2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/01534

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 26

191/ШШ2026/01534

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У давхар хаягт оршин байрлах, ******* ******* ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын ******* нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-11-06-нд 7101651881 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,930,000 төгрөгийн зээлийг сарын 2.3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1225 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 4,431,030.53 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025-08-27 өдрийн 308/11132025/02058 тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* БАТБОЛД-г эрэн сурвалжлууж өгнө үү. гэжээ.

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2021 оны 11 сарын 06-ны өдрийн цахим зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол, Дорноговь аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 308/Ш32025/02058 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

******* ******* ББСБ ХХК нь Д.*******той 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2021 оны 11 сарын 06-ны өдрийн цахим зээлийн гэрээг тус тус байгуулсан болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Д.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Д.******* нь Дорноговь аймаг, ******* , 4 дүгээр баг, , 2 хэсэг, , 1-1 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Дорноговь аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 308/Ш32025/02058 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогтой ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогтой ******* /РД:*******/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС