Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 64

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Г.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуулиар овогт Галягийн Ганбаатарт холбогдох 1718004100206 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дуулиар овогт Галягийн Ганбаатар, /РД:ХЛ68061211/, 1968 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхөөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 27 дугаар байрны 42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд талын зам дээр 72-33 УБЛ улсын дугаартай Тоёото Приус-20 загварын автотээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай Б.Баяржавхланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд талын зам дээр 72-33 УБЛ улсын дугаартай Тоёото Приус-20 загварын автотээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganbaatar 27.10.docx

явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай Б.Баяржавхланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:        

 

-Шүүгдэгч Г.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө өөрийн эзэмшлийн машинаа жолоодоод 16 давхар орон сууц болон Хүмүүнлэгийн их сургууль хоёрын завсраар явж байгаад хүүхэд мөргөсөн. Би тэр даруйдаа мөргөсөн хүүхдээ аваад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очсон. Тэгээд тус эмнэлгийн сувилагчаас хүүхэд мөргөчихлөө цагдаад хэлмээр байна гэж хэлээд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд миний осол хийсэн газар очиж хэмжилт хийсэн.

...хохирол төлбөрт 3500000 төгрөг өгсөн, 1500000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/,

-Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 16 дугаар байрны хажуу зам дээр зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 7/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 8/,

-2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 15/,

 

-Хохирогч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн орчим манай охин Баярмаа нь 2 дүү болох Баярсайхан, Баяржавхлан нарыг дагуулаад олон улсын худалдааны төв орох гэж зам хөндлөн гарч яваад манай хамгийн бага хүүхэд болох 5 настай Баяржавхлан нь машинд дайруулж зам тээврийн  осолд өртсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, 

-Насанд хүрээгүй гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 29-ны өглөө 9 цагийн үед би дүү Баяржавхланг цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ дүү Даваажаргал, Баяржавхлан хоёрыг дагуулаад гарсан юм. Тэгээд 4-р цэцэрлэг орсон чинь гадна хаалга нь хаалттай байхаар нь бид нар буцаад явсан юм. Тэгээд би хоёр дүүгээ дагуулаад буцаад гэр рүүгээ ороод хувцасаа сольж өмсөөд 10 цаг өнгөрөөгөөд хоёр дүүгээ дагуулаад олон улсын худалдааны төв орох гээд явсан юм. олон улсын худалдааны төв орохоос өмнө бид хэд үйлчилгээний төв орж АТС-ээс дансаа шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгээд тэндээс олон улсын худалдааны төв орох гээд 16н давхарын тийшээ явсан юм. Би олон улсын худалдааны төв орж дүү Даваажаргалд цүнх авч өгөх гээд явсан юм. Тэгээд би хоёр дүүгээ хоёр талдаа хөтлөөд явж байгаад 16 давхарын хажуугийн саадны тэнд очоод зам хөндлөн гарах гээд зогсож байсан юм. Гэтэл манай дүү Даваажаргал миний зүүн талд хөтөлцөөд явж байгаад зам хөндлөн гарах гэхээр нь би дүү Даваажаргалын гарнаас нь татаад зогсоосон юм. Тэгсэн чинь миний баруун талд явж байсан дүү Баяржавхлан гарнаас алдууран зам хөндлөн гараад гүйсэн юм. Тэгсэн замын зүүн талаас ирж явсан машин сигналаа өгөөд зогссон. Тэгсэн гэнэт замын зүүн талаас нэг машин их хурдтай давхиж ирээд зам хөндлөн гарч явсан манай дүү Баяржавхланг мөргөж дайраад гарсан. Тэгээд тэр машин тэр эрчээрээ явж байгаад зогссон юм. Тэгсэн манай дүү Баяржавхлан зам дээр ам хамарнаас нь, бас толгойноос нь цус гарчихсан зам дээр ухаангүй хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,

 

-Насанд хүрээгүй гэрч Ш.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Баярмаа эгч, Баяржавхлан нарын хамт гэрт нь хоночихоод өглөө 10 цаг өнгөрч байхад үйлчилгээний төвийн АТМ орсон юм. Тэгээд үйлчилгээний төв ороод АТМ дээр нь очсон чинь манай ээж мөнгө шилжүүлээгүй байсан. Тэгээд бид хэд олон улсын худалдааны төв оръё гээд явсан. Бид нарыг олон улсын худалдааны төв орох замд манай ээжээс мөнгө шилжээд ороод ирчихнэ гээд явж байсан. Тэгтэл 16-н давхарын тэнд очоод зам хөндлөн гарах гэтэл Баярмаа эгч миний цээжин дээр гараараа тулж зогсож бай гэж хэлсэн. Тэгсэн тэр үед Баярмаа эгчтэй хөтлөлцөөд явж байсан Баяржавхлан зам хөндлөн гараад гүйсэн юм. Тэр үед Баярмаа эгч намайг цээжин дээр гараараа тулахаар нь доошоо тонгойгоод тэгээд дээшээ болоод хартал Баяржавхланг нэг машин мөргөөд Баяржавхлан зам дээр унаж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,          

 

-Гэрч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Дархан сумын 12 дугаар баг олон улсын худалдааны төвийн хажуугаар гараад 16-н давхарын ойролцоо ирж явсан юм. Тэгээд би тэр жолоочтой “хаанаас хүн авах юм бэ?” гээд юм яриад явж байтал гэнэт машины урдуур хүүхэд зам хөндлөн гүйж гарч ирээд миний сууж явсан машинд мөргүүлсэн. Тэгээд хүүхэд машинд мөргүүлчихлээ гээд орилолдоод тэгээд тэр жолооч зүүн тийшээ дарж зогссон юм. Тэгээд машинаас буугаад харахад машинд мөргүүлсэн хүүхэд машины ар талд байсан. Тэгээд жолооч тэр мөргүүлсэн хүүхэд дээр очиход цаанаас нь бас нэг эмэгтэй хүүхэд гүйж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй хүүхдэд “хүүхдээ хөтлөж явахгүй яасан юм бэ?” гэж хэлэхэд тэр эмэгтэй хүүхэд “харин тийм ээ, хөтлөхийн завдалгүй гүйгээд явчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд жолооч мөргүүлсэн хүүхдийг машиндаа эгчтэй нь хамт суулгаад эмнэлэг авч явахаар болооод явсан.

                ...миний тэр сууж явсан машин хэдэн км цагийн хурдтай байсныг анзаараагүй ээ. Тэр өдөр цас хаяж, салхилж байсан юм.” гэх мэдүүлэг  /хэргийн 30/,

 

-“… Б.Баяржавхпангийн биед гавлын суурь ясны битүү хугарал, тархи доргилт,  духны шарх, дагзны хуйх, баруун, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргүүлэх, цохигдох, унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

 

-Галя овогтой Ганбаатар нь тоёота приус-20 маркийн 72-33УБЛ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ явган зорчигч 5 настай Б.Баяржавхланг мөргөж зам тээврийн осол гаргах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн. Галя овогтой Ганбаатар нь тоёота приус-20 маркийн 72-33УБЛ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгеөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36/,

 

-“…Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд эвдрэлгүй бүрэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь осол үйлдэгдэх үед эвдрэл гэмтэлгүй байсан тул техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 045 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 41-44/,

           

            -Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 45/,

 

            -“…Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 9000000 төгрөгөөр тодорхойлов.” 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 51-52/,

            -Насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 96-121/,

   -Эвлэрлийн гэрээ /хэргийн 135/,

   -Эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 141-151/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ганбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нь шүүгдэгч Г.Ганбаатараас 4500000 төгрөг нэхэмжилж, эмчилгээ хийлгэсэн талаар бичгийн баримтууд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Ганбаатар нь 3 сая төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төлж, үлдэх 1500000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ /хэргийн 135/ байгуулж, нотариатаар батлуулжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Ганбаатараас 1500000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ичинхорлоод олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд талын зам дээр 72-33 УБЛ улсын дугаартай Тоёото Приус-20 загварын автотээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай Б.Баяржавхланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 16 дугаар байрны хажуу зам дээр зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 7/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 8/, насанд хүрээгүй гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “гэнэт замын зүүн талаас нэг машин их хурдтай давхиж ирээд зам хөндлөн гарч явсан манай дүү Баяржавхланг мөргөж дайраад гарсан. Тэгээд тэр машин тэр эрчээрээ явж байгаад зогссон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/, гэрч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гэнэт машины урдуур хүүхэд зам хөндлөн гүйж гарч ирээд миний сууж явсан машинд мөргүүлсэн. Тэгээд хүүхэд машинд мөргүүлчихлээ гээд орилолдоод тэгээд тэр жолооч зүүн тийшээ дарж зогссон юм.” гэх мэдүүлэг  /хэргийн 30/, “… Б.Баяржавхпангийн биед гавлын суурь ясны битүү хугарал, тархи доргилт,  духны шарх, дагзны хуйх, баруун, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36/, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 045 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 41-44/, “…үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 9000000 төгрөгөөр тодорхойлов.” 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 51-52/, насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 96-121/, эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 141-151/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Ганбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нь шүүгдэгч Г.Ганбаатараас 4500000 төгрөг нэхэмжилж, эмчилгээ хийлгэсэн талаар бичгийн баримтууд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Ганбаатар нь 3 сая төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төлж, үлдэх 1500000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ /хэргийн 135/ байгуулж, нотариатаар батлуулжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Ганбаатарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгч нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан нөхцлийг хангасан тохиолдолд хорих ялаас чөлөөлөхөөр зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Г.Ганбаатарын өмчлөлийн 7233 УБЛ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 01605455 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1171543 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дуулиар овогт Галягийн Ганбаатарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 34-34 тоотод оршин суух Далайн Ичинхорлоод /РД:ОД81090901/ олгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Дуулиар овогт Галягийн Ганбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т шүүгдэгч Г.Ганбаатарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1171543 дугаартай жолоочийн түр зөвшөөрөл, 01605455 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ