Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00126

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, *******,

******* нарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

6.087.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оноос *******-тай мах нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байсан. Ийнхүү хамтран ажиллах буюу тус компанид мах нийлүүлэн, бэлтгэж байх үед харилцан тохиролцож зээлээр махаа нийлүүлээд махны үнийг ******* нь сар сард нь багтаан төлдөг байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацааны нийлүүлсэн махны төлбөрийг дутуу хагас төлж явсаар өнөөдрийг хүрсэн. Махны төлбөрийн үлдэгдэл нь 6 087 000 төгрөг үлдсэн бөгөөд уг компаниар үйл ажиллагаа явуулж байсан эхнэр, нөхөр болох *******, ******* нар нь төлнө гэж хойшлуулж явсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 6 087 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн ******* би хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2013 оноос иргэн *******аас ******* нь харилцан тохиролцож мах худалдан авч байсан. Mахны үнийг зарим үед зээлээр авч төлбөрийг нь тодорхой хугацаанд төлдөг байсан юм. 2016 оны 07 дугаар сарын үед махны төлбөр арав гаруй сая төгрөг байсныг нярав Алтанзулаар бэлнээр өгүүлж, одоо нэхэмжилж буй 6 087 000 төгрөгийг дараа төлөхөөр үлдээсэн нь үнэн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж түүнээс хойш *******-ийн үйл ажилд оролцохгүй байгаа. Уг нэхэмжилж буй мөнгийг төлөх боломж байсаар байхад өдий хүртэл төлөөгүй бидэнд итгэж мах нийлүүлж байсан залуучуудыг ямар санаатай хохироож байгааг ойлгохгүй байна. Дээрхий мөнгийг ******* нь авч хоол үйлдвэрлэлдээ хэрэглэсэн болохоор тус компани төлөх ёстой гэжээ.

Хариуцагч *******-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ын нэхэмжлэлтэй *******, ******* болон *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ******* нь улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд манай хуулийн этгээдийн хувьд иргэн *******тай хийсэн ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан баримтанд зурсан гарын үсэг нь манай байгууллагийг төлөөлөх эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт биш гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00755 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч *******-аас 6 087 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112 342 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 112 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх анх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа ИХШХШТХ-ийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдсан этгээдүүд болох *******, ******* нар нь Орхон аймагт харъяалалгүй, хариуцагчаар татагдсан ******* нь Орхон аймагт бус харин Булган аймагт байнгын үйл ажиллагаа явуулдаг харъяалалтай болох нь шүүхийн журмаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байхад ИХШХШТХ-ийн 117-р зүйл, 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлсэнгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагч нарын оршин суугаа хаягийн бүртгэлтэй холбоотой ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтыг болон мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон *******-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэлээгүй нь дээрхи шийдвэр ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон үзэж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдлээ хаацайлахын тулд хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ ...өөр өөр газар оршин суугаа 1 оршин байгаа\ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байх тул хэргийн харъяаллыг зөрчөөгүй гэж үзнэ гэж ИХШХШТХ-ийн 15-р зүйл, 15.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглээд зогсохгүй ...мөн дээрхи хүсэлтийг тус шүүхийн 2018-06-07-ны өдрийн № 142\ Ш32018\02620 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэж 2018-07-26-ны өдрийн № 142\Ш32018\03251 тоот захирамжаар хариуцагч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг харъяаллын дагуу шилжүүлүүлэх тухай гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэж байна.

Анхан шатны шүүх 2018-06-07-ны өдрийн №142\ 02620 дугаартай захирамжаар хэргийн харъяаллыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас

татгалзсантай холбоотойгоор 2018-06-07-ны өдөр хариуцагч *******. өмгөөлөгч О:Оюунтунгалаг нар шүүгчээс татгалзах татгалзлыг тус шүүхэд ханлан гаргасан, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018-06-11-ний өдрийн 597 тоот захирамжаар шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч ханган шиидвэрлэснээр хэрэг өөр шүүгчид шилжсэн.

Мөн түүгээр ч зогсохгүй дээрхи 2018-06-07-ны өдрийн № 142\02620 тоот захирамж нь гомдол гаргах эрхгүйгээр захирамжлагдсан, ИХШХШТА-ийн 170-р зүйл, 170.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүгчийн 2018-07-26-ны өдрийн № 142\03251 тоот захирамж илт үндэслэлгүй захирамж болохыг нь тогтоогоод зогсохгүй нөгөө талаар шүүгч энэхүү захирамжаа ИХШХШТХ-ийн 123-р зүйл, 123.1 дэх хэсгийг баримтлан гаргасан учир 124-р зүйл, 124.1 дэх хэсэгт зааснаар илт үндэслэгүй захирамжид өөрчлөлт оруулах тухай хариуцагч талаас хүсэлт гаргах хугацааг ч харгалзан үзэлгүй хурлыг үргэлжлүүлэн явуулж удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллаааг ноцтойгоор зөрчин анхан шатны нгүүх хуулиар олгогдсон эрхээ дахин хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дох хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, мөн хуулийн 44-р зүйл 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй *******-ний тамга тэмдэггүй, эрх бүхий этгээд бус этгээдийн зурсан гарын үсэгтэй баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж дүгнэн *******-иас 6.087.000 төгрөгийг нэхэмжлэгч Өрнөхбатад олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иймд хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, *******, *******-д холбогдуулан махны үнэ 6.087.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх *******-иас махны үнэ-6.087.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, *******, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ...нэхэмжлэгч *******аас мах худалдан авч, тус компани нь хоол үйлдвэрлэхдээ хэрэглэсэн, махны үнэ-6.087.000 төгрөгийг дараа төлөхөөр үлдээсэн нь үнэн, уг төлбөрийг компани хариуцаж төлнө... гэх тайлбар, хариуцагч ******* ...би хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар, *******-ийн захирал ******* ...хуулийн этгээдийн хувьд *******тай хийсэн ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, манай байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт бус байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг тус тус гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч ******* нь цайны газрын үйлчилгээ эрхлэн явуулдаг ба 2013 оноос эхлэн 2016 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч *******аас мах худалдан авч байсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх талуудын хооронд мах худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа *******-иас нэхэмжлэгч ******* тооцоо нийлэх гэрээний дагуу махны үнэ-6.087.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримталсан нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд тооцоо нийлэх гэрээ байгуулагдаагүй харин хариуцагч ******* нь 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авч байсан махны үнэ 6.087.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлсэн махны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Мөн Булган аймгийн Булган суманд хариуцагч *******, ******* нар оршин суудаг, ******* нь хуулийн этгээдийн бүртгэлтэй байх боловч хариуцагч ******* тухайн газарт амьдардаггүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-8-13 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэл хүлээн авсан тухай баримт, Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын № 188 тоот албан бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул тус аймгийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан зохицуулалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд ирүүлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа ны баримтанд хариуцагч *******-ийн тамга тэмдэг дарагдаагүй байх боловч уг баримтыг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлал, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00755 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-аас 6 087 000 /зургаан сая наян долоон мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******, ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.342 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ