Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0979

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ашигт  малтмал, Газрын тосны газрын Кадастрын Хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн захирал Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Б******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Манай компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийтэд зарлан явуулсан '‘Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” үйл ажиллагаанд зохих журмын дагуу оролцож, 09:00:34 секундэд бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн О******* сумын нутаг дахь “Т*******” нэртэй газар хавсралтад заагдсан солбицлын дагуу цахим бүртгэлийн 15 дугаарт бүртгэгдсэн болно.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг бүртгэлийг хүчингүй болгосон гэх ба манай компанид ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй тул бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/04 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан “...цахим санд гэмтэл гарсанаас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүчингүй болгосон гэх боловч ямар шийдвэрээр хүчингүй болгосон, хэрхэн шийдвэрлэх талаар тодорхойгүй, албан ёсоор хариу мэдэгдсэн зүйл байхгүй байна. Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь цахим системийн гэмтэл гарахаас өмнө бүртгэгдсэн байдаг. Иймд танай газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус үйл ажиллагаа нь манай компанийг хохироож байгаа тул тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан,

Ашигт малтмалын газрын даргаас манай албан бичгийн хариуг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/501 тоот албан бичгээр ирүүлсэн ба уг албан бичигт дурдсанаар "... ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон. Иймд танай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байна.

Манай компаний зүгээс уг шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд өргөдлийн хууль журамд нийцүүлэн гаргаж, өргөдлийн бүртгэлийн 15 дугаарт бүртгэгдсэн, тухайн өдрийн бүртгэлийн 51 дүгээр хүртэл ямар нэгэн цахим системийн гэмтэл гараагүй болно. 

Иймд, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өргөдлийн бүртгэлд 09:00:34 секундэд цахим бүртгэлийн 15 дугаарт бүртгэгдсэн байгаа. Өргөдлөө өгөхөд тухайн өргөдлийг хойшлуулсан гэдэг хариу өгсөн. Тухайн үед хүчингүй болгуулах хариу өгөөгүй. Ингээд хүлээж байтал тодорхой шийд гараагүй байж байгаад энэ талаар лавлахад хүчингүй болгосон тухай мэдсэн. Тухайн өдөр ямар шийдвэр захиргааны актаар хүчингүй болгосон нь тодорхойгүй.

Нэхэмжлэл анх гаргахад Ашигт малтмалын газраас Албан бичгээр “хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэсэн хариу өгсөн байдаг. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр байгаа юм байна. Яг ямар шийдвэр гэдгийг огт мэдэхгүй учраас тус шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байсан. Хэрэг хянан хэлэлцэх явцад  албан ёсоор ямар нэгэн шийдвэр байдаггүй. Үүнийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд өгсөн. Улмаар хэргийн газрын үзлэг хийлгэсэн боловч ямар нэгэн зүйл байдаггүй. Хариуцагч талын тайлбараар хурал хийгээд шийдвэрлэсэн гээд байдаг. Гэтэл албан ёсны шийдвэр байдаггүй. Тэгсэн атлаа хүчингүй болгосон байдаг “ гэв. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...“М*******” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан.

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн.

Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 ”... “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна ...” гэж заасан захиргааны акт болно.

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон. Уг асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэн даруй хуралдсан. Ажлын хэсэгт Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар болон хөгжүүлэгч компани нарын төлөөлөл багтдаг. Ажлын хэсэг уг асуудлыг хэлэлцэж login серверийн ачаалал тооцоолсноос хэт ихэссэнээс болж доголдсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж, баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцалж, аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын газраас дээрх асуудлуудыг шийдвэрлэж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагаас хэвийн явагдсан.

“Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4,1-т “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана” гэж заасны дагуу Кадастрын хэлтэс нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

Иймд “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхай сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж, 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан.

 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ 08 дугаар сарын 24-ний өдөр өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээ нийтэд мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт захиргааны актыг тодорхойлсон бөгөөд захиргааны акт болно. Товчхон дурдаад хэлэхэд тухайн хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээс өмнө гаргасан тайлбар учраас хуулийн зохицуулалтыг дурдсан байна. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:39  секундэд серверээс хариу өгөхгүй болж 34 минутын хугацаанд доголдсон уг асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэн даруй хуралдаж Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар болон хөгжүүлэгч компани нарын төлөөлөл багтдаг ажлын уг асуудлыг хэлэлцэж Логин серверийн ачаалал хэт ихэссэнээс болж доголдсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцалж аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн. 

Ашигт малтмалын газраас дээрх асуудлыг шийдвэрлэж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагаас хэвийн явагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн 6 зарчим болон Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд тус үндсэн  6 зарчмыг баримтлахаас гадна жигд шуурхай хүртээмжтэй хүргэх, ил тод байх гэж заасныг Кадастрын хэлтэс үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэв. 

Гуравдагч этгээд Б.О*******, Т.С******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“..Нэг. 2015 оны 08 дугаар сарын 24-ний цахим дугаар олголтыг хүчингүй болгосон нь Ашигт малтмалын газрын өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм.

Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” болон 11.1.15-д заасан “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” бүрэн эрхийн хүрээнд цахим дугаар олголтыг зохион байгуулж ирсэн.

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголт гацсаны улмаар Ашигт малтмалын газар нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгож, бүх компанийн цахим системд нэвтрэх эрхийг нь сунгаж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин зохион байгуулсан.

Ашигт малтмалын газрын энэ шийдвэр нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

Хоёр. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрт нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Ашигт малтмалын газар нь дээрх шийдвэрийн тухай 2015 оны 08 дугаар сарын 24-ний  өдөр нийтэд зарлаж “М*******” ХХК болон бусад бүх компанийн цахим системд нэвтрэх эрх нь дахин 7 хоногоор сунгажээ. “М*******” ХХК нь дээрх шийдвэрт 2016 хүртэл огт өргөдөл гомдол гаргаагүй нь Ашигт малтмалын газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч сунгагдсан эрхээ хэрэгжүүлсэн гэж ойлгогдож байна.

Гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн “М*******” ХХК нь шууд шүүхэд хандах эрхгүй байсан боловч захиргааны хэргийн туршлагатай хариуцагч болох Ашигт малтмалын газар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр энэхүү гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээх нөхцөл болсон хариуг өгсөн нь 4 сар гаруй хугацааны өмнө 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн дагуу өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авсан бидний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хуйвалдааны шинжтэй үйлдэл байна. Тус газрын хуулийн хэлтэст ажиллаж байсан хуульчид өөр бусад хэрэгт “М*******” ХХК-ийг төлөөлж ажилладаг нь Шүүхийн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа нь бидний дээрх сэжгийг улам бүр лавшруулж байна.

Ашигт малтмалын газрын нэр бүхий албан тушаалтнуудын дээрх үйлдэл нь хууль бус шаардлагыг дэмжсэн, үгсэн хуйвалдсан шинжтэй байгаад зогсохгүй гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж хохирол учруулах нөхцөлийг шууд үүсгэжээ.

Сэжиг бүхий уг үйлдэлтэй холбоотойгоор бид холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалган тогтоолгохоор төлөвлөж байгаа болно.

Гурав. “А” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн дагуу өргөдөл гаргаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

“А” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим дугаар олголтод өөрийн харилцан хамааралтай Э ХХК, Т ХХК, Т ХХК, А ХХК, А Эс ХХК, А ХХК, А ХХК, Б ХХК компаниудын хамтаар оролцсон боловч цахим дугаар олголтын хуудас нь эхнээсээ гацалттай, login (нэвтрэн орох) серверт хандахад хариу өгөхгүй байсан юм.

“А" ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн цахим дугаар олголтод 11-р байранд орсноор 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан бөгөөд энэ талбай нь урьд нь өргөдөл гаргасан талбайтай бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ямар ч давхцалгүй байсан, “М*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргаагүй байсан юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасан зарчмаар эхэлж өргөдөл гаргасан “А” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эсхүл тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм.

“М*******” ХХК нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 4 сар гаруй хугацааны дараа Ашигт малтмалын газрын дэмжлэгтэйгээр гомдол гарган маргаан үүсгэж байгаа нь “А” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохирол\учруулах нөхцөлийг бий болгож байна.

2015 оны 08 дугаар сарын 24-ний цахим дугаар олголтыг хүчингүй болгосон нь хариуцагчийн өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нь гомдол гаргаагүй, “А” ХХК-ийн Т******* нэртэй талбайд авсан тусгай зөвшөөрлийг цуцлах нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийтэд зарлан явуулсан Сэлэнгэ аймгийн О******* сумын нутаг дахь “Т*******” нэртэй газарт Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” үйл ажиллагаанд оролцож, тус өдрийн 09:00:34 цахим бүртгэлийн 15 дугаарт бүртгэгдсэн  байх бөгөөд уг үйл баримттай талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчээс “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын өргөдлийн цахим дугаар олголт 09:00:31 цаг хүртэл хэвийн явагдаж 51 компанид дугаар олгогдсон байхад тухайн өдрийн дугаар олголтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон, мөн албан ёсны шийдвэр гараагүй байхад манай байгууллагын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж,  хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагаас эхлэн 34 минутын хугацаанд доголдсон тул 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар олголтыг бүхэлд хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын ...тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл шинээр олгох, ...ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтан дор явуулах зорилгоор уг өргөдлийг хүлээн авах дугаарыг цахимаар олгож ирсэн байх ба өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд талууд мөн маргаагүй болно.

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтын үйл ажиллагаа 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагаас эхлэн дугаар олголтын программ 34 минутын хугацаанд доголдоод 09:36:21 цагаас дахин хэвийн ажиллаж нийт 120 компанид дугаар олгож дууссан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Ц.Бадраагийн “... 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр анх удаа ажиллуулсан. 1600 гаруй компани орж ирсэн. Ачаалал их байсан... төхөөрөмжийг шалгадаг программаас огт хариу ирэхгүй 10 минут зогссон байсан. ...Төхөөрөмжөө шалгаж шалтгааныг тодруулж байх хооронд 40 минутын дараагаас дахин урсаж 120 компанид дугаар олгосон байсан”  гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

 Нэхэмжлэгчээс “...цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч Ашигт  малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгээс “2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунган” шийдвэрлэж мөн өдрийн 16:24 цагт байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн  байх тул “цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр” гараагүй гэж үзэх боломжгүй. 

Мөн энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтод оролцож дугаар авсан болон авч чадаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудын тэгш байдлыг хангасан шийдвэр гэж үзэхээр байна.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “эхний 51 аж ахуйн нэгжид дугаар олголт хэвийн олгогдсон” гэж тайлбарлан маргаж байх боловч программ 40 орчим минутын хугацаанд гацаж зогсоод дахин ачаалж 120 хүртэл компанид дугаар олгож дууссан байх тул 52-120 дугаарт бүртгэгдэж дугаар авсан аж ахуйн нэгжүүдэд шударгаар дугаар олгогдсон эсэх нь эргэлзээтэй байх тул хариуцагч байгууллагын дээрх шийдвэрийг буруутгах боломжгүй байна.  

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтын бүртгэлийг хүчингүй болгосон талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс мэдэгдээгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчаас “2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр системд хандсанаа үгүйсгэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Түүнчлэн гуравдагч этгээд “А” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөдлийн цахим дугаар олголтын системээс дугаар  авч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр N дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн О******* сумын Т******* нэртэй 410.06 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  авсан байна. 

           Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэн үзвэл, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим өргөдлийн цахим дугаар олголтын системд техникийн саатал гарч гацсан явдалд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр нь хариуцагчаас “тусгай зөвшөөрөл шинээр олгох, ...ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилгодоо нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ