Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01443

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01443

 

 

 

Ж.Б -н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б н хариуцагч МУИС д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Ж.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б нь 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөнөөс хойш МУИС д ажиллаж эхэлсэн ба эрдэм шинжилгээний ажилтан, багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн декан, захирал, салбар хүрээлэнгийн захирал, хэвлэлийн газрын захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр намайг байгууллагадаа боловсролын талаарх мэдээллээ худлаа өгсөн, хүлээн зөвшөөрөгдөөгүй хуурамч докторын диплом ашигласан гэж үзэн Б/193 дугаартай тушаал гарган ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч байгууллагаас хуурамч диплом ашигласан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнтэй холбоотойгоор эрүүгийн журмаар хэрэг үүсгэсэн тул шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлууд хуулийн дагуу явагдаж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 1407 дугаартай тогтоол гарч, намайг ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй, хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгосон дипломыг хуурамчаар үйлдээгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Миний докторын зэрэг хамгаалсан сургууль нь ОХУ-ын яамны харьяа бус боловч статус ижил өөр байгууллага юм. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.2-т нэрлэн заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, зөрчил гаргасан гэж үзсэн ч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох хуулийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Иймд Ж.Б г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны 509 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 60 134 278 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Их сургуулийн захиралд нэр бүхий иргэнээс Ж.Б н боловсролын талаарх мэдээлэл болон шинжлэх ухааны доктортой холбоотой хуурамч бичиг баримтаар докторын зэргийн нэмэгдэл авч байгаа гэх агуулга бүхий мэдээлэл ирүүлсний дагуу Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/169 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарч гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргасан. Ж.Б нь 2004 оны 11 дүгээр cap буюу докторын зэрэг горилох хамгаалалтын үед Монгол Улсын Их сургуулийн МХСС-ийн профессорын ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан байх ба ОХУ-д шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтын ажилд зориулан тэрээр урт болон богино хугацааны томилолтоор явсан зэрэг баримт байхгүй боловч ОХУ-ын Москва хотод 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр ОН№00061 дугаартай шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан гэх үнэмлэхтэй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хууль бусаар докторын зэрэг хамгаалсан гэж үзэх үндэслэл болсон юм. Уг нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг Орост байрлах Орос, Бельгийн хамтарсан сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр нэг хувийг номын санд өгдөг тул Ж.Б н нэр дээр онлайн хайлт хийхэд түүний нэр дээр хайлт илрээгүй бөгөөд харин бусад багш нарын хайлт илэрч бүтээл нь гарч ирж байсан. Харин Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлсэн байдаг.

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Ж.Б н хувийн хэрэгт бүрдүүлсэн бичиг баримт, сургуулийн архиваас авсан санхүүгийн болон бусад холбогдох баримт, тушаалууд, Оросын Холбооны Улсын Боловсролын Яамны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13-1396 дугаар албан тоотод үндэслэн ...хуурамч бичиг баримт ашиглаж байгууллагад 4 359 820.12 төгрөгийн бодит хохирол учруулсан, мөн Б/363 тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.2-т заасан ...Багш Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ...Байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 дугаартай тушаал гарч Ж.Б г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй юм.

Захирлын Б/193 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1 гэж заасныг тус тус удирдлага болгон хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5.1, 5.5.2(1)-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэн Ж.Б г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаад дипломыг хуурамчаар үйлдээгүй, харин тухайн диплом Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх асуудлыг цагдаа тогтоохгүй гэсэн хариу өгсөн байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Б г МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорт МУИС-аас 57 160 298 төгрөг гаргуулан Ж.Б д олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Б н ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-ийн удирдлагад үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 443 751 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бигчийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

МУИС болон Ж.Б нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/363 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т байгууллагын өмнө ажилтаны хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн.

Монгол Улсын Их сургуулийн Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар ...Багш нь эрдэм мэдлэг, үнэнийг эрхэмлэж, эдгээрийг бусад эрх ашиг, сонирхлоос ямагт дээгүүр тавих, үнэнч, шударга зарчимч, хариуцлагатай, эрдмийн чин шударга байдлыг эрхэмлэн бүтээлчээр хамтран ажиллах үүрэгтэй... , мөн Багшид мэргэжил, мэргэшлийн мэдлэг чадвартай холбоотой материалаа нуун дарагдуулах, худал мэдүүлэг хийхийг хориглосон байна... гэж тус тус журамлан заасан байхад шүүх шийдвэр гаргахдаа эдгээр журмуудыг харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

МУИС-ийн захирлын нэр дээр 2018 оны 3 дугаар сарын 15-ний өдөр №13-1396 дугаартай Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлаар ажлын хэсэг 2 удаа хуралдаж дүгнэлт гаргаснаар хуурамч бичиг баримтаар докторын зэргийн нэмэгдэл авч байсан нь тогтоогдсон.

ОХУ-д Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах шинжлэх ухааны эрх бүхий байгууллагаас зохих дүрэм, журмын дагуу докторын зэрэг хамгаалсан тохиолдолд хамгаалалтыг хүчин төгөлдөрт тооцож, диплом олгож баталгаажуулахад докторын зэрэг горилогчийн хувьд ихээхэн цаг хугацаа шаардагдахаар байсан. Гэтэл Ж.Б нь 2004 оны 11 дүгээр сар буюу докторын зэрэг горилох хамгаалалтын үед МУИС-ийн МХСС-ийн профессорын ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан байх ба ОХУ-д шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтын ажилд зориулан тэрээр урт болон богино хугацааны томилолтоор явсан зэрэг баримт байхгүй боловч докторын зэргийг хамгаалсан гэх үнэмлэхтэй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хууль бусаар докторын зэрэг хамгаалсан гэж үзэх үндэслэл энэ болсон энэ нь ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Уг нөхцөл байдлыг тодруулахаар тухайн сургуулийн номын санд хайлт хийхэд Ж.Б н нэр дээр хайлт илрээгүй бөгөөд харин бусад багш нарын хайлт илэрч бүтээл нь гарч ирж байсан. Харин Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлсэн байхад энэ талаар шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй.

Мөн шүүхээс дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэхээр байна. Тухайн үед ОХУ-д хүлээн зөвшөөрөгддөггүй дипломоор докторын зэргийн нэмэгдэл авч байсан эсэх талаар байгууллага мэдэх боломжгүй байсан тул 13 жил 5 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэх дүгнэлт үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. ОХУ-ын боловсролын яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу зөрчлийг илрүүлсэн нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Мөн Ж.Б нь ОХУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхгүй докторын зэрэгтэй байгаа нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны баримт бичиг болохгүй тул докторын зэргийн нэмэгдлийг авах эрхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч МУИС д /цаашид МУИС гэх/ холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд хооронд 1986 оноос хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнд хэн аль нь маргаангүй.

МУИСургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 дугаар тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.2, 5.3.1, 5.3.2, 9.2/3/, Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 5.1, 5.5.1, 5.5.2/1/, 5.6 заалтуудыг баримтлан Ж.Б г ..ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Шинжлэх ухааны докторын зэргийн боловсролын дипломыг ашиглаж... ...байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон... гэх үндэслэлээр МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч, тэрээр шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг зөрчөөгүй байна.

Зохигчид хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Талууд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох буюу гэрээ цуцлах нөхцлүүдийг тусгаж өгсөн байх ба гэрээний 5.5.2 /1/-д байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцохоор заасан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгасан, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхыг шаарддаг.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.2/1/-д байгууллагын дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, зааврын ямар заалтыг зөрчих нь ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан тодорхой заагаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

Ажилтныг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд уг зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Энэ тохиолдолд хариуцагч тал нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох үүрэгтэй.

Хариуцагч тал Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр Ж.Б д олгосон диплом нь улсын чанартай баримт бичигт хамаарахгүй, сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр 1 хувийг номын санд өгдөг боловч түүний нэр дээр хайлт илрээгүй, Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж ирүүлсэн гэж тайлбарлан, Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас ирүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13-1396 дугаартай албан бичиг, МУИСургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, дүгнэлт, Ж.Б тэй уулзсан уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /хх-82-103, 156-160/

Хариуцагч байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь дүгнэлт гаргахдаа ОХУ-аас ирүүлсэн 13-1396 дугаартай албан бичгийг үндэслэлээ болгосон байх ба уг бичигт Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр Ж.Б д хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгож, ДН00061 дугаартай дипломыг гардуулсан бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаа нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах хорооны үйл ажиллагаатай хамааралгүй ба олгосон диплом нь улсын чанартай баримт бичигт хамаарахгүй. Ж.Б н нэр дээр мэргэжлийн аттестацийн хорооноос олгогдсон докторын диплом нь ...шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудыг аттестатчилах улсын системээр тодорхойлогдсон эрдмийн зэрэг олгох баримт бичиг биш гэж бичигдсэнээс Ж.Б хуурамчаар диплом үйлдсэн, хууль бусаар диплом авсан гэх агуулга тусгагдаагүй байна. /хх-156-160/ Мөн нэхэмжлэгчийн шинжлэх ухааны докторын диплом нь хуурамч биш болохыг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тогтоожээ. /хх-17-18/ Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийг, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан үйлдэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний 3.1.3-д заасныг талуудын гэрээгээр тодорхойлсон ноцтой зөрчилд хамааруулах үндэслэлгүй, хариуцагч байгууллагын даргын 2018 оны Б/193 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцээгүй гэж зөв дүгнэжээ.

МУИСургууль нь мэргэжлийн байгууллагын хувьд ажилтны гадаад улс оронд докторын зэрэг олгосон дипломыг тухайн улс оронд хүчин төгөлдөр тооцогддог эсэх, манай улсад уг дипломыг юу гэж тооцох талаар судалж, дотоод журмандаа тусгах эрх нь нээлттэй тул хожим ажилтан Ж.Б г боловсролын тухай мэдээллээ худал мэдүүлсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчид докторын зэрэг дэвийн нэмэгдэл олгох эсэх хариуцагчийн эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэгч Ж.Б г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б г МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоон, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 513 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД