| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2403002490067 |
| Дугаар | 2025/ДШМ/816 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/816
2025 07 03 2025/ДШМ/816
А.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
яллагдагч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4079 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн А.Н-д холбогдох 2403002490067 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
........ овгийн ....-ийн Н, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, ...... боловсролтой, .......... тоотод оршин суух, /РД: ................./;
Яллагдагч А.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Тоёота Приус 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Сузуки эдрэсс” маркийн мопед унаж явсан Н.Э-той мөргөлдөж, зорчигч А.А-ын биед зүүн өвдөгний эдийн дутагдал бүхий шарх, арьс нөхсөний дараах байдал баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн шилбэ, өсгий шарх, зүүн өвдөг, баруун бугуй, зүүн алганы зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Н.Э-ын биед суурь яс, зүүн дэлбэн хөхлөг сэртэн хамарсан хугарал, хацар яс, зүүн нүдний ухархайн бүх хана, хамар яс, эрүү яс хавсарсан нийлмэл хугарал, зүүн дунд чөмгөний далд хугарал, зүүн 6-9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстын цус харвалт, зүүн дээд зовхи, гадна буланд шарх, дух, зүүн хацар шанаа, хүзүү, зүүн шуу, өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтийн /2 хх 87/ 4-д ...жолооч А.Н нь Замын хөдөлгөөний 10.5 дугаар заалт, мотоциклийн жолооч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн мотоциклийн жолооч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” заалтыг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэж байна гэжээ.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт прокурор гаргасан тайлбартаа: “Мопедийн жолоочийн гаргасан үйлдлийг механик инженерийн дүгнэлтэд осол гарахад нөлөөлсөн. Харин А.Н-ийн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж байдаг. Харин Н.Э-ын үйлдэл нь зөрчлийн үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит байдалтай нийцэхгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол...” гэж заасан бөгөөд зөрчлийн хуулиар шийдвэрлэх, эрүүгийн хуулиар шийдвэрлэх 2-ын ялгаа нь гэм хор учирсан эсэхээс шалтгаална. Энэ үйлдлийн улмаас бусдыг эрүүл мэндэд хүнд хохирол учиржээ. Иймд хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг учрал нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Toyota Prius 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар.гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сүзүки эдрэсс” маркийн мотоцикл унаж явсан Н.Э-той мөргөлдөж, зорчигч А.А, Н.Э нарын биед хүнд, хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Toyota Prius 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Н нь 10.5 “Уулзвар,гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн rap талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэх заалтыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой юм.
Хохирогч Н.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Сүзүки эдрэсс” маркийн мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 3.7 “а” заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ... -ыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болоогүй, осол болоход нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Харин жолооч А.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Toyota Prius 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар.гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Э, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тодруулбал, “Сүзүки Эдрэсс” маркийн мотоциклийн жолооч хохирогч Н.Э нь зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахдаа зэрэгцээ эгнээнд явж буй “Toyota Prius 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н-ийг огцом дарж эргэх хөдөлгөөн хийх гэж байгааг урьдчилан мэдэх боломжгүй, “Toyota Prius 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон.
Түүнчлэн “Сүзүки Эдрэсс” маркийн мотоциклийн жолооч хохирогч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 3.7 “а” заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ... -ыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь ослын шалтгаан нөхцөл болоогүй гэж дүгнэсэн ба Н.Э-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал нь зөрчлийн шинжтэй үйлдэл ба прокурорын зүгээс хэргийн үйл баримттай тохирсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4079 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогч болон яллагдагч нарын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бөгөөд тухайн осол үүсэхэд тус бүрийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь тухайн 2 жолоочид аль альд нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон бөгөөд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах уу эсхүл Эрүүгийн хуулиар арга хэмжээ авах уу гэдэг асуудал яригдах бөгөөд хохирогчид хүндэвтэр болон хүнд гэмтэл учирсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос А.Н-ийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Тоёота Приус 20” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Сузуки эдрэсс” маркийн мопед унаж явсан Н.Э-той мөргөлдөж, зорчигч А.А-ын биед зүүн өвдөгний эдийн дутагдал бүхий шарх, арьс нөхсөний дараах байдал баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн шилбэ, өсгий шарх, зүүн өвдөг, баруун бугуй, зүүн алганы зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Н.Э-ын биед суурь яс, зүүн дэлбэн хөхлөг сэртэн хамарсан хугарал, хацар яс, зүүн нүдний ухархайн бүх хана, хамар яс, эрүү яс хавсарсан нийлмэл хугарал, зүүн дунд чөмгөний далд хугарал, зүүн 6-9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстын цус харвалт, зүүн дээд зовхи, гадна буланд шарх, дух, зүүн хацар шанаа, хүзүү, зүүн шуу, өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, “...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит байдалтай нийцэхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцлийн заримыг агуулгын хувьд үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь, анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасныг зөрчсөн, ямар үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэл хангалтгүй буюу тодорхойгүй болжээ.
Тодруулбал, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч А.Н-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийн талаар тодруулах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилох зэргээр хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.
Мөн шүүх хуралдааны явцад прокурорт зарим асуудлыг даалгах үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.
Иймд прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4079 дүгээр захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР