| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2102001831210 |
| Дугаар | 2025/ДШМ/810 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/810
2025 07 02 2025/ДШМ/810
Л.Н-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
хохирогч “А ж и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х,
хохирогч “А ж и” ХХК-ийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр,
цагаатгагдсан этгээд Л.Н, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1121 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “А ж и” ХХК-ийн өмгөөлөгч Б.Жавхланбаярын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Л.Н-т холбогдох эрүүгийн 2102001831210 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
..... овгийн ...-ын Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;
Шүүгдэгч Л.Н нь “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд “В д” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах” ../... дугаартай гэрээг ашиглан, “А ж и” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 91,383,668.96 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001831210 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Хохирогч “А ж и” ХХК-ийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1121 дүгээр цагаатгах тогтоолд гомдол гаргасан. Гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. ...” гэв.
Хохирогч “А ж и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн зүгээс давж заалдах гомдлоосоо татгалзсан тул өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “Алтан жолоо групп”-ийн ерөнхийлөгч В.Энхбаатарын тушаалаар шүүгдэгч Н.Н нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан ба ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан контрактын гэрээ, хуулийн этгээдийн ерөнхий захирлын Л.Н-ыг ажилд томилсон тушаал зэргээр тогтоогдож байна. Тэрээр шүүгдэгч Л.Н нь уг албан тушаалд ажиллах хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажил чиг үүргийн хуваарийн дагуу эрх хэмжээний хүрээнд “В д” ХХК-тай “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу тодорхой үе шаттайгаар “А ж и” ХХК-ийн эд хөрөнгө болох нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг “В д” ХХК-аар худалдан борлуулж, борлуулалтаа өсгөх нэрийдлээр нийлүүлсэн. Гэтэл уг худалдааны хамтран ажиллах гэрээний нөхцөл бүрэн дуусаагүй, хангагдаагүй байхад Л.Н нь удаа дараа гэрээнд хавсралтаар өөрчлөлт оруулж, нийт 7 удаагийн албан бичгээр “В д” ХХК-д зарим нэр төрлийн барааны үнийг үндэслэлгүйгээр бууруулж, төлөх үнийн дүнг хөнгөлж, хугацаа дуусаагүй боловч буцаалт хийгдсэн 10,046,104 төгрөгийн татан авсан бараанд үндэслэлгүйгээр хөнгөлөлт олгосон, мөн 11,025,340 төгрөгийн барааг үнэгүй олгосон, мөн борлуулалтын төлбөр хугацаандаа төлөгдсөн, төлөвлөгөө биелсэн гэх шалтгаанаар хөнгөлөлт олгохоор тодорхой хувийг нэмэгдүүлж, 21,553,200 төгрөгийн хөнгөлөлт илүү олгосон, уг борлуулалтаа идэвхжүүлэх урамшуулал зарлаж, гүйцэтгэл биелэгдээгүй байхад биелэгдсэн гэж үзэж үндэслэлгүйгээр авлагыг хааж, “В д” ХХК-ийн худалдааны төлөөлөгч нар болон ажилтнуудад нийт 30,600,000 төгрөгийн урамшууллыг “А ж и” ХХК-аас олгосон байна. Шүүгдэгч Л.Н ажил үүргийн хуваариар хийх ёстой ажлаа хийж ажилласан, санхүүгийн гүйлгээг хийдэггүй, тухайн компанид хамт ажиллаж байсан худалдааны төлөөлөгч А.А, П.Б нар хариуцаж шийдвэр гаргаж ажилласан гэх боловч худалдааны хамтран ажиллах гэрээг санаачилж, баталгаажуулсан нь шүүгдэгч Л.Н, “В д” ХХК-ийн захирал Б.Г нар байгуулж, Л.Н нь гүйцэтгэлд нь хяналт тавьж, эдгээр ажилтнуудыг албаны чиг үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаагаар хангаж, удирдан чиглүүлж, заавар зөвлөгөөг өгч ажилласан байдаг. Хэдийгээр шүүгдэгч Л.Н 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж, “В д” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгчийг ажиллаж байх хугацаанд дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлгүй олгосон эд хөрөнгө болон барааны борлуулалтын өглөг, авлагууд “А ж и” ХХК-аас хасагдаж, хийгдсэн үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н-т байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах, байгууллагын хөрөнгийг шууд захиран зарцуулах эрх олгогдоогүй байх тул шүүгдэгчийг завших гэмт хэргийн субъект биш, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээдэд хамаарахгүй гэж дүгнэн, шүүгдэгчийг цагаатгажээ.
Шүүгдэгч Л.Н нь “Алтан жолоо групп”-ийн ерөнхийлөгч В.Энхбаатарын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/125 дугаар “Ажилд авах тухай” тушаалаар тухайн хуулийн этгээдийн нэгж болох “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллахаар томилогдож, ажил олгогч В.Э, гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Н нарын хооронд байгуулсан контрактын гэрээ, ажил байдпын тодорхойлолт, байгууллагын дүрмээр заасан ажил, үүргийг гүйцэтгэхийг зааж, үндсэн цалинг тогтоосон байна.
Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж болдог. Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог тул шүүгдэгч Л.Н-ыг тухайн ажиллаж байгаа байгууллагын эд хөрөнгө, тэр тусмаа үндсэн бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Н нь “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа уг компанийн үндсэн бүтээгдэхүүн болох бараануудыг дуусах хугацаагаар ангилж борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ../... дугаартай гэрээ боловсруулж бусад газарт нийлүүлсэн, нийлүүлсэн бараануудад үндэслэлгүй хөнгөлөлт, урамшуулал олгож, 100 хувийн үнэгүй бараа олгож, өөртөө болон бусдад онцгойлон давуу байдал бий болгосон гэмт үйлдпээ хэрэгжүүлэхдээ уг гэрээгээр халхавчилж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой талуудын эд хөрөнгийн маргаан үүссэн гэж үзэх үндэслэлийг зориудаар бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Н-ын хувьд ажил байдлын тодорхойлолт болон байгууллагын дүрэмд заасан ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхдээ хайнга хандаж, ажил мэргэшлийн ур чадвар дутсанаас болж байгууллагын эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах, үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах эрх олгож, бараа материал шилжүүлэх үйлдлүүдийг тодорхой хугацаанд үе шаттайгаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин шүүгдэгч бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн санхүүгийн үйл ажиллагааны мэргэшсэн субъект, мөн өөрийнх нь ажилладаг байгууллагатай ижил үйл ажиллагаа явуулдаг зах зээлд өрсөлдөхүйц байгууллагад давхар санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө, зааварчилга өгч ажилладаг байсан, бусад хуулийн этгээдүүдээс сонгож “В д” ХХК-д давуу байдал бий болгож, өөрийн ажиллаж байсан байгууллагад хохирол учруулж дээрх үйл ажиллагааг сонгон хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдпуудыг дүгнэн авч үзэхэд, завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхээс энэ тохиолдлыг ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцааны маргаан эсхүл гэрээний гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой маргаан гэж хийсвэр дүгнэлт хийж, шүүгдэгчийг хөдөлмөрийн тухай хууль болон иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах, завших гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдаг бол шүүгдэгч Л.Н-ын тухайд анхнаасаа гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан үеэс эхлэн тухайн байгууллагын эд хөрөнгийг завших зорилго агуулаагүй боловч уг гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлсэн цаг үеэс завших гэмт хэргийн сэдэлт санаа зорилго бий болж, гэрээгээр халхавчилж, бусдад илт давуу байдал бий болгосноор үйлдэл төгсөж, завших гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
2. Шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Учир нь прокуророос шүүгдэгчийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байх ба шүүх хуралдааны явцад шүүгдэгчийг яллах талын нотлох баримтуудаа шинжлэн судалж, хууль зүйн дүгнэлт хийж тайлбарласан ба шүүхээс улсын яллагчийн шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцааж, үгүйсгэж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй атлаа хэргийг иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
Тодруулбал, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу бичигдсэн байх ёстой атал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга нь улсын яллагчийн дүгнэлт, хохирогч талын өмгөөлөгчийн саналыг ямар байдлаар яаж няцаан үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэж бичээгүй, мөн цагаатгах тогтоолд гэмт хэргийн хохиролд хохирогч талаас гаргасан 91,383,668.96 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж бичээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлд хамаарч байна.
Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлүүдэд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1121 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.Н-ын өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан гомдлоосоо татгалзсан учир анхан шатны шүүхээс Л.Н-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй, Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Тиймээс гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Харин прокурорын эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Л.Н-ын хувьд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “А ж и” ХХК-ийн захирал З.Э-тай “Контрактын гэрээ” байгуулж, гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Контрактын гэрээний заалтуудаар түүний ажил үүргийн хуваарь тодорхойлогдоно. Уг гэрээгээр гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны гол зорилго нь өөрийн мэргэжлийн өндөр, ур чадварыг дайчлан компанийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, ажилтнуудын ажил үүргийг оновчтой зохион байгуулах гэж тусгагдсан. Энэхүү контрактын гэрээгээр Л.Н-т байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах, байгууллагын хөрөнгийг шууд захиран зарцуулах эрх олгогдоогүй. “А ж и” ХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тус байгууллагын санхүүгийн эрх мэдэл нь санхүү хариуцсан захирал Ч.Г, ерөнхий нягтлан бодогч нарт байсан болох нь тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н-ыг “Хөрөнгө завших” гэмт хэргийн субъект биш гэж дүгнэж, түүнийг цагаатгасан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд Л.Н-ыг холбоотой компанид төлөх 18.159.024 төгрөг, борлуулалтын илүү олгосон хөнгөлөлт 21.553.200 төгрөг, үнэгүй нийлүүлсэн барааны хөнгөлөлт 11.025.340 төгрөг, албан тоотоор олгосон хөнгөлөлт 10.045.104 төгрөг, идэвхжүүлэлтийн урамшуулал 29.400.000 төгрөг, худалдааны төлөөлөгч нарын урамшуулал 1.200.000 төгрөг, нийт 91.383.668 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгыг дурдсан байна. Прокурорын яллах дүгнэлтээр Л.Н-ыг “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “В д” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах” ../... дугаартай гэрээг ашиглан, “А ж и” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад нийт 91.383.668 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Эсэргүүцэлд дурдагдаад байгаа Л.Н-ыг холбоотой компанид төлөх цалингийн зээл гэх 15.000.000 төгрөг, 2018 оноос 2020 оны 12 сар хүртэлх ажиллаж байх хугацааны компанид төлөх өглөг, авлагын тооцооны үлдэгдэл 3.000.000 төгрөг, нийт 18.159.024 төгрөгийн төлбөр нь дээрх гэрээтэй огт холбоогүй, цаг хугацааны хувьд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажилд орсон үеэс эхлэн үүссэн өглөг, авлагийн үлдэгдлийг гэрээг ашиглан завшсан гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтас хэрэгт Л.Н-ын 2 янзын хүсэлт байдаг. Урамшуулалд 15.000.000 төгрөгийн урьдчилгаа хүссэн боловч зээл болгоод ир гэж өөрчлүүлээд цалин, зээл хүссэн хүсэлт гаргуулсан байдаг. Аль, алины доор “зээл олгоё” гээд санхүү эрхэлсэн захирал Ч.Г цохолт хийсэн байдаг. Удирдлагын цохолттой байхад энэ мөнгийг завшсан гэж үзээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын яллагчийн эсэргүүцэлд идэвхжүүлэлтийн 29.400.000 төгрөгийг хөтөлбөрийн болзол хангагдаагүй байхад бүрэн биелсэн гэж дүгнэн, “В д” ХХК авлагаас дур мэдэн хассан гэж дурьдсан байна. Гэтэл уг хөтөлбөрийг Л.Н дүгнээгүй. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Шинжээчийн №32 дүгнэлтийн 3 дахь заалтад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг хөтөлбөрийн гүйцэтгэлийг гүйцэтгэх захирал н.А дүгнэсэн талаар тусгасан. Мөн н.Аийн /4 дүгээр хавтас хэргийн 60 дугаар хуудас/, 29.400.000 төгрөгийн Турк улсад аялуулах хөтөлбөрийг би санаачилж, төслийг боловсруулан захирлаар батлуулсан. Учир нь, “В д” ХХК-ийн ажилчдад олгосон гэхээр тэдгээр ажилчдаар дамжуулж эрсдэл хүлээж устгалд оруулах магадлалтай бараа бүтээгдэхүүний борлуулалтыг эрчимжүүлэх санаачлага байсан. Хэрэв борлуулалтыг эрчимжүүлэхгүй бол хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн алдагдалтай байх байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгийг 4 дүгээр хавтас хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан гэрч н.Батбаярын мэдүүлэг нотлоно. н.А захирал хэлэхдээ Турк улсад аялуулах эрх Таяас брендээс авах боломжтой байна. Үүнийг ашиглаад үлдэгдэл ихтэй барааг борлуулъя ялангуяа ориенэтод төвлөрүүлээрэй гэсэн. Үүний дагуу н.А захирал ажилчдад урамшууллын 2.000.000 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “А ж и” ХХК-иас биш “В д” ХХК-д орж ирсэн талаар гэрчүүд мэдүүлсэн. Эдгээр нь дансны хуулгуудаар нотлогдоно. Харин 2021 оны 02, 03 дугаар сард “А ж и” ХХК нь өглөг авлагаасаа хасаж, тооцсон байдаг. Л.Н-ыг ажлаасаа гарсны дараа уг хөтөлбөрийн гүйцэтгэл дүгнэгдэж, урамшууллын мөнгийг өглөг, авлагаараа хасаж тооцсон нь баримтаар тогтоогдоод байхад түүнийг тухайн 29.400.000 төгрөгийг гэрээг ашиглаж, завшсан болох нь тогтоогдсон гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дугаартай Худалдааны хамтран ажиллах гэрээний 4-т “ гэрээт харилцагч талын эрх үүрэг”-т уг хөнгөлөлт, урамшуулал, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж болох талаар тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явагдсан байдаг. Тухайлбал, гэрээний 3.1-т “...нийлүүлэгч нь гэрээт харилцагчтай сард 1 удаа тооцоо нийлж, тооцоо нийлсэн актыг үйлдэнэ гэж, 4.7-д “...нийлүүлэгч тал бүх төрлийн урамшуулал зохион байгуулах, 4.4-т өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхжүүлэлт явуулж болно..”, 6.3-т “..Удирдлага, санхүүгийн ажилтнууд гэрээний биелэлтийг тооцоо нийлсэн актыг үндэслэн улиралд 1-3 удаа хамтран дүгнэн хэлэлцэж байна..” гэж заасан. Энэ заалтуудын дагуу 2 талын нягтлангууд тооцоогоо нийлж, ерөнхий нягтлангууд баталгаажуулсны үндсэн дээр хөнгөлөлт, урамшуулалтыг олгосон байдаг. Тодруулбал, 1 дүгээр хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд хөнгөлөлт олгох тухай борлуулалтын менежер н.Б-ын гарын үсэгтэй албан бичигт ерөнхий нягтлан бодогч н.С тооцов гэж гарын үсгээ зураад “нэр төрөл харгалзахгүй хугацаа дуусах бараа нь дээр 50 хувийн хөнгөлөлт олгон” гэж цохолт хийж зөвшөөрөл олгосон. Гэтэл 7 удаагийн албан бичгээр үндэслэлгүй хөнгөлөлт олгосон гэж Л.Н-ыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Уг 7 албан бичгийн 5 нь борлуулалтын менежер н.Батбаярын гарын үсэгтэй албан бичиг байдаг. Албан бичигтээ борлуулалт нь муу тоо ширхэг ихтэй бараа болон хугацаа дуусах дөхсөн барааны мэдээллийг хавсаргасан. Хэрэгт зөвхөн явуулсан албан бичиг авагдсан. Ирүүлсэн албан бичиг байдаггүй. Явуулсан албан бичгүүдийн агуулгаас харахад Гэрээт харилцагчаас хугацаа дуусах дөхсөн, тоо ширхэг ихтэй, борлуулалт муу байгаа бараануудад хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн албан бичиг ирүүлсний дагуу хөнгөлөлтийг үзүүлсэн гэж ойлгогдохоор байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл буюу завших гэмт хэргийн үндсэн шинж нь “бусдын өмчийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөл хариу төлбөргүйгээр, хууль бусаар, шилжүүлэн авах” үйлдэл байдаг. Тэгвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд Л.Н-ын “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1121 дүгээр цагаатгах тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын албан тоотоор зөвшөөрөлгүй, санхүүгийн программ руу нэвтрэх эрхтэй байсан гэж удаа дарааллан шүүх хуралдаанд яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Нэгдүгээрт, санхүүгийн эрх гэдэг нь Монгол улсад мөрдөгдөж буй Санхүүгийн тухай хуулиар анхан шатны бүртгэлийг анхан шатны нягтлан бодогч өөрөө хариуцна гэж заасан. Санхүүгийн программ руу нэвтрэх эрх нь нууц үгтэй, тусдаа орох лицензтэй байдаг. Гэтэл намайг өөрөө ороод, албан бичгээр цохолт хийж, илүү их урамшуулал өгсөн мэтээр тайлбарладаг. Гэрээг халхавчлан гэдэг дээр өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Хохирлын тухайд би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “В д” ХХК-иас гарсан. Давхар ажил хийж байгаагүй. Өмнөх өөрийн 25 жилийн ажлын туршлагын үндсэн дээр “В д” ХХК-ийн хүмүүсийг таньдаг байсан. Энэ хоёр компани нь нэг нь ундаа усны үйлдвэр, нэг нь импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг 2 компани юм. Ковидын нөхцөл байдлаас болж би бараа, бүтээгдэхүүнийг зарах шаардлага гарсан учраас гэрээг богино хугацаатай байгуулсан. Хохирогч гомдолдоо 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Ашиг олсон тал нь “А ж и” ХХК байхад улсын яллагч удаа дараа гэрээг халхавчилж хохирол учруулсан гэж тайлбарлаад байгаад гомдолтой байна. Улмаар би 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарч, тухайн үед гэрээг хийгээд, цааш нь дүгнэх асуудлуудыг дараагийн удирдлагад нь хүлээлгэж өгсөн. Гэтэл 91.000.000 дотор 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоо нийлсэн актаар хийсэн баримтууд, 12 дугаар сар 16-ны өдрөөс хойших төлбөр тооцоо цаг хугацаандаа хийсэн, төлөвлөгөөгөө биелүүлсэн гэсэн урамшууллыг олгосоор байгаа нь шинжээчийн 4 дүгнэлтэд дээр байгаа. Тоон дүнгээр хэрэгт авагдсан. Би 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаа өгсний дараа “В д” ХХК, “А ж и” гэх 2 компанийн хоорондын хамтын ажиллагаа тасарсан байсан учраас “В д” ХХК-иас санаачлаад /В.Э захиралтай 4 удаагийн уулзалт хийсэн талаар баримт, хавтаст хэрэгт авагдсан/ намайг ирж уулз гэсний дагуу би очиж уулзсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Л.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:
Л.Н-ын яллагдагчаар өгсөн “....Би “А ж и” ХХК-ийн санхүүгийн эрх мэдэлгүй, гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байгаад гарсан. БА/51 дугаартай гэрээ нь А ж и ХХК нь Хариво чихэр, Таяаш амттан чихэр, Оттоги гоймон, Торрега пичен зэрэг брэндийн албан ёсны борлуулагч бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ковидын онцгой нөхцөл тогтоож борлуулалтад 70 хувийн хязгаарлалт тавьсан, цагаан cap хүүхдийн баяр, мартаар борлуулахаар татаж авсан байсан барааны үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барааны нөөцийн илүүдэл 777,525,318 төгрөгийн барааны хугацаа дуусаж байгууллагын ашигт ажиллагаанд эрсдэл үүсэж, барааг устгах нөхцөл байдал үүссэн тул барааг манай салбар байхгүй аймгуудад гэрээт борлуулагч сонгож борлуулахаар А ж ХХК-ийн ерөнхий захирал Э, санхүү хариуцсан захирал Гүнсэн нарт танилцуулж, В д ХХК-тай ../... дугаартай гэрээ хийсэн. Гэрээний дагуу дээрх брэндүүдээс орон нутаг руу борлуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар cap хүртэл нийт 1,131,779,950 төгрөгийн борлуулалт хийсэн. Мөн cap бүр А ж и ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.С, “В д” ХХК-ийн нягтлангуудтай тооцоо нийлсэн акт үйлддэг байсан бөгөөд тооцооны тал дээр ямар ч асуудал гараагүй. ...” /9 хх 39-40, 160/,
хохирогч В.Э-ын “...Хууль бусаар 23,235,415.10 төгрөгийн хөнгөлөлт тооцсон. 11,025,340 төгрөгийг барааг удирдлагад мэдэгдэлгүйгээр олгосон, албан тоот төлөвлөж нэмэлт хөнгөлөлт 9,566,514 төгрөгийг олгосон. Турк аялал нэртэй 29,400,000 төгрөгийн хууль бус урамшуулал, Л.Н-ын өөрийнх нь компанийн хөрөнгөөс удирдлагаас зөвшөөрөл авалгүй 18,159,025 төгрөгийг авчихаад өгөхгүй байгаа зэрэг нь аудитын шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон байна. Иймд хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэж манай компанийг хохиролгуй болгож өгөхийг хүсэж байна. Л.Н нь дээрх асуудлаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй бөгөөд ажлаас гарсны дараа "А ж г" ХХК-ийн зүгээс хяналт шалгалт оруулахад дээрх зөрчлүүд илэрсэн. Л.Н нь хувьцаа эзэмшигч нарт улирал, хагас жил, жилийн эцсээр тайлагнадаг байсан бөгөөд тухайн тайлан тавих үеэрээ огт энэ асуудлаар хэлж ярьж байгаагүй. “А ж и” ХХК-ийн гадаад худалдан авалт, дотоодын түгээх борлуулах, ажилчдыг мэргэжлийн арга зүйгээр хангах зэрэг худалдан авалт хийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах эрх мэдлийг түүнд олгосон. ...” /4 хх 24, 37-38, 213-214, 9 хх 31, 157-158/,
гэрч Ц.Л-гийн “...2020 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд “В д” ХХК-тай гэрээгээр хамтран ажиллаж байгаа “А ж и" ХХК-иас зохион байгуулсан хамгийн өндөр борлуулалт хийсэн 12 хүнийг Турк Улс руу аялуулна гэх уралдаанд миний бие оролцож уралдааны болзлыг хангасан. Короно вирустай холбоотойгоор Турк Улс руу явуулахаа больсон бөгөөд мөнгөн урамшуулал олгоно гээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж надад “В д" ХХК-ийн санхүүгээс 2.000.000 төгрөгийн урамшуулал олгож байсан. ...” /2 хх 243-244/,
гэрч Б.А-ийн “...Намайг “В Д” ХХК-тай ажиллаж байх хугацаанд борлуулалтын гүйцэтгэлээр урамшуулж байсан. Тухайн үед цалин дээр нэмэгдэл хэлбэрээр урамшуулж байсан. "В Д" ХХК-тай ажиллаж байх хугацаанд борлуулалтын гүйцэтгэлээр урамшуулахдаа мөнгөн шагнал буюу цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгодог. ...” /3 хх 06-07/,
гэрч Г.Б-гийн “....Би урамшуулал авч байсан. “В Д" ХХК нь 2021 оны 12 дугаар сард ажиллаж байх хугацаанд борлуулалтын гүйцэтгэлээр урамшуулахдаа 2,000,000 төгрөг буюу мөнгөн шагналын урамшуулал авч байсан. ...” /3 хх 08-11/,
гэрч Б.Х-ын “...2020 оны эхний хагас жилийн байдлаар “А ж и”-ийн бараа бүтээгдэхүүн сайн зарж гүйцэтгэлд нь хүрч амжвал Бүгд Найрамдах Турк улсад аялуулна эрхийн бичиг өгнө гэж “В д” ХХК-иас зарлаж байсан. ...” /3 хх 14-15/,
гэрч Г.Б-ы “...Намайг ажиллаж байх хугацаанд “А ж и” ХХК-ниас борлуулалтын гүйцэтгэлд хүрсэн тохиолдолд Бүгд найрамдах Турк улсад аялах эрхийн бичгээр шагнах тухай уралдаан, урамшууллыг “В Д" ХХК-аас зарлаж байсан. ... Тэр уралдаанд би ороод болзол хангасан юм, тухайн үед Ковид цар тахалтай холбоотой явах боломгүй гээд 2.000.000 төгрөгийн мөнгөн шагналыг олгож байсан. ...” /3 хх 20-25/,
гэрч Г.А-ын “...2020 оны 12 дугаар сард “А ж и” ХХК-иас 2020 оны 06 дугаар сараас 08 сард зохион байгуулсан TAYAS брэндийн чихрийн төрлийн борлуулалтыг өсгөх төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн гээд Бүгд Найрамдах Турк улсад аялах эрхийн бичгээр шагнагдаад COVID-19 гээд явах боломжгүй болоод 2,000,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг өөрийн 5560090035 тоот дансаар авсан. ...” /3 хх 81-86/,
гэрч Б.А-ын “....Худалдааны төлөөлөгч нарын дунд 2020 онд борлуулалтын төлөвлөгөө биелүүлсэн тохиолдолд Бүгд найрамдах Турк улсад аялуулах эрхийн бичгээр шагнах тухай уралдаан, урамшуулал зарлаж байсан. Би тухайн үед болзол хангаад Бүгд найрамдах Турк улсад аялуулах эрхийн бичгээр шагнуулаад 2020 оны 12 дугаар сард цар тахалтай холбоотой гадаад улсад аялахгүй гээд 2.000.000 төгрөгийн урамшууллыг өөрийн хаан банкны 5845366785 тоот дансаар авсан байгаа. ...” /3 хх 90-92/,
гэрч Д.Д-ийн “...Би 2016 онд “В Д” ХХК-ийн хагас жилийн шилдэг худалдааны төлөөлөгч болоод 200,000 төгрөгөөр, 2019 онд "В Д" ХХК-ийн Ховд салбар борлуулалтын шилдэг салбар болоод 1,000,000 төгрөгөөр шагнуулж байсан...” /3 хх 95-97/,
гэрч Г.Б-ы “...Тэр уралдаанд би ороод болзол хангасан юм, тухайн үед Ковид цар тахалтай холбоотой явах боломгүй гээд 2,000,000 төгрөгийн мөнгөн шагналыг олгож байсан, уг шагналыг хөдөө орон нутгаас 10 хүн авч байсан. ...” /3 хх 106-108/,
гэрч Г.Б-гийн “...Би 2019 онд “В Д” ХХК-ийн шилдэг ажилтан болоод 2,000,000 төгрөгөөр шагнуулж байсан. ...” /3 хх 110-115/,
гэрч Ж.А-гийн “...2021 оны 01 дүгээр сард компанийн гүйцэтгэх захирал Г-тай гэрээ байгуулж, 12 дугаар сарын сүүлээр урамшууллыг ажилчдадаа олгож байсан. ...14 ширхэг аялах эрхийн нэг бүрийн үнэ нь 2,100,000 төгрөгөөр бодсон байсан. ... 2021 оны нэг сард өглөг авлагын тооцоог хасаж байсан..." /3 хх 245-247/,
гэрч Ж.У-гийн “...Би ажиллаж байх хугацаандаа 15 аймаг дахь салбар байгууллагын бүх санхүү, борлуулалтын мэдээлэл, санхүүтэй холбоотой бүхий л ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. ... “А ж и” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар болсон гэж борлуулалтын албаныхан надад 2020 оны эхээр хэлж байсан. Намайг ажлаас гарах үед өглөгтэй байсан. Гэрээнд заасан өглөгийн лимит байдаг. ... "А ж и" ХХК-иас зарласан хөтөлбөрийн хүрээнд 14 хүнд 2020 оны сүүлээр 2,000,000 төгрөгийг тус бүр өгсөн. Шалгаруулалт нь 10-11 дүгээр сарын үед явсан. ... “ /4 хх 05-07/,
гэрч Г.М-ын “...2020 оны 03 дугаар сараас 2021 оны 03 дугаар cap хүртэлх хугацаанд "А ж и" ХХК-аас бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хөдөө орон нутгийн салбарт түгээж борлуулдаг. 2021 оны 3 сараас хойш 50,359,767 төгрөгийн өглөгтэй байгаа. ..."А ж и" ХХК-аас зарласан хөтөлбөрийн хүрээнд 14 хүнийг урамшуулсан. ...Хүн тус бүрд 2,000,000 төгрөгийн урамшууллыг олгож, 1,400,000 төгрөгийг компанийн нэгдсэн ажилчдын хуримтлалд шилжүүлсэн. ...” /4 хх 11-12/,
гэрч Б.Г-ын “...300 сая төгрөгийн борлуулалт хийвэл Турк Улсад аялах эрх өгөх хөтөлбөр зарлаж байсан. Тухайн урамшууллыг манай компанийн нийт 16-17 ажилтанд олгосон байх. ...” /4 хх 15-17/,
гэрч Д.Б-гийн “...“В Д” ХХК-д 2020 оноос бараа бүтээгдэхүүний нийлүүлэхдээ 2021 онд хугацаа дуусах доод тал нь 180 хоногоос дээш он сартай бараа бүтээгдэхүүнийг олгож байсан. Дээрх зүйлийг нотлохын тулд нярваас ачигч нарт олгодог падаан дээрээс гар бичвэрээр бичсэн байгаа. Тооллого хийгдээд дуусангуут санхүүд хүлээлгэн өгдөг. ... Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь хугацаа дуусах эрсдэлд ороогүй, борлуулалт удаантай барааны төрөлд ороогүй байсан. ... Манай компанийн хувьд дээр хэлсэнчлэн эхэнд ирсэн барааг түрүүлж борлуулах тогтсон соёл, зарчим байдаг. “В Д” ХХК-д энэ зарчим үйлчлээгүй. ...” /4 хх 41-42/,
гэрч А.А-гийн “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “А ж и” ХХК- ийг төлөөлж борлуулалтын супервайзер П.Б, “В Д” ХХК-ийг төлөөлж борлуулалт түгээлтийн албаны дарга, Б.Б нар "Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээг баталгаажуулсан хүмүүс нь “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Н, “В Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзам нар байна. ...Миний бодлоор гэрээ эхэлснээс хойш буюу 04 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд борлуулалтын доод лимитэд хүрсэн гэж үзэхээр байна. Яагаад гэхээр эхний 3 сард хийгдсэн борлуулалтаар буюу доод лимит тогтоогоогүй борлогдсоноор доод лимитийг тогтоож өгсөн. 6-8 сарын хувьд идэвхжүүлэлт зарлахдаа 3 сарын 310 сая төгрөгийн борлуулалтын төлөвлөгөө тавьж өгсөн. Энэ нь 8 сарыг дуустал 356,140,120 төгрөгийн борлуулалт хийгдсэн сард борлуулалтын төлөвлөгөө тавигдаагүй Вын зүгээс хариу өгөхгүй байсан. 10 сард уулзалт хийгээд борлуулалтын доод лимитийг 145 сая төгрөгөөр тохирсон. Түүнээс хойш 145 сая хүрсэн саруудыг хүрсэн гэж үзээд хүрээгүй саруудад хүрээгүй гэж үзээд явсан... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Борлуулалтын менежер албан тушаалтай Б нь тооцоо нийлсэн акг үйлдэж, ерөнхий нягтлан шалгаад хөнгөлөлт урамшууллыг боддог байсан. ... Борлуулалтыг хариуцаж байсны хувьд дуусах хугацааг нягталж, хянадаг Барааны дуусах хугацааг агуулахын нярвууд бэлдэж өгөөд явуулдаг байсан. Хугацаа дөхөж байгаа талаарх мэдээллийг агуулахын нярвууд өгдөг. ... Хугацаа дуусах дөхсөн барааны мэдэгдлийг хүлээж авсан цагаас хойш 10-15 хоногт буцаалтыг авдаг. Тухайн газар нь мэдэгдлээ 60 хоногоос өмнө мэдэгддэг. Өөр ямар тохиолдолд буцаалт хийдэг вэ гэхээр дэлгүүр татан буугдах тохиолдолд бараагаа буцааж авдаг. Уг процессыг гэрээгээр зохицуулж, дотоод журмаар зохицуулагддаг. ... В компанид манай компаниас Ториоро брэнд дээр cap орчмын хугацаа үлдсэн барааг бүтээгдэхүүнийг нийлүүлэх тохиролцоо хийсэн Тухайн тохиролцоонд 1+1 юм уу 2+1 гэсэн урамшуулалтай бараа нийлүүлсэн. Дампа чихэр дээр 2 сараас дээш хугацаатай бараа нийлүүлсэн. Тухайн борлуулалт дээр турк улс руу аялуулах эрхтэй хөтөлбөр зохион байгуулсан. ... Л.Н-ыг захирлаар ажиллаж байх хугацаанд 2020 оны 05 дугаар сард хүүхдийн баярын бэлэг бооход зориулж хүүхдийн шампанскийг "В" ХХК-ниас худалдан авалт хийсэн байсан. Тухайн шийдвэрийг Л.Н гаргасан бөгөөд худалдан авалтын гэрээ хийгээгүйгээр худалдан авсан байсан. ...” /4 хх 44-46, 59-61/,
гэрч П.Б-ын “...Хөнгөлөлт, урамшуулалтын хувьд компанид ашигтай, ашиггүй байсан талаар мэдэхгүй байна... Хөнгөлөлт, урамшууллаар орон нутгийн борлуулалтыг дээшлүүлсэн. Миний тооцооллоор өндөр зардал гаргасан байсан... Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөөний төвүүдтэй хамтарч ажилладаг байсан 2020 онд тэдгээр бөөний төвийн борлуулалт 1.6 тэрбум төгрөг “В Д” компани нь 1 тэрбум байсан. Борлуулалтын дүн адилхан мөртлөө маркетингийн зардпын зөрүү байгаа. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулах бөөний төвд “В” компани шиг хөнгөлөлт авч байгаагүй. Зөвхөн “В” компанид 2020 онд хөнгөлөлт, урамшууллыг олгосон... А захирал хэлэхдээ Турк улсад аялуулах эрх Таяас брэндээс авах боломжтой байна. Энийг ашиглаад үлдэгдэл ихтэй барааг борлуулъя. Ялангуяа ориентод төвлөрөөрэй гэсэн. Үүний дагуу А захирал санаачилж, зөвхөн В компанид чиглэсэн хөтөлбөр юм. ..." /4 хх 70-71/,
гэрч Б.Б-гийн “...“В Д” ХХК нь өнөөдрийн байдлаар нийт татан авалт нь 1,441,879,380 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг татан авсан. Үүнээс 1,033,732,874 төгрөгийг “А ж и” ХХК-д төлсөн. Үүнээс гэрээний дагуу хөнгөлөлт 135,930,377 төгрөгийг хөнгөлүүлсэн. “А ж и” компаниас зарласан идэвхжүүлэлтийн урамшуулал 40,646,104 төгрөг үлдэгдэл 205,359,704 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлдсэн байна. ... Архангай аймаг дахь салбарын Л, Хархорин Х, Увс Б, Ховд А, Эрдэнэт салбарын А, Л, Э, Хөвсгөл салбарын Х, Өвөрхангай А, баруун бүсийн менежер А, төвийн бүсийн менежер Б, тооцооны нягтлан М, Хэнтийн Б болон миний бие гэсэн хүмүүс 2 сая төгрөгийг тус тус авсан. Тухайн тооцоог “А ж и” ХХК нь хөнгөлөлтөөр хассан. Тухайн урамшууллыг бүгдийг нь цалин руу нь 2021 он гарахаас өмнө авч байсан шиг санагдаж байна. ... Манай компанийн зүгээс хамгийн багадаа 6 сарын хадгалах хугацаатай бараа бүтээгдэхүүнийг А ж иийн агуулахаар авдаг байсан. Догтат брэндийг Л.Н-ын санаачилгаар Монгол Улсад оруулж ирсэн. Л.Н гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа “Эс Жи Эл Эм” компани Догтаттай гэрээ байгуулж оруулж ирсэн бөгөөд манай компани хөдөө орон нутгийн борлуулалтыг хийж байгаа. ...” /4 хх 86-87/,
гэрч С.С-ийн “...Ж захирал яаж ч бодсон зүгээр хүнд тээврийн хэрэгсэл өгөхгүй. Зээлийн гэрээ байх ёстой. Л.Н-ыг байгуулсан ямар нэгэн гэрээ байх ёстой үүнийг М захирал мэдэж байгаа байх эсхүл хуульч А мэдэж байж магадгүй. ... “В” ХХК-ийн хувьд борлуулалтын өсгөх чиглэлээр зөвлөгөө заавар өгч ажилладаг. “В Д” ХХК-ийн хувь мөн борлуулалтыг өсгөх чиглэлээр зөвлөгөө, заавар өгч ажилладаг. “В и” ХХК-ийн хувьд ажлын гол гол үзүүлэлтийг дэмжих сайжруулах, ажлын гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт тодорхойлох KPI талаар зөвлөгөө, зааварчилгаа өгдөг байсан. Л.Н-ын заавар, зөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн үнэлгээг сайн гаргаж, хэмжиж чаддаг болсон. Ашигтай, зардал багатай ажилласан талаар би тооцоог нь үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Төлбөр, хөлс, урамшууллын талаар би өөрөө тохироогүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан төлбөр хөлс авсан байх. Уг харилцааг манай компанийн зүгээс гэрээ контрактаар зохицуулсан байх гэж бодож байна. ...” /4 хх 99-100/ гэсэн мэдүүлгүүд,
“А ж и” ХХК-ийн лавлагаа болон хувийн хэрэг зэрэг холбогдох баримтууд /3 хх 132-162/,
“А ж и” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Н-ыг холбоотой санхүүгийн тооцоо, өглөг, авлагад хяналт шалгалт хийсэн ажлын тайлан /1 хх 12-70/,
“А ж и” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 2/584 тоот дугаартай “В д” ХХК-д Хөнгөлөлт олгох тухай мэдэгдэл /1 хх 29/,
“А ж и” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны 2/626 тоот дугаартай "В д” ХХК-д Хөнгөлөлт олгох тухай мэдэгдэл /1 хх 30/,
“А ж и” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 2/640 тоот дугаартай “В д” ХХК-д Хөнгөлөлт олгох тухай мэдэгдэл /1 хх 31/,
Турктэй холбоотой гаргасан маркетингийн хөтөлбөрийн дүгнэлт, мэдэгдэл /1 хх 34/,
“А ж и" ХХК-ийн 2020.06.01-2020.08.31-ний өдрийн хооронд “В д” ХХК-д явуулах идэвхжүүлэлт /1 хх 35/,
2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “А ж и” ХХК-ийн захирлаар В.Энхбаатарыг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 71-72/,
“А ж и” ХХК-ийн дүрэм /1 хх 73-76/,
“А ж и” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаар захирлын тушаал болон хөдөлмөрийн дотоод журам /1 хх 77-89/,
“А ж и” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай “...Арван долоо . Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт бичиг хувилах, олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох...Компанийн тамгыг гүйцэтгэх захирал барина. ...” /1 хх 89/,
“А ж и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ыг томилсон итгэмжлэл /1 хх 90/,
хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл болон сайн дурын үндсэн дээр Л.Наас гаргаж өгсөн баримтууд /1 хх 91-115/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 95-96/,
“В” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх, шинэчлэн томилох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол болон контракт /1 хх 117-121, 127-134/,
Л.Наас “А ж и” ХХК-д хандаж бичгээр гаргасан хүсэлт /1 хх 135/,
“А ж и” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх орлогын дэлгэрэнгүй тайлан /1 хх 136-137/,
“А ж и” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/125 дугаартай захирлын “Л.Н-ыг ажилд авах тухай” тушаал /1 хх 138, 122-126/,
“А ж и” ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлан /1 хх 139-144/,
“А ж и” ХХК-ийн 2020.01.01-2020.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны орлогын дэлгэрэнгүй тайлан /1 хх 139/,
Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа /1 хх 147-156/,
Цахим хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Л.Н-ын “В” ХХК-ийн ажилтнуудтай харилцаж байсан и-мэйлүүд /1 хх 158-204, 2 хх 128-132, 165-224/,
Суурин компьютерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 204-221/,
Л.Н-ын эзэмшлийн банкны дансны мэдээлэл болон гүйлгээний хуулганууд /1 хх 221, 2 хх 32/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл болон баримтууд, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 34-39, 40-41, 65-97, 98/,
“А ж и” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21/52 дугаар гомдолд нэмэлт тодруулга өгөх тухай бичгээр ирүүлсэн тодруулга болон хавсралт баримтууд /2 хх 42-64/,
“А ж и” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны 2020 оны /2020.01-2020.10/ ажлын гүйцэтгэлийн тайлан /2 хх 70-83/,
“А ж и” ХХК-аас “В д” ХХК-д явуулсан албан бичиг, хавсралт баримтуудын хуулбарууд /2 хх 84-94/,
“А ж и" ХХК-аас "В д" ХХК-д хямдрал олгох тухай 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/433 дугаар албан бичиг болон хавсралт /2 хх 84-85/,
“А ж и” ХХК болон Orion World компани хоорондын мэйлээр харилцан хуулбар /2 хх 140-145/,
“А ж и” ХХК болон “В д” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Худалдааны хамтран ажиллах” ../... дугаартай гэрээ, хуулбар, тухайн гэрээний дагуу хийгдсэн урамшуулал, хөнгөлөлтүүдийн тооцооллын хуулбарууд /2 хх 149-164/,
гэрч Г.Б-гийн Хаан банкны депозит дансны гүйлгээний хуулга /3 хх 11/,
гэрч Г.А-ын Хаан банкны депозит дансны гүйлгээний хуулга /3 хх 85-86/,
“А ж и” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /3 хх 132-133/,
“А ж и” ХХК-ийн 2013.02.21-ний өдрийн Хувьцаа эзэмшигч, гишүүний “...В Э /энгийн хувьцаа/ 100 хувь...” гэх мэдээлэл /3 хх 132/,
2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07210026 дугаар мөрдөгчийн магадалгаа /4 хх 110-117/,
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “ЗЦН-Аудит” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /4 хх 120-163/,
Падаанаар олгосон үнэгүй барааны /2020.03.24-2020.12.22/ жагсаалт /4 хх 167-174/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр санхүүгийн шинжээчийн дүгнэлт /4 хх 220-223/,
Л.Н-ын ажлын байрнаас үзлэгээр хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 03/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /5 хх 10-34/,
“В” ХХК-нд үнэгүй олгосон барааны тооцоолол болон холбогдох баримтууд /5 хх 208-209, 6 хх 01/,
Албан тоот бичиж төлбөрөөс хассан талаарх тооцоолол, холбогдох баримтууд /6 хх 02-28/,
Турк аяллын хөтөлбөртэй холбоотой тооцоолол болон холбогдох баримтууд /6 хх 29-129/,
Л.Н-ын “А ж и” ХХК-иас хувьдаа авч ашигласан бараа материал, бэлэн мөнгөний тооцоолол болон холбогдох баримтууд /6 хх 130-144/,
“А ж и” ХХК-ийн санхүүд гаргасан “..."А ж и" ХХК- ийн гүйцэтгэх захирал Л овогтой Н миний бие 15,000,000 төгрөг цалингийн зээл авах хүсэлтэй байгаа тул зээл олгож өгнө үү. Зээл төлөх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр. ...” гэх хүсэлт /6 хх 142/,
Л.Н-ын “А ж и” ХХК-ийн дотоод мэдээллийн бусдад тараасан холбогдох баримтууд /6 хх 145-184/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /8 хх 40-119/ зэрэг баримтуудаар Л.Н нь “А ж и” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн, цагаатгагдсан этгээд Л.Н-ыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш буюу завших гэмт хэргийн субьект биш байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болох нь “А ж и” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн болон контрактын гэрээ, компанийн дотоод журам зэргээр нотлогдож байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд мөн хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг төлөөгүй, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.
Энэ гэмт хэргийн обьектив талын шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байдаг бол субьектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх юм.
Цагаатгагдсан этгээд Л.Н нь завших гэмт хэргийн субьектийн шинжийг хангаж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин “В” ХХК болон Л.Н нарын хооронд байгуулсан Контракын гэрээ, “А ж и” ХХК-ийн дүрэм, “А ж и” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаар захирлын тушаал болон хөдөлмөрийн дотоод журам зэргээс үзэхэд, Л.Н-ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, итгэл эвдсэн /өөр байгууллагад давхар ажилласан/ үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба уг асуудал Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энэрэлийн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1121 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР