Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2025/01076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К.Гын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар оролцов.

Нэхэмжлэгч К.Г хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь .... онд төрсөн, .... настай. Анх 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс .... аймгийн .....сумын Сангийн аж ахуйн 1 дүгээр үтрэмд слесариар ажиллаж байгаад тракторчны курсэд суралцаж тракторчноор ажилласан. Улмаар 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сард халагдаж ирээд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ...... сумын Сангийн аж ахуйн Хонхорын бригадад дахин тракторчноор томилогдон ажилласан. Тус Сангийн аж ахуй 1992 оны 6 дугаар сард хувьчлагдаж Ж ХК болон өөрчлөгдсөн бөгөөд миний бие Ж ХК-д үргэлжлүүлэн 1999 оныг дуустал ажилласан. Одоо миний бие хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах баримт бичгээ бүрдүүлэхэд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал, цалингийн тодорхойлолт зэрэг баримт олдохгүй байна. Иймд миний 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ....аймгийн ..... сумын Сангийн аж ахуйд слесариар, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг хүртэл ...аймгийн .... сумын Сангийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал, 2000 оноос 2014 оныг дуустал Ж ХК-д тракторчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,  аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149 дүгээр зөвлөмжийн хуудас, ... аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 286 дугаар “Ажилд түр авах тухай” тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар “Комбайн тракторын курс төгсөгчдийг цогцолборуудад хуваарилах тухай” тушаал, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 369 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, шагналын баримтууд, тракторч, машинчийн үнэмлэхийн хуулбар, О.Б, М.Энарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс М.Э-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, К.Гын ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч К.Гын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл .... аймгийн .... сумын Сангийн аж ахуйд слесариар, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг хүртэл ... аймгийн .... сумын Сангийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал, 2000 оноос 2014 оныг дуустал Ж ХК-д тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч К.Г-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ....аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 149 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан архивын тушаал байхгүй тул 1984-1994 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

3.2. ... аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар тодорхойлолтод: ... аймгийн .... сумын Сангийн аж ахуйн 1990-1992 оны цалин, 1992 оны тушаал, У ХК болон Ж ХК-ийн тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул К.Гтой холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа 1990-1991 оны тушаалын баримтаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй болно гэжээ.

3.3. .. аймгийн .... сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 286 дугаар “Ажилд түр авах тухай” тушаалаар К.Гыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр үтрэмд ээлжийн слесариар томилсон, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар К.Гыг 3 дугаар сарын 01-ний өдрөөс тракторчноор томилсон байна. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1992 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Харин ... аймгийн .... сумын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар “Комбайн тракторын курс төгсөгчдийг цогцолборуудад хуваарилах тухай” тушаал, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 369 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт нь нэхэмжлэгчийн 1984-1985, 1990-1994, 2000-2014 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

3.4. .... аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 443 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд: К.Гын 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 12 дугаар сарыг дуустал ... аймгийн .... сумын Ж ХК-д ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.

3.5. К.Гын ХААТР-1 маягтад ажиллаж байсан байдлын талаарх мэдээлэл тусгагдаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн хаягийн хуудсанд үтрэмд ажилтай гэж тусгагдсан байх боловч ямар ажил эрхэлж байсан талаар тусгагдаагүй байх тул эдгээр баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. Харин нэхэмжлэгчийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртэхэд “Сангийн аж ахуйн Хар хад бригадад тракторчин” гэж бүртгэгдсэн байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

3.6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн талархал, тракторч-машинчйн үнэмлэхийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв. 

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Б, М.Энарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь О.Бийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч М.Э“Би 1988 онд ...аймгийн .... сумын Сангийн аж ахуйн .... бригадад тракторчноор ажилд орж байсан. 1992 онд тус Сангийн аж ахуй нь Ж ХК нэртэй болоход 2014 он хүртэл ажилласан. К.Г нь Увс аймгийн ... сумын Сангийн аж ахуйн .... бригадад ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдан явсан ба 1989 онд цэргээс халагдаж ирээд буцаад тус Сангийн аж ахуйд тракторчноор ажилласан. 1992 онд тус Сангийн аж ахуй нь Ж ХК нэртэй болоход К.Г 2014 он хүртэл ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Иймд нэхэмжлэгч К.Гын 1995 оноос хойш ажиллаж байсан байдлыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 443 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тусгагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар буюу 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан гэж үзэж, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч К.Г 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Увс аймгийн .... сумын Сангийн аж ахуйд слесариар, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оныг дуустал Увс аймгийн ...сумын Сангийн аж ахуй болон Ж ХК-д тракторчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн .... сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 286 дугаар “Ажилд түр авах тухай” тушаал, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, ХААТР-1 маягт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 443 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэснийг бүртгэх анкет зэргээр тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш овогт К.Гын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ... аймгийн ... сумын Сангийн аж ахуйд слесариар, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оныг дуустал ... аймгийн ....сумын Сангийн аж ахуй болон Ж ХК-д тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч К.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт К.Гын 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл  аймгийн ... сумын Сангийн аж ахуйд слесариар, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оныг дуустал ... аймгийн ... сумын Сангийн аж ахуй болон Ж ХК-д тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч К.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ