Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/879

 

                                       

 

 

 

 

 

Б.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Р.Машлай,

хохирогч Б.А-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч-, хохирогч Б.А-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 2406071523524 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

А овгийн Б-гийн Ч .................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Ч- нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ... давхарт байрлах “С б” ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Б.А-тэй маргалдаж, улмаар түүний хөл, шилбэ хэсэгт өшиглөх, түлхэж унагаах, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А овогт Б-ийн Ч /РД: ................/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгож, хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ч- давж заалдах гомдолдоо: “...Хохирогч А.А-ийг зодсон гэх камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд бичлэг хийж байсан эмэгтэйн биед хүрч, түлхэж унагаж байгаа /хх-ийн 6-15/ бөгөөд тухайн эмэгтэйтэй маргаж түлхсэн дүрс байгаа боловч хохирогчийн биед халдаж нүүр хэсэгт нь цохисон зүйл байхгүй. Энэ талаар камерын бичлэгт байхгүй. Ц.У, Ц.М, Ж.П гэх гурван хүн бичлэг хийсэн бөгөөд тухайн бичлэгийг надад үзүүлээгүй, миний хувьд хүний биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хариуцлагыг үл зөвшөөрч дээрх шийтгэх тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж цагаатгаж өгнө үү.

Шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хохирогч Б.А гэх эмэгтэйн зохисгүй үг хэллэг хэрэглэж доромжилсны улмаас маргаан үүсэж, үл ойлголцол бий болсон. Тиймээс миний хийгээгүй үйлдлийн улмаас үүсэж байгаа үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хзргийн бодит байдлыг тогтоох тал дээр хангалтгүй ажилласан гэж үзэж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.  

Хохирогч Б.А-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор “Хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Хохирогч нь 1179 дүгээр шийтгэх тогтоолын зүйлчлэл, гэм буруу, ял шийтгэлийн талаар маргаж гомдол гаргаагүй. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр 7,000,000 төгрөгийг хэлэлцэлгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс эрх бүхий байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлгүй байна. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар “Журам, Хүснэгт батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг баталсан байна. Тус хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын ззрэглэлийг “Хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосон байна. Мөн хүснэгтэд “...Хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох...” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, тус хялбарчилсан хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шинжлүүлэгч буюу хохирогч нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, зэрэглэлийг тогтоохоор байна. Харин хохирогч нь тухайн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй юм.

Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолоор сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тодорхойлсон байна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор нь хоёрдугаар зэрэглэл буюу мөнгөн дүнгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12, 99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Энэ нь мөнгөн дүнгээр 3,960,000-10,286,080 төгрөг байна.

Иймд анхан шатны шүүхээс “...шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс хэрэглэвэл зохих хууль болон холбогдох дүрэм журмыг хэрэглээгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1179 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Б.А-ээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо гаргасан. Үүнд нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, бүх арга хэмжээг аваагүй гэж дурдсан байсан. Гэтэл шүүхээс хэргийг зүйлчлэлийн дагуу шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа тухайн хэрэгт талуудаас гаргасан нотлох баримтын хүрээнд, мэтгэлцэж шийдвэрлэсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шүүх энэ хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө цагаатгах байр суурьтай оролцсон. Гэвч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хэрэгт авагдсан хууль ёсны баримтын дагуу шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн тогтоосон. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн зүйлчлэл оноосон ял, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд сэтгэцэд учирсан хохирлын талаар маргасан. Шүүхээс тухайн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байгаа нь хохирогчийн хүний эрхийг хангаж, ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Б.Ч-т холбогдох 2406071523524 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ч- нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ... давхарт байрлах “С б” ХХК-ийн үйлдвэрийн байранд хохирогч Б.А-тэй маргалдаж, улмаар түүнийг түлхэн угааж чирэх, хөл, шилбэ хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.А-ийн: “...2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байр Б1 давхарт би ээж Ц.М, эгч Ц.У нарын хамт хуучин буйдангийн углаа авах, шинээр хийсэн буйдангийн углаа дутуу байсан тул авахаар очсон. ...Тэгсэн чинь тэр хүн ...ярих зүйл байхгүй, гар зайл гэж хэлээд маргаан үүссэн. Намайг зогсож байхад ...гар гэж хөөгөөд миний өмсөж байсан хантаазнаас татаад шалан дээр унагаад чирсэн. Би тархиараа савж унасан, хөл хэсэгт өшиглөсөн, мөн дэр хийсэн ууттай зүйл авч шидсэн. Манай эгчтэй маргаж байхад би ард талд нь боль гэж хэлээд зогсож байсан. Тэр үед миний биед халдаж тухайн хүний гарт цохигдсон. Нүдний дор хөхөрсөн байсныг шүүх эмнэлэг дээр очиж мэдсэн. ...” /хх 22-25, 29-31, 34-35/,

гэрч Ц.Уийн: “...өөрийгөө “С б” төвийн захирал гээд нэг залуу манай дүү Б.А-ийг түлхэж унагаад, хөл рүү өшиглөөд байсан ба тухайн залуу миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод миний толгойг хаалгаар хавчсан. ...” /хх 39/,

гэрч Ц.М-ийн: “... “та нар яах гэж ирсэн юм зайлцгаа” гээд байсан. Тэгээд орилоод манай охиныг зодсон, тэр хүн манай охины хувцаснаас чирсэн ... манай охиныг тухайн хүн гараа цохиж, өмссөн хувцаснаас нь чирэх үед манай охин газар унасан, охины хөл рүү өшиглөсөн. ...” /хх 42-45/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12836 дугаартай “...Б.А-ийн биед баруун шилбэ, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 60-61/,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэг хийж байсан эмэгтэйн биед нь хүрч, түлхэн унагаж, тухайн эмэгтэй газар унахад нь гадуур өмсөж байсан хувцаснаас нь чирч байгаа бичлэгтэй байв. ...” гэх тэмдэглэл /хх 6-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Ч-ын хохирогч Б.А-тэй маргалдаж, улмаар түүний түлхэж унагаах, чирэх, цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхээс Б.Ч-ын  үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Б.Ч-ын  үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байна.   

3. Гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.А- мэдүүлэг өгсөн /хх-ийн 37/, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 59/ 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч эмч хохирогч Б.А-ийн биед үзлэг хийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12836 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан болох нь “...Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч П.Ганзоригийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 8 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Э.Эрхэмбаяр би, ...Б-ийн А-ийн (рд: .....................) биед эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг 20:29 цагт хийв” гэснээр тогтоогдож байх тул 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.Ч-ын Б.А-ийн биед халдаж, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл эрүүл мэндэд нь учирсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн тус шинжээчийн дүгнэлтэд “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэснээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд тухай өдөр үүссэн шинэ гэмтэл байжээ.   

Иймд шүүгдэгч Б.Ч-ын гаргасан “...гэмт хэрэг үйлдээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас Б.Ч-ын хөнгөн гэмт хэргийг үйлдсэн арга, хэлбэр, түүний хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

5. Анхан шатны шүүх, хохирогч Б.А-ийн нэхэмжилсэн хохирлоос буйдангийн хуучин углааны үнэ болох 720.000 төгрөгийг, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй сэтгэцэд хор уршгийн нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт баримтаар нэхэмжилсэн 220,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогч Б.А-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан “...сэтгэцэд учирсан хохиролд 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1179 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ч-, хохирогч Б.А-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ