Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 237

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч А.Идэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Адарсүрэнгийн Идэрчулуунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001040107 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг төгсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Одонтын 10-22 тоотод оршин суух, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Хандгайтын 34-р шудамж 380б тоот албан ёсны хаягтай, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Адарсүрэнгийн Идэрчулуун /РД:ТА98060496/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч А.Идэрчулуун нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булгийн 4-67 тоот иргэн Ч.Бямбасүрэнгийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, асер маркийн суурин компьютер, гагнуурын аппарат, таслагч, хүүхдийн хос пүүз зэрэг эд зүйл хулгайлж 3,080,000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14-р хороо, Хандгайтын 30-290 тоот иргэн Ч.Доржхандын монгол гэрийн үүдний амбаарт нуусан түлхүүрийг нь ашиглан нэвтэрч Монел маркийн 43 инчийн зурагт хулгайлж 657,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Идэрчулуун нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Булгийн 4-67 тоот иргэн Ч.Бямбасүрэнгийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, асер маркийн суурин компьютер, гагнуурын аппарат, таслагч, хүүхдийн хос пүүз зэрэг эд зүйл хулгайлж 3,080,000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14-р хороо Хандгайтын 30-290 тоот иргэн Ч.Доржхандын монгол гэрийн үүдний амбаарт нуусан түлхүүрийг нь ашиглан нэвтэрч монел маркийн 43 инчийн зурагт хулгайлж 657,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...хөрш Цогоо залгаад танайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би өдөр гэртээ ирээд үзтэл манай хаалгыг хөшиж хулгайч орж манай гэрээс 42 инчийн Самсунг хар лед телевизор, асер маркын суурин компьютер, гагнуурын аппарат, таслагч хөрөө багаж, дунд гарын бор өнгийн хөөрөг, 42 размерийн хар найк пүүз зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34/,

Хохирогч Ч.Доржхандын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны орой гэртээ ирээд түлхүүр нуусан газраасаа түлхүүрээ аваад хаалганы цоожоо онгойлгоод гэртээ ороход гэрийн гэрэл асаалттай, хоймрын 43 инчийн Монел маркийн лед дэлгэцтэй зурагт алдагдсан. Өөр зүйл хөдлөөгүй байсан. Хашаанд байдаг айлын гэрт үл таних залуу ирчихсэн байсан бөгөөд тэр залуу намайг гэрээ цоожлоод түлхүүр нуугаад гарч ирэхэд хашаан дотор зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 171-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц Барсболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... би хулгайн зурагт гэдгийг ерөөсөө мэдээгүй. Тэр залуу гадагшаа явах гэж байгаа мөнгөний хэрэг болоод зарж байгаа юм гэж хэлсэн. Надад “барьцаалан зээлдүүлэх газрууд өглөө онгойж өгдөггүй юм байна. Нэг газраас таны дугаарыг авлаа” гэж хэлсэн. Би хувиараа барьцаалан зээлдүүлэх газраас хугацаа дуусаад зарагдах гэж байгаа эд зүйлийг худалдаж аваад хэдэн төгрөгний ашиг хараад цэвэрлэж янзлаад зардаг юм." гэх мэдүүлэг. /1-р хавтас 40-р хуудас/,

Гэрч Н.Цогтсайханы мөрдөн байцаалтад өгсөн: "...манай хажуу айлын амбаарын хаалга онгорхой байхаар нь шөнө ирчихсэн юм байх гэж бодоод гэр лүүгээ орсон 12 цагийн орчим гараад хартал гэрийнхэн яндангаас утаа гарахгүй, хаалга нь онгорхой байхаар нь гайхаад хажуу айлын хүн болох Бямбасүрэнгийн дугаар луу залгаад та нар ирчихсэн юм уу хаалга чинь онгорхой байна гэж хэлсэн Тэгээд би очиж ойртож харахад хаалгын эвдчихсэн байдалтай байхаар нь буцаж утасдаж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтас 44-р хуудас/,

Гэрч Л.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад нэг болохоор найзынхаа гэрээр орно гэж хэлээд заримдаа эгчийн гэрээр орно гээд байсан. Тэгээд гэр хорооллын айлын хашаанаас 20 орчим минутын дараа гарч ирээд надад эгч гэрээс юм аваад ир гэсэн. Хоёулаа нөгөө машинтай ах буцаад хот руу явна гэсэн юм чинь юмын аваад буцаад гарна гэж хэлсэн. Би машин дотор явж байгаад энэ эгчийнхээ гэрээс юм уу найзынхаа гэрээс хулгай хийчихэж байгаа юм байхдаа гэсэн бодол төрөөд байсан. Тэгээд жолоочийн хажууд элдэв юм яриад байж болохгүй чимээгүй явж байгаад шөнө унтаад Улаанбаатар хот орсон. Би Улаанбаатар хотод очоод Идэрчулуунаас чи эд зүйл хулгайлаад авсан юм биш үү гэхэд эгчийн эд зүйл байгаа юм ямар ч асуудалгүй гээд байсан" гэх мэдүүлэг / 1-р хавтас 48-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Идэрчулуун манайд хонохдоо гарч яваагүй. Гэхдээ байшингаас орж гарч яваад байсан. Би бие засах газар луу орохоор явсан гэж бодсон" гэх мэдүүлэг / 1-р хавтас 176-177-р хуудас/,

Гэрч Э.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хаанаас ирсэнийг нь мэдэхгүй ээ. Гэрээсээ компьютероо авч ломбарданд тавих гэснээ болиод зурагтаа тавихаар боллоо гээд гаднаас лед дэлгэцтэй монел маркын зурагт авч орж ирсэн. Зурагтаа авч ирсэн өглөөнөө нэг цаг орчимын дараа Идэрчулуун аваад явсан. Отгонбаатар өмнөх өдөр нь манай гэрт ирж хоноод, өглөө босоод нүүр гараа угаагаад байж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 182-183-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хавтас 6-13, 156-162-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хавтас 15, 18-20-р хуудас/,

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтас 51-52.2-р хавтас 9-10-р хуудас/,

Шүүгдэгч А.Идэрчулууны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-63-р хуудас/,

Шүүгдэгч А.Идэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “ ...би эгч Бямбасүрэн хотод манай гэрт ирэхээр нь гэр нь эзэнгүй болчихлоо гэж бодоод зөрөөд хулгай хийхээр Дархан явсан. Байр түрээслэх гээд бас найз охин Цээгийн жирэмсэн байсан болохоор аборт хийлгээх гээд мөнгө хэрэг болсон. би өөрийн уйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө босоод оо орж тамхи татсан. Би оо-оос буцаад явж байхад нэг хашаанд байдаг айлын Монгол гэр цоожтой байсан. Монгол гэрийн үүдний амбаар цоожгүй онгорхой байхаар нь яваад орсон. Үүдний амбаарт байх шарах шүүгээ онгойлгож үзэхэд дотор нь гэрийнх нь түлхүүр байсан Би уг түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод орсон. Гэр дотор байсан 42 инчийн Монел маркийн хар өнгийн зурагтыг орны бүтээлэгт нь боогоод үүдний амбаарт нь гаргаж үлдээгээд гэрийн хаалгыг нь хааж цоожлоод түлхүүрийг нь буцаагаад шарах шүүгээнд хийсэн" гэх мэдүүлэг / 1-р хавтас 64-67, 248-250, 2-р хавтас 1-р хуудас/  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би сайн дураараа өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Надад бусдаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирээгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд А.Идэрчулууныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Хохирол нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бямбасүрэн, Ч.Доржханд нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн төлүүлсэн” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба 6.6 дугаар зүйлд заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-р зүйлийн 6, 7 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Боржигон овгийн Адарсүрэнгийн Идэрчулууныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Идэрчулуунаас гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Доржханд, Ч.Бямбасүрэн нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Адарсүрэнгийн Идэрчулуунд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Идэрчулуунд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Идэрчулууны цагдан хоригдсон 106 хоногийг хорих ялын 106 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Идэрчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД