2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01450

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 191/ШШ2026/01450

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: *********** хот, *********** дүүрэг, *********** хороо, ***********, ***********, *********** давхар, *********** тоотод байрлах, АК ББСБ ХХК /РД:***********/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** овогт С.М /РД:***********/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.М оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч АК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд

Зээлдэгч С.М нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7101897535 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 7101282496 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1289 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 26,557,390.21 төгрөгийг гаргуулахаар харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/Ш32025/44869 дугаар захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М-г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/

2.2 АК ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт /хх-7/

2.3 Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-8-9/, Цахим зээлийн гэрээ /хх-10-11/

2.4 Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-12-15/, Төлбөрийн баримт /хх-16/

2.5 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/44869 дүгээр захирамж /хх-17/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/55733 дугаар захирамжаар С.М ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч АК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

АК ББСБ ХХК, С.М нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Цахим зээлийн гэрээ тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба С.М нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах АК ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

АК ББСБ ХХК нь С.М ын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** овогт С.М /РД:***********/ нь *********** дүүрэг, *********** хороо, ***********, *********** байр, *********** тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/44869 дүгээр захирамж, шуудангийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд АК ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг *********** дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч АК ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч АК ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** овогт С.М /РД:***********/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг *********** дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч АК ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М ыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /****-*******/-д мэдэгдэхийг *********** дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ