| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2408003041687 |
| Дугаар | 2025/ДШМ/815 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/815
2025 07 03 2025/ДШМ/815
Г.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбаяр,
хохирогч Б.Д-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,
шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Х.Ургаа,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1329 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2408003041687 дугаартай хэргийг 2025 оны 06 дугааар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
........... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../;
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь “механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Б-ээс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 12.644.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгож, шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Д-ыг цохиж, зодож байсан удаа байхгүй. Б.Д бид хоёр 2016 оноос эхлэн хамтран амьдарч 2017 онд охинтой болж, 2020 онд хүүтэй болсон. Хамтран амьдраад удаагүй байхад өмнө нь үерхэж байсан залуугаасаа болж сургуулиасаа жилийн чөлөө авч энэ хугацаанд өөрийнхөө амийг хорлохыг завдаж гарынхаа судсаа ханаж байсан гэж яриад соривоо харуулж байсан. Гэвч мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд оюутны байрны цонхны шил хагарч зүссэн гэж худал мэдүүлсэн. Б.Д нь ааш зан тогтворгүй, уурлаж бухимдсан үедээ гарт таарсан болгоноо авч шидэн гэрийн эд хогшлийг эвддэг. Утас, аяга, таваг шидэлж, хутга шөвөг барьж, үсээ зулгааж, хана мөргөж, цонхоор үсрэх гэдэг явж байгаа машин тэрэгнээс үсрэж буух гэдэг, намайг цохиж байгаад буцаж явж жижиг өрөө рүү ороод жижиг өрөөний хаалгыг дотроос түгжсэн байсан тул хаалганы бариулыг урагш хойш хүүтэй хэд хэд мушгиж онгойлгож ороход даацын цам нуруунд тогтоосон ханын турникээс хар цоохор өнгийн бүсээр өөрийгөө боомилсон байсан. Би сандран хажууд байсан төгөлдөр хуурын сандал дээр нэг хөлөөрөө гишгэн цээж өргөн турникээс уяаг мултлан буулган ирж хоолойноос уяаг тайлж шидээд хиймэл амьсгал хийхэд орой идсэн хоол болон уусан дарсаараа бөөлжсөн. Үүдний хэсгээс үнэртэй ус авчиран үнэртүүлж, жижиг өрөөнөөс тэврэн гарч том өрөөний хивс нь дээр хөлөө дэрлүүлж хэвтүүлээд 23 цаг 30 минут орчимд түргэн дуудсан гэвч түргэн ирэхгүй удсан тул хэд хэдэн удаа залган дуудлага өгөөд мөн өөрийн аав, ээж хоёрыг утсаар дуудсан. Аав, ээж хоёрыг дөнгөж орж ирмэгц араас нь түргэний эмч орж ирэн үзлэг хийгээд ГССҮТ эмнэлэг авч явахаар болоход би өөрөө цагдаад дуудлага өгч бүртгүүлээд Б.Д-ыг өөрийн ээж Дорждэрэмийн хамтаар түргэний машинаар эмнэлэг авч явсан. Охин Н-ийн өвөө нь болох үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэсгээс утасдан дуудахад очиж гэрчээр мэдүүлэг эгч ..-... тоотод ирэн үзлэг хийж эд мөрийн баримт болох хар цоохор бүсийг хурааж авсан. Түргэний эмчийн мэдүүлэгт Б.Д-ыг угаалгын өрөөнд боомилсон байсан угаалгын өрөөний үүдэнд байсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Би түргэний эмчид ямар нэгэн байдлаар тэгж хэлээгүй, түргэний эмчийг орж ирж үзлэг хийх үед том өрөөний хивс нь дээр хөлөө дэрлүүлэн хэвтүүлж байсан. Б.Д-ыг эмнэлэгт байх хугацаанд эгч нар нь болох А, Б нь Б.Д-тай уулзуулахгүй байсан тул арга ядан эмчлэгч эмчээс нь эхнэрийнхээ биеийн байдлыг асууж байсан. Эмч нь хэвийн биеийн байдал нь тогтвортой байгаа эмнэлэгээс гарахаар нь сэтгэцийн эмчид үзүүлээрэй гэж зөвлөгөө өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгээс гарч орой нь ирж өөрийн хувцас, эд зүйлээ болон хоёр хүүхдийг авч явсан. Дараа нь энэ уяагаар чамайг боосон гэж мэдүүлэг өгөөд ягаан өнгийн халаадны бүс гаргаж мөрдөн байцаагчид өгсөн байсан. Би Б.Д-д ямар нэгэн ягаан өнгийн бүс өгөөгүй. Өөрийнх нь гэрт өмсдөг халаадны бүс 12 дугаар сарын 28-ны орой ирж явахдаа тэр халаад гээд бүх хувцасаа авч явсан. Мөн Б.Д нь хэрэг болохоос өмнө утсаа эвдчихээд охин Н-ийн утсыг барьж байгаад явахдаа орхиод явсан байсан тул хэсэг хугацааны дараа охины утсыг асааж үзтэл Б.Д-ын Facebook, messenger нь нээлттэй байсан орж үзтэл нагац эгч С болон өөрийн эгч нараасаа хөхөрсөн зураг асууж интернетээс татаж авъя гэх мэт хоорондоо харилцсан зурвасууд байсан. Хөхөрч няцарсан зураг цуглуулж намайг гүтгэж байсан. Эгч нартайгаа зурвасаар харилцан Г.Б-ийг заавал шоронд суулгана гэсэн харилцсан зурвасууд байгаа. Г.Б миний бие эхнэр болох Б.Д-тай гэр бүлийн хэмжээнд санаа оноо зөрж маргалдаж байснаас бусдаар цохиж, зодож гар хүрч байсан удаа байхгүй. Б.Д нь өөрийгөө боомилчихоод намайг алгадаж унагаад араас боож алахыг завдсан гэж худал хэлж мэдүүлэг өгсөн байхад намайг 7 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд гомдлыг минь хүлээн авч цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Х.Ургаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.
Шүүх дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлж тусгаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шалгаж үнэлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл байгаа болно. Тухайлбал,
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.О-ийн шинжээчээр өгсөн мэдүүлэгт: “Хэргийн газрын үзлэгээр хүзүүний урд 2 хажуу хэсгийг улаан ягаан өнгийн дарагдлын оромтой, уг ором нь хүзүүний баруун хэсэгт эрүүний 6 см байрлалтай хүзүүний зүүн хажуу хэсэгт зүүн хөхлөг сэртэн хүрч төгссөн зүүн чихний омгоос 3 см зайд байрлалтай 0,4-0,8 см өргөн дарагдлын ором байгаа нь дүүжлэлтийн үед үүсдэг дарагдлын ором ба хойноос боох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. /1 хх 180 тал/ өмгөөлөгчийн зүгээс энэхүү нотлох баримгыг шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолд огт тусгаагүй.
Хавтас хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.Н 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлсэн, мөн хохирогчийн /1 хх 156-159/ мэдүүлэгт: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоолой боосон гэх үйлдэл гал тогооны орчим болсон. Энэ үйл явдал болоход манай охин том өрөөний буйдан дээр унтаж байсан. ...” гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нь дүгнэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай гэсэн. Шүүхээс өгч буй дүгнэлт нь хэргийн бодит байдал болон нотлох баримтууд нь өөр хоорондоо маш их зөрүүтэй байгааг огт хараагүй, энэ талар дүгнээгүй бага насны гэрч Б.Н-ийг хохирогч унтаж байсан гэх мэдүүлэг өгсөн мөн шүүгдэгч нь гэрчээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө унтаж байсныг хэлсэн атал унтаж байсан хүүхэд яаж хэрэг учралыг мэдэх боломжтой бэ гэсэн асуулт гарч ирнэ энэ талаар огт дүгнээгүй.
Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг /16.3, 16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гарсан
1.11. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ.
1.12. Бага насны гэрч, хохирогч хэргийн талаар тусган авсан нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг үндэслэн урьдчилан гаргуулсан байвал зохино. Бага насны хүүхэд нь санаатайгаар худал ярих чадваргүй боловч үнэн бодит ба зохиомол хоёрын ялгааг ухамсарлахгүйгээс тодорхой мэдрэмж нь бодит байдлаас эсхүл зүүд, төсөөллөөс бий болсныг ялган үзэхгүйгээр хийсвэрлэж ярих магадлалтай тул түүний хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл зүйчийг мэдүүлэг авахад заавал оролцуулах, мэдүүлгийг хүүхдийн тусгай өрөөнд авч дуу дүрсний бичлэгээр баталгаажуулах шаардлагатай ба энэ нь мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж тайлбарласан ба бага насны гэрчийг тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд унтаж байсныг шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь мэдүүлгээр хэлдэг атал мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн. Мөн 2 дахь мэдүүлгээр огт хэргийн талаар мэдэхгүй гэдгээ бас хэлсэн атал энэ талаар шүүхээс ямарч дүгнэлт хийгээгүй. Мөн анх гэрчээр байцаахад хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эгчийг оролцуулсан бөгөөд сурган хүмүүжүүлэгч хүүхдийн сэтгэл зүйч огт оролцуулаагүй, мөн мэдүүлгийг дуу дүрсний бичлэрээр баталгаажуулаагүй. Бага насны гэрч 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхөд сурган хүмүүжүүлэгчтэй мэдүүлэг өгсөн бөгөөд энэ байдлыг анхан шатны шүүх тал бүрээс үнэлж дүгнээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн заалтыг огт хэрэгжүүлэлгүй хэрэг учрал гарахад унтаж байсан бага насны хүүхдийн мэдүүлгийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчиж үнэлсэн.
Анхан шатны шүүхэд өмгөөлөгч миний бие хавтас хэрэгт авагдсан хохирогчийн хүзүүнд үүссэн байгаа хагас тойрог ором хүний хүчин зүйлээр үүсгэгдэх боломжгүй. Тухай хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч Ц.О-ийн мэдүүлгийг дээр дурьдсан бөгөөд тухайн хохирогчид үүссэн гэмтлийг хүний хүчин зүйлээс үүсээгүй гэдгийг 0,4-0,8 см өргөн дарагдлын ором байгаа нь дүүжлэлтийн үед үүсдэг дарагдпын ором гэдгийг хэлсэн нь хууль зүйн хувьд тухайн гэмт хэргийн гол нотлох баримт байх ба энэ нөхцөл байдлыг шүүх анхааран үзэж хууль зүйн дүгнэлтийг гаргасан атал энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй.
Түргэнээр очсон эмч Н.Б нь хэдий хугацааны дараа мэдүүлэг өгсөн гэдгийг шүүх анхааран үзэх байсан, яагаад гэхээр шүүгдэгчийн өөрийгөө боймилсон гэдгийг хэлж байгаа боловч тухайн байршлыг өөрөөр хэлсэн нь үнэхээр тухайн цаг хугацаанд болсон асуудлыг баттай санаж байсан гэхэд эргэлзээ төрдөг, мөн энэхүү гэрч нь дамжмал гэрч байсан гэдгийг анхан шатны шүүх анхааран дүгнэлт хийгээгүй.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадаагүй эргэлзээтэй нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэрэг үйлдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, орон зай цаг хугацааны талаар буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар таамагласан шинжтэй нөхцөл байдлыг тусгасан нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийн нотлох баримтыг харьцуулж судлаагүй, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зүйл, заалтыг тус тус зөрчсөн байна. Дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт би хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар асуулт хариултууд явагдсан бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтынхаа үндэслэлийг насанд хүрээгүй гэрч н.Н-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд гарсан бөгөөд шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар үгүйсгэж маргасан, мөн хохирогчийн хувьд өөрийг нь шүүгдэгч боох байдлаар энэ нөхцөл байдалд оруулсан гэж харилцан эсрэг ашиг сонирхолтой оролцсон. Энэ гэмт хэргийн талаар харсан үзсэн хүн нь насанд хүрээгүй гэрч н.Н байсан. Гэтэл насанд хүрээгүй гэрч н.Н-ийг шүүхийн хэлэлцүүлэгт бүрэлдэхүүнээс асуусан асуултууд хэлэлцэгдсэн. Мөн энэ талаар өмгөөлөгч нарын зүгээр энэ талаарх байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг явдлын дараагаар маргааш нь хохирогчийн гэр бүлийн гишүүд насанд хүрээгүй гэрчийг Сэлэнгэ аймагт аваачсан. Үүнээс болж харилцан эсрэг хамааралтай гэр бүлийн эгч дүүс, мөн харилцан эсрэг сонирхолтой байгаа насанд хүрээгүй гэрч, гэтэл насанд хүрээгүй гэрч мэдүүлэг өгөхдөө “ягаан өнгийн халаадны бүсээр ээжийн хоолойг боосон, цохиж гар нь хөхөрсөн, мөн ээж, аав аль аль нь эрүүл байсан, мөн нэг удаа алгадаж цохиод нүд нь хөхөрсөн” гэсэн. Өөрөөр хэлбэл, хүний биед учирч байгаа гэмтэл нь тэр даруй илэрдэггүй тул эргэлзээтэй мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Мөн мэдүүлэгтээ “аав ээжийг өвтгөсөн, ээж дүү бид 3 Сэлэнгэд ирж амьдарч байгаа” гэсэн. Энэ мэдүүлгийг миний үйлчлүүлэгчийг хохирогч Б.Д-ын биед санаатай гэмтэл учруулсан, мөн бусад нотлох баримтаар түүний мэдүүлэг дэмжиж байна гэсэн нь эргэлзээтэй байна. Насанд хүрээгүй гэрчийг маргааш нь Сэлэнгэ аймаг руу авч явсан үйл баримт тогтоогдсон. Иймээс энэ нь ямар нэгэн оролцоотой бөгөөд өмгөөлөгч Х.Ургаагийн дурдсан Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа анхаарах зүйлүүдийг дурдаагүй. Мөн нэгдмэл сонирхолтой хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж мэдүүлэг авсныг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь эргэлзээтэй байна. Мөн шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд гарсан дүгнэлт нь боосон нөхцөл байдал хүний хүчин зүйлээр үгүйсгэгдээгүй, мөн боосон гэдгийг тогтоогдох боломжгүй гэсэн мэдүүлгүүд миний үйлчлүүлэгчийг хэрэгжүүлсэн гэдэгт нь үндэслэл бүхий эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлээ тайлбарлахдаа насанд хүрээгүй гэрч н.Н-ийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн “Б надад өөрийгөө боосон гэж надад өгсөн ягаан өнгийн бүс надад өгсөн бүс” гэх мэдүүлэг, хэргийн газрын турникт уяж байсан гэрэл зургаар бэхжүүлэгдсэн хар цоохор өнгийн уяаанаас зөрүүтэй байх тул шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг дүгнэхэд эргэлзээтэй гэсэн нөхцөл байдлаар дүгнэлт өгсөн. Харин хохирогч Б.Д нь гэр бүлийн хүрээнд үүссэн маргааны улмаас өөрийгөө боосон нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. Гэтэл яллагдагч, шүүгдэгчийн өөрөө гэм буруугаа хүлээхгүй оролцох эрхтэй боловч миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт зориуд нөхцөл байдлыг илт үгүйсгэж худал мэдүүлэг өгөөгүй. Харин ягаан өнгийн цагдаагийн албан хаагчид хохирогч Б.Д гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд тусгагдсан шиг шүүгдэгч Г.Б нь хохирогчид энэ чиний өөрийгөө боосон бүс гэж хохирогчид өгөөгүй бөгөөд энэ нь үйл баримтын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Мөн турникт боосон хар өнгийн бүсэд анхан шатны шүүхээс ач холбогдол өгсөн бөгөөд дүгнэлтийн үндэслэлдээ дурдсан байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн уяаны талаар өгсөн мэдүүлгүүдийг үнэлэхэд эргэлзээтэй, худал мэдүүлэг өгч байна гэсэн дүгнэлт өгч байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн өмгөөлөгч Х.Ургаа мөрдөн шалгах ажиллагааны явцад олон удаа хүсэлт гаргаж, зармыг нь харгаж, зармыг нь хангаагүй байдалтай харагддаг. Шүүх бүрэлдэхүүнээс хүний хүчин зүйлээр үүсгэгдэнэ биз гэсэн. Гэтэл үүнийг бид шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд өөрөөр хэлбэл, хохирогчийн гаргаж өгсөн бүс, мөн турникт уяатай байсан бүс зэргийг энгийн нүдээр буюу оролцогчийн мэдүүлгээр дүгнэх боломжгүй бөгөөд шүүхийн практикт байдаг энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэсэн эд мөрийн баримтыг шинжлүүлэх талаар тогтсон практик байдаг. Энэ нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Их сургуулийн бараа судлалын зохих мэргэжилтнгээр дүгнэлт гаргуулъя, энэ үндэслэл бүхий байдал, эргэлзээ бүхий байдлыг шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтээр тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна гэсэн байр суурийг гаргаж байсан. Гэвч хууль заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлын талаар анхан шатны шүүхэд яригдсан. Энэ нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгасан боловч үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсэн байсан. Гэвч ганцхан насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Д-ын өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдолтой өмгөөлөгч бид нарыг танилцуулаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь давж заалдах гомдолдоо бичсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар хууль үндэслэлээр няцаах гэж байгаа. Мөн Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан эрхийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудал болон цагаатгах байр суурьтай холбогдож байгаа нотлох баримтуудыг няцаах талаар өнөөдрийг хүртэл хүсэлт, гомдол гаргаагүй. Мөн анхан шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах байр суурьтайгаар биш ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зүйлчлэлийг өөрчлөх байр суурьтай оролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүхэд өөр байр суурь илэрхийлж, мөн гаргаж байгаа тайлбар нь зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Д-ыг шүүгдэгч Г.Б-ийн анхны мэдүүлгээр унтлагын өрөөнд өөрийгөө дүүжилж боосон гэж хэлдэг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ түргэний эмч н.Бат-Үүлийн мэдүүлгээр байнаны өрөөний үүдэнд татганан хэвтэж байсан” гэж шүүгдэгч Г.Б-ээс асуухад “байнаны өрөөнд өөрийгөө дүүжилсэн байсан” гэж зөрүүтэй тайлбарыг өгсөн. Түүнчлэн тухайн хэрэг болсны 3 цагийн дараа дуудлага мэдээлэл өгч байгаа нь өөрөө тухайн хийсэн үйл баримтаа нуун далдлах зорилготой байсан. Эхний мэдүүлэгтээ манай ээж ирээгүй гэж тайлбарлаж байсныг охины мэдүүлгээр эмээ, өвөө аль аль нь ирсэн гэсэн тайлбарыг авсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад эмээ, өвөө нь авсан мэдүүлэгт байсан талаараа дурдсан. Иймээс эргэлзээ бүхий байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Насанд хүрээгүй гэрч н.Н-ийн хувьд түүний эгчтэйгээ мэдүүлэг өгсөн талаар шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаас хасуулах талаар ямар ч хүсэлт гаргаагүй. Энэ нөхцөл байдлыг харахад хэрэгт байгаа бөөс түүнэ гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүх гарсан бөгөөд баримаар нотлогдож тогтоогдсон. Насанд хүрээгүй гэрч н.Н-ийн гаргасан мэдүүлэгт “аав архи уудаггүй, тамхи татдаггүй, гэвч ээжтэй байхдаа байнга хэрүүл, маргаан хийж тав тухгүй байдаг” талаар дурдсан. Иймээс насанд хүрээгүй хүүхдийн мэдүүлгийг яагаад хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна вэ. Хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох ёстой этгээд өөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа учраас хохирогчийн төрсөн эгчийг оруулсан. Мөн дараагийн мэдүүлэгтээ сурган хүмүүжүүлэгчийг оролцуулсан гэсэн тайлбар байгаа талаар шүүхээс анхаарч үзээсэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Д-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй, Х.Наранзул өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.
Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хэсгийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо хохирогч Б.Д нь өөрийгөө боомлосон гэсэн асуулга бүхий гомдол гаргаж, энэ талаар мэтгэлцэж оролцож байгаа боловч шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн тогтвортой 2 удаагийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч н.Н-ийн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Д өөрийгөө боомлосон гэсэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хохирогч “өөрийгөө боомлох санаа зорилго байгаагүй, би ийм үйлдэл гаргаагүй” гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Мөн шинжээчийн 196 дугаар дүгнэлтээр хохирогчийн цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн хоолойг нь уяагаар боохоос өөрөөр хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан нь хохирогчид учирсан бусад гэмтлээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч “эрэгтэй хүнээс бэлэг авсан тухайгаа хэлэхэд шүүгдэгч шууд гараараа цохиж авсан, цохих үед нь би газар унаад 2, 3 удаа өнгөрсөн” гэж мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй гэрч Н мэдүүлэгтээ “аав гараа дэлгэж байгаад ээжийн баруун гар руу цохисон, ээжийн гар хөхөрсөн, мөн нүд рүү цохисон” гэж мэдүүлснээр хохирогчийн биед халдах шалтгаан тогтоогдсон гэж үзэж байна. Мөн насанд хүрээгүй гэрч н.Н нь шүүгдэгчийн төрсөн охин боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт нь түүний төрсөн эх хохирогч Б.Д-ыг байлцуулаагүй бөгөөд түүний төрөл садны холбоотой хүний байлцуулсан. Дахин мэдүүлэгт нь гэр бүл хамгаалах төвийн мэргэжилтнийг оролцуулсан. Хэдийгээр насанд хүрээгүй гэрч н.Н нь шүүгдэгч болон хохирогчийн төрсөн охин бөгөөд тухайн 7 настай хүүхэд би аавынхаа эсрэг мэдүүлэг эгч, ээжийнхээ үгэнд орох ёстой гэсэн хандлага харагдах боломжгүй. Учир нь тухайн хүүхэд ээж, аавынхаа аль альд нь хайртай, хэн хэнтэй нь хамт байх хүсэл сонирхолтой байгаа гэдэг утгаар хэн нэгнийхэн эсрэг илт худал мэдүүлэг өгөх боломж байхгүй гэж үзэж байна. Мөн насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний төрөл садны хүнийг оролцуулж мэдүүлэг авч болно гэж хуульчилсан бөгөөд энэ хуулийн шаардлагыг хангаж авсан мэдүүлгийг үгүйсгэж, няцаах боломжгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад аль тал нь цагаатгах нотлох баримтаар шинжлэн судлах вэ, аль тал нь яллах нотлох баримтаа шинжлэх судлуулах гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яригдах асуудал болохоос биш энэ нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 316 дугаар дүгнэлтээр хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдсаны улмаас хохирогчийн хүзүүнд үүссэн хүнд гэмтлүүд гэдгийг тогтоосон. Энэ дүгнэлтээр хүнд гэмтэл нь уяа гогцоогоор үүссэн. Харин уяа гогцоогоор үүсгэж байгаа гэмтлийг хэн үүсгэсэн бэ, хэний ямар үйлдлийн улмаас үүсэн бэ гэдгийг шалгаж тогтоож шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоохоос биш, уяа гогцоогоор үүсэх боломжтой гэсэн дүгнэлтэй маргах боломжгүй байна. Мөн шүүгдэгч 2 цагийн дотор эмнэлгийн байгууллага эсхүл хохирогчийн төрөл садан руу хандах боломжтой байсаар байтал өөрийн төрсөн эцэг, эхийг түрүүлж дуудсан. Яагаад цагдаагийн байгууллагад хандсан бэ гэвэл түргэний эмчийн мэдүүлэгт “хохирогчийг шүүгдэгчтэй хамт авч явж байх явцдаа шүүгдэгчийг одоо цагдаа дуудах ёстой шүү” гэдэг байдлаар цагдаад дуудлага өгүүлсэн нөхцөл байдал тогтоосон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч өөрөө ямар нэгэн байдлаар цагдаад хандах сонирхол байгаагүй гэдэг нь харагддаг. Мөн хохирогчийг ухаан алдаж унахаас өмнө зүйлээ санаж байна уу гэдэг асуудал яригдсан. Хохирогч мэдүүлэгтээ “шүүгдэгч намайг цохиж авсан, би газарт унах үедээ миний толгой манарсан, хэсэг манарсан байх хугацаанд миний араас боосон гэдэг байдлыг санаж байгаа талаараа удаа дарааллан мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар боосныг санахгүй, ямар ч байсан ухаан алдаж унахад миний араас боосон гэдэг нөхцөл байдлыг мэдүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагад хандсаны дараа цагдаа эмнэлэг дээр нь очоод буцаад хэргийн газрын үзлэг хийлгэхээр шүүгдэгчийг дагуулж явах явцдаа хар цоохор өнгийн уяагаар хохирогч өөрийгөө боомилосон гэж цагдаад мэдүүлсэн. Гэтэл хохирогчийг ухаан орох явцад чи энэ халаадны уяагаар өөрийгөө боомилохоор оролдсон гэж хохирогчид шүүгдэгч тухайн уяаг өөрөө өгсөн. Иймээс хэрэгт хохирогчийн хоолойг боосон гэдгийг 2 өөр агуулгаар шүүгдэгчийн хэлсэн мэдүүлгээр 2 өөрөөр тогтоогдсон учраас хэрэгт 2 уяа эд мөрийн баримтаар тогтоосон. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо гэм буруугийн үндэслэл, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, шүүгдэгчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн талаар дэлгэрэнгүй дурдаж үндэслэл бүхий дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь “механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, “...2025/ШЦТ/1329 дүгээр шийтгэх тогтоолоор Г.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заасныг зөрчжээ.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийн “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан...” үйлдлийг “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж хөнгөрүүлэн өөрчилж дүгнэхдээ Эрүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж, гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заажээ.
Гэмт хэрэгт завдах гэж субъект гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг санаатай эхэлсэн боловч субъектээс үл хамаарах шалтгааны улмаас үйлдэл бүрэн төгсөөгүй байхыг завдалт гэнэ.
Төгссөн завдалт гэдэг нь субъект гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн бүх үйлдлийг хийж, гэмт үр дүнд хүрсэн гэж итгэсэн боловч бодит байдал дээр түүний итгэсэн, хүссэн үр дүн гараагүй, энэ талаар өөрөө мэдээгүй байхыг ойлгоно.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Д-ыг хардалтын улмаас хоолойг боосон талаар хохирогч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний нүүрний зүүн хэсэгт чанга алгадсан. Би тэр үед ертөнцийн зүгээр баруун тийш гал тогооны өрөөний шалан дээр 2-3 удаа шал мөргөж шалан дээр унасан. Нүдээ нээх боломжгүй, нүдэнд шар оч манарч орчноо харж чадахгүй болсон. Ингээд төд удалгүй Г.Б миний араас боосон. Би эсэргүүцэл үзүүлж чадалгүй манарсан байдалтай байсан. Би сэрэхдээ цагаан орчинд буюу Гэмтлийн эмнэлгийн орон дээр манай эгч намайг сахисан байдалтайгаар сэрсэн. ...” мэдүүлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Б миний хоолойгоор уяа оруулж хойш татаж хоолой боосон. Тэгээд би ухаангүй болж 3 хоногийн дараа эмнэлэг дээр сэрсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 156-159/,
мөн насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн “...Ээж маань тэр өдөр ажлынхаа хүнээс монитагийн бэлэг гээд 2 дарс, гоо сайхны тос аваад очсон болохоор аав маань "чи яахаараа эрэгтэй хүн сугалдаг юм" гэж уурлаад ээжийг алгадаад зодоод байсан. Тэгээд аав, ээж 2 шөнө муудалцаад аав ээжийг нүүр рүү нь гараа сарвайлгаж байгаад 1 удаа цохиод бас алгадаад нүд нь хөхөрсөн. Тэгээд бас ээжийн гар руу нь цохиж гар нь хөхөрсөн. Бас ээжийн өмсдөг ягаан өнгийн халаадны бүсээр ээжийн хоолойг боосон. ... ээжийг аав хаана байхад нь боож унагаасан талаар би ягтэр талаар нарийн хараагүй. Ямартай ч ээжтом өрөөний үүд хэсэгт ухаангүй байсан. Харин би том өрөөний буйдан дээр байсан. Яг ямар уяагаар боосон талаар сайн санахгүй байна. ...” /1 хх 163-167/ боосон талаар давхар мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Д-ын амь насыг хохироох санаа сэтгэлээ гүйцэлдүүлсэн гэж баттай итгэсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй үйл баримт нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...” гэж хуульчилсан ба дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Тодруулбал, улсын яллагчийн яллах болон цагаатгах нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн, хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоосон.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.
Прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.
Мөн хавтас хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авсан /1 хх 180/ гэх боловч хэн гэдэг шинжээч, ямар хэргэм цолтой хүнээс, хаана мэдүүлэг авч байгаа нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх яллах дүгнэлт болон хавтас хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Ургаа нараас “...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1329 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР