Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 62

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******т холбогдох 1818000150038 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,******* /РД:/, 1977 оны 12 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багтоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Chinbayr 11.6.docx

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тухайн үед согтуу байсан учраас юу болсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Намайг өглөө сэрэхэд ******* гэртээ байхгүй байсан. Хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа эхнэр дээрээ очиж уулзаж,  эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа.           

…миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* ер нь архи уухаар агсан согтуу тавьж намайг хэл амаар доромжилж ганц нэг удаа цохиж байсан, гэхдээ тийм сүртэй биш гэмтэл учирч байгаагүй. Өмнө нь яг тэгж зодож цохиж байгаагүй. 2017 оны 12-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө намайг зодсон.

…би гэрээсээ гардаггүй гэртээ л байдаг учраас надад ямар нэгэн аальгүй зан байхгүй, бас би архи дарс ууж хэрэглэдэггүй. ******* зүгээр байж байгаад архи уухаараа агсарч намайг зодож цохисон, эрүүл байхдаа бол зүгээр надтай хэрэлддэг. Намайг зүгээр байхад ******* “тэр залуутай чи уулздаг уу?” энэ тэр гээд хардаж хэрүүл хийж эхэлдэг.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/,

 

-Гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ******* нь манай гэрт *******т зодуулсан гээд очсон байсан. Тухайн үед би гэрээсээ гараад “DBS” зурагтын газар орох гээд явчихсан байсан. Тэгээд өдөр 12 цагийн орчим гэртээ ирэхэд ******* нөхөртөө зодуулчихсан гээд зовсон байдалтай бие нь муу надад цамцаа сөхөж харуулсан чинь *******ийн зүүн гарын булчин, баруун ташаан дээр нь хөхөрчихсөн, толгой их өвдөж байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 18/,

 

-Дархан-Уул аймгийн “Саран-Элит” клиник эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн КТ оношилгоо /хэргийн 19/,

 

-“…*******ийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үүссэн байх  боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,

 

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хэргийн 50-51/,

 

-Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 52-58/,

 

-Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 62-63/,

 

-“…******* надаас уучлалт гуйж, бид 2 хоорондоо эвлэрсэн болохоор одоо надад гомдол байхгүй нэхэмжлэх зүйл ч байхгүй юм. Иймд энэ асуудлыг хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэх хохирогч *******ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 64/

-“..би *******тай эвлэрч хамтдаа нэг дор цуг амьдарч байгаа бөгөөд надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх хохирогч *******ийн Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 68/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл учирсан бөгөөд хохирогч *******  нь “...би *******тай эвлэрч хамтдаа нэг дор цуг амьдарч байгаа бөгөөд надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх хүсэлтийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан /хэргийн 68/ байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дархан сумын 6 дугаар баг *******  тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* ер нь архи уухаар агсан согтуу тавьж намайг хэл амаар доромжилж ганц нэг удаа цохиж байсан, гэхдээ тийм сүртэй биш гэмтэл учирч байгаагүй. Өмнө нь яг тэгж зодож цохиж байгаагүй. 2017 оны 12-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө намайг зодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/, гэрч Б.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…өдөр 12 цагийн орчим гэртээ ирэхэд ******* нөхөртөө зодуулчихсан гээд зовсон байдалтай бие нь муу надад цамцаа сөхөж харуулсан чинь *******ийн зүүн гарын булчин, баруун ташаан дээр нь хөхөрчихсөн, толгой их өвдөж байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 18/, Дархан-Уул аймгийн “Саран-Элит” клиник эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн КТ оношилгоо /хэргийн 19/, -“…*******ийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 52-58/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хэргийн 62-63/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******т торгуулийн ялын  500000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн *******ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ