2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01437

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 191/ШШ2026/01437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ********** хот, ********** дүүрэг, ********** хороо, **********, ********** байрлах, СИ ХХК /РД:**********/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** овогт Ц.Л /РД:**********/-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.М оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч СИ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Л -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд

Ц овогтой Л нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр СИ ХХК-аac Iphone 14 Pro Max 256GB загварын, 6,499,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,499,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн боловч банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус компани Ц.Л оос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,220,571 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314/32025/03193 дугаар захирамжаар, хариуцагч Ц.Л нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч Ц овогтой Л-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/

2.2 Зээл болон барьцааны гэрээ /хх-6-7/

2.3 Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314/ШЗ2025/03193 дугаар захирамж /хх-8-9/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШЗ2026/02163 дугаар захирамжаар Ц.Л ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч СИ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Л ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. СИ ХХК, Ц.Л нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Ц.Л нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах СИ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

СИ ХХК нь Ц.Л ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ********** овогт Ц.Л /РД:**********/ нь ********** аймаг, ********** сум, ********** баг, ********** хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314/ШЗ2025/03193 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд СИ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Л ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг ********** аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч СИ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч СИ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** овогт Ц.Л /РД:**********/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Л ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч СИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Л ийг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*****-*****/-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ