| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0181/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/222 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/222
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718001850009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын 3********тоотод оршин суудаг, урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил, 4сар, 10 хоногийн хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б********
2. Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын ******** тоотод оршин суудаг, урьд:
Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч********, ******** нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнсчидийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй ********нарт хүч хэрэглэхээр заналхийлж******** бугуйнд байсан утас,******** “Самсунг Нөт-1” маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 95,000 төгрөгиийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч********, ******** нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнсчидийн 3 дугаар гудамж насанд хүрээгүй********,******** нарыг үг хэл, үйлдлээрээ айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж******** бугуйнд байсан******** цагaан утас,******** “Самсунг Нөт-1” маркийн гар утас зэргийг илээр, хууль бусаар авсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч******** мөрдөн байцаалтад өгсөн: “... найз********хамтаар 5 дугаар баг, Хүнсний арын толгой орж найз ********руу очих гээд явж байтал цагаан өнгийн худагны хажууд 30 гаруй насны 2 эрэгтэй хүн нааш ир гээд дуудсан. Дуудахаар нь яваад очтол улаан даавуун малгай өмссөн, баруун талын гарандаа Монгол гэсэн үгийг хуучин бичгээр бичсэн, цээжин дээрээ од хэлбэрийн шивээстэй, баруун гарын алган дээрээ нэвт хутгалуулсан сорвитой, бараан өнгийн хувцастай ах байсан. Тэр хүн шууд хажууд суу гэж хэлээд манай найзын гарт зүүлттэй байсан бор оосортой, бугуйн гар утсыг тайлж аваад оронд нь үүнийг ав гээд хар өнгийн “Нокиа” маркийн хуучин утас өгсөн. Бас манай найзын халаасанд байсан “Самсунг нөт-1” утсыг хажууд нь хамт архи ууж байсан цагаан цамцтай, богино үстэй, шулуундуу хамартай ах аваад зугтаачихсан. Бид хоёрыг ална шүү гээд зодохоор айлгаад байсан, ... олон жил шорон оронгоор явсан, энэ хавийнхан андахгүй гэх зэргээр сүрдүүлж байсан, нөгөө нэг найз нь манай найз******** нөт-1 утсыг аваад цаашаа зугтааж явсан. Би хойноос нь хөөгөөд манай найзын утсыг өгөөч гэхэд өөдөөс чулуу авч шидээд зайл пизда минь ална шүү гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 17-18, 165-166-р хуудас/,
Хохирогч******** мөрдөн байцаалтад өгсөн: “... миний халаасанд байсан “Самсунг нөт-1” утсыг хажууд хамт архи ууж байсан цагаан цамцтай, богино үстэй, шулуундуу хамартай ах дуу сонсчхоод өгье гэж аваад шууд зугтаачихсан... хамт явж байсан ******** гэгч нь миний халаасыг дарж үзчихээд утас байна шүү дээ гаргаад ир, дуу сонсоод өгье гэсэн. Болохгүй утас байгаа юмаа гэсэн чинь тэр ах “үхэх гээд байна уу, пизда минь, гаргаад ир” гээд байхад чинь гээд сүрдүүлээд миний “Нөт-1” утсыг гаргуулж аваад дуу сонсоод миний хажууд сууж байгаад босоод гэнэт зугтаачихсан. Утас аваад зугтаачихлаа ш дээ гээд орилсон чинь ********хойноос нь хөөгөөд ******** нь бас хамт очоод аваад ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Шүүгдэгч ********ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз ******** нөгөө том биетэй хүүхдийн утсыг аваад дуу сонсож байгаад шууд босоод гэр лүүгээ явахаар нь би очоод ********цагаан өнгийн “ Нөт-1” утсыг аваад буцааж тэр хүүхдэд нь өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26-р хуудас/,
Шүүгдэгч********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би тэр том биетэй хүүхдээс “Нөт-1” маркийн андройд үйлдлийн системтэй цагаан өнгийн утсыг аваад дуу сонсоод сууж байгаад босоод явахдаа утсыг нь аваад явж байтал хойноос нэг нь ирээд авсан. Би нэлээн согтуу байсан учраас сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/
Капитал зууч ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон “...Самсунг маркийн цагаан өнгийн гар утас 1ш, Бор өнгийн гар утас 1 ширхэг зэргийн зах зээлийн үнэ цэнэ 95,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч********ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн: Шүүгдэгч нар нь хохирогчийн гар утсыг авахдаа хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Эрүүгийн шинэ хуулиар хууль бусаар илээр бусдын эд хөрөнгийг авсан бол гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд хүч хэрэглэсэн зүйл байхгүй учраас улсын яллагчийн шүүгдэгч********ид холбогдуулан зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хэрэгт бүлэглэн үйлдсэн үйлдэл харагддаггүй” гэж маргажээ.
Шүүгдэгч нар “ямар нэгэн заналхийлэл үзүүлээгүй, утсаа сайн дураар утсаа өгсөн” гэж мэдүүлж байх боловч насанд хүрээгүй хохирогч******** “...Тэр хүн шууд хажууд суу гэж хэлээд манай найзын гарт зүүлттэй байсан бор оосортой, бугуйн гар утсыг тайлж аваад оронд нь үүнийг ав гээд хар өнгийн “Нокиа” маркийн хуучин утас өгсөн. Бас манай найзын халаасанд байсан “Самсунг нөт-1” утсыг хажууд нь хамт архи ууж байсан цагаан цамцтай, богино үстэй, шулуундуу хамартай ах аваад зугтаачихсан. Бид хоёрыг ална шүү гээд зодохоор айлгаад байсан, олон жил шорон оронгоор явсан, энэ хавийнхан андахгүй гэх зэргээр сүрдүүлж байсан, нөгөө нэг найз нь манай найз ******** нөт-1 утсыг аваад цаашаа зугтааж явсан. Би хойноос нь хөөгөөд манай найзын утсыг өгөөч гэхэд өөдөөс чулуу авч шидээд зайл, пизда минь ална шүү гэсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч******** “...********гэгч нь миний халаасыг дарж үзчихээд утас байна шүү дээ гаргаад ир, дуу сонсоод өгье гэсэн. Болохгүй утас байгаа юмаа гэсэн чинь тэр ах “үхэх гээд байна уу, пизда минь, гаргаад ир гээд байхад чинь гээд сүрдүүлээд” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэх заналхийлэл нь бие махбод, эрүүл мэндэд шууд халдахаас гадна үг хэлээр айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх ба “олон жил шоронгоор явсан, ална шүү” гэж хэлэн биен дээрх шивээс зэргээ үзүүлсэн нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэх ойлголтыг насанд хүрээгүй 15 настай хохирогч нарт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийм ч учраас насанд хүрээгүй хохирогч нар ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр өөрийн эд зүйлсээ шүүгдэгч нарт өгсөн байна.
Гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох ба ******** нь дээрх хэрэгт гүйцэтгэгч,******** хамжигчаар оролцсон байна.
Иймд шүүгдэгч********, ******** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, илээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч нарт нөт 1 гар утас, бугуйн утсыг хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн боловч шүүгдэгч нар хохирогчийн бугуйн гар утсыг өөрсдөө өгөөгүй харин цагдаагийн байгууллагын албн хаагч хураан авч хүлээлгэж өгсөн тул “учрулсан хохирлын нөхөн төлсөн” гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог нь харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, илээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч********, ******** нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбатын Төрмандахад 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, Ч******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,********ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар********ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 134 хоног, ********ын цагдан хоригдсон 54 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч********, ******** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД