| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2511000000064 |
| Дугаар | 2025/ДШМ/840 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/840
2025 07 09 2025/ДШМ/840
Т.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Дашнямын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.А-д холбогдох эрүүгийн 2511000000064 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... овгийн .............-ийн А, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, “...” ......... ажилтай, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “П Н” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн 185 дугаар салбарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хохирогч Б.М-ийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хацар, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
мөн “П Н” ХХК-ийн хаалганы шилийг гараараа цохиж хагалах, пос машиныг гараараа цохиж унагаан өшиглөх зэргээр “П Н” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 3.026.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.900.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-гийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 195.000 төгрөгийг түүнд оногдуулсан 1.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.900.000 төгрөгийн торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1.705.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Т.А-гээс сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт хураагдан шүүгдэгч Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Б.Дашням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Т.А-д оногдуулсан нэг төрлийн ял болох торгох ялуудыг нэмж нэгтгэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах ёстой байхад 2 дахь хэсгийг давхар баримталсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн шийдвэрлэж байгаа эрх зүйн харилцаанд хэрэглэх ёсгүй хэм хэмжээ болох өөр өөр төрлийн ялыг нэмж нэгтгэх зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “П Н” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн 185 дугаар салбарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хохирогч Б.М-ийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хацар, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
мөн “П Н” ХХК-ийн хаалганы шилийг гараараа цохиж хагалах, пос машиныг гараараа цохиж унагаан өшиглөх зэргээр “П Н” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 3.026.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч “П Н” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.У-ын “...03 цагт манай хажуу талд байдаг караокеноос тухайн согтуу гэх залуу орж ирээд манай 2 ажилтантай яриад зогсож байсан. Гар утсаараа яриулаач гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд М гар утсаараа яриулсан байсан. Тухайн согтуу залуу утсаар ярьж дуусаад хутга гаргаж ирээд, кассан дээр зоогоод, гартаа бариад эргүүлээд байсан. Тэр согтуу залуу хойшоо алхахдаа хөл алдаад унахад нь М хутгыг нь аваад кассын ар руу тавьсан байсан. ...Тэр залуу М-тэй юм ярьж байгаад посс машиныг гараараа саваад унагаагаад өшиглөсөн байсан. Тэгээд тэр залуу кассын арагшаа ордог хэсэг рүү орох гэж оролдохоор нь М оруулахгүй гээд тэр залуу түлхээд, хоорондоо ноцолдож байгаад тэр залууг гадаа гаргасан байсан. Тэгсэн чинь тэр залуу гараараа нэлээн хэдэн удаа хаалганы шил цохиж, хагалаад орж ирсэн байсан. ...” /хх 17/,
хохирогч Б.М-ийн “...03 цагийн үед гаднаас согтуу эрэгтэй орж ирээд нэг үйлчлүүлэгчийг гартал нь хүлээж сууж байгаад, дэлгүүрээс хүн гарсны дараа кассан дээр ирсэн. Тэр үед тэр залуу гартаа хутга барьчихсан хөдөлгөөд бариад байсан. Тэгснээ гэнэт хутгаа кассын ширээн дээр зоогоод надад “утсаа өгч бай. Банкны эрхээр чинь нэвтрээд төлбөрөө хийгээдэхье. Гар утсаа алга болгочихсон” гээд байхаар нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би зоолттой хутгыг нь аваад “сүрдүүлээд байгаа юм уу” гэсэн чинь тэгж байна гээд байсан. Би тэр үед хутгыг нь хойшоо нуучихсан. Тэгээд надаас утас нэхээд байхаар нь утсаа өгөөд яриулсан. Тэгэхэд тэр залуу 2 найз руугаа яриад байсан. Ярьж дуусаад нэг сөжү аваад миний утсаар интернэт банк руугаа нэвтрээд Q рау-ээр төлбөрөө төлсөн. Тэрийгээ ууж сууж байгаад гоймон аваад, дахиад миний утсаар өөрийнхөө эрхийг оруулаад тооцоо хийсэн. Тэгээд тэр залуутай ярилцаад гайгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хутгыг нь буцаагаад өгчихсөн чинь хуванцар савтай ундааг надаар бариулж байгаад зооно гээд байхаар нь чадахгүй гэж хэлсэн чинь над руу дайраад байсан. Холдуулсан чинь буцаад сандал дээр суусан. Жаахан байж байгаад буцаж ирээд хутгаа хөдөлгөж үзүүлээд байсан. Тэгж байгаад кассын машиныг цохиод унагачихсан. Тэгэнгүүтээ касс руу ордог хэсэг рүү орох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь уначихсан. Тэгээд босож ирэнгүүтээ миний хамар руу цохичихоор нь би шилээ аваад хаалга руу түлхээд дээр нь дараад суусан. Тэгсэн чинь тэр залуу босож ирээд баруун хацар руу 1 удаа цохисон. Би хойшоо ухарсан чинь ам хэсэг рүү дахиад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхээд үүдээр гаргачихсан. Тэгээд оруулахгүй гээд хаалгаа татсан чинь нөгөө залуу гаднаас татаад байсан. Би тэр үед З-ыг түлхүүр аваад ир гээд цоожлох гэж байхад тэр залуу хаалганы хажуу талын шилийг гараараа цохисоор байгаад хагалчихсан. 4-5 удаа цохисон байх. ...” /хх 20-21/,
гэрч Ц.З-ын “...03 цагийн үед гаднаас согтуу эрэгтэй орж ирээд юм авснаа утсаа хаячихсан гээд М-ийн утсаар Хаан банк руугаа ороод шилжүүлчихье гэхээр нь М татгалзсан чинь уурлаад гартаа барьж байсан хутгаа кассан дээр зоосон. Тэгээд эргээд харах хооронд нь М хутгыг нь аваад нуугаад, намайг хамгаалалт дуудчих гэхээр нь би улаан товчлуур дээр дарсан. Нөгөө залуу уурлаад учир нь ойлгогдохгүй, сонин сонин юм яриад байсан. “Хутга бол хүнд байх л ёстой зүйл. Миний үнэтэй, цайтай зүйлийг өгөөдөх” гээд байсан. Тэр залуу гайгүй ярилцаж байгаад нэг сөжү аваад, М-ийн утсаар тооцоогоо хийсэн. Сөжүгээ ууж байгаад “Хамгаалалтынхантай чинь үзье. Согтуу хүн орж ирээд галзуураад байна гээд хэлчих. Тэгвэл хурдан ирнэ” гээд байсан. Байж байгаад куртикээ үлдээгээд “Би доор асуудалтай байгаа юм. Тийшээ явчихаад ирье” гээд гараад явсан. Нэг ихудалгүй буцаж орж ирээд гоймон авчхаад “Хамгаалалт чинь ирэхгүй байна. Дэлгүүрийг чинь сүйтгээд байна гэж хэл. Тэгвэл хурдан ирнэ” гээд байсан. ... Тэгээд М-ийг цохих гэснээ больж байгаад касс цохиж унагаад өшиглөчихсөн. Тэр үед нь би цагдаа дуудсан. Тэгээд тэр залуу касс руу орж ирэх гээд байхаар нь М түлхсэн чинь газар уначихсан. Босож ирээд тэр хоёр ноцолдож байгаад тэр залуу М-ийн нүүр рүү цохисон. М түлхчээд касснаас гарсан чинь тэр залуу М-тэй ноцолдоод лангууны төмөр унаад, бараануудыг унагаачихсан. М тэр залуу хоёр ноцолдож байхад би цагдаад хаягаа хэлсэн. Тэр залуу М-ийн нүүр рүү 3 удаа цохисон. Тэгж байгаад тэр залууг түлхэж гаргаад хаалгаа татсан чинь тэр залуу гаднаас аймар татаад байсан. Онгойлгохгүй байсан чинь хаалганы хажуу талын шилийг цохиод хагалчихсан. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2131 дүгээр “...Б.М-ийн биед хамар ясны хугарал, хацар, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 33-35/ гэсэн дүгнэлт,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-47/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 69-85/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн ““Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Аийг хохирогч О.М-ийн эрүүл мэндэд “биед хамар ясны хугарал, хацар, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, өвдөг шилбэнд цус хуралт, баруун шуу, бугуй, сарвуунд зулгаралт, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн “П Н” ХК-ийн хаалганы шилийг гараараа цохиж хагалж, пос машиныг гараараа цохиж унагаан өшиглөж эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байх бөгөөд тус баримтлах зүйл, заалт нь хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахад баримтлах зүйл, заалт тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнээд, шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн хэрэглээг зөвтгөсөн зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж өөрчилж,
7 дахь заалтын “...Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолыг баримтлан...” гэсэн хэсгийг хассан өрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолд дээрх зөвтгөсөн зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Б.Дашнямын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,900,000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,900,000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж,
- 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Т.А-гээс сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Т.А-гээс сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР