Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/861

 

 

 

 

 

 

      2025           07             22                              2025/ДШМ/861

 

Ж.Т, Э.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Э,

хохирогч Б.М-ын өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Э.Т,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Т, Э.Т нарт холбогдох эрүүгийн ……… дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ........... дүүргийн........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........... бааранд хохирогч Б.М-ын толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ........... дүүргийн .........дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........... бааранд хохирогч Э.Б-ийн толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Э.Т-д оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд, Ж.Т-т оногдуулсан торгох ялыг 90 хоног хүртэл хугацаанд тус тус төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т, Ж.Т нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Т-гээс 1.428.160 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Т-ээс нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо: “…2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны өмнө хохирогч миний бие, өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Г нартай харилцан тохиролцсон. 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч миний хохирлыг барагдуулахаар тохирч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралд хохирол бүрэн барагдуулж дууссан гэж оролцсон. Гэвч шүүгдэгч Э.Т өнөөдрийг хүртэл нэг ч хохирлыг барагдуулаагүй. 2025 оны 06 дугаар сарын 06, 13, 18-ны өдөр гэж худал хэлж, өдөр хоног өнгөрөөсөн. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж, шүүгдэгч Э.Т-д тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.М-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.М гэмтэл авч эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 8 хоногийн турш хараагүй байсан. Сахиж, эмчилгээ сайн хийлгэсний үр дүнд хараа орж эхэлсэн боловч хуучин шигээ сайн харж чадахгүй байгаа. Одоогийн байдлаар сувилалд явсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Анхан шатны шүүх хурлын өмнө өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч нар байлцаж, хохирлоо төлөх талаар ярилцсан. Гэвч өнөөдрийг хүртэл хохирлоо төлөхгүй байна гэж миний үйлчлүүлэгч гомдол гаргасан. Тиймээс тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн миний үйлчлүүлэгч саналаа илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би зарын дагуу өдөрт нь цалингаа авдаг ажил эрхэлдэг. Тиймээс энэ асуудлыг сайн шийдэж чадахгүй байна. Энэ талаарх нөхцөл байдлаа хохирогч болон өөрийн өмгөөлөгчдөө хэлсэн. Ингэж явсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, сэтгэцийн хор уршигт хоёрдугаар зэрэг тогтоогдсон гэж үзсэн. Шүүхээс Эрүүл мэндийн даатгалын санд 1.421.160 төгрөг, эмчилгээний зардалд 1.665.380 төгрөгийг шүүгдэгч Э.Т-ээс гаргуулахаар хэлэлцсэн. Шүүгдэгч болон хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаатай завсарлуулсан. 5 хоногийн дараа шүүх хуралдаан үргэлжлэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч нар тухайн хохирлыг төлсөн гэж анхан шатны шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Тиймээс шүүхээс шүүгдэгчээс нийт 5.625.385 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, мөн хохирогч Б.М-ын эцэг, эхийн зүгээс эмнэлэгт сахиж, эргэсэн бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байгааг шийтгэх тогтоолд дурдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс тухайн зардлыг бүрэн төлөөгүй гэж тайлбарлаж байна. Иймд 3.625.384 төгрөг төлөгдөөгүй байна. Тиймээс уг үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Т-ийн хохирогч Б.М-ын толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Т-ийн хохирогч Э.Б-ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Учир нь, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-дээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

 Шүүгдэгч Э.Т нь хохирогч Б.М-ын эмчилгээний зардалд 1.665.384 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3.960.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.428.160 төгрөгийн хохирлыг төлөөгүй байхад шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хохирогчид 2.000.000 төгрөг төлснөөс өөрөөр хохирол, хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ аваагүй байна. Хохирогчид учирсан гэмтэл, цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл байдал, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэгт бодитой хандаж, хэрэгт авагдсан эмчилгээний баримтаар хязгаарлагдахгүйгээр хохирол, хор уршиг барагдуулах санаа зорилго, үр дүнд дүгнэлт хийсний эцэст ял шийтгэл оногдуулах эсэхэд дүгнэлт хийвэл зохино.

Мөн хохирогч Э.М-ын зүгээс “бид шүүхээс тогтоосон нийт хохирлыг бүрэн барагдуулсан нь үнэн болно. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /1хх 213/-ийг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд тогтоосон хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй байхад шүүгдэгч, хохирогч нарын хооронд хуульд нийцээгүй баримт үйлдүүлэн шүүхээр үнэлүүлсэн байдалдаа хууль зүйн зөвлөгөө өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нар анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Э.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1184 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Т, Э.Т нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР