Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00296

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар *** айлын **** тоотод оршин суух ******* овогт ******* ******* РД:/МЭ************/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, *** дугаар хэсэг, ***** тоотод оршин суух, Боржигон овогт, ******* *******, РД:/МЗ*********

  

20,000,000 төгрөг гаргуулах-тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн дараа нь 2023 оны 08 дугаар сарын 04ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд 5 сая төгрөгөөс 500,000гаар таван удаа өгсөн. 30,000,000 төгрөгнөөс сар бүр 3,000,000 төгрөгийг 4 удаа хүүнд нь гэж өгсөн. Дараа нь үндсэн зээлнээс 15,000,000 төгрөгийг нэг удаа дансаар шилжүүлсэн. 5,000,000 төгрөгийг хүү л гэж өгсөн. Үндсэн зээлийн 20,000,000 төгрөгийг нэхэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа / хх 16 тал /: Д.*******ээс 2023 оны 8 сарын 4-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 13-нд 30,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг Д.*******ээс авсан нь үнэн болно. Д.*******эд мөнгө авсан хугацаанаасаа хойш цувуулж өгсөөр нийт 29,000,000 төгрөгийг өгсөн байна. үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгч энэ хүнийг хохиролгүй болгоно гэжээ.

3. Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 05 дугаар сард *******ээс 5,000,000 төгрөг зээлсэн. Хүүтэй мөнгө зээлдэг учраас өөрөө

аваагүй хүнд авч өгсөн. Дараа нь 2024 оны 05 сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. Өөртэй нь холбож яриулсан. 30,000,000 төгрөгнөөс

15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сард дансаар өгсөн. 05 сарын 13наас хойш сар бүр хүү гэж 3,000,000 төгрөгийг 4 удаа нийт 12,000,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 05 дугаар сард авсан 5,000,000 төгрөгнөөс хүү гэж 2,500,000 төлсөн байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа үндсэн зээлний 20,000,000 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Би бол өөрөө аваагүй хүнд авч өгсөн гэв. Эхний өгсөн 5,000,000 төгрөгийг шийдсэн шүүгчийн захирамж гарсан байгаа гэж шүүгчид өгсөн гэв.

Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ... Зээлдсэн үндсэн мөнгөний үлдэгдэл гэж 20 сая төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэргийн 1-5, 15-24 дэх талд авагдсан хариуцагчийн тайлбар, банкны дансны хуулгууд зэрэг баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 8 сарын 04-нд 5 сая төгрөг, 2024 оны 5 сарын 13-нд 30 сая төгрөг тус тус зээлсэн болох нь дээрх банкны дансны хуулгаар тогтоогдож байна, талууд дээрх хэмжээний мөнгө зээлсэн эсэх дээр маргаагүй, харин хариуцагч нь уг зээлсэн мөнгөний хүүд нь 14 сая төгрөг, үндсэн зээлээс 15 сая төгрөг өгсөн гэх бөгөөд энэ нь хэргийн 17-24 дэх талд авагдсан хариуцагчаас гаргасан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь одоо үндсэн зээлийн үлдэгдэл гэж 20 сая төгрөгийг хариуцагчаас шаардаж байх бөгөөд дээрх тайлбар, баримтуудаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байх ба зээлдүүлэгчээс зээлдэгчид дээрх 35 сая төгрөгийг аман хэлцлийн үндсэн дээр сарын 10 хувийн хүүтэйгээр өгч авалцахаар тохиролсон байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар ... зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож хүү тогтоож болох бөгөөд мөн хуулийн 282.3-д зааанаар ... хэрэв талууд зээлийн хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар хуульчилжээ. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; дээрх талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн гэх баримт алга байхаас гадна талууд хоорондоо энэ тухай бичгийн хэлцэл хийгээгүй гэдэг дээр маргаагүй байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид баримтаар төлсөн гэх 29 сая төгрөгийг үндсэн зээлийн 35 саяас хасч үлдэх 6 сая төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлд төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 6 сая төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар Д.*******ээс 6 сая төгрөг гаргуулан Д.*******эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 6 сая төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж болох 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Л.ЭНХТАЙВАН