Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/882

 

 

 

 

 

         2025         07             24                                             2025/ДШМ/882

 

             О.Г-т холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Н,

шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор О.Г-т холбогдох эрүүгийн .......... дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 00 минутын орчим ...... дүүргийн .... дугаар хороо, .........-ын арын замын явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-аас нийт 18.070.975 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч О.Т-д 16.525.535 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.545.440 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч О.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г-ын хаяг өөрчлөгдсөн. ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжний ... тоотод байршилтай гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 1 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч О.Г-т шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэж байна.Түүний гэмт хэргийг санамсар болгоомжгүйгээр үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогч О.Т-ыг эмнэлэгт хүргэн, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн. Эмчилгээнд хэрэглэх төлбөрийг дор бүр нь төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзээгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.623.500 төгрөгийг төлсөн. Хохирогч О.Т-ын Хаан банкны ....... тоот дансанд 950.500 төгрөгийг О.Г-ын эхнэрийн Хаан банкны ....... тоот данснаас /хх 87-91/, О.Г-ын Хаан банкны .......... тоот данснаас 3.375.000 төгрөгийг тус тус шилжүүлж, 250.000 төгрөгөөр тэргэнцэр, 48.000 төгрөгөөр эм тариа авч өгчээ /баримтуудыг хэрэгт хавсаргасан болно/. Шүүхийн тогтоолд 3.875.000 төгрөгийг төлсөн гэж дутуу дүгнэсэн. Хохирогч О.Т-ын нэхэмжилсэн 6.127.035 төгрөгийн и-баримтийн нэхэмжлэлээс эм тарианы үнэ болох 1.165.195 төгрөгийг төлж, үлдсэн 4.961.840 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс О.Т-ын нэхэмжилсэн дээрх хэнийх нь мэдэгдэхгүй, зарим нь гаргагдахгүй и-баримтаар 6.127.035 төгрөгийг шүүгдэгч О.Г-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэв дээрх и-баримтуудыг нотлох баримтаар үнэлэх бол О.Т-ын нэрээр татварын албанд бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд тийм баримт хэргийн материалд байхгүй байна. Дээрх баримтуудаас зарим хэсгийг нь тодруулж үзэхэд, тухайн өвчтөний хэрэглэсэн зүйлийн баримт гэхэд эргэлзээтэй байна. ...Шүүхийн тогтоолд хохирогч О.Т-ын сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хэрэг 2024 оны 12 дугаар сард шүүхэд шилжсэнээс хойш шүүгч өөр олон холбогдогч үйлдэлтэй хэрэг /ногоон автобусны хэрэг/ шийдвэрлэх болсонтой холбогдон шийдвэрлэгдэхгүй удсанаас болж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэн шүүгдэгч 2.376.000 төгрөг илүү төлөхөөр болж эрх зүйн байдал дордсон. Шүүгдэгчийн өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалаагүй тул сэтгэцийн хохирлыг хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хуучин тарифаар тооцож хохиролгүй болгож өгнө үү. Шүүхээс О.Г-т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор заасан боловч О.Г-ын хаяг нь өөрчлөгдөн 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүрэгт шилжин амьдрах болсон тул уг ялыг Баянзүрх дүүрэгт эдлүүлэхээр тогтоолын заалтыг өөрчлүүлэхээр тус тус гомдол гаргасан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025 /ШЦТ/1218 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд хэргийн нөхцөл байдалд тохирсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах үед шүүгдэгч О.Г нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан. Шүүх баримтыг үндэслэж зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоосон. Сүүлд хаяг нь өөрчлөгдөж Баянзүрх дүүрэгт шилжсэн гэж давж заалдах гомдолд дурдсан. Энэ талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өглөөний 08 цаг 00 минутын орчим ..... дүүргийн .... дугаар хороо, ..... арын замд .... загварын ..... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Т-ын “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өглөө .... сургууль руу 7 настай зээ хүүгээ хүргэж өгчихөөд ..... автобусны буудлын хойд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гараад явж байтал баруун талаас машин хурдаа хасаад ирж байгаа харагдахаар нь тухайн машиныг зогсох юм байна гэж бодоод явж байтал миний баруун талаас мөргөөд, би хойшоо газар савж унасан. Тэгээд жолооч бууж ирээд намайг машиндаа суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. ...” /хх 13/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Т нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас О.Т нь 1.545.440 төгрөг гарсныг яллагдагч О.Г-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ................. дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 17/,

шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн “...өөрийн эзэмшлийн ..... загварын ..... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ..... замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр түгжрээд явж байгаад цонх цантаад байхаар нь баруун талын хаалганы хавтаснаас алчуур авах гээд тонгойх агшинд миний зүүн талаас нэг настай эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгэхэд тэр хөгшин миний машины урд хэсэгт гараараа тулаад тэгээд хойшоогоо унасан. ...” /хх 73/ тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13677 дугаартай “...О.Т-ын биед зүүн шаант, гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1767 дугаартай “...Жолооч О.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” мөрдөгчийн магадалгаа /хх 62/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 6-9/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч О.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг хөнгөрүүлж өгнө үү, ... гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.623.500 төгрөгийг төлсөн байхад шийтгэх тогтоолд 3.875.000 төгрөг гэж дутуу дүгнэсэн, хохирогч О.Т-ын нэхэмжилсэн 6.127.035 төгрөгийн баримтын нэхэмжлэлээс 1.165.195 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4.961.840 төгрөгийг төлөх үндэслэлгүй, ... хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өгнө үү, ... шүүгдэгчийн хаяг өөрчлөгдсөн тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүрэгт эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх О.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэсэн ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч О.Г-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Харин хавтас хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 74/ зэрэг баримтуудаар шүүгдэгч О.Г-ын оршин суух хаягийн бүртгэл нь Чингэлтэй дүүрэг байх боловч О.Г нь одоо Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, хоршоолол ..... гудамжны ..... тоотод түр оршин сууж байгаа талаарх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр гарган өгч байгааг хүлээн авч, зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нутаг дэвсгэрийн харъяаллыг Баянзүрх дүүрэг болгон өөрчлөв.

Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу шүүгдэгч О.Г-аас 14.256.000 /792.000*18/ төгрөгийг гаргуулж, сэтгэцэд учирсан хохиролд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-т “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.1.5-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч ... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж, мөн журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч бус шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор байх бөгөөд мөрдөгч зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулах/тусгай маягт/-аар байна. 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан бөгөөд хохирогч О.Т-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг танилцуулсан /хх 14/ баримтыг үндэслэн шүүгдэгчээс 14.256.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хуульд нийцэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтын хохирогч О.Т-ын сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч О.Т нь 6.127.035 төгрөгийг баримт /хх 135-149/-аар нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч О.Г-аас 4.126.900 төгрөг /хх 84-91/-ийг хохирогчид төлсөн байхад анхан шатны шүүхээс 3.857.500 төгрөгийг төлсөн гэж буруу дүгнэснийг зөвтгөж, хохирогчийн нэхэмжилсэн дүнгээс төлсөн мөнгийг хасаж, зөрүү 2.000.135 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Иймд шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нутаг дэвсгэрийн харъяалалыг өөрчилж өгнө үү…” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 6 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1218 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-аас нийт 3.545.575 төгрөг гаргуулж, хохирогч О.Т-д 2.000.135 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.545.440 төгрөг тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хохирогч О.Т нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гэм хорын хохирлоо Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                 ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР