийг харах юм бол би танина. Одоо тэр худалдаж авсан үхрийн махнаас байхгүй байгаа. ...” /2 хх 9/,
гэрч Б.О-ийн “...Би Хаан банкны ******** дугаартай дансыг эзэмшдэг. Миний Хаан банкны интернэт банк болон мобайл банкийг Б ашигладаг ба ихэвчлэн Б интернэт банкаар мөнгө шилжүүлдэг. Би интернэт банк болон мобайл банкийг хэрхэн яаж ашигладгийг мэдэхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний ******** дугаартай дансанд ямар учиртай мөнгө орж ирснийг мэдэхгүй байна. Энэ талаар Бас асуусан дээр байхаа. ...Б надад яаж мөнгөтэй болсон талаараа хэлээгүй. Тухайн үед хүнтэй уулзчихаад ирнэ гээд явсан юм. ...” /2 хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/302 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 63-79/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 462 дугаар дүгнэлт /2 хх 143-145/,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Puma” гэсэн бичиглэл бүхий саарал хөх өнгийн цагаан оруулгатай хос гутлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх 70/,
“Д” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ХУ2-23-1018 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 73-74/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 103-104/,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 11-13/,
Г.Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 21-22, 23/,
Б.О-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 24-27, 28/,
“Д” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн ХУ2-24-143 дугаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2 хх 106-109/,
“Д” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн ХУ2-24-143 дугаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2 хх 111/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч И.З, Б.Б, Г.Б нар нь хохирогч Д.И-ийн өвөлжөөнөөс түүний эзэмшлийн улаан халзан зүсмийн 1 тооны дүнжин үхэр, зоо тарлан алаг зүсмийн 1 тооны үнээ, улаан зүсмийн 1 тооны үнээ буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нядлан, махыг нь зөөвөрлөж, бусдад худалдан борлуулсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Олон тооны мал гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. ...” гэж заажээ.
Шүүхээс дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарыг олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хэдий ч шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй тул шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдолгүй, хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон бөгөөд тус хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүх шүүгдэгч И.З, Г.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч И.З, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч И.З, Г.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдолгүй, хохирол төлбөргүй, хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч И.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг багасган 2 жил, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг багасган 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч И.З, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг яд эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1227 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...шүүгдэгч И.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...шүүгдэгч И.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял. ...” гэж,
- “...шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.З, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, И.З, Г.Б нарын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР