Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/880

 

 

                                                   

 

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол, А.Энхбуйр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Гомбо,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол нар хамтран, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол тус тус гаргасныг үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн 2410000000822 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

А овгийн С-ын Б                        ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч С.Б- нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод амь хохирогч Д.Ж-ын амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 32,781,961 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Банзрагчийн Энхзаяад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Б-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. С.Б-д холбогдох хэрэгт гэрч нарын зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн тогтоосон ба тэрхүү гэрч нарын мэдүүлэгтэй холбоотой дараах зөрчлийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.3, 16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын тайлбарлахтухай 16 дугаар тогтоолын 1.4-т “1.4.Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна” гэж заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тайлбарын 1.10-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул ийнхүү эх сурвалжийг нь тодруулаагүй авсан гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

2. Шүүгдэгч С.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, учир нь амь хохирогчийн явсан зам, маршрутыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргахад хүлээж авсан боловч энэ талаар ажиллагаа хийгдээгүй.

Мөн энэ ажиллагааг дахин хийлгүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтаар нотлох баримтаар нотлогдоогүй, мөн ноцтой зөрүүтэй дээрх хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. . ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч А.Энхбуйр гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй дараах үндэслэлүүд байх тул гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул дээрх хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна... хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч С.Б- нь бусдын бие махбодид халдвал, эрүүл мэндэд нь хохирол учрах, амь нас нь хохирох боломжтой гэдгийг мэдэж ухамсарласан атлаа хохирогчийн биед халдан амь насыг хохироосон, хор уршигт хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх зарчим, шаардлага хангаагүй гэж үзэн гомдол гаргаж байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар анхнаасаа гэмт хэргийн буюу болсон асуудлын талаар тогтвортой, хөдөлбөргүй нэг л бодит зүйлийг мэдүүлсэн, хавтаст хэрэгтэй танилцаж анхнаасаа оролцож байсны хувьд гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн итгэл үнэмшил, дүгнэлт гаргаж цагаатгах байр суурьнаас оролцож ирсэн бөгөөд одоо ч энэ байр суурь хэвээрээ тэр үүднээс гомдол гаргаж байна.

Хэргийн бодит байдлыг тогтоох яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн зэрэг цуглуулах үүрэг бүхий мөрдөгч, прокурор хууль ёсны үүргээ биелүүлээгүй, нэг талыг барьсан, шүүх бодит дүгнэлт хийж чадаагүй атлаа бусдыг гэмт хэрэгт тэр тусмаа ноцтой, хүнд гэмт хэрэгт яллаж байгаа нь шүүгдэгч С.Б-ы хувьд хэлмэгдэх, сэтгэл санааны асар их цочрол, эрүүл мэнд амь насаараа дээрхээс үүдэлтэй, энэ олон жил хохирох байдал үүсч байна. Хавтаст хэргийн хүрээнд болон өмгөөлөгчийн хувьд доорх үндэслэлүүд болон хэргийн талаарх хангалттай бус нотлох баримтын талаар дурьдахад: 

- гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй, хэргийн газраас олдсон нотлох баримт байхгүй,

- бусдын амь насыг хохироосон, тэр тусмаа санаатайгаар үйлдсэн бол ямар аргаар, юугаар цохиж дээрх хүнд гэмтлүүд үүссэн болох нь тодорхой бус энэ талаарх шинжээчийн дүгнэлт хангалтгүй, үндэслэлгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй, түүнийг заавал баримтлах шаардлагагүй бөгөөд үүнийг зөрчиж шинжээчийн дүгнэлтээр ... хохирогчийн биед учирсан гэмтлүүд бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл, унах үед үүсэхгүй, юмаар цохих үед үүссэн гэмтэл. ... ийм гэмтэл авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй байх тул шүүгдэгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн нь,

- санаатайгаар алах гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн гэж үзэж байгаа бол түүнийг үйлдсэн арга, хэрэглэсэн багаж хэрэгсэл, зөвхөн гараар цохих үед үүсэх үү, тэр тусмаа баруун талын 2, 3, 4,5 хавирга хугарал, гавал тархины битүү гэмтэл гэсэнд буюу гэмт хэрэг гарсан байдалд бодит дүгнэлт өгөөгүй /1-р хх-ийн 138-142/,

- шүүгдэгч өөрөө нас өндөр, хөл гар нь гэмтэлтэй, амь хохирогчоос биеийн жин, өндөр гэх мэт бодит үзүүлэлтээр харьцангуй бага, цохиж зодох, гэмтэл учруулах, тэр байтугай амь насыг хохироох чадваргүй гэж үзэж байгаа бөгөөд дээрх бодит байдлыг үнэлж дүгнэлт гаргаж өгөх талаар мөрдөн байцаалтын шатнаас энэ талаар мэдүүлж, дүгнэлт гаргуулах, туршилт хийх талаар өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт, гомдол гаргаж байсан боловч хангаагүй,

- мөн шүүгдэгч урьд орой нь хохирогчтой хамт архи уусан байхад согтууруулах ундааны үйлчлэлийн зэрэг илрээгүй,

- хохирогчийг шөнө орж ирэхээр нь хаалга тавьж өгсөн, тэгээд унтаад сэрдэг цагтаа сэрээд харахад тэрээр яваагүй үүдний хэсэгт хэвтсэн, унтаа байдалтай доош хараад цус алдсан, нүцгэн бүх хувцас тайлагдсан байдалтай байсан нь хэргийн газрын үзлэгээр харагдаж тогтоогддог. Хэрвээ талийгаачтай муудаж зодолдох, амь насанд нь халдаж хохироосон бол дуу чимээ гарах, гэмтэл учруулах амь насыг нь хохироох багаж зэвсэг ашигласан, дүгнэлтэд дурдсанаар ямар нэг мохоо зүйл хэрэглэх, нөгөө талаас талийгаач бие хамгаалах үйлдэл гаргах, эсэргүүцэл үзүүлэх зэргээр ямар нэг ул мөр үлдэх байтал , тийм зүйл огт байхгүй буюу хүний амь насыг ямар арга, хэрэгслэлээр хохироосон гэх нотлох баримгүй бөгөөд тэр байтугай хамаг хувцсыг нь нүцгэлээд цохиж зодно гэхэд талийгаач эсэргүүцэх , хариу үйлдэл хийх боломжтой эсэх, өмсч байгаа хувцас биед урагдал цоорхой байхгүй зэрэг эргэлзээтэй заавал тогтоох зүйлүүд байгаад дүгнэлт өгөөгүй,

- мөн талийгаач шүүгдэгчтэй урьд өдөр нь хамт нэг шил архи ууж байгаад салсан бөгөөд тэрнээс хойш хаана, хэнийд очсон, юу хийсэн, хэнтэй байж болох гэх зэрэг маршрутыг тогтоогоогүй. Харин хаа нэг газар бусадтай муудалцсан болон аваар осолд өртсөн байх магадлалтай, шүүгдэгчийн гэрт болон түүнтэй амь насаа алдах, хохирох хүртэл асуудал үүсээгүй гэж үзэж байгаа. Зөвхөн шал угаагч, хугарсан, тэдгээрийн бариул хэсэгт илэрсэн цус зэргээс тогтсон, ямар нэг байдлаар хэн аль нь ямар ч байдлаар хүрсэн байж болох цусны тогтоцоор болон дээрх эргэлзээтэй нөхцөл байдал /1-р хх-ийн 170-173/ байхад түүнд дүгнэлт өгөөгүй, нотлох баримт хангалтгүй байхад гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдсэн гээд байгаа нь үндэслэлгүй байх тул гомдолтой байгаа болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан, бэхжүүлсэн баримтууд нь талийгаач нь нас барахын өмнө зөвхөн шүүгдэгч С.Б-тай хамт архи уугаад салсан, цаашид юу хийснийг олоогүй, дараа нь ямар байдалтай олдсон талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байх ба эдгээр баримтуудыг үндэслэн Д.Ж-ын амь насыг хохироосон гэдгийг нотлох боломжгүй. Талийгаачийн үхэлд хүргэсэн хүнд гэмтэл, хор уршиг С.Б-ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон баримт байхгүй, өөрөөр хэлбэл түүнийг яллах талын нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууриа хамгаалж гомдол гаргаж байна.

Дээрх гэмт хэрэгт холбогдуулан цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь тухайн гэмт хэргийг С.Б- үйлдсэн болохыг хангалттай нотлож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б- амь хохирогчийг алсан гэх аллагын зэвсэг, түүнтэй холбоотой ул мөр, хэрэгт авагдаагүй. Өмгөөлөгч А.Энхбуйрын дурдсан шүүгдэгчийн хувьд 66 настай, хөлдөө протезтой. Их хэмжээний гэмтлийг үүсгэх чадвар тун хомс. Өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн явсан маршрут тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Гэвч дээр дурдсан хүсэлтүүдэд заагдсан ажиллагаа хийгдээгүй. Хэргийн газрын камерын үзлэгтэй холбоотой баримт нь хх-ийн 1-65 дахь тал, үзлэг хийсэн цаг нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 43 минутаас 23 цаг 22 минут хүртэл үзлэг хийсэн. 23 цаг 22 минутаас хойш яагаад үзлэг хийгээгүй вэ, амь хохирогчийн гэмтлүүд нь бүгд баруун талд нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр эдгээр олон тооны гэмтэл авсан хүн явж чадахгүй гэсэн. Гэтэл энэ нь зөвхөн шинжээчийн барьж буй үзэл бодол бөгөөд энэ талаар өөр эмч нараас асуухад мэргэжлийн эмч нар цус харвалт нам үхээгүй бол аарцавчийн доод үе нь саруул үе гэж байдаг. Энэ хугацаандаа ухаантай байгаа хүн мацаад ч болов үйлдэл хийгээд 4 давхарт гарах боломжтой гэсэн үүгээр хэлэх гэсэн үндэслэл нь тухайн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь туулийн үнэн зөв гэсэн ойлголт байж болохгүй. Мөн 19 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний хажууд байдаг саарал 5 давхар бөгөөд хуучин социалист нийгмийн үед баригдсан бөгөөд хөрш айл болон дээд айлын дуу чимээ маш чанга тод сонсогдог. Ийм хэмжээний харилцан зодоон үүсэн байх ёстой. Шүүгдэгчийнд тэмцэлдсэн ул мөр байхгүй. Мөн амь хохирогчийн байсан коридор хэсэг нь нойлын өрөөний хаалгыг хаахад тухайн зай дүүрдэг бөгөөд энэ жижиг давчуу зайд яаж үхэлд хүргэхүйц хэмжээний гэмтлийг учруулах вэ гэсэн эргэлзээтэй зүйлүүд их байна. Мөн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоод шүүгдэгчийг гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн камерын үзлэг дутуу хийсэн. Амь хохирогчийн явсан маршрутыг тогтоож өгөөч, зарим эмч нараас асуухад амь хохирогчийг машинд мөргүүд орж ирсэн байж магадгүй бөгөөд шүүгдэгчээс тусламж хүссэн байж болно. Мөн ар гэр нь “архи их уудаг тул бид тустай амьдарч байгаа” гэсэн. Тусламж ирээд шүүгдэгчийн орсон байх боломжтой. Мөн тухайн олон гэмтлийн дараа хананд цус үсэрсэн, тэмцэлдсэн, ямар нэгэн ул мөр байгаагүй. Мөн гэрч Төрбат “ эд нар 3 хоног цуг байсан” гэсэн эргэлзээтэй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд “3 хоног цуг байгаагүй, Б намайг гаднаас архи оруулж ирсэн, эсхүл би гадаа ууж байсан тал шил архитайгаа орсон” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байна. Мөн шүүгдэгч С.Баярсайны хөрш н.Сарантуяа, Баасансүрэн, Должмаа нар “ямар нэгэн чимээ шуугиан сонсогдоогүй” гэж мэдүүлсэн. Өөр хэлбэл амь хохирогчид учирсан гэмтлүүдийг үүсгэхийн тулд цохих, золдох зэрэг маш их хэмжээний дуу чимээ гарна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан нас барсан цаг нь үүрийн 4 цагаас 6 цагийн хооронд гэсэн. Камерын бичлэгт үзлэг хийсэн нь 13 цаг 43 минутаас 23 цаг 22 минут хүртэл үзлэг хийсэн бөгөөд цааш нь бичлэг хий ач холбогдолгүй гэж үзээд камерын бичлэгийн үзлэг хийсэн тэмдэглэлээ дуусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт туршилтын ажиллагаа хийгээд өгөөч, мөн шүүгдэгч С.Б- эдгээр гэмтлийг учруулахуйц хэмжээний чадвартай эсэх эдгээр нөхцөл байдлыг тогтоох нь энэ хэргийн жинхэнэ эзнийг олж тогтоох, шударга ёсыг сахиулах зорилготой. Хэргийн бодит байдлыг тогтоох ёстой гэтэл анхан шатны шүүх илтэд хайхрамжгүй хандсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг дурдсан байсан. Иймээс дээр дурдсан гомдлын үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй байдал мөн тул хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймээс шүүгдэгчийг энэ хэмжээний гэмтлийг учруулж чадах чадалтай эсэх талаар тогтоож өгөөч, жорлонгийн хаалга нээхэд амь хохирогчийн байсан коридор дүүрнэ, энэ жижиг зайд зодолдсон юм уу. Мөн шүүгдэгчийн гэрт үзлэг хийх явцад шүүгдэгчийн том хүү мужааны ажил хийдэг бөгөөд тухайн ажлыг хийхэд холбоотой багаж хэрэгслийн нэг өрөөндөө хадгалдаг. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан модоор тухайн хэмжээний гэмтлийг үүсгэх ямар ч боломжгүй. Мөн хутга авагдсан байсан бөгөөд тухай хутганаас шүүгдэгчийн гар хээ олдоогүй. Зөвхөн гэрч Төрбатын хийсвэр зөрүүтэй мэдүүлэг, шүүхийн шинжээч эмчийн туулын үнэн гэсэн бус шийдвэрт үндэслэж хүний хувь заяаг шийдвэрлэж байна. Хохирогч нь 174 см өндөртэй том биетэй махлаг хүн, харин шүүдэгч нь 160 см өндөртэй настай хүмүүс хоорондоо тэмцэлдэхэд ул мөр заавал үлдэнэ. Гэтэл шүүгдэгчийн гарт жижиг хөхөрсөн хэсгээс өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний хувьд өмгөөлөгч Д.Түмэнжаргалтай хамтарч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Энхбуйр өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд хэргийн газраас ач холбогдолтой эд мөрийн баримт бэхжүүлж аваагүй гэж дурдсан байсан. Гэтэл энэ хэргийн гол баримт болох шинжээчийн дүгнэлтүүд хэргийн газраас шаардлагатай баримтуудыг хурааж авсан, тухайн баримтуудаас амь хохирогч болон шүүгдэгчийн ДНХ илэрдэг. Жишээлбэл, шалга угаадаг үстэй угаагчийн үснээс хохирогчийн ДНХ, бариул хэсгээс шүүгдэгчийн ДНХ илэрсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч эд мөрийн баримтыг устгах буюу цэвэрлэх үйл ажиллагаа явуулсан байх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй хүн мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хэргийн газрын үзлэгийн зурагтай танилцвал амь хохирогчийн биеийг чирсэн байдаг бөгөөд ууттай зүйл өргөж чаддаггүй хүн 70-аас 80 кг хүнийг яаж чирэх вэ. Хэргийн газрын үзлэгээр тодорхой байдаг бөгөөд цэвэрлэх гэж оролдсон, цогцсыг зөөвөрлөх гэж оролдсон нь харддаг. Мөн маршрутыг шалгаагүй гэж тайлбарласан. Гэтэл тухайн байранд амь хохирогч болон шүүгдэгч нараас өөр хүмүүс ороогүй гэдэг нь камерын бичлэгээр тогтоогдог. Мөн тухайн амь хохирогч нь тухайн гэмтлийг авснаас хойш хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд зөвхөн нүдээ хөдөлгөх байдалд орж болно. Мөн тодорхой гэрч нарын мэдүүлэг байдаггүй гэсэн. Гэтэл гэрч н.Э “намайг орж ирэхэд доошоо хараад хурхирч байсан” гэсэн. Тухайн хурхиралтын талаар шүүх хуралдаанд шинжээч эмчээс тархины гэмтэл авсан хүнд ямар гэмтэл илэрдэг вэ гэхэд “ухаангүй болсон хүнд хурхирах шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрнэ, яг унтаж байгаа хүн шиг хурхина” гэж хэлсэн. Энэ нь амь хохирогч доошоо хараад хурхирч байна гэдэг гэмтэл авсан байсан. Мөн тухайн үед амь хохирогч болон шүүгдэг нар нь хоёулаа байсныг тогтоодог. Мөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тогтоох боломжгүй гэсэн. Гэтэл энэ талаар шүүх бүрэлдэхүүн тайлбарласан бөгөөд мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. Мөн хэрэгт хураагдсан баримтуудаас хохирогчийн ДНХ илэрснээс гадна шүүгдэгчийн өмсөж явсан гуталаас хохирогчийн ДНХ илэрсэн бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолынхоо 10-12 дугаар талуудад маш тодорхой няцаасан бөгөөд анхан шатны шүүхэд мэтгэлцэж байсан тайлбараа гомдол болгоод гаргасан байсан.  Мөн тухайн байранд чимээ гарсныг сонссон хүн байгаагүй гэсэн. Гэтэл чимээ гарсан талаар насанд хүрээгүй гэрч сонссон байдаг. Амь хохирогчийн нас барсан цаг нь үүрээр байсан. Үүнийг шинжээчийн дүгнэлт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоосон. Тухайн үед шөнийн цаг байсан учраас тухайн чимээг заавал сонсох албагүй. Өөрөөр хэлбэл, хүний биед хэн нэгэн халдаж байгаа тохиолдолд заавал чимээ гарах алба байхгүй /гэж хэлээд ширээ цохив үзүүлэв/. Учир нь, хүнийг цохих үед ямар ч чимээ гарахгүй. Харин намайг шөнө шээх гэж байхад эрэгтэй хүний орилж байгаа чимээ гарсан гэж насанд хүрээгүй гэрч мэдүүлсэн. Тэмцэлдсэн ул мөр байхгүй гэдэг. Гэтэл шүүгдэгчийн биед томилсон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн бугалгад гэмтэл учирсан байсан бөгөөд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн дүгнэлт гарсан. Мөн заавал тэмцэлдсэн байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч эхлээд амь хохирогчид үхэлд хүргэх гэмтлийг учруулсан байж болно.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Энэ хэрэг гарах үед хоёулхнаа байсан нь тодорхой байдаг. Мөн гэмтэлд хүргэсэн шалтгаан нь ямар ч үйлдэл хийх боломжгүй. Амь хохирогч тухайн гэмтлийг аваад үйлдэл хийх боломжгүй гэж хэлээд байхад эн хүмүүс камерын бичлэг шалга, машинд мөргүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл амь хохирогчийг мохоо зүйлээр цохиж, тархинд нь гэмтэл учруулаад ямар ч үйлдэл хийх боломжгүй байхад нь баруун талд нь цохисон байх магадлалтай бөгөөд бүх гэмтлүүд нь баруун талдаа байна гэсэн. Мөн өөрөө 5, 6 цагийн үед боссон гэсэн бөгөөд цагдаагийн байгууллагад 12 цагт мэдэгдсэн бөгөөд тухайн 12 цаг болтол юу хийсэн бэ, өөрийнх нь таньдаг хүн газар хэвтэж байхад ямар нэгэн асуудалгүй бол хурдан мэдэгдэх ёстой байсан. Гэтэл 12 цаг хүртэл мэдэгдээгүй байж байгаад 12 цагт цагдаад мэдэгдсэн. Би шүүгдэгчийн талаар мэднэ. Шүүгдэгч нь өмгөөлөгч нарын хэлсэн шиг хөдөлмөрийн чадвараа алдсан хүн биш, архины хамааралтай хүн. Өмгөөлөгч нарынхан зүгээс өмгөөлөгч, хамгаалж хэлж байх шиг байна. Миний хувьд прокурор болон шүүхийн дүгнэлтийг хар ухаанаар сонсоход бүх зүйл тодорхой байна. Мөн тухайн гэмтлийг аваад явах боломжгүй гэдэг нь тодорхой байна. Үүнээс өөр тухайн гэмтлийг аваад явж болдог байсан бол гаднаас хүн цохиулах боломж байгаа байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Өмгөөлөгч нарын тайлбарласан туршилттай холбоотой нөхцөл байдлыг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Энэ баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймээс туршилт хийх ажиллагааг хийх боломжгүй. Мөн амь хохирогчийн явсан маршрутыг тогтоож өгөөч гэсэн. Үүнтэй холбоотой мөрдөгчөөс тухайн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд тухайн үзлэгийг 48 цагийн дотор боловсруулж гүйцэтгэсэн. Тухайн үед нь прокуророос орсон гарсан үйл баримт нь тогтоогдож байгаа эсэх талаар хяналт тавьж ажилласан. Иймээс шүүгдэгч болон амь хохирогч нар нь тухайн байранд байсан нь тогтоогдог. Гэвч гэрч нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ талаар шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо өдрийг андуурсан гэсэн. Үүнийг шүүхээс үнэлсэн. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт нь шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан. Энэ дүгнэлтэд үндэслэн тухайн амь хохирогч ямар нэгэн байдлаар үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй байна гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс эдгээр баримтууд нь хэргийн талаар хангалттай сэргээн дүрслэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

1. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлахад:

Шүүгдэгч С.Б- нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хороо, Сааралын ... дугаар байрны ... тоотод байх өөрийн гэртээ иргэн Д.Ж-ыг зодож, түүний амь насыг нь хохироосон (алсан) болох нь:

2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 42 минутад С.Б-аас цагдаагийн 102 дугаарт “Согтуу хүн явахгүй байна” гэх дуудлага өгсөнг нотолж буй цагдаагийн дуудлага, лавлагааны баримт (1-р хх-ийн 14),

хэргийн газрын үзлэг хийсэн: “...гадна хаалгыг онгойлгож дотогш орж харахад, нойлын өрөөний хаалганы урд цээж нүцгэн шаргал өнгийн өмдийг хөл хүртэл шувталсан, эргэн тойронд болон доор нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос доош харсан байдалтай байв. Цогцсын эргэн тойрны шал хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. ...уг цогцсын толгойн хэсэг зүүн зүгт харсан нуруу хэсэг болон толгойн хэсэгт гэмтэл шархтай, нүүр хэсгийн ил харагдах хэсэг нь хавдсан, хөхөрч цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр нилэнхүйдээ бохирлогдсон. Уруул нь бамбайж хавдсан байдалтай байв. Үүдний хэсэгт байршуулсан угаалгын машин дээр хатсан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон урд нь цэнхэр цамц, цагаан өнгийн маск байв. Том өрөө рүү орох хаалганы урд талын шалан дээр бүдэг харагдах цус мэт хүрэн улаан өнгийн толботой, хаалганы хажуу талд мөн адил толбонуудтай байв. ...гал тогооны өрөөнд орж үзлэг хийх явцад хогийн саванд шар өнгийн модны хугархай, гал тогооны шургуулган дотроос ажлын хэсэг нь хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 15-30, 31-37),

хэргийн газраас эд зүйл хураан авсан тэмдэглэл, хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, зураг (1-р хх-ийн 80-88),

хэргийн газраас хурааж авсан, бэхжүүлэн авсан эд зүйлд шинжилгээ хийсэн:

3859 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн шал угаагч дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Цайвар ногоон өнгийн шал угаагчийн бариул хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3690 дугаартай дүгнэлтэд дурдсан С Б гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Үс хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3690 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ5554 дугаартай Д.Ж гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” (1-р хх-ийн 170-173),

3690 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хугарсан модны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга, цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн өмд, хар өнгийн хос пүүз, цайвар ногоон өнгийн шал угаагчийн хувин, саарал өнгийн хос углааш, цагаан өнгийн маск 2 ширхэг дээр цус илэрсэн. Хар өнгийн хос пүүз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэхгүй. Үзмэн ягаан өнгийн дотоож, бор өнгийн арьсан бүс, LD гэх бичиглэлтэй тамхины иш 3 ширхэг дээр биологийн ул мөр илрээгүй. Хугарсан модны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга, цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн өмд, цайвар ногоон өнгийн шал угаагчийн хувин, саарал өнгийн хос углааш, цагаан өнгийн маск 2 ширхэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хугарсан модны хэсэг, шаргал өнгийн иштэй хутга, цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн өмд, цайвар ногоон өнгийн шал угаагчийн хувин, саарал өнгийн хос углааш, цагаан өнгийн маск 2 ширхэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ5554 дугаартай Д.Ж гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, С.Б- гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 184-191),

3692 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх бинт, цогцсын толгой хэсэгт байх хатсан цус гэх дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх бинт, цогцсын толгой хэсэгт байх хатсан цус гэх дээж дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3690 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ5554 дугаартай Д.Ж гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. С.Б- гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” (1-р хх-ийн 201-204),

3841 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос пүүз, хар өнгийн хос оймс дээр цус илэрсэн. Саарал эрээн өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн дотоож, саарал эрээн өнгийн цамц, бор өнгийн футболк дээр биологийн ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус байна. Хар өнгийн хос оймс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэхгүй. Хар өнгийн хос пүүз дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хар өнгийн хос пүүз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3690 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ5554 дугаартай Д.Ж гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, С.Б- гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” (1-р хх-ийн 214-217),

2100 дугаартай “...Шинжилгээнд 0 5 литр хэмжээтзй “Соса Соlа” гэх бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, 0.3 литр хэмжээтэй “Соса Соlа” гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, 0.5 литр хэмжээтэй “Воnаguа” гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, 0.5 литр хэмжээтэй “Хараа” гэх бичиглэлтэй шил 3 ширхэг, 0.5 литр хэмжээтэй “Сэнгүр” гэх бичиглэлтэй лааз 2 ширхэг, шилэн аяга 1 ширхэг, шар өнгийн модон иш 2 ширхэг, хутга 1 ширхгийг тус тус биет байдлаар ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн модон ишний гадаргуугаас 1 ширхэг, “Сэнгүр” гэх лаазны гадаргуугаас 2 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд тэнцсэн “Сэнгүр” гэх  лаазны гадаргуугаас илэрсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд МN000110018500 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Содном овогтой Бы баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн “Сэнгүр” гэх лаазны гадаргуугаас илэрсэн 2 ширхэг гарын мөр нь папилляр шугамын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ. С овогтой Б-ны баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна...” (1-р хх-ийн 228-240) гэсэн Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн: “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөртэйгөө уулзсан, манай ажил дээр ирж уулзаж кофе аваад явсан, царай жаахан алдчихсан, турчихсан байсан, царай зүсэнд бол шарх гэмтэл харагдаагүй. Манай хүү аавтайгаа ... дугаар байрны гадаа таарсан гэж ярьсан, буурал толгойтой ахтай хамт явж байсан, тэгээд аав гэр лүүгээ орсон, нөгөө ах цаашаа үйлчилгээний төв рүү явсан гэж хэлсэн. Буурал толгойтой ах нь нилээн согтуу аавыг хэл амаар доромжлоод танай аав чинь гөлөг новш гэж хэлсэн гэсэн. Сүүлд нь асуухад аавын царай зүгээр байсан гэж надад хэлсэн...” (1-р хх-ийн 93-95),

насанд хүрээгүй гэрч Н.Э-ийн: “...Би шөнө сэрээд ариун цэврийн өрөө орох гээд явж байсан чинь хананы цаанаас эрэгтэй хүний орилсон, хэрэлдсэн мэт дуу чимээ гараад байсан. Шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна...” (1-р хх-ийн 110-111) гэх мэдүүлгүүд,

цогцост үзлэг хийсэн: “...уг цогцсын урт 174 см, 83 кг жинтэй, толгойдоо 0.5 см урт буурал орсон хар өнгийн үстэй, 54 настай гэх эрэгтэй хүний цогцост үзлэг хийв. Үзлэгээр биеийн ерөнхий хөгжил зөв, ...хүүрийн толбо биеийн зүүн урд, нүүрний зүүн хажуу дарагдаагүй хэсгээр тод ягаан өнгөөр үүссэн, дарахад арилахгүй, шулуун гэдэсний хэм 16 цагт 28 градус цельс, 18 цаг 13 минутад нас бараад ойролцоогоор 12-14 цаг орчим болсон байх боломжтой. Нүүр, хоёр талын хацар, шанаа, толгойн хуйх нилэнхүйдээ овойж хавдсан, хоёр нүдний зовхи, уруул мөн адил овойж хавдсан, хоёр нүдний зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбэнд, зүүн хацар шанааны хэсгийг хамарсан 18x8 см, зүүн чамархайн хуйханд 10x6 см, баруун зулай, чамархайн хуйханд 8x7 см, баруун чихний дэлбэнгийн ар гадаргуу болон баруун чихний ар гадаргуу хэсэг болон баруун чамархайн ар доод хэсгийг хамарсан 9x7 см, цээжний баруун дээд хэсэг, баруун эгэмний доор 9x4 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 5x4 см, зүүн мөрөнд 10x6 см, зүүн бугалганы ар дээд хэсэгт 8x4 см, ар дунд, доод хэсгийг хамарсан 18x7 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, уруул, уруулын завжны салстад тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулын дотор салстад 2.5x0.7 см, доод уруулын дотор салстад 2.5x0.5 см зах ирмэг тэгш бус язарсан шархтай, баруун өвдөгт 5x2.5 см, баруун шилбэний урд дээд хэсэгт 4x2 см, 1.5x1.5 см, баруун шилбэний урд доод хэсэгт 2x2 см, баруун шагайн урд хэсэгт 4.5x4.5 см, нурууны дунд хэсэгт 2 далны хэсэгт 4x3 см, нурууны баруун дунд хэсэг, баруун хажуу хэсэг рүү 23x13 см талбайд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, уг цус хуралтын орчимд баруун далны доор 6x0.2 см, дотор доод 4x0.7 см, гадна доод хэсэгт 5x1.2 см, нурууны баруун дунд хэсэгт 1.8x0.4 см, 6x0.7 см, 2x1.7 см, 0.4x0.3 см 2 ширхэг, 4x1.7 см, 17.5x2.5 см, 4.5x0.5 см, 5.5x1.5 см, хэвлийн баруун хажууд 1.5x0.4 см, баруун өгзөгний дээд хэсэгт 1.2x1 см, 0.7x0.3 см, 1.5x1.3 см, 1.2x0.4 см, баруун өгзөгний гадна дунд хэсэгт 0.7x0.1 см 2 ширхэг 0.6x0.6 см, баруун өгзөгт 2.0.2 см, 0.6x0.2 см хүрэн улаан өнгийн бага зэрэг хатаж эхэлсэн зулгаралттай, баруун өгзөгний гадна дунд хэсэгт 9x6 см, баруун гуяны гадна дээд хэсэгт 8x4 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, цээж хэвлийн дээд хэсэг болон хүзүүний зүүн урд хэсэг, мөн зүүн бугалганы урд гадаргуугийн арьсны өнгөц давхар хүрэхэд хялбар хуулрана. Өөр биед ил харагдах гэмтэлгүй, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 74-79),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2199 дугаартай: “...Талийгаач Д.Ж-ын биед баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дор цусан хураатай (150 грамм), тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсанд цус харвалт, өнчин тархинд цус харвалт, хуйхан дор тархмал цус хуралт, 50 грамм цусан хураатай, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд хугарал, өвчүү ясны бүдэрхийн хугарал, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад няцарсан шарх, цээж, зүүн мөр, хоёр бугалга, шуу, хэвлий, нуруу, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу цохих, өшиглөх үед хэвтээ болон босоо, суугаа байрлалд аль алинд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн учирсан гэмтлийн зэрэг тогтоохгүй. Баруун 2, 3, 4, 5 дугаар хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 13 минутын цогцсын гадна биеийн үзлэгээр нас бараад 12-14 цаг орчим болсон байна. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 138-142), энэ шинжилгээг хийсэн шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...дээрх гэмтлийг авсан тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, 1 давхраас 4 давхар хүртэл явах боломжгүй. Харин нас барах хүртлээ гар хөл хөдөлгөх, хөрвөөх, эргэх хөдөлгөөн хийж болно. Биед үүссэн гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 145-147),

гэрч Б.Т-ын: “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өглөө хальт уулзаж нэг шил архи оруулж өгсөн. Өмнөх өдөр нь байрны гадаа уулзаж Ардчилсан намын сонгуулийн ажилд Б ах бүртгүүлсэн. Тэгэхдээ Ж-тай хамт явж байсан. Би тэр хоёроос салаад намын асар барих ажлаар юм зөөхөөр явсан. Ж гэдэг хүнийг танина Ж- гэж дууддаг. Саарлын ...... дугаар байранд байдаг. Ардчилсан намын сонгуулийн ажилд бүртгүүлдэг өдрийн өмнөх өдөр Б ахын гэрт ороход Ж- тэр хоёр архи уучихсан байж байсан. Тэгээд би тэр хоёртой шатар нэг нэг тоглоод ууж байсан архинаас нь нэг хоёр татсан. Тэгээд би гараад тэр хоёр Б ахын гэрт үлдсэн. Миний мэдэхээр сүүлийн 3 хоног тэр хоёр хамт архи ууж байсан. Эхний өдөр ороход тэр хоёр нэг шил архи тавьчихсан сууж байсан, Ж-гийн нүүр царай зүс ямар нэгэн зодуулсан цохиулсан шинжгүй зүгээр байсан. Ардчилсан намын сонгуулийн ажилд бүртгүүлэхэд Ж- гадаа суугаад үлдсэн царай зүс нь зүгээр байсан...” (1-р хх-ийн 112-114), дахин өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө он, сар дээрээ будилсан байна. Би 15-ны өглөө архи оруулж өгөөгүй над руу баахан залгасан байсан, би утсыг нь аваагүй ээ, өглөө намын ажилтай асар бариад явж байсан болохоор. Харин өмнөх өдөр нь гэртээ ээждээ хоол хийж өгөөд байж байтал Б ах ганц юм аваад ороод ир гэхээр нь Б ахын гэр лүү орсон, 20 цагийн үед гэж санаж байна. Тэгээд гэрт нь ороход том өрөөний орны хажууд талийгаач хурхирсан байдалтай доошоо харчихсан унтаж байсан. Тэгээд би яасан тасарчихсан юм уу гэж асуутал манайд хоёр гурав хонож байна, гэртээ харихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би авчирсан шил архи задлаад Б ахтай хувааж ууж байгаад тал орчим дээр нь үлдээгээд доошоо бууж намын байр орж цагаа бүртгүүлээд гэр лүүгээ орсон. Тэгээд өглөө нь над руу залгасан байсан би утсаа аваагүй. ... талийгаач доошоо харчихсан хурхирч байсан. Царай нь зүгээр байх шиг байсан. Тэр хоёр маргалдсан муудалцсан зүйл ажиглагдаагүй. Манайд өмнө нь шээж байсан гэж ярьж байсан. Б 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гарсан, орсон талаар огт яриагүй. Бараг гэрээсээ гараагүй байх гэж бодож байна....” (1-р хх-ийн 117-118) гэх мэдүүлгүүд,  

гэрч Б.Т-ын “...Тэгээд гэрт нь ороход том өрөөний орны хажууд талийгаач хурхирсан байдалтай доошоо харчихсан унтаж байсан. Тэгээд би яасан тасарчихсан юм уу гэж асуутал манайд хоёр гурав хонож байна, гэртээ харихгүй байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлгийг болон хэрэг болсон өдөр С.Б-, амь хохирогч нар нь хамт байсан, тус гэрээс хөдөлгөөн хийж гарч, ороогүйг нотолж буй 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ....... дугаар байрны С.Б-ы амьдардаг орцны орсон, гарсан хөдөлгөөнийг харуулсан камерын бичлэгт үзлэг хийж, “бичлэгт ач холбогдолтой дүрс гараагүй” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хх-ийн 39-65),

хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч С.Б-ы зүүн бугалганд учирсан байх боломжтой цус хуралт гэмтэл байгаа болохыг тогтоосон 2024 оны 6 дугаар сарын 20-ний өдөр С.Б-ы биед үзлэг хийгээд гаргасан шинжээчийн: “...БОЛСОН ХЭРГИЙН ТОВЧ: 2024.06.15-ны өдөр орхи согтууруулах ундааны зүйл хэрэглдэсэн үедээ Д.Ж-ийн амь насыг хохироосон гэх.

ДҮГНЭЛТ: С.Б-ы биед үзлэг хийгээд зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8219 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 159-160),

С.Б- хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 634 дугаартай: “...С.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Б- нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Б- нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгож мэдэж байсан байна. С.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 165-167),

шүүгдэгч С.Б- нь өөрийн гар утсаар 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хамгийн сүүлд  22 цаг 05 минутад ирсэн дуудлагыг авч 16 секунд ярьсан, дараа нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 цаг 50 минутаас эхэлж өөрөө дуудлага хийх, ярих зэргээр олон удаа гар утсаа ашиглаж байгаад тус өдрийн 12 цаг 41 минутад 102 дугаар руу залгаж ярьсан болохыг тэмдэглэсэн С.Б-ы гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хх-ийн 112-114) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Б-ы хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

3. Шүүгдэгч С.Б-ы 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод амь хохирогч Д.Ж-ын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.  

Шүүгдэгч С.Б-ы үйлдсэн гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх ба хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг эх сурвалж магадлах аргаар шинжлэн судлахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд хоорондоо уялдаатай, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохуйц байна.

С.Б-ы гэрээс өөр газарт амь хохирогч Д.Ж биед нь учирсан гэмтлүүдээ авсан гэж үзэх үндэслэл бүхий сэжиг, нотлох баримт хэрэгт байхгүй ба тэдний гэрт шүүгдэгч С.Б-, амь хохирогч хоёр байсан болохыг гэрч Б.Т- мэдүүлсэн, шөнө дунд тэдний гэрт маргаан болж байсан талаар насанд хүрээгүй гэрч Н.Э: “...Би шөнө сэрээд ариун цэврийн өрөө орох гээд явж байсан чинь хананы цаанаас эрэгтэй хүний орилсон, хэрэлдсэн мэт дуу чимээ гараад байсан. Шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна...” (1-р хх-ийн 110-111) гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгчийн С.Б-ы “...Жа манайд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирээд, ...цэцэрлэгийн урд талын өндөр байрны сандал дээр архи хувааж уугаад салсан. Тэгээд би гэр рүүгээ 18 цагийн үед харьсан байх. Жа манайд бүрэнхий болж байхад орж ирсэн. ...” /2 хх-ийн 21 тал/, “...шөнө намайг орондоо орчихсон байхад 22-23 цагийн үед байх гэрийн хаалга нүдээд байхаар нь гэртээ оруулсан. ...” /2 хх-ийн 26 тал/ гэсэн мэдүүлгийг эх сурвалж магадлах аргаар шалгахад, гэрч Б.Т-ын “...Тэгээд гэрт нь ороход том өрөөний орны хажууд талийгаач хурхирсан байдалтай доошоо харчихсан унтаж байсан. Тэгээд би яасан тасарчихсан юм уу гэж асуутал манайд хоёр гурав хонож байна, гэртээ харихгүй байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тэдний орцоор орж, гарсан байдалд үзлэг хийсэн камерийн бичлэг зэргээр тус мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар эх сурвалжгүй мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...С.Б- гэмт хэрэг үйлдээгүй, нотлох баримт хангалтгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүх С.Б-д 10 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний 66 настай, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдалд нь тохирсон, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор байна.  

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн оршуулгын зардалд гарсан 32,781,961 төгрөгийг шүүгдэгч С.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн хуульд нийцжээ.   

6. Шүүгдэгч С.Б-ы шийтгэх тогтоол гарсан 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол, А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ы 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ