Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/253

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821000000281 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын .... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* 

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын нутаг Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан Хилийн 933 дугаар тэмдэгтийн баруун талаар 700 метр газраар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа архи ууж байгаад санамсаргүй ОХУ-ын хил зөрчсөн буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгож байгаа хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэв.

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 23 цаг 30 минутад манааны үүрэг гүйцэтгэж байсан түрүүч *******аас хилийн 934 дүгээр тэмдэгтийн чиглэлд хүн хашгираад байна гэсэн мэдээлэл салбарын шуурхай жижүүрт ирсэн. Тэр мэдээллийн дагуу би дэд түрүүч хамт мотоцикль уналагатай хилийн 933-934 дүгээр тэмдэгтийн чиглэлд хилийн багана тор шалгасан боловч хүн олоогүй. Маргааш өглөө нь 09 цагийн үед ОХУ-ын талаас хилийн бүрэн эрхтийн туслагчийн  хэмжээний уулзалт хийж, хил зөрчигчийг хүлээлгэн өгөх санал тавьсаны дагуу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт уулзалт хийж хил зөрчигчийг 13 цаг 35 минутад хүлээн авсан. ОХУ-ын хилийн албаны хүмүүстэй уулзаж хил зөрчигчийг хүлээн авахад хил зөрчигч 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 00 цаг 45 минутын орчимд Монгол-ОХУ-ын хилээс 900 метр зайтай явж байхад нь саатуулсан гэсэн. Энэ тухай хилийн зөрчлийн тухай материал дээр байгаа...” гэжээ. /хх-ийн 28-30 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 22 цагт заставын цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчимд хилийн 934 дүгээр тэмдэгтийн чиглэлд хүн хашгирах чимээ гарсан. Заставын жижүүрт тэр дор нь мэдэгдсэн. Тэгээд 00 цагт манаанаас буусан” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би *******, нартай гэртээ архи ууж байхад ******* ах орж ирсэн. ******* ах нэлээд муудсан байсан болохоор би ******* ахад та гэртээ байж бай гэж хэлэхэд за гээд манай гэрт үлдсэн. бид хоёрыг буцаад манай гэрт ирэхэд гэр онгорхой, ******* ах байхгүй байсан. Бид хоёр гэртээ харьсан байна гэж бодсон. гэртээ харьлаа гэж яваад би юм бодолгүй унтсан. Маргааш орой нь ******* ах гэр рүүгээ биш согтуудаа хойшоо гараад ОХУ-ын хил давсан болохыг сонссон” гэжээ. /хх-ийн 33-34 тал/

 

- Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57 тал/

-  Улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/

- *******-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын нутаг Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан Хилийн 933 дугаар тэмдэгтийн баруун талаар 700 метр газраар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч *******, *******, *******  нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт, улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч ******* нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-г Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ