2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/00273

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/00273

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Гефест ХХК/РД: *******/-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.           Нэхэмжлэгч Д.Болормаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дагва овогтой ******* миний бие 2024 оны 10 дугаар сарын сүүлээр орон сууц худалдаж авахаар хайж байсан бөгөөд өөрийгөө Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж танилцуулсан Г.******* гэх хүнтэй тохиролцож уг компанийн барьж буй орон сууцны хотхоноос орон сууц худалдаж авахаар болсон.

Миний бие Гефест ХХК-г 1 /Нэг/ сарын дотор орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн тул 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр "Гефест" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******тэй 128 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулж уг хотхоны 50.5 мкв орон сууцыг 161,600,000 /Нэг зуун жаран нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаа болох 115,000,000 /Нэг зуун арван таван сая/ төгрөгийг уг компанийн ХК-ийн тоот дансанд гэрээ байгуулсан өдрийн маргааш шилжүүлсэн.

Гэрээ байгуулахдаа миний бие уг гэрээг нотариатаар гэрчлүүлье гэхэд Г.******* нь би нотариат орж амжихгүй, манай компанитай хамтарч ажилладаг нотариат байгаа, уг нотариатад манай гэрчилгээ бүх зүйл байгаа очоод гэрчлүүлчих гээд намайг  дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг гэх нотариат руу явуулсан.

Миний бие уг нотариат дээр очиход Г.*******ийг байлцуулалгүй гэрээг гэрчилсэн ба миний бие компанийн гэрчилгээ мэдээллийг нотариатаас асуухад бүх зүйл цахим болчихсон, санаа зоволтгүй гээд гэрээг гэрчилсэн.

Миний бие байрандаа хурдан орох зорилгоор уг саналыг зөвшөөрч "Гефест" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******тэй ахин 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 128/1 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулж тоотод байрлах 50.5 м.кв байрыг авахаар тохиролцож өмнө шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг урьдчилгааг уг байрны урьдчилгаанд тооцохоор тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулахдаа мөн гэх нотариатаар гэрчлүүлсэн болно.

Гэвч мөн барилгын ажил удаашралтай байсан тул 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр барилгын талбайн инженер гэх хүнтэй уулзахад манай барьж байгаа барилга "Гефест" ХХК-ийн барилга биш, манайх " ХХК, манай захиралыг Г. гэдэг хүн байдаг талаар хэлсэн.

Иймд, миний бие " ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. гэх хүнтэй уулзахад  барилгын аль нь ч "Гефест" ХХК-ийн барилга биш болж таарсан бөгөөд,  тоот орон сууц нь " " ХХК-ийн орон сууц бөгөөд уг компаниас Гефест" ХХК-д өгөх гэрээ, тохиролцоо байхгүй талаар уг компанийн захирал Г. надад хэлсэн. Мөн "Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Г.******* биш Л. гэх хүн байдаг талаар хэлсэн.

Ийнхүү мэдсэн даруйдаа гэрээнээс татгалзаж мөнгөө буцааж авах талаар "Гефест" ХХК-д хандсан ч миний мөнгийг өгөөгүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 103,500,000 /Нэг зуун гурван сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувийн торгууль суутгана хэмээн 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг дутуу өгсөн болно.

Миний бие "Гефест" ХХК-ийн уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь "Гефест" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Л. гэх хүн байхад Г.******* нь өөрийгөө уг компанийн захирал мэт ойлгуулж хууран мэхэлж гэрээ байгуулсан. Нотариат гэрээг гэрчлэхдээ уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, компанийн гүйцэтгэх удирдлагаас Г.*******т олгосон итгэмжлэл байгаа эсэхийг шалгалгүй гэрээг гэрчилж хууль зөрчсөн.

Мөн "Гефест" ХХК нь " " ХХК-ийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт тайлбарлаж өөр этгээдийн өмчийг надад зарсан буюу уг гэрээ нь анхнаасаа хэрэгжих боломжгүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг торгуульд тооцож авч байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 59 дүгээр зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд, Д.******* миний "Гефест" ХХК-тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, "Гефест" ХХК-аас 11,500,000 төгрөгийг гаргуулж Д.******* надад олгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч "Гефест ХХК-тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нүүдийг тус тус хүчин төгөдөр бусад тооцуулж, 11.500.000 /Арван нэгэн сая таван зуун мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар нэмж, тодруулж байна.

Үүнд: Нэг. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан талаар.

Нэхэмжлэгч Д.******* нь "Гефест ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулахад "Гефест" ХХК-ийн гүйцэтгэх захирал хэмээн Д.******* нь гарын үсэг зурсан байдаг.

Гэвч хэргийн материалд нотлох баримтаар бэхжүүлсэн "Гефест" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тухайн үед "Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л. гэдэг хүн бүртгэлтэй байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 28 ны өдөр Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.******* нь албан ёсоор бүртгэгджээ.

Иймд, 2024 оны 10,11 дүгээр сард Г.******* нь Гефест" ХХК-ийн гүйцэтгэх захирал биш байх бөгөөд хэлцэл хийх үед хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй, төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Хоёр. Гефест ХХК-д  орон сууцны хотхоныг барих зөвшөөрөл олгогдоогүй талаар.

Хариуцагч "Гефест" ХХК-аас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хотын стандартчлалын газар"-аас "" ХХК-д  блок барилга барих зөвшөөрлийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар олгосон байх бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчийн мэдээлэлд " " ХХК-г байхаар заажээ.

Уг баримтаас дүгнэн үзвэл "Гефест" ХХК нь 2024 оны 10, 11 дүгээр сард уг газарт барилга барих зөвшөөрөлгүй /Одоо ч зөвшөөрөлгүй бөгөөд уг барилгыг бусдад худалдан борлуулах эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл уг хэлцэл нь анхнаасаа биелэх боломжгүй буюу уг барилга ашиглалтад орсон байсан хэдий ч "Гефест" ХХК нь Д.*******д уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. Мөн "Гефест" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа" гэснийг мөн дурдах нь зүйтэй.

Гурав. "" ХХК-ийн эцсийн өмчлөгчийн талаар.

Хариуцагч "Гефест" ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр нотлох баримтаар "" ХХК-ийн дүрэм, барилга барих зөвшөөрөл, түүний сунгалтын өгсөн шалтгаанаас " ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийг авсан хуулийн талаарх нотлох баримтыг ирүүлсэн байх бөгөөд уг баримтыг нотлох баримтаар гаргаж этгээд бөгөөд хэргийн хариуцагч болох Гефест ХХК-ийн охин компани болохыг нотлох зорилгоор" гэж тайлбарлажээ.

Гэтэл "" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас узэхэд "Гефест" ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. Иймд, Д.******* "Гефест" ХХК нар нь 2024 оны 10,11 дүгээр сард гэрээ байгуулах үед "Гефест" ХХК нь "" ХХК-ийн эцсийн өмчлөгч биш, уг 2 компани хоорондоо хамааралгүй байсан байна.

Дөрөв. Дүгнэлт

Дээрхээс дүгнэн үзвэл Д.******* нь "Гефест" ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулах үед Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Г.******* биш, мөн хэлцэлд төлөөлөх эрх олгогдсон баримтгүй, "Гефест" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлээс өөр зорилгоор гэрээ байгуулсан, мөн  хороонд барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байхад өөр этгээдийн барьж буй орон сууцыг өөрийн орон сууц мэтээр ойлгуулж бусдад худалдсан, гэрээ байгуулагдах үед " ХХК-ийн эцсийн өмчлөгч болоогүй нөхцөл тогтоогдож байна.

Иймд, талуудын хооронд хийсэн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.9 "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хууран мэхэлж хийсэн хэлцэлд тус тус хамаарна.

Мөн Иргэний хуулийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5. Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. 59.2. Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь шаардах эрхтэй байна.

Иймд, нэхэмжлэгч Д.*******гийн "Гефест" ХХК-тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/A дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг "Гефест" ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж хучин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгаж торгуульд суутгасан 11,500,000/Арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Гефест ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний эх хувь байхгүй байсантай холбоотойгоор 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дугаарыг "128/4" гэх гэрээ гэж санан нэхэмжлэлийн шаардлагад дурджээ. Гэвч нотлох баримт бүрдүүлсний дараагаар уг гэрээ 128/1 дугаар гэрээ байсныг мэдлээ.

Иймд, гэрээний дугаарыг зөрүүтэй, техникийн шинжтэй алдааг залруулж "2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ" гэж залруулж байгаа болно. гэв.

 

2.           Хариуцагч Гефест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.******* нь манай компанийн барьж байсан орон сууцны хороололд орон сууц худалдан авахаар бидэнд хандаж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.******* болон "Гефест ХХК нар 128 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээгээр тус хотхоны  байрны 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авагч Д.*******д хүлээлгэн өгөх, худалдан авагч нь урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээ байгуулагдсаны дараагаар Д.******* нь 1146 байрны дотор засал нь илүү таалагдаж байна гэсэн үндэслэлээр захиалгын байрыг 1146 байрнаас авах саналтай байгаагаа илэрхийлсэн тул бид түүний хүсэл сонирхлын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцыг 1146 байрны 50.5 м.кв 2 өрөө болгон өөрчилж гэрээг 128/1 дугаартайгаар шинэчлэн байгуулсан.

Гэвч гэрээг шинэчлэн байгуулснаас хойш 2025 оны 02 сард Д.******* нь гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ тухайгаа бидэнд бичгээр мэдэгдсэн ба манай компанийн зүгээс гэрээний 7.2-т заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний торгууль төлөх ёстой болохыг түүнд сануулсан. Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.******* гэрээний торгуулийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрөө буцаан авахыг шаардсан хүсэлт гаргасны дагуу бид гэрээнд заагдсан торгуулийг суутган үлдэгдэл төлбөрийг тухайн өдөр түүний инд эзэмшдэг тоот данс руу буцаан шилжүүлсэн.

Иймд "Гефест ХХК-ийн зүгээс Д.*******д буцаан шилжүүлэх ёстой төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

"Гефест" ХХК болон Д.******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Орон сууц захиалах бариулах гэрээ" нь 128/1 дугаар гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү тодруулсантай хариуцагч талаас маргахгүй.

Нэг. "Гефест" ХХК болон Д.*******гийн хооронд байгуулагдсан 128 болон 128/1 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүдэд төлөөлөх эрхгүй этгээд гарын зурсан талаар:

"Гефест" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 дугаар гэрээнүүдэд гарын үсэг зурах үедээ тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалд томилогдоогүй байсан боловч тухайн үеийн гүйцэтгэх захирлын шилжүүлэн өгсөн эрхийн дагуу  хотхоны Орон сууц захиалан бариулах гэрээнүүдэд "Гефест" ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж байсан. Иймд Г.******* нь Д.*******тай байгуулсан 2024 оны 128 болон 128/1 дугаар гэрээнүүдэд хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурсан нь Иргэний хуульд заасны дагуу тус хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрх олгогдсоны дагуу эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл байх тул уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ юм.

Хоёр. "" ХХК-ийн эцсийн өмчлөгчийн талаар:

2024 оны 11 сард буюу нэхэмжлэгч Д.*******тай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нүүдийг байгуулах үед " ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь " ХХК байсан нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана.

Гэвч "" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Гефест ХХК-д шилжүүлэх шийдвэрийг " " ХХК нь 2022 онд гаргаж, холбогдох гэрээ, хэлцлийг "Гефест" ХХК-тай байгуулж, "" ХХК-ийн бүрэн эрхийг шилжүүлсэн байдаг. Энэ нь "" ХХК-ийн дүрмийг 2022 оны 06 сарын 13-ны үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хавсралтаар баталснаас тодорхой харагдана.

Тухайн үед "" ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор хориг тавиулсан байсан бөгөөд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэх боломжгүй байсан.

Хориг цуцлагдсан даруйд буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр "Гефест" ХХК нь бүртгэгдсэн нь мөн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харагдана.

Иймд Д.*******тай 2024 оны 10 болон 11 дүгээр сард Орон сууц захиалан бариулах гэрээнүүд байгуулах үед Гефест ХХК нь " ХХК-тай хийсэн хэлцлийн хүрээнд захиалагч нартай гэрээ байгуулах бүрэн эрхтэй байсан тул маргаан бүхий гэрээнүүд нв хүчин төгөлдөр гэрээ юм.

Гурав. Хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн тухайд:

Хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Харин "Гефест" ХХК нь ашгийн төлөө худалдаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулж байгаа билээ.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолт"-г баталсан. Уг тодорхойлолт нь A-U хүртэл англи цагаан толгойн үсгээр бүлэглэсэн буюу үйл ажиллагааны чиглэлүүдийг багцлан нэг үсэгт хамруулсан байх ба L үсэгт "Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа" хамаарч байна. Уг үйл ажиллагааны чиглэлд лизингийн үйлчилгээ үзүүлэгч, агент, брокерын үйлчилгээ орохоор байгааг 1 хэсгийн тайлбараас харж болно.

Дөрөв. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь түүнтэй байгуулсан 128 болон 128/1 "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх боловч яг ямар хуулийг яаж зөрчсөн, ямар зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 гэрээ нь хууль зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжид нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Гефест ХХК-ийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч бол гэрээний талуудын хүсэл зоригийг тайлбарлахгүй. Нэхэмжлэгч гэрээнд 10 хувийн торгууль төлөх заалттай танилцсан гэдгээ хэлсэн. Гефест ХХК эцсийн өмчлөгч гээд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 59 дүгээр зүйлийн 59.6-д заасан хуурч мэхэлсэн гэрээ биш. Бүх практик дээр байдаг орон сууц борлуулах гэрээ хийсэн. Та эхлээд наран талдаа гэж байснаа, дараа нь мөнгөндөө тааруулаад захиалсан, одоо болохоор шантажлаад, одоо болохоор хуурч мэхэлсэн гэж байна. Гэрээ хууль зөрчсөн, хуурч мэхэлсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3.           Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, " " ХК дахь Д.*******гийн эзэмшлийн дугаар дансны хуулганы хуулбар/1-р хавтас, хх-13-15/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамж, Фото зураг/1-р хавтас, хх-105/,

4.           Хариуцагч талын баримтаар гаргасан Гефест ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.*******гийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Гефест ХХК-д гаргасан хүсэлт гар бичмэл баримт, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Гефест ХХК-д гаргасан гар бичмэл баримт, ХХК-ийн дүрмийн хуулбар, Гефест ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №А/06 дугаар тушаалын хуулбар, Барилгын ажлын зөвшөөрлийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар гэрчилгээний хуулбар, ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар албан бичиг,

5.           Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Гефест ХХК-иас Барилгын ажлын зөвшөөрлийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээний хуулбар, Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн сунгалтын хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №128 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №128/1 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Гефест ХХК-д холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Гефест ХХК-иас нийт 11,500,000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч Гефест ХХК нь хууль зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжид нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд юм, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

4.           Зохигчид 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ болон 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

5.           2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ-ий 1, 1.1, 2-ын 2.2, 3-ын 3.1, 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь  орон сууцны хотхоны байрны тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдаж, нэхэмжлэгч нь 1105 тоот, 50.5 м.кв 2 өрөө орон сууцны нийт үнэ 161,600,000/нэг зуун жаран нэгэн сая зургаан зуу/ төгрөгийг хариуцагчид 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ-р тогтоогдож байна.

 

6.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

7.           Нэхэмжлэгч нь хөрөнгийн буюу  тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцны үнийг төлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тус 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ий/цаашид Гэрээ гэх/ шинжтэй байна.

 

8.           Гэрээний 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид  тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр 115,000,000/нэг зуун арван таван сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн болох нь ХК дахь Д.*******гийн эзэмшлийн Депозит дансны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

9.           Гэрээний 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь 1105 тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид 2024 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

10.        Гэрээний 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь 1105 тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг 2024 оны 4 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй болсон болох нь зохигчид 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үйлдлээр тогтоогдож байна.

 

11.        Зохигчид Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх заалтад зааснаар Гэрээнээс татгалзаж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан гэж үзэхээр байна.

 

12.        2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-ий 1, 1.1, 2-ын 2.2, 3-ын 3.1, 3.1.1, 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь  тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдаж, нэхэмжлэгч нь 205 тоот, 50.5 м.кв 2 өрөө орон сууцны нийт үнэ 161,600,000/нэг зуун жаран нэгэн сая зургаан зуу/ төгрөгийг хариуцагчид 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-р тогтоогдож байна

 

13.        Нэхэмжлэгч нь хөрөнгийн буюу 205 тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцны үнийг төлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 205 тоот 50.5 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тус 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ий/цаашид Гэрээ-2 гэх/ шинжтэй байна.

 

14.        Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хэлцэл хийж нэхэмжлэгч нь Гэрээний үнийн урьдчилгаанд төлсөн 115,000,000/нэг зуун арван таван сая/ төгрөгийг Гэрээ-2-ын үнийн урьдчилгаанд төлснөөр тооцжээ.

 

15.        Нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Гэрээнээс татгалзах хүсэлт илэрхийлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа үнэд шилжүүлсэн 115,000,000/нэг зуун арван таван сая/ төгрөгийн 10/арав/ хувь болох 11,500,000/115,000,000х10%=11,500,000/ /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг суутгаж, үлдэгдэл 103,500,000/115,000,000-11,500,000=103,500,000/ /нэг зуун гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, ХК дахь Д.*******гийн эзэмшлийн Депозит дансны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

16.        Нэхэмжлэгч нь Гэрээ болон Гэрээ-2 нь хууль зөрчсөн, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж маргаж байна.

 

17.        Хариуцагч нь гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж маргаж байна.

 

18.        Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн ... хэлцэл;, 56.1.9-т хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй ... гэж заасан.

 

19.        Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.15-д "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ... гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т Барилга, хот байгуулалт доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:, 3.2-т "бага, дунд, өндөр ... төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх Тусгай зөвшөөрлийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно" гэжээ.

 

20.        Хариуцагч Гефест ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх үйл ажиллагааны чиглэл бүртгэгдээгүй болох нь Гефест ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

21.        Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ХХК-д  дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байх ба хариуцагч Гефест ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ХХК-ийн хувьцааг 100/нэг зуу/ хувь дангаар эзэмшигчээр бүртгэгдэж, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний болон 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

22.        Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулахад үед ХХК-ийн хувьцааг 100/нэг зуу/ хувь дангаар эзэмшигчээр болон ХХК-ийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан байх ба хариуцагчид Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй байсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний болон 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоодож байна.

 

23.        Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч ... улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасан.

 

24.        Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулахад үед хариуцагч нь ХХК-ийн хувьцааг 100/нэг зуу/ хувь дангаар эзэмшигчээр болон ХХК-ийн эцсийн өмчлөгөөр бүртгэгдээгүй байсан байх тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсээгүй байсан байх тул хариуцагч нь Гэрээ болон Гэрээ-2-т заасан орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний болон 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

25.        Хариуцагч нь Гэрээ болон Гэрээ-т заасан орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан боловч нэхэмжлэгчтэй орон сууц захиран зарцуулах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэж үзнэ.

 

26.        Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.

 

27.        Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сард хариуцагч Гэрээ болон Гэрээ-2-т заасан орон сууцны өмчлөгч биш гэдгийг мэдсэн болох нь нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Гефест ХХК-д гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

28.        Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл ... сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

29.        Хариуцагч нь Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулах үед орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан байх боловч нэхэмжлэгчтэй орон сууцыг захиран зарцуулах Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулсан байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэж үзнэ.

 

30.        Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар Гэрээ болон Гэрээ-2-ыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчаас Гэрээ-2-ын 7-ийн 7.2-т зааснаар торгуульд суутгасан 11,500,000/арван нэгэн сая таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

31.        Шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Гефест ХХК-иас нийт 11,500,000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

32.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,506,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 390,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Гефест ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,897,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 128 Орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Гефест ХХК-иас нийт 11,500,000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,506,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 390,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Гефест ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,897,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ