Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/862

 

 

 

 

 

 

      2025           07             22                              2025/ДШМ/862

 

Г.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.С,

шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Л.Б, Ч.П,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1341 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ч.П нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Л-д холбогдох эрүүгийн .................... дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хотхоны ...дугаар байрны .....тоотод иргэн С.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун дал хэсэгт нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Л-д 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ээс 2,750,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д олгож, хохирогч С.Э нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Л давж заалдах гомдолдоо: “…Одоо хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулсан. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш гэм буруугаа ойлгож тус хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Тухайн гэмт хэргийн хор уршиг болоод аюул учруулсан шинж чанарыг ойлгож ухамсарлаагүйн улмаас хэрэг хийсэндээ харамсаж байна. Хэрэв та бүхэн миний гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн ялыг минь дээр дурдсан байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Ч.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Г.Л нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн эрх зүйн шинжтэй тайлбар, түүнийхээ үндэслэл болгож судалсан нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн гэм буруу дээрээ маргаж оролцож байгаа гэж үзэж шүүгдэгчийг гэм буруу дээрээ маргаж байна гэж үзсэн нь зохимжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, Г.Л нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруу дээр маргаагүй буюу шүүгдэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн шүүгдэгч өөрийн бага насны 4 хүүхэд болон эхнэрийг тэжээн тэтгэж авч явдаг ба тэрээр урьд эрхэлж байсан ажил мэргэжил, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж улс орноо олон улсад төлөөлж байсан болно. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэж шүүгдэгч Г.Л-д оноосон ялыг багасгаж итгэл хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Лийн өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Л болон түүний өмгөөлөгч Ч.П нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бидний зүгээс хэргийн үйл баримт, гэм буруутай холбоотой маргаж оролцоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад маргаж оролцсон гэх байдлаар хууль зүйн дүгнэлт хийснийг үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал гэх үндэслэлээр хэргийн тодорхой үйл баримтад хууль зүйн дүгнэлт хэлсэн. Гэтэл үүнийг анхан шатны шүүхийн зүгээс хэргийн үйл баримтад маргасан буюу гэм буруутай холбоотой маргасан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу сэтгэцэд учирсан хохиролд 2.750.000 төгрөг төлсөн. Мөн энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд эхнэр болон 3-13 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Мөн ганцаараа ажил эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Залуу гэр бүл учраас ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан. Эхнэрийн хувьд бага насны хүүхдээ гэртээ хардаг байгаа. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгчийн зүгээс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу хуулийн байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа хүүхдийн язгуур эрх ашгийг хангасан шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглээгүй гэх агуулгаар гомдлоо гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн заалт нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн заалт биш. Уг хуулийн заалтаар шүүхэд эрх хэмжээ олгосон. Уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр .......... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хотхоны .... дугаар байрны ..... тоотод иргэн С.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун дал хэсэгт нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Э-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 04 цагийн үед тухайн караоке хаахаар болоод Л бид хоёр гарсан. ...Л-ийн гэрт очоод бид нар авсан пивоо хувааж уугаад байж байтал тухайн 3 эмэгтэйн 2 эмэгтэй нь том өрөөнд унтаад өгсөн. Тэгээд Л, С, бас Л гэдэг эмэгтэй бид нар ширээн дээр пиво уугаад сууж байтал Л гэх залуу тухайн унтаж байсан 2 эмэгтэйн нэгийг нь унтлагын өрөө рүүгээ авч орох гээд байхаар нь би Л гэдэг залууд хандаж болиоч дээ хөгшөөн, санаа зовмоор юм бэ гэсэн чинь Л юм дугаралгүй гал тогооныхоо өрөөнд байгаад байсан. Тэгээд би С-д хандаж явах уу, маргааш өглөө ажилтай гэсэн чинь С тэгье гэж хэлээд нойл руу яваад орсон. Тэгсэн чинь Л гэх залуу гал тогооныхоо шүүгээгээ ухаж байснаа над дээр хүрч ирээд миний баруун дал хэсэгт цохих шиг болохоор нь миний амьсгал боогдоод сонин болоод явчихсан ба миний нуруунаас цус гараад байсан, миний хажууд сууж байсан Л гэдэг эмэгтэй Л гэх залууд хандаж “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гээд орилсон чинь манай найз С нойлоос гарч ирээд Л гэх залуугийн гарт байсан хутгыг аваад надаас холдуулсан чинь Л гэх залуу дахиад С-тай ноцолдоод цааш буюу гал тогоо руу явсан. Тэгээд би цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. ...” /1хх 19-21/,

гэрч Г.Л-ийн “...Л гэдэг залуугийнд авсан пиво хувааж уугаад сууж байтал Н унтлаа гээд том өрөөнд ороод унтаад өгсөн, харин А цаад жижиг өрөө рүү ороод унтсан. Тэгсэн Л гэдэг залуу А-н унтаж байсан жижиг өрөө рүү орсон ба А, Л гэдэг залууг цаашаа бай гээд байх шиг байсан, удалгүй Л гэх залуу А-г өргөөд Н-ийн унтаж байсан газар тавиад Н-ийг өргөөд жижиг өрөө рүү орох гээд байхаар нь Э тэр Л гэх залууд хандаж чи хөгшөөн болиоч, наадах чинь тасарсан байна шүү дээ гэхэд А өндийж ирээд Л гэдэг залууд хандаж чи одоо донтой юм уу, Н-г наанаа тавиач ээ гэхэд Л гэдэг залуу сонин царайлаад гал тогооныхоо өрөө рүү яваад орсон. Тэгээд бид нарыг сууж байтал Л гэдэг залуу гал тогооныхоо өрөөний шүүгээг онгойлгоод байсан, тэгээд ширээнд сууж байсан чинь Л гэх залуу гал тогооныхоо өрөөнөөс ирж байсан ба Э-ийн хажууд ирэх шиг болсон чинь Э намайг хутгалчихлаа гээд орилохоор нь би Э-ийг харсан чинь Э-ийн нуруунаас цус гараад байсан ба хажууд нь Л гэдэг залуу нэг ногоон цэнхэр өнгийн иштэй том хутга барьсан зогсож байсан ба тэр Э-ийн найз С гэх залуу Л гэх залуутай ноцолдоод хутгыг нь булааж аваад жижиг өрөө рүү аваад орсон ба С гэх залуу Л гэх залууг дээрээс нь дарчихсан байсан. ...” /1хх 33, 35-36, 2хх 160-161/,

гэрч Б.С-ын “... би нойл орж бие засчихаад гараад ирсэн чинь /бие засахад 2-3 минут болсон/ Э-ийн нуруунаас нь цус гарсан, андаа наад Л гэх залуу чинь намайг хутгалчихлаа гэсэн ба тэр Л гэх охин Э-ийн хажууд яана аа гээд сандраад орилоод байсан ба тэр Л гэх залуу Э-ийн хажууд нь баруун гартаа ногоон иштэй хутга барьсан зогсож байхаар нь би шууд тэр Л гэх залуугийн баруун гар руу нь гараараа цохиод би Л гэх залуугийн баруун гарт байсан хутгыг нь шалан дээр унагаад тэр Л гэх залууг тэврээд унтлагын өрөө рүү тэвэрч оруулаад орон дээр дараад би тэр Л гэх охиныг цагдаа, түргэн дуудаарай гэсэн чинь за гээд тэр Л гэх охин цагдаа, түргэн дуудсан. ... Ямар ч байсан тэр үед Л гэх залуу дахиад хутга авах гэхээр нь би Л гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. ...” /1хх 40-43, 2хх 192/

шүүгдэгч Г.Л-ийн яллагдагчаар өгсөн “... Тэр үед Э-ийн биед учирсан гэмтлийг би хутгаар хутгалж учруулсан. ... Тэр үед би гал тогооны өрөөнд байдаг хоол хийдэг хутгаар Э-ийн биед гэмтэл учруулсан. ...” /1хх 185-186, 2хх 195/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12203 дугаартай “...С.Э-ийн биед цээжний зүүн хөндийд хатгагдсан шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 59-61/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102 дугаартай “Хохирогч С овогтой Э-н сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Хохирогч С овогтой Э-н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. ...” /2хх 51-53/ тус тус дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 4-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 149-154/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-12, 156-162/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Л-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Л-ийн согтуурсан үедээ хохирогч С.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний баруун дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

шүүгдэгч Г.Л “…надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.П “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Л-д оноосон ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай хамгийн зүй зохистой харьцаагаар уялдсан байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

мөн зүйлийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгч Г.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч С.Э-д 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ч.П нарын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Л-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1341 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Л-д 5 (тав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Л-д 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ч.П нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Г.Л нь хохирогч С.Э-д 2.750.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР