| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00088/И |
| Дугаар | 306/шш2025/00437 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 306/шш2025/00437
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 19*** онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, 15 дугаар гудамж, **** тоотод оршин суух, *** овогт З***гийн А** /РД:***, утас: **/
Хариуцагч: 19*** онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, *** тоотод оршин суух, Ж*** овогт У***ын Ц** /РД:ЕЮ***, ИБД:**, утас: **
Нэхэмжлэлийн шаардлага: 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийн засварт 7,343,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.**, хариуцагч У.Ц*** түүний өмгөөлөгч Г.А** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
2.1. З.А**болон У.Ц** нар нь ажил бизнесийн шугамаар Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж З.А** нь өөрийн эзэмшил, өмчлөлийн 91-74 ГЧ улсын дугаартай чиргүүлийг гаргаж, хариуцагч Ц** нь чиргүүлийн чирэгч толгойг гаргаж тээвэр хийж тухайн олсон ашгаа тэнцүү буюу 50, 50 хувиар хувааж авахаар харилцан тохиролцож З.А**нь тухайн чиргүүлээ У.Ц**д өгсөн. Хариуцагч У.Ц** нь тээврийн ажлаа олоод ажилдаа гарна гэсээр жил гаруй хугацаа буюу 2024 оны 08 дугаар сарыг хүргэсэн. Тухайн үед З.А** нь 2024 оны 08 дугаар сард өөрөө тээврийн ажил олсон учраас У.Ц**гээс чиргүүлээ буцаан авах гэтэл тухайн чиргүүлийн хэд хэдэн зүйл нь эвдэрсэн байсан. Юу эвдэрсэн бэ гэхээр моторын радиатор, буулгалтын шланк, нумны 1 дүгээр өнгө 2 ширхэг, татуурга 2 ширхэг, центр боолт 1 ширхэг, 47-той стермен боолт 3 ширхэг, 12-той олгойтой дугуй 6 ширхэг, обуд 4 ширхэг, тонголзуур 4 ширхэг, хийний шланк гэх эвдрэлүүд гарсан байсан. Энэ эвдрэлийг засаж өг, энэ эвдрэл нь чамаас болж эвдэрчихлээ шүү дээ гэж хэлэхэд хариуцагч У.Ц** нь засаж өгнө гээд жил гаруй хугацаа өнгөрөөд З.А**өөрөө ажил хийхгүй сул зогсож байсан учраас өөрийн хөрөнгөөрөө тухайн 91-74 УЧ улсын дугаартай чиргүүлд засвар хийлгээд, тухайн засвар хийлгэсэн засварын зардал нь нийт 7,343,600 төгрөг болсон.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч У.Ц**гээс чиргүүлд учирсан гэм хор буюу 7,343,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.
3. Хариуцагч У.Ц**, түүний өмгөөлөгч Г.А** нар тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна.
3.1. Энэ ажлыг өөрөө олж авна гэж хэлээгүй. Анхнаасаа энэ ажилд тохиролцоод явахдаа энэ хүн нэхэмжлэгч тал Монцементийн ажлыг өөрөө олсон. Тухайн үед би Монцементэд өөр машинтай явж байсан. Нэхэмжлэгч тухайн чиргүүл байгаа гэсэн надад толгой байна гээд анх аман тохиролцоо хийгээд ашгаа 50, 50 хувиараа тохиролцъё, чиргүүлийнхээ эвдрэлийг хариуцагч өөрөө хариуцна, толгойныхоо эвдрэлийг би өөрөө хариуцна гээд анхны ажилдаа гарсан. Тухайн үед гарахдаа чиргүүлийг нь хүлээж авахад өмнө нь чирж байсан хүний чирэгч толгой нь угсраатай байсан. Би ийм байдалтай байна гэж хэлэхэд толгойг нь салгаад чирээд аваад ир гэж хэлсэн. Өмнө нь чирж байсан хүнтэй нь холбогдоод би машины чинь чирэгч толгойг нь салгалаа, чиргүүлийг салгаж авлаа шүү гэж хэлээд чиргүүлийг нь салгаад тухайн үеийн эвдрэл гэмтэл, эвдэрчихсэн байгаа сорочка гэх зүйлийн ханзралтай, цууралттай, гэмтэл ихтэй юм байна. Дугуйнууд нь цуурчихсан, хуучирсан, хэт муу дугуйнууд байна гэж хэлэхэд тийм ээ, тийм ахын дүү наадхаа чи аваад эхний рейсээ яваад буулгачихъя. Дараа нь янзлаад дараагийн рейсээ явъя гэж хэлсэн. Тээвэрлэлт хийхэд би 3-4 хоног зарцуулж очсон. Талдаа 300 гаран километр зайтай газар ачаагаа ачаад явсан. Очих замдаа хэт муу дугуйтай байсан учраас дугуйнууд нь хагарсан. Запас дугуйгаа тавьсан. Би хүний 2 дугуй гуйж тавиад ачаа буулгах газраа очиход нэхэмжлэгч нь буулгах газраа өөрийнхөө машинтай очсон намайг хүлээгээд байж байсан. Ийм эвдрэл гарлаа, ингэж ирлээ гэж хэлсэн. Энэ дугуйнууд үнэхээр муу байлаа. Би ёстой сандарч байж ирлээ. Энэ сорочка нь ханзраад байна. Голын урт центр боолт чинь хугархай тасарчихсан байсан байна. Нумны өнгө нь хугарсан. Нумнууд нь гүйгээд байна гэж хэлээд өөрт нь үзүүлсэн. Харин тийм байна, чиний өмнө нь чирч байсан хүн ёстой юу ч хийдэггүй хүн байсан. Энэ хүнийг би юм хийгээд өгөөч гэж гуйгаад байхад юу ч хийж өгөөгүй юм гээд ачаагаа буулгаад буцаад явахдаа би Сайншанд сум руу бас 3-4 хоног зарцуулж очсон. Энэ гарсан гэмт эвдрэл гэмтлүүд гээд байгаа зүйл нь буцах замдаа сорочка нь ханзархай байсан нь дэлбэрээд хугараад унасан. Хийний шланк гэх зүйл нь тэнхлэг нь хугарч унаснаас болж хийний шланг нь тасарсан. Би нутгийн айлын хүмүүсийг гуйгаад, хамт явж байсан 2-3 жолоочийг гуйгаад бүтэн өдөр болж байж салж унасан тэнхлэгийг нь дээрээ ачаад Сайншанд сум руу ирсэн. Ийм эвдрэл гарлаа гэдгийг нэхэмжлэгч талд бүгдийг нь тайлбарлаж хэлсэн. Зургийг дараад явуулсан. Гагнуурчин дээр аваачиж өг гэсэн тул би гагнуурчин дээр аваачиж өгсөн. 2025 оны 07 дугаар сард гагнуурчны хашаанаас чиргүүлээ авсан. Намайг ажлаа олно гэж хэлээд явсаар байгаад жил гаруй болсон. Дээрх хугацаанд засаж өгөөгүй. Гагнуур хийлгээд өөрөө төлбөрөө төлнө гэсэн. Төлбөр төлөх гээд явсаар байгаад саяхан очиж авсан. Тэгэхээр худлаа хэлж байна гэж үзэж байна.
Сайншанд суманд ачаа тээвэрлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, олсон ашгаа тэнцүү хувааж авахаар болсон гэдгийг 2 тал хоёулаа хүлээн зөвшөөрч байдаг. У.Ц***гийн хувьд болохоор чиргүүл чирэх толгойгоо гарган харин нэхэмжлэгчийн хувьд цементвозын чиргүүлийг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх явцад захиалагч буюу нэхэмжлэгч талын гаргасан цементвозын чиргүүлд эвдрэл гарснаар анхны хийсэн тээвэрлэлтээр тухайн ажил зогссон байдаг. Энэ байдал дээр дүгнэлтийг хэлье. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна гэж заасан. Тэгтэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3, 356.1 дэх хэсэгт заасан тохиолдолд ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн бол уг материалыг гаргасан тал нь эрсдэлийг хариуцна гэж эрсдэлээ хэн нь хариуцах талаар хуульд зааж өгсөн. Гэтэл захиалагч буюу нэхэмжлэгчийн гаргасан тээвэрлэлт хийх үүрэг бүхий цементвозын чиргүүлд эвдрэл гарсны улмаас тухайн тээвэрлэлтийн ажил зогссон байтал нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн ажил гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэх чиргүүлийн бүрэн бүтэн байдалд хариуцлага хүлээхийн оронд нь хариуцагчаас чиргүүлийг засварласны хөлс гэж 7,343,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, хариуцагчийн нийлүүлсэн тээврийн хэрэгсэл анхны тээвэрлэлтийг даалгүй эвдэрсэн. Харин уг чиргүүлийг У.Ц**** олон удаа ашиглаж, тээвэрлэлт хийж эвдэлсэн байх боломжгүй. Гэрч Б***ын мэдүүлгээр анхны тээвэрлэлтээс эвдэрсэн эд ангиудыг засварласнаас хойш дахиж тээвэрлэлт хийгдээгүй. Мөн засварлуулсан 6 ширхэг сорочка гэх эд ангийг сольсон. Энэ нь нэг удаагийн тээвэрлэлтээр эвдэрдэг эд анги биш олон удаагийн давтамжтай моралийн элэгдэлд орж удаан хугацааны туршид эдэлгээний явцаас үүдэн эвдэрдэг. Солихоос өөрөөр засварлах боломжгүй эвдрэл гэдгийг гэрч Б*** мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтээр нотолсон байдаг. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж чиргүүл эвдрээгүй. Мөн хариуцагч тал тухайн цементвозын чиргүүлээр хувьдаа ажил үүрэг гүйцэтгэж аваад эвдэж гэмтээгүй. Мөн уг чиргүүлээр олон удаа тээвэрлэлт хийх боломжгүй байсан нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал ажил үүргийг хэвийн гүйцэтгэх боломжтой техник хэрэгслээр хангаагүй байж чиргүүлийнхээ эвдрэл үүссэн эрсдэлийг өөрөө хариуцахгүйгээр хариуцагч талаас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа чиргүүлд эвдэрсэн гэх эд ангиудыг авах, анх тээвэрт гаргахдаа чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоож хүлээлгэж өгч авалцаагүй. Жолоочийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн гэдгийг нотлоогүй тул засварын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл техникийн шинжээчийн дүгнэлтэд жолоочийн буруутай үйлдлээс болж чиргүүлийг эвдэрсэн гэж үзэх боломжгүй. Одоогоор эд ангийг солиод хэвийн болгосон. Анх машиндаа байсан үед уг эвдэрсэн эд ангиудыг ямар байсныг тогтоогоогүй тул жолоочийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн гэж үзэх боломжгүй талаар дүгнэжээ. Хариуцагчийн зүгээс 2025 оны 06 дугаар сард техникийн шинжээч томилуулах дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд түүнээс хойш шинжээч 2025 оны 10 дугаар сард чиргүүлийг очиж үзсэн. Тухайн үед А***ийн засварчин Баасанбатын хашаанаас чиргүүлийг авч засуулсан байх ба эвдэрсэн гэж нэхэмжилж байгаа эд ангиудыг засварласан байсан тул хэзээ, хэний буруутай үйлдлээс болж эвдэрсэн гэдгийг тогтоох боломжгүй болгосон. Нэхэмжлэгч хариуцагчийн буруутай үйлдлээс болж чиргүүл эвдэрсэн гэж нотлоогүй. Дөрөвдүгээрт, З.А***йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т***гийн анх нэхэмжлэлээ гаргах үед чиргүүлийн эд ангид гарсан эвдрэлүүдийг засвар ороогүй байсан гэдгийг гэрч Баасанбат анх эвдрэхэд нь аваачиж засуулснаас өөр засвар хийгдээгүй гэдгийг нотолдог. Мөн чиргүүл нь Б**ын хашаанд өнөөдрийг хүртэл байгаа гэдгийг нотолж мэдүүлсэн байдаг. Гэтэл чиргүүлийн эвдрэл гэмтлийг хариуцагч тал эвдэлсэн гэж үзэх ямар ч шалтгаант холбоогүй үндэслэлийг гаргаж ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй техникийг засан сайжруулсан гэх зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн зохигч нар нь тээвэрлэлтийн ажилд гарсны улмаас хамтран ажиллахаар болж уг ажлыг эхлүүлж байснаас биш цаашид хэн нь ажлыг олж тээвэрлэлтийг явуулах талаар харилцан тохиролцсон зүйл байдаггүй. Хариуцагчийг буруутгаж техник хэрэгслийг ажилгүй зогсоосон мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Тавдугаарт, моторын радиатор, буулгалтын шланк, нумын 1 дүгээр өнгө 2 ширхэг, 5 дугаар өнгө 1 ширхэг, татуурга 2 ширхэг, урт центр боолт 1 ширхэг, 47-той стермен 3 ширхэг, 12-той олгойтой дугуй 6 ширхэг, обуд 4 ширхэг, тонголзуур 4 ширхэг, хийний шланк зэргийг зассан, сольсон гэж 5,695,300 төгрөгийг нэхэмжилдэг. Гэвч эдгээрийг зассан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэ цаг хугацаанд уг чиргүүлд засвар огт ороогүй, чиргүүл нь манай хашаанд өнөөдрийг хүртэл байгаа гэдгийг засварчин гэрчилсэн. Мөн засвар ороогүй зүйлийг зассан, шинээр авч тавиагүй зүйлийг худалдан авалт хийсэн гэх мэтээр хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт гаргаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн заалт байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т***гийн гаргасан хариуцагч У.Ц***н нь эрүүгийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул учруулсан гэм хорыг арилгах үүргийг хариуцагч талд хүлээлгэх үндэслэлгүй байна. Иймд, эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэж 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийг засварласны хөлс гэх 7,343,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т***ээс ... 2023.10.20-ны өдөр уулзаж, З.А*** нь өөрийн өмчлөлийн 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийг гарган, хариуцагч У.Ц*** нь чиргүүл чирэх толгойг нь гаргаж, тээвэр хийж, тээврээс олсон ашгийг хувь тэнцүү буюу 50, 50 хувиар хувааж авахаар хамтран ажиллахаар харилцан тохиролцож, аман гэрээ хийсэн, У.Ц*** нь ажлаа олоод гарна гэсээр 2024 оны 08 дугаар сарыг хүргэсэн ба чиргүүлийн моторын радиатор, буулгалтын шланк, нумын 1-р өнгө 2 ширхэг, нумын 5-р өнгө 1 ширхэг, татуурга 2 ширхэг, урт центр боолт 1 ширхэг, 47-той стермен 3 ширхэг, 12-той олгойтой дугуй 6 ширхэг, обуд 4 ширхэг, тонголзуур 4 ширхэг, хийний шланк зэрэг ангиудыг эвдэлсэн байсан, засаж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлан мэтгэлцэнэ.
5. Хариуцагч У.Ц*** түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Бид хоёр ашгаа 50, 50 хувиар авна, чиргүүлийнхээ эвдрэлийг З.*** өөрөө хариуцах, чиргүүл чирэх толгойныхоо эвдрэлийг би өөрөө хариуцахаар тохиролцож, аман хэлцэл хийсэн, намайг ажлаа олно гэж хэлээд явсаар байгаад жил гаруй болсон, дээрх хугацаанд засаж өгөөгүй, өөрөө төлбөрөө төлнө гэсэн гэж нэхэмжлэгч худлаа хэлж байна, эвдрэлийг би хариуцахгүй... гэж маргана.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч З.Алтанхуяг өөрийн өмчлөлийн цементовзын чиргүүлийг гарган, хариуцагч У.Цэвэгсүрэн нь чиргүүл чирэх толгойг нь гаргаж, олсон ашгаа 50, 50 хувиар хувааж авахаар харилцан тохиролцож, амаар гэрээ байгуулжээ.
Улмаар 2023 оны 11 сард нэг удаа ачаа тээвэрт явж, ачсан хөлснөөсөө шатахуунаа гаргаад үлдсэн мөнгөө хувааж, 1,080,000 төгрөгийн ашгийг хариуцагчид өгчээ.
Түүнээс хойш машины эд ангиуд эвдэрсэн үндэслэлээр тээвэрлэлт хийгдээгүй байна.
8. Талуудын маргааны зүйл нь нэг нь чирэгч толгой гаргая, нэг нь чиргүүлээ гаргая гээд олсон ашгаа 50, 50 хувиар хувааж авъя гэж санал гарсан. Тухайн эвдрэлгүй байсан эд хөрөнгөнд хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэж байгаа. Эд хөрөнгө нь болохоор тухайн чиргүүл, бусдын гэдэгт нь З.А*** гэсэн үг. Үүнд санаатай ч бай болгоомжгүй ч бай ямар нэгэн үйлдлээр гэм хор учруулсан байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн байгаа. Бид учирсан хохирлоо өөрсдөө засаж сайжруулсан болохоор тухайн засаж сайжруулсан мөнгөө авъя, аль нэг тал нь эвдрэл гарах юм бол тухайн өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ засна гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй гэж,
анх очиход срочка нь цуурсан, нум нь гүйсэн, дугуй нь цуураад хаван гүйсэн их муу дугуйтай байсан. Би видео колл хийгээд З.А*** ахаа ийм асуудалтай байгаа чиргүүлээр яаж явах юм бэ гэхэд харин тиймээ чиний өмнө чирч байсан хүн аймаар болгочихсон юм аа, чи нэг удаа тээвэр хийсний дараа засвар хийгээд дараагийн ачаандаа явъя, чи ямар ч байсан аваад ир гэсэн, би хуучин байсан толгойг нь салгаад чиргүүлийг нь чирээд ачаагаа ачаад Манлай сум руу очсон, би очоод за ахаа замдаа ёстой зовж байж ирлээ шүү. Би одоо ямар ч дугуйгүй болоод хүний 2 дугуй гуйж аваад тавилаа. Энэ тонголзуур, стременүүд нь хавираад болохгүй байна. Энэ сорочка, байшин гээд байгаа зүйл ханзарчихаад ёстой зовж байж ирлээ гэж хэлнхнд "харин тийм ээ чиний өмнө чирч байсан залуу ёстой будаа болгосон. Хоёулаа наадахыг чинь очоод янзлуулъя гэж хэлсэн, надаас шалтгаалж эвдэрсэн зүйл байхгүй, би хувийн зүгээс эвдэрчихлээ гээд хээр хаяагүй, тохирсон ёсоороо авч ирсэн. Анх авахад центр боолт нь тасарчихсан байсан өөрсдөө эвдрэлээ хариуцана, чиргүүл нь ачаатай байх үедээ хүнд тонноор дарж яваа учраас хагас салчихсан байгаа эд анги зөөлхөн явж байгаа учраас салж унадаггүй гэж тус тус маргана
Талууд амаар гэрээ байгуулсан болон нэхэмжлэгч З.А**с хариуцагч У.Ц*** нэг удаагийн тээвэрлэлтийн ашгаа хувааж, 1,086,400 төгрөг өгсөнд маргаагүй.
9. Зохигчийн хооронд байгуулсан аман гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх-ийн зэрэгцээ мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно гэж хуульчилсан.
10. Шүүхэд болон хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэн үзэхэд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.,
42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.
43.1.1.-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан байх тул талууд буюу З.А** У.Ц** ар нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, чиргүүлийнхээ эвдрэлийг З.А*** өөрөө хариуцах, чиргүүл чирэх толгойныхоо эвдрэлийг У.Ц*** хариуцахаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн амаар тохиролцсон эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
11. Түүнчлэн хэрэгт авагдсан 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлтэд ... Гэхдээ эдгээр сольсон эд анги нь нэг удаагийн тээврээр эвдрэх эд ангиуд биш бөгөөд урт хугацааны ашиглалтын явцад элэгдэж, мууддаг эд ангиуд юм,
Асуулт 5. Эсвэл жолоочийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн үү? гэх асуултанд:
Хариулт: Жолооч хэдий ширүүн явлаа ч срочик тийм амархан ханзрахгүй, өмнө нь ханзарч эхэлсэн, эсвэл ханзарсан байсан байх, жолоочийн буруутай үйлдлээс гэдгийг тогтоохын тулд эвдэрсэн эд ангиуд машиндаа байгаа үед шалгах шаардлагатай гэж, чиргүүлийн нум хугарах, стермен боолт тасрах нь жолоочийн эв дүй, анхаарал болгоомжоос шалтгаална, ачааны жинг тохируулж чадаагүйн улмаас хугардаг,
гэрч Д.Б****ын мэдүүлэгт ...2024 оны хавар байх, 1 толь, 6 сорочик солиулсан, төлбөрийг З.Алтанхуяг төлсөн, чиргүүлд эвдрэл үүсгэсэн шалтгааныг мэдэх үү? гэх асуултанд: Мэдэхгүй гэжээ.
12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
13. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,447 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 759.3, 115 дугаар зүйлийн 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.А***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т***гийн хариуцагч У.Ц***нд холбогдуулан 91-74 ГЧ улсын дугаартай цементвозын чиргүүлийн засварын 7,343,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т***гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,447 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч У.Ц****гийн дансыг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА