| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2309007050572 |
| Дугаар | 2025/ДШМ/860 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ихбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/860
2025 07 22 2025/ДШМ/860
С.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.И,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/950 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр С.Б-д холбогдох эрүүгийн ………………. дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.... овгийн С.......-ийн Б, 1972 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн ......... дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, /РД: ............../,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
Улсын дээд шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сар 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Москва хотын Хамовническ дүүргийн шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 840 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ........... дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ сургуулийн орчим иргэн С.М-ын халааснаас “Ай Фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч С.Б-ын эдлэх ялыг 116 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ын энэ тогтоолоор оногдуулсан 116 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ............. дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... сургуулийн орчим иргэн С.М-ын халааснаас “Ай Фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч насанд хүрээгүй иргэн С.М-д 3,400,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан. Шүүгдэгч С.Б нь өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүхээс шүүгдэгч С.Б-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, ар гэр, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ял оногдуулсан гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс 3 удаагийн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн боловч засарч хүмүүжээгүй хийсэн хэрэгтээ гэмшиж, цээрлэл хүлээгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэнээс гадна түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Урьд 2 удаагийн шийтгэх тогтоолоор оногдуулсантай адил нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй хүүхдэд хохирол учруулж үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан “500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд С.Б-ын гэмт хэргийн улмаас хохирогч С.М-д учруулсан хохирлыг 3.400.000 төгрөг, 1.725.000 төгрөг гэж зөрүүтэй дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж хуульд заагаагүй ял оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/950 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Н.И тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч анхан шатны шүүх уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Прокуророос шүүгдэгч С.Б-ыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ....... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ сургуулийн орчим иргэн С.М-ын халааснаас “Ай Фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд шүүхээс оногдуулж буй ял шийтгэл хэрхэн нийцэж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг ба хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд эсхүл доод хэмжээний ял шийтгэсэн бол энэ талаарх үндэслэлээ шүүх заавал зааж байвал зохино.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, эдлэх ялыг 116 цагийн хугацаагаар тогтоож, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 436 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэхдээ үндэслэлээ дээрх зарчимтай хэрхэн уялдаж байгаа талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй байна.
Шийтгэх тогтоолд “...нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, ар гэр, хувийн байдлыг харгалзан...” гэж заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээний агуулгатай нийцэхгүй байна гэж үзэв.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 883 дугаар шийтгэх тогтоолоор С.Б нь 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, уг ялуудыг биечлэн эдэлж дуусгахгүйгээр 883 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 491 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 2025/ХМШЗ/03 дугаар “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай” захирамж /1хх 220-223/-аар түүний ялыг хорих ялаар сольж шийдвэрлэжээ.
Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг огт эдлээгүй байхад дахин 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялаас хасч 116 цагийн хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн 436 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон нь түүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохироогүй байна гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч С.М-д учирсан хохирлыг прокурорын яллах дүгнэлт “...3.400.000 төгрөг...” гэсэн бол шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...1.725.000 төгрөг...” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхаарвал зохино.
Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/950 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР