| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2503000610241 |
| Дугаар | 2025/ДШМ/872 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/872
2025 07 23 2025/ДШМ/872
Б.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.И,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Ж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Ж-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-т холбогдох эрүүгийн ....... дүгээр хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 50 минутын үед ............ дүүргийн ..... дугаар хороо, ....... худалдааны төвийн урд замд ……. загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож, шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-д гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрт нийт 44.797.630 төгрөгийг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд 49.920 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган тус тус үлдээж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Б.Г нь болгоомжгүй гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн. Б.Г нь гэм буруу дээрээ хэрэг гарсан цаг хугацаанаас маргаагүй, хохирогчийн нэхэмжилсэн 44.797.630 төгрөгийн хохирлыг сайн дураараа төлсөн. Шүүх хурлын дараа ч миний үйлчлүүлэгч хохирогч талтай уулзаж 6.000.000 төгрөг сайн дураараа төлсөн байна. Ял шийтгэлээ анхан шатны шүүхээс авсан ч гэсэн миний үйлүүлэгч Б.Г нь өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогч талаас уучлал гуйж, өөрт байгаа боломжийн хэрээр санхүүгийн талаас тусалж байна. Б.Г нь эрүүл мэндийн хувьд сахрын өвчтэй, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор ялыг оногдуулж болох боловч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн ялыг оногдууллаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч Хан-Уул дүүрэгт ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байдлыг шүүх анхаарч үзсэн боловч ... Г Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороонд байдаг гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн ..... төсөлд ажил гүйцэтгэдэг учир маршрутын хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх нөхцөл байдалд байна. ... Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан ялыг эдлэхэд миний үйлчлүүлэгчийн хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг, нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих боломжтой нөхцөл байдалд оруулж, улмаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох бүрэн боломжтой болоод байна. Б.Г-ын ял зэмийг хөнгөрүүлснээр нийгэмд учруулсан хор уршгийг багасгах, өөрийн хөдөлмөрөөр цаашид гарах хор уршгийг нөхөн төлөх, хохирогч нарт туслалцаа үзүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх, шийтгэх тогтоол биелэгдэх бүрэн боломжтой нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулахад анхаарч өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Г-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгах эсхүл тэнсэж хянан харгалзаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороонд оршин суудаг. Миний ажил Хан-Уул дүүрэгт байдаг. Би ажил руугаа явахын тулд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч явах шаардлага гардаг. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдлыг харалзах ёстой. Явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон. Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Баянгол дүүргээс Хан-Уул дүүрэг рүү явах боломжтой. Өөр дүүргийн нутаг дэвсгэрээр явах шаардлага байхгүй. Дүүргийн нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоож хязгаарлах нь ялын үндсэн зорилгод нийцэхгүй байна. Хоёр дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих боломжтой байна. Гадаад улсад уг ялыг хэрэгжүүлэхдээ тодорхой зорчих газруудыг нь заагаад, тэр замаар явах ёстой гээд маршрут тогтоодог. Зөвхөн тогтоосон маршрутын дагуу л явах ёстой гэдэг. Энэ тохиолдолд л ялын зорилго хангагдана. Гэтэл дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож байгаа нь ялын зорилгод нийцэхгүй байна. Зайлшгүй өөр газарт зорчих шаардлага үүсэх юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж зорчих маршрутаа тогтоолгох боломжтой. Заавал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж бүсчлэлийг өөрчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 50 минутын үед ........ дүүргийн .....дугаар хороо, ....... худалдааны төвийн урд замд ……. загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-ийн “... 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг болох гэж байхад манай төрсөн эмэгтэй дүү А утсаар залгаад “Ээж зам тээврийн ослоор өнгөрчихсөн байна, замын цагдаагаас ярьж байна” гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад Замын цагдаагийн газар руу явж байхад манай хүүхэд “.... сайтад ослын талаар тавигдсан талаар хэлээд би зургийг нь харсан. Зурган дээр цагаан уут шиг зүйлээр бүтээчихсэн байдалтай харагдаж байсан. ...” /хх 33/,
Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед явган зорчигч зам хөндлөн гарч байгааг хараагүй. Тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарцыг би ерөөсөө анхаарч хараагүй. ... Тэгээд явган хүний гарц байна ч гэж би ерөөсөө анзаараагүй. Болсон үйл явдалд маш их харамсаж байгаа. ...” /хх 137/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 336 дугаартай “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доторх цус харвалт, хуйхны цус хуралт, хүзүүний 1, 2-р нугалмын хагас мултрал, булчин зөөлөн эдийн цус хуралт, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, дагзны хуйх, духанд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацарт зулгарал, дух, зүүн хөмсөг, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” шинжээчийн дүгнэлт /хх 99-102/,
2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 0000225 дугаартай “...маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. ...” мөрдөгчийн магадлагаа /хх 127/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Г-ын ...... загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Б-г мөргөж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Ж “...Б.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчийн нэхэмжилсэн 44.797.630 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн шүүх хурлын дараа 6.000.000 төгрөгийг төлсөн. Мөн Б.Г нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг боловч ажилдаа явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх нөхцөл байдалд байна. Миний үйлчлүүлэгч Б.Г-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгах эсхүл тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэл юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Г-т уг ялыг оногдуулахдаа Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар ялын бүсчлэлийг өргөн хүрээгээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шүүгдэгчийн оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоов.
Харин шүүгдэгч Б.Г-ын эрхэлж буй ажлын газрын байршлыг харгалзан гэрээсээ эрхэлсэн ажилдаа очих, буцахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү зорчих үүрэг хүлээлгэв.
Шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.000.000 төгрөг /хх 228/-ийг төлсөн болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1336 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, гэрээсээ эрхэлсэн ажилдаа очих, буцахдаа буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү зорчихдоо тогтоосон чиглэлээр явах үүрэг хүлээлгэж, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР