Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00544

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00544

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэртэй Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Милена майлд ХХК, Л.Жавзандулам, Н.Мөнхбаяр нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 106 569 996 төгрөг гаргуулж, шаардлагыг барьцаа хөрөнгө болох орон сууц, шима сэйки (shima seiki) маркийн 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машинаас хангуулах, батлан даагчаар нөхөх хариуцлага хүлээлгэх тухай үндсэн, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Голомт банк ХХК-ийн зүгээс Милена майлд ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Уг зээлийн эх үүсвэр нь Чингис бондын мөнгө бөгөөд тусгай зориулалтын дагуу арилжааны банкуудаар дамжуулан олгогддог зээл юм. Зээлдэгч Милена майлд ХХК нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасан, бидний зүгээс бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул манай банк 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд хандсан. Манай банк нь Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу Милена майлд ХХК-ийн зээлийн эх үүсвэрийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буцаан төлсөн тул уг өдрөөс хойш Милена майлд ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар 22.8 хувийн хүү тооцогдох ёстой. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн төлбөрт нийт 106 569 996 төгрөгийг Милена майлд ХХК-аас гаргуулж, хариуцагч Н.Мөнхбаяртай байгуулсан барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулах, Л.Жавзандуламтай байгуулсан барьцааны гэрээний дагуу 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг үүргий гүйцэтгэлийг хангуулах, мөн Л.Жавзандуламтай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу Милена майлд ХХК үүргээ гүйцэтгээгүй бол түүнд нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л.Жавзандулам шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банк ХХК-тай ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулан 150 000 000 төгрөгийн зээлийг shima seiki нэхмэлийн машин худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан ба эдийн засгийн хямралаас шалтгаалан борлуулалт багассаны улмаас гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн заасан хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацаа хожимдуулан төлөх асуудал гарах болсон. Гэвч зээлийн гэрээний төлөлтийг өөрсдийн чадамжийн хэмжээнд төлсөөр ирсэн. Тодруулбал, Голомт банк ХХК нь компанийн данснаас зээлийн төлөлтийг өөрөө татан авдаг байсан. Компанийн худалдан борлуулалт муудаж ашиг орлого муудсан тул эргэн төлөлтийн хуваарийг зөрчихөд хүрсэн. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 77 161 123 төгрөгийг данснаас татан авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгч Голомт банк ХХК нь хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасч, үндсэн зээлээс үлдсэн хэсгийг нь хасч тооцон нэхэмжилж үүрэг гүйцэтгэгч компанийн хувьд ч хохиролтой байна. Дээрх зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасах дарааллаар үүргийн гүйцэтгэлийг өөрөө суутган авах байдлаар хангаж байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын хуулиар тогтоосон журмыг зөрчиж байна. Голомт банк ХХК хуулиар журамлан зохицуулсан үүргийн гүйцэтгэлийн дарааллыг зөрчиж хамгийн эхэнд үндсэн зээлээс хасч тооцогдох учиртай зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүүгээс хасч тооцон өөртөө ашигтай байдлаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Түүнчлэн, 150 000 000 төгрөгийн зээл олгохдоо Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа Зээлийн үнийн 0.5 хувиар буюу 750 000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нь хуульд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг хариу төлбөрт авах учиртайгаас биш банк өөрийн дураар ямар нэгэн хариу төлбөрийг зохиож гэрээнд тусган авч байгааг хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хүүг жилийн 8 хувиар тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа 22.8 хувиар тооцож 11 665 103.99 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээнд 8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон тохиролцоо байгаа ба 22.8 хувиар тооцно гэсэн тодорхой заалт огт байхгүй атал компанийн авсан зээлийг Хөгжлийн банк-нд буцаан төлсөн гэх агуулгаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 22.8 хувиар тооцож нэхэмжилж буй нь хуульд нийцэхгүй байна. Иймд 22.8 хувиар тооцож нэхэмжилж буй нэмэгдүүлсэн шаардлага болох 11 665 103.99 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм. Голомт банк ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх барьцааны гэрээнд Н.Мөнхбаяр гарын үсэг зураагүйгээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь Н.Мөнхбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч үнэндээ түүний эцэг Ч.Нямдорж, эх Л.Янжиндулам нарын мөнгөөр авсан тэдний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00251 дугаартай шийдвэрээр Ч.Нямдорж болон Л.Янжиндулам нарыг Голомт банк ХХК-ийн барьцаалсан гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасан. Голомт банк ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчид болох эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй байхдаа барьцааны гэрээг байгуулсан. Мөн хариуцагч Н.Мөнхбаяр нь Барьцааны гэрээнд гарын үсэг зурснаа санадаггүй. Гэрээнд зурсан гарын үсэг түүнийх биш гэж маргаж байгаа. Хэдийгээр гарын үсгийн хэв маягийн шинжилгээ хийлгэх шинжээч томилж, дүгнэлтээр Н.Мөнхбаярынх гэж гарсан ч бид дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Н.Мөнхбаяр болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банк ХХК нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.Мөнхбаяр бүртгэгдсэн байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Милена майлд ХХК-аас 100 348 103 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 221 893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Голомт банк ХХК нь шима сэйки /shima seiki/ маркийн тус бүр нь 20 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий, №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машин болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн үүргийг хангаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Милена майлд ХХК нь үүргээ эс биелүүлбэл биелүүлээгүй үнийн дүнг батлан даагч Л.Жавзандуламаас нөхөн гаргуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.Мөнхбаяр болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Голомт банк ХХК-д холбогдох Н.Мөнхбаярын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974 933 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 667 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Милена майлд ХХК, Л.Жавзандулам, Н.Мөнхбаяр нараас 659 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Жавзандулам давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан 106 596 996 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 6 221 893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 100 348 103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 94 904 892 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 12 714 025 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн хүүг 22.8 хувиар тооцсон. Дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг 8 хувийн хүүгээр тооцвол үндсэн хүү 2 839 686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 567 937 төгрөг байх ба нийт 3 407 623 төгрөг байхаар байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 12 714 025 төгрөгөөс хасагдах учиртай 9 874 339 төгрөгийг буруу тооцоолж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн компанийн зүгээс төлсөн зээлийн эргэн төлөлтийг банк нь өөрийн дураар компанийн хүсэл зоригийг харгалзалгүй хамгийн түрүүнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасах дарааллаар суутган авсныг шүүхээс Милена майлд ХХК нь төлбөрийг төлөхдөө төлбөрийн зориулалт зааж зээлийн төлбөр, үндсэн хүү, торгуулийн хүү төлсөн болох нь дээр дурдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь өөрийн сонголтоор зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж үзнэ гэсэн нь буруу болсон. Банк нь зээлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хууль бус шимтгэлийг авсныг шүүхээс гэрээгээр харилцан тохиролцсон тул төлбөрөөс хасагдахгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Банк нь зээл олгож буй өөрийн давуу байдлаа ийнхүү хууль бусаар эрсдэлийн менежментийн шимтгэл гэх тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар үндсэн зээлээс авч байгаа нь зөв байх учиргүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр компаниас 100 348 103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 21 263 540 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж 21 263 540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн төлбөрт нийт 106 569 996 төгрөгийг Милена майлд ХХК-иас гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах хариуцагч Н.Мөнхбаярын өмчлөлийн орон сууц, шима сэйки (shima seiki) маркийн 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг албадан борлуулж үнийн дүнгээс хангуулах, Милена майлд ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Л.Жавзандуламын эд хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Голомт банк ХХК нь Милена майлд ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1410013482 дугаартай зээлийн гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Н.Мөнхбаяртай ИГ1410013482 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, мөн хариуцагч Л.Жавзандуламтай 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БГ1410013482 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, тус бүр нь 20 000 000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг шима сэйки /Shima seiki/ маркийн бүрэн автомат нэхмэлийн машиныг барьцаалж, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн БДГ 1410013482 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулан Милена майлд ХХК зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээлгэхээр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 11-20, 24-25 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч Милена майлд ХХК, Л.Жавзандулам нар нь татгалзлын үндэслэлээ зээлийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу зээлийн төлбөрөөс суутгал хийгээгүй, үндэслэлгүйгээр 750 000 төгрөгийн шимтгэл авсан, мөн гэрээний хүүг жилийн 8 хувь байхаар харилцан тохиролцсон атал 22.8 хувиар тооцож 11 665 103.99 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Зээлдэгчийн зээлийн 1410013482 дугаартай дансны хуулгад бичигдсэнээр, зээлдэгч Милена майлд ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 96 883 575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгч Голомт банк ХХК-д төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. /1хх-ийн 230 дугаар тал/

Хэргийн 206 дугаар талд авагдсан тооцооны баримтаас үзэхэд хариуцагч гэрээний хугацаа дууссан буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй болох нь нотлогдсон тул хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй гэх тайлбар гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу зээлийн төлбөр төлөгдөөгүй гэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

Талуудын гэрээний 2.1.8-д зээлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх шимтгэлийг зээлдэгч нэг удаа төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд төлсөн гэх 750 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ