| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00604/и |
| Дугаар | 318/ШШ2025/01072 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/01072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:ЭХХК-ийн,
Хариуцагч: ... аймгийн ..... сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,815,784.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Ч.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Н,
Гэрч О.Э, С.С, Ч. С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч ... аймгийн ..... сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,815,784.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, 751.1.1-д бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан тул тус иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э ХХК нь ... аймгийн .... сумын байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангах ажлыг 2016 оноос хойш эрхлэн явуулж байгаа бөгөөд 2023 онд тус сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийг дулааны эрчим хүчээр хангах тухай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн байгуулсан. Тус гэрээгээр хангагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд хэрэглэгчийн 2,685.07 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон дулааны төлбөрийг тухайн сар бүрийн эцэст гэрээгээр тогтоосон үнэ, тариф (1 м.куб тутамд НӨАТ-тай 1,496 төгрөг)-ын дагуу тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Гэрээний хэрэгжилтийн явцад ....аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХ33/-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №07 тогтоолоор .... сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023 оны 9 дүгээр 15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф 1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөгөөр дагаж мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан. (Тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн болно.) Энэхүү дулааны үнэ тарифын асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 27.5 болон 28.5-т заасны дагуу зохицуулагддаг бөгөөд энэ талаар талууд "Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг мөрдлөг болгон ажиллахыг" мөн гэрээний 4.1-д тодорхой тусгасан байдаг. Ингэснээр хэрэглэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн буюу 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөрийг төлөхдөө дээр дурдсан шинэчлэн батлагдсан 1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөгийн үнэ тарифыг мөрдөж холбогдох төлбөр тооцоог хийх ёстой байсан боловч дээрх хуулийн болон гэрээний заалтад заасны дагуу шинэчилсэн үнэ тарифыг мөрдөж төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүйгээс гадна нийт 7,877,189.86 төгрөгийн дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид төлж барагдуулаагүй хэвээр байна. Үүнд: үндсэн төлбөр 7,877,189.86 төгрөг, алданги 3,938,594.93 төгрөг, нийт 11,815,784.79 төгрөг нэхэмжилж байна. Түүнчлэн гэрээний 4.5-д Эрчим хүчний тухай хуулийн 32, 33, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу дулааны хэрэглэгч байгууллага нь дулааны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол алданги төлөх зохицуулалттай, талууд гэрээгээр тохиролцсон байдаг. Уг заалтын дагуу 2023 оны тухайн цаг үеэс эхлээд алдангийг тооцож үзэхэд хугацаа хэтэрсэн 2 жил гаруй хугацаанд алдангийн нийт үнийн дүнгийн хэмжээ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс давсан бөгөөд Иргэний хуулийн 232.4-д заасныг баримтлаад манай талаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги нэхэмжилж байна. Иймд дулааны төлбөрийн үлдэгдэл 7,877,189.86 төгрөг, алданги 3,938,594.93 төгрөг, нийт 11,815,784.79 төгрөгийг хэрэглэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа “Манай байгууллага нь дулааны эрчим хүчээр хангахаар 01 тоот гэрээг ЭХХК-тай 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч ... аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тарифийг шинэчлэн баталж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөхөөр заасан байна. Энэ шинэчлэн тогтоосон үнэ тарифаар гэрээг шинэчлэн байгуулаагүй, манай байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй тул хуучин гэрээний дагуу дулааны төлбөрийг төлсөн. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 заалт Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна. Иймд манай байгууллага 2023 онд байгуулсан гэрээний дагуу үнийн дүнгээр төлбөрийг тогтмол төлсөн болно. Байгууллагын санхүүжилт муу байгаа тул нэмэгдсэн үнийн дүнгээр төлөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Э ХХК-ийн ..... сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалтыг 1м3 тутамд 1500 /НӨАТ-гүй/ төгрөг, төсөвт байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2122 /НӨАТ-гүй/ төгрөг, айл өрхийн халаалтыг 1м3 тутамд 1000 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг Э ХХК-ийн захирал /Т.Б/-д даалгасан байна.
5.2.ЭХХК нь ... аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвтэй 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 03 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд тус компанийн захирал болон .. аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 03 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнээс үзвэл 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн халаалтын улирлын эхлэх хүртэл хугацаанд .... аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн байрыг 1 м2 дулааны үнийг 1496 /НӨАТ орсон/ төгрөгийн дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.
7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ “манай байгууллагад шинэчилсэн тарифын талаар албан ёсоор мэдэгдээгүй, гэрээ байгуулаагүй тул төлөх боломжгүй” гэж маргасан.
Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж заасан байх тул хариуцагчийн “манай байгууллагад шинэчилсэн тарифын талаар албан ёсоор мэдэгдээгүй” гэх тайлбарт нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй байна.
Талууд хоорондоо байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээндээ Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифыг нь баримталж дулааны үнийг тогтоохоор тохиролцсон болох нь гэрээний 4.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1 м2 дулааны үнийг 1496 төгрөг, энэ үнэд НӨАТ орсон болно” гэж зааснаар тогтоогдож байх тул хариуцагчийн “шинэчилсэн тарифаар гэрээ байгуулаагүй тул дулааны төлбөрийг төлөх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч талаас “Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 заалт Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна” гэж тайлбарладаг боловч хариуцагч нь ...аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолтой маргаж, холбогдох байгууллагад гомдол гаргаагүй байх тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй.
8. Зохигчдын хооронд шинэчилсэн тарифтай холбоотой бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвийн 2685,07 м3 талбайг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал дулааны эрчим хүчээр хангасан, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолтой хариуцагч маргаагүй байх тул хариуцагч ..с аймгийн ...сумын Эрүүл мэндийн төв нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 7,877,189.86 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлөх үүрэгтэй байна.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, мөн хуулийн 31.4-т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ... аймгийн ....й сумын Эрүүл мэндийн төвтэй шинэчилсэн тарифтай холбоотой дулааны эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул хариуцагч байгуулагаас алданги 3,938,594.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
10. Гэрч О.Э “Миний бие 2023 онд Э ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2023 оны 7 дугаар сард манай байгууллагад аймгийн Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс үнэ тариф шинэчлэн баталсныг албан тоот, хавсралтын хамт ирүүлсэн. Тухайн тогтоолыг Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс аймгийн Төрийн сан руу явуулчихсан, Төрийн сан нь төсөвт байгууллагууд руугаа мэдээлдэг. Бид мэдэгдэх шаардлагагүй. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нартай утсаар холбогдоход хуучин тарифаараа нэхэмжлээд авч байгаач, оны сүүлд шийдэгдэх байх гэсэн хариултыг төрийн сангаас өгсөн гэж хэлэхээр нь хуучин тарифаар нь шивж байсан. Ер нь бүх төсөвт байгууллагуудтай өглөг, авлагын асуудал зөндөө үүсдэг. Дараа нь шилжүүлээд өгье гэх зэргээр харилцан итгэлцлээр ажил явагддаг байсан. Зөвхөн манай компани ганцаараа ийм асуудалд ороогүй. Сумуудыг дулаанаар хангадаг 16 байгууллага бүгд л ийм асуудалтай байсан. Эдгээр байгууллагууд нийлээд аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд шинэ үнэ тариф мөрдөгдөхгүй байгаа, үүнийг мөрдүүлж өгнө үү, хүчингүй болсон актыг үндэслээд нэхэмжлэх үүсгээд явах нь хууль бус байна гэдэг хүсэлтүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлэн ажиллаж байсан” гэж, гэрч С.С “Миний бие 2023 онд Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан.Э ХХК-ийн нягтлан бодогч О.Э 2023 онд надтай утсаар холбогдож шинэчилсэн үнэ тарифын талаар хэлж байгаагүй. Шинэчилсэн үнэ тарифыг 2024 онд мэдсэн. Бид 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны тооцоо нийлсэн байгаа. Тооцоо нийлэхэд хагас жилийн байдлаар 3,295,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэр үед үнэ тариф нэмэгдсэн талаар хэлээгүй.ЭХХК нь төлбөрийн хүсэлт явуулахдаа хуучин тарифаар бодож явуулж байсан. Шинэчилсэн үнэ тарифыг 2024 оноос эхэлж тооцсон” гэж, Ч.С “Би 2023 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар ажиллаж байсан. 12 дугаар сарын төлбөр хийсний дарааЭХХК-тай тооцоо нийлсэн. Бүх байгууллагуудын 1 дүгээр сараас хойших бүх төлөлтүүдийг аваад 12 сард ямар байгууллага нь хэдэн төгрөгийн өр төлбөртэй байна гэдгийг л мэдэх зорилготой очсон. Тухайн үед О.Э гэх нягтлан бодогч тооцоог хараад бүх байгууллага дээр тооцооны хуудсыг надад гаргаж өгсөн байдаг. Тэр хуудсыг сүүлд анзаарахад даргынх нь гарын үсэгтэй хуудас байсан. 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогч 3,285,900 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн. Тэгээд 12 сард тооцоо нийлэхэд танайх 12 дугаар сарын төлбөр хийгдэх юм байна. Эрүүл мэндийн төв 4,016,000 төгрөг төлчихвөл ямар нэгэн өр авлагагүй юм байна гээд 12 дугаар сарын төлбөр хийсний дараа би тооцоо нийлсэн учраас тооцоогүй юм байна гээд бүх байгууллага дээр тооцоо нийлсэн акт өгсөн. Дулааны тарифт өөрчлөлт орсон талаар манай байгууллагад албан тоот ирээгүй боловч өөрчлөлт орсон гэдгийг 2023 оны 10. 11 дүгээр сард мэдсэн. Мэдсэн ч манайд төлөх эх үүсвэр байхгүй” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
11. Мөн хариуцагчаас 16 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч нь “хуучин үнэ тарифаар нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа” гэж тайлбарласнаас гадна тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
12. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс дулааны эрчим хүчний төлбөр 7,877,189.86 төгрөг, алданги 3,938,594.93 төгрөг, нийт 11,815,784.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,003 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ... аймгийн ....сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 204,003 төгрөг гаргуулж нэхэмжлэгчЭХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвөөс дулааны эрчим хүчний төлбөр 7,877,189.86 төгрөг, алданги 3,938,594.93 төгрөг, нийт 11,815,784.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... аймгийн ...сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 204,003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ