Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/888

 

                                                 

 

 

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Е.Хулан,

шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Энхжавхлан,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1097 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.Г-т холбогдох эрүүгийн 2310026811344 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн Д-ын Г ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Д.Г- нь “Б тоосго” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм холбогдох стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ...... хотхоны барилгын талбайн гадна 0000 ААА улсын дугаартай “Nissan Big Thumb” загварын тээврийн хэрэгслээр 10,000 ширхэг тоосго зөөвөрлөж, буулгах ажил гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийн тэвшийг дээш өргөж, өндөр хүчдэлийн цахилгааны агаарын шугамд хүрсний улмаас Л.Г цахилгааны хүчдэлд өртөж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь, Д.Г-т холбогдох эрүүгийн 2310026811344 дугаартай хэрэгт 5 шинжээч томилогдон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар дүгнэлт гаргасан. Гэвч яг тухайн хэрэг учрал болох үед буюу автомашины тэвш өндөр хүчдэлийн утсанд хүрч шатах үед талийгаач Л.Г нь автомашинаас бууж холдсон байсан бөгөөд хэсэг хугацааны дараа буцаж түүний доогуур орсон байдаг. Энэ талаар шинжээчдээс мэдүүлэг авах замаар тодруулахад талийгаач Л.Г-ын дээрх үйлдэл нь шүүгдэгч Д.Г- хамааралгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн талаар мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу шинжлэн судлаж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон.

Мөн 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “2019 оны А/370 тушаалын 2-р хавсралтаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн 11-т заасныг, МNS 4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм стандартыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS 5079:2001 стандартын 4 дэх хэсгийн 4.1, 7.4-т заасныг тус тус хэрэгжүүлээгүй...” гэх акт, стандартыг үндэслэсэн байдаг. Гэтэл дээрх тушаалын хавсралтад 11 гэх заалт огт байхгүй, уг стандарт нь Монгол Улс болон олон улсад огт байхгүй стандартыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1097 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Е.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Д.Г-ийг хүний амь нас хохироосон үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад тогтоогдож байгаагаар, шүүгдэгч Д.Г нь тухайн үед ажил олгогчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Төрийн аюулгүй байдлын тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бусад холбогдох хууль, журам, зааварчилгаанд заасан үүргээ биелүүлээгүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн үндсэн шалтгаан болсон байна. Тухайлбал, шүүгдэгч Д.Г- нь хохирогч Г-ыг барилгын талбай дээр ажиллуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй, шаардлагатай сургалтад хамруулаагүй байхад нь тээврийн хэрэгслийн тэвшийг өндөр хүчдэлийн шугамын дор өргөх ажилд оролцуулсан нь тухайн тээврийн хэрэгсэл цахилгаанд цохигдож, улмаар шатах нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн. Хэргийн нөхцөл байдлаар бол талийгаач Г- нь шатаж буй тээврийн хэрэгслийг унтраах зорилгоор буцаж очин, тээврийн хэрэгслийн доогуур орсон үедээ амь насаа алдсан байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдлийг Г-ын өөрийн буруутай үйлдэл гэж тайлбарласан боловч хэрэв шүүгдэгч Д.Г- нь хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн, сургалтад хамруулсан, ажилтныг зөв зохистой удирдлагаар хангаж ажиллуулсан бол дээрх осол гарах нөхцөл үүсэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж дүгнэж байна. Иймд уг хэргийн гол нөхцөл байдлыг үүсгэсэн анхны буруутай үйлдэл нь ажил олгогчийн буюу шүүгдэгч Д.Г-ийн үүргээ биелүүлээгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж, уг шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Д.Г-т холбогдох 2310026811344 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Д.Г- нь “Б тоосго” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм холбогдох стандартыг хэрэгжүүлэлгүйгээр өөрийн худалдсан 10,000 ширхэг тоосгыг  2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ...... хотхоны барилга руу 0000 ААА улсын дугаартай “Nissan Big Thumb” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, тус барилгыг хүрээлсэн хашааны гадна талбайд тус тоосгыг буулгах ажил гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийн тэвшийг дээш өргөж, тэвш өндөр хүчдэлийн цахилгааны агаарын шугамд хүрсний улмаас Л.Г нь цахилгааны хүчдэлд өртөж амь нас нь хохирсон болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, өндөр хүчдэлийн шугам дор өргөгдсөн тэвш нь өндөр хүчдэлийн шуамын утсанд хүрсэн байдалтай зогсож буй гэрэл зургууд /1-р хх-ийн 12-17/,

амь хохирогч Л.Г-ын баруун гарын тохойноос доош, зүүн гарын тохоны доод бугалга хэсэг шатаж харласан, биеийн арын нуруу, бөгс хэсэг баруун хөлний зарим хэсэг тус тус шатаж арьс нь хууларсан байдалтай гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,

хэргийн газар нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-28/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-ийн: “...16:00 цагийн үед утсаар ярихад тоосго буулгах газраа ирчихсэн ачаагаа буулгах гэж байна гэж ярьсан. Тэгээд ярихгүй байж байгаад 23 цагийн үед ачаагаа буулгачихлаа дэвшин дээрх тоосгоны үлдэгдэл хогийг буулгах гэж байна буулгаад яваад очно гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэрнээс хойш залгахад утсаа огт авахгүй байсан...” /1-р хх-ийн 31/,

гэрч Т.Т-ий: “...намайг 23 цаг өнгөрч байхад барилга дээр ирэхэд барилгын хашааны гадна машин шатаж байсан. Би тоосго захиалсан талаар мэдээгүй, тоосго ачиж ирсэн машиныг хараагүй, жолоочтой нь уулзаагүй. Машин шатсаны дараа талбайн инженер Н-аас мэдээллийг авсан. Тоосго буулгах талаар хэн нэгэн хүнтэй утсаар ярьсан зүйл байхгүй. Би М захиралтай тоосгоны талаар юу ч яриагүй, хаана хэнд ямар тоосго захиалсныг мэдээгүй. Миний ажил үүргийн хувиар бол барилга норм стандартын дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Н-, С бол манай “Э Т Э” ХХК-ийн талбайн хяналтын инженерүүд байгаа юм. Барилгын талбайн удирдан зохион байгуулах үүрэгтэй байгаа юм...” /1-р хх-ийн 43-44/,

гэрч М.Б-ы: “...осол болсон өдөр би ажиллаагүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Дуудагдаад ирэхэд шатсан машин нь барилгын хашаанаас 100 орчим метрийн зайд өндөр хүчдэлийн шугаман доор байсан. Шатсан газар нь “Э Т Э” компанийн барилгажих бүс болон барилгын талбайгаас гадна болсон асуудал байсан. Барилгажих бүс гэдэг нь тухайн орон сууцны барилга, түүний зам, талбай орсон хэсгийг хэлнэ. Барилгын түр хашаа нь барилгажих бүсээс гадна тусгаарлах зориулалттай баригдсан байдаг юм. Тухайн осол болдог өдөр тоосго захиалсан боловч буцаасан, мөн тоосго хүлээн авсан хүн байхгүй, хаана буулгах болон зөвшөөрөл өгөөгүй байсан. Барилгажих бүс гэдэг нь тухайн орон сууцны барилга түүний зам талбай орсон хэсгийг хэлнэ. Барилгын түр хашаа нь барилгажих бүсээс гадна тусгаарлах зориулалтаар баригдсан байдаг юм...” /1-р хх-ийн 48-49/,

гэрч А.Д-ы “...Би 44 зах дээр Г гэх хүний удирдлагад ажилладаг. 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Г эгч Б бид хоёрыг Яармаг яваад тоосго машинаас шилжүүлж ачаад буулгаж өгөөд ир гэж явуулсан. Тухайн барилга дээр ирэхэд том машин дүүрэн тоосго ачсан машин байсан. Тухайн ачаатай тоосгыг жижиг кантерт ачиж тухайн барилгын хашаанд буулгаж эхэлсэн. ... бүх тоосгыг барилгын хашаанд буулгачихаад гараад ирсэн чинь нөгөө том машины жолооч тэвшээ дээшээ өргөөд тогтой утсанд хүрсэн машин нь шатаж эхэлж байсан. Тэр үед барилга дээр ажиллаж байсан хүмүүс гараад ирсэн галыг унтраах гэж оролдож байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж амаар хэлдэг, өөрөөр өгч байгаагүй...” /1-р хх-ийн 51/,

гэрч Н.Б-ы: “...Миний машинд тоосгоо зөөж ачаад буулга гэсэн газар руу нь зөөж буулгасан. Тэгээд сүүлийн тоосго ачиж буулгачихаад ирэхэд Г-ын унаж ирсэн машин шатаж байсан. Тэгээд талийгаач Г-, Д бид гурав овоолсон байсан шорооноос машин руу цацсан, тэгэхэд Д галын хор аваад ирье гээд явсан. Би гал гарсан машинаас өөрийн машинаа холдуулаад буцаад ирэхэд Г- машиныхаа хажууд газар хэвтэж байсан, дуудахад ямар нэгэн хариу үг, хөдөлгөөн хийгээгүй.  ...” /1-р хх-ийн 53/,

гэрч М.М-ын “...тухайн агаарын шугам нь манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмч болохоор манай байгууллага хариуцан аюулгүй байдал, арчилгаа урсгал засвар зэргийг хариуцан ажилладаг. Арцат дэд станцын Хийморь фидерийн 3-4 тулгуурын агаарын шугам нь 7.5 метр өндөрт байрладаг агаарын шугамын стандарт утасны оврын хэмжээ нь 7.5 метрээс багагүй байдаг тулгуур шон нь 12 метрийн өндөртэй үүнээс 1.8 метр нь газар хүртэлх зай 7.5 метрээс багагүй л байх ёстой. Тулгуур шон дээр тулгуурын дугаар, анхааруулах флакат /бүү авир үхэл/ будгаар бичсэн байдаг. Шугамын утсанд тэмдэг тэмдэглэлээ байхгүй учир нь зөвхөн авто машин дээгүүр татагдсан шугамын утсанд тэмдэглэлээ хийгддэг. 10кв-н хүчдэлтэй шугам байгаа юм. Агаарын 3 фазын утасны захын утаснаас хоёр тийш 1 метрийн зайг хамгаалалтын зурвас гэж нэрлэдэг. Эрчим хүч хамгаалах дүрмийн 3.1 дэх хэсэгт хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам бол хянагч эзэмшигч аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийг авч шаардлагатай бол хянагч томилуулж хүчдэлийг тасалж байж ажил үйлчилгээ явуулах ёстой. Манай байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, үүнээс болж тухайн осол гарсан байна. Мэргэжлийн хүмүүс байлгаж манай байгууллагад мэдэгдсэн бол тухайн осол гарахгүй байсан...” /1-р хх-ийн 55/,

гэрч Ж.М-гийн: “...Тоосго буулгах үед нь манай талаас зөвшөөрөл өгч буулгах газрыг нь зааж өгөөгүй байхад өөрсдөө дур мэдэн хашааны хаалганы дэргэд буулгасан байсан. ... осол гарч машин шатсан талбай нь манай эзэмшлийнх биш бусдын эзэмшлийн талбайд болсон байсан. Хашаан дотор зай талбай хангалттай байсан. 2- 3 мексер орж бетон зуурмаг өгдөг, хэрвээ тохирсон 11:00 цагт ирсэн бол талбайг бэлдэж өгөөд инженер байлцуулаад материал хүлээж авах байсан. Гэтэл ажлын цаг дууссаны дараа 19-20 цагийн хооронд тоосго ирэхэд А хүлээж авахгүй гэж хэлсэн байсан...” /1-р хх-ийн 59-60, 2-р хх-ийн 136/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1896 дугаартай “...талийгаач Л.Г-ын цогцост зүүн бугалга, шуу, сарвууны орсон шарх, нуруу, 2 өгзөгний гарсан шарх, 4-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. 2023.07.09-ний өдрийн 04 цаг 20 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 5-7 цаг болсон байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-70/,

Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8031215/009 дугаартай “..Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20 “үйлдвэрийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, Засгийн газрын 2015 оны 269-р тогтоол “Үйлдвэр осол хурц хордпогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7. Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрийн осол, хурц хордлогыг хэрхэн судпан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ” гэсний дагуу үйлдвэрийн осол мөн боловч ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрийн ослыг бүртгэж судлаагүй, байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах” гэх заалт мөн хуулийн 4.1.2-т заасан “хувиараа хөдөлмөр эрхлэгч” хуульд заасан аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаагүй. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтад “цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн хоёрдугаар бүлгийн аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээний 87 дугаарт ажлын удирдагчийг 1000В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхэд томилох ба 1000В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламжид ажлын удирдагч томилохгүй байж болно. Иймээс энэ заалт зөрчигдсөн байна. Учир нь 10кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугамын дор ажил үүрэг гүйцэтгэж байгаа тул ажлын удирдагч томилох ёстой байсан. Мөн бүлгийн 88 дугаарт ажлын удирдагчийг дор дурдсан 11 заалт бүхий ажлыг гүйцэтгэхэд хүчдэлийн түвшнийг үл харгалзан заавал томилно гэж заасан байдаг. Үүнд 1. Машин, механизм ашиглан ажил гүйцэтгэх, 2. ...11. Нөлөөллийн хүчдэлтэй үед ажиллах...үүнээс машин, механизм ашиглан ажил гүйцэтгэх, нөлөөллийн хүчдэлтэй үед ажиллах гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн гэж үзэж байна. ...цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийн арван гуравдугаар бүлгийн ашиглалтад байгаа цахилгаан байгууламж, түүний хамгаалалтын бүсэд барилга угсралт, засварын болон бусад байгууллагын хүмүүсийг ажилд оруулах тухай заалтын 978 дугаарт ЦДАШ-ын хамгаалалтын зурваст ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон бусад хөдөлгөөнт механизмтай машинаар ажил гүйцэтгэх үед тухайн механизмын хамгийн өндөр өргөгдсөн болон хэвтээ шилжилтийн хамгийн алслагдсан цэгээс шугамын хамгийн ойрын утас хүртэл 8 дугаар хүснэгтэл зааснаас багагүй байх ёстой гэж заасан. ...мөн 988 дугаарт ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон бусад хөдөлгөөнт механизмтай машинаар ажил гүйцэтгэх үед тухайн шугамыг ашиглагч байгууллага нь ажлын байрны хязгаарыг тогтоож хаалт хашилт тавьж, плакат өлгөсөн байна гэсэн дээрх 2 заалт зөрчигдсөн байна. иймээс уг ажлыг захиалан гүйцэтгүүлж байгаа байгууллагын тодорхой ажил хариуцсан ажилтан энэ дүрэм журмыг сахиулан хангуулах үүрэгтэй. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.12.2. ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч г.м)-д өгнө. Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална” гэж заасны дагуу барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч нар гэх мэт албан тушаалтнууд тухайн тээврийн хэрэгслээр тоосго буулгах буулгалтын ажлыг удирдаж ажиллаагүй байна. ...Л.Г-ын ажил олгогч нь Д.Г- юм. Д.Г- нь ХАБЭА тухайн хуулийн “3.1.9. “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэжзаасны дагуу А.Д, Н.Б мэдүүлэгт “барилгын хашааны гадаа жолооч тэвшээ дээшээ өргөсөн тогны утсанд хүрсэн машин нь шатаж байсан” (хавтаст хэргийн 21-22-р хуудас) гэх мэдүүлэг нь Л.Г нь ХАБЭА-н тухай хуулийн “18.2.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”-ын 2.1.5-т заасан “үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт”-нд хамрагдах гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй байна. ...Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн Хоёрдугаар бүлгийн аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээний 33 дугаарт Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалт хашилтгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүн, машин механизм, ачаа өргөх кран 1 дүгээр хүснэгтэд зааснаас дотогш ойртохыг хориглоно гэж заасан. ...энэхүү дүрмийн заалтын дагуу 10кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртож болох зайг 1 метр гэж заасныг мэдэхгүйн улмаас тэвшийг өргөж шугамд хүрснээр улмаар богино залгаа болж энэхүү гүйдэл нэрвэгдэж амь нас эрсэдсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухайн хуулийн 28-р зүйл. Ажил олгогч Д.Г- нь “28.1.3 хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, “28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, “28.3. захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”. “Э Т Э” ХХК нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД-12-03-04 “4.7. “Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: “тухайн үйлдвэрийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах”, “Э Т Э” ХХК-ийн инженер техникийн удирдах ажилтнууд ХАБЭА-н тухай хуулийн 27.5.3 осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх...үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах гэх заалтыг тухайн байгууллагын инженер ажилтан биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт/1-р хх-ийн 85-90/,

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ХАБ-07/24 дугаартай “...”Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу үйлдвэрийн ослыг судлан бүртгэх үүрэгтэй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3. “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан байдаг бөгөөд “Б тоосго” ХХК- ийн захирал Д.Г- нь Д.Г-той хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажил гүйцэтгүүлж байсан. ... Иймд Л.Г-ын ажил олгогч нь “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- болно. ... “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу ажилтныхаа аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11-3. ...өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй гэж заасан шаардлагын дагуу “Э Т Э” ХХК-ийн барилгын талбайд нэвтрэн орж, тоосго буулгах ажил гүйцэтгэж буй ачигч, жолооч /Л.Г/ нарт уг барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан барилгын талбайд мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэхээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа “Б тоосго” ХХК-ийн зүгээс өгөх үүрэгтэй байсан боловч өгөөгүй байна. “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдпэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчсөн, мөн МNS-4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.1/ Үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга гэсэн хэлбэрээр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү стандартын 4.14-д /Ээлжит бус давтан зааварчилгааг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм заавар, шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө/. Мөн 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй, өөрийн ажилтнууд Л.Г болон бусад жолооч, ачигч нарт хэрэг учрал осол гарсан гэх 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажил үүрэг гүйцэтгүүлэхээр үүрэг өгч явуулахдаа аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй байна. “Б тоосго” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ гэж заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2019 оны А/370 тушаалын 2-р хавсралтаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийн Зургаа: ХАБЭА-н тусгай хөтөлбөрт 11./Тээврийн аюулгүй ажиллагаа/ гэсэн агуулгаар ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, шалгалт авсан байхыг хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримт авагдаагүй...Амь хохирогч Л.Г нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй байсан... “Б тоосго” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих буулгах ажпын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001 стандартын 4.Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлага: 4.1. /Ачиж, буулгах ажлыг технологийн карт, заавар, тухайн ажлыг гүйцэтгэх үед тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам, норматив- техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ./, 7.4./Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжпийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/ гэсэн аюулгүйн хэм хэмжээг зөрчсөн байна. “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно:-ыг хэрэгжүүлэх боломжтой байсан. “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг хангуулах үүрэгтэй. “Б тоосго” ХХК-ийн захирал Д.Г- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ -ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг, мөн МNS-4969:2000 “Сургалт зохион байгуулалт: Үндсэн дүрэм стандартыг, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардпага МNS-5079:2001 стандартын 4.Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлага. 4.1. /Ачиж, буулгах ажлыг технологийн карт, заавар, тухайн ажлыг гүйцэтгэх үед тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам, норматив- техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ/, 7.4. /Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/- ыг хэрэгжүүлээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-139/,

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ашиглалт, засварын баруун төвийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 30/214 дугаартай “...Энэ цахилгаан дамжуулах агаарын шугам нь 1929 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсноос хойш батлагдсан хуваарийн дагуу жил бүр урсгал засвар хийж ирсэн. Эрчим хүч хамгаалах дүрмийн гуравдугаар бүлгийн 1-т хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарч гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийг авсан байх ёстой гэсэн заалт байдаг. НТМ ХХК-с хог буулгаж байгаад 110/35/10 кВ-ын Арцат дэд станцаас Хийморь фидерийн тулгуур 3-4 хоорондох 3-р фазын утсанд 0000 ААА ачааны машин тэвш өргөж байгаад хүрсэн байна. Тухайн үед тулгуурын утасны оврын хэмжээ 7.5 м анхааруулах плакат, дугаар номер техникийн шаардлагын дагуу уг тулгуурууд дээр бүрэн бүтэн байсан болно.” гэсэн албан бичиг /1-р хх-ийн 146/,

авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн “...0000 ААА NISSAN BIG, ангилал “С” өмчлөгч Д Г” гэсэн маягт /2-р хх-ийн 3-4/, Юнител ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12-01/919 дугаартай албан бичиг “80хххххх Э.А-ын утасны “96ххххх, 80хххххх, 2023.07.08 19:58:05” гэсэн хавсралт /2-р хх-ийн 11-77/,

“Б тоосго” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагаар Д.Г- болох тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 149/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.Г- нь “Б тоосго” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн компанийн тоосгыг худалдсан газар тоосгоо аваачиж өгөх ажлыг ажилчдаар гүйцэтгүүлэхдээ хууль, дүрэм журамд заасан хөдөлмөрийн нөхцөлд нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, тус тоосгыг зөөвөрлөх, буулгах ажлыг гүйцэтгэх ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм холбогдох стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас буюу аюулгүй ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх талаар зохих хууль, дүрэмд заасан ажиллагааг хийгээгүйн улмаас 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ...... хотхоны барилгын талбайн гадна 0000 ААА улсын дугаартай “Nissan Big Thumb” загварын тээврийн хэрэгслээр 10,000 ширхэг тоосго зөөвөрлөж, буулгах ажил гүйцэтгэж байхдаа 23 цагийн үед тээврийн хэрэгслийн тэвшийг дээш өргөж, тэвш нь өндөр хүчдэлийн цахилгааны агаарын шугамд хүрсний улмаас Л.Г цахилгааны хүчдэлд өртөж амь нас нь хохирсон байна.

Барилгын талбайд, өөрийн ажлыг гүйцэтгүүлэхээр тус ажлыг хийж гүйцэтгэх Л.Г нарын хүмүүсийг явуулахдаа тус ажлыг гүйцэтгэх ажилтнуудын аюулгүй ажиллах нөхцөл /орчин/, аюулгүй ажиллах зааварчилгааг өгөөгүй Д.Г-ийн үйлдэл нь “амь хохирогч Л.Гын аюулгүй ажиллах нөхцөл, аюулгүй ажиллах зааварчилгааг мэдэхгүй ажлыг нь гүйцэтгэсэн, гүйцэтгэж байхдаа өндөр хүчдэлтэй массалж аюултай болсон машинтай биеэрээ хүрэлцэж амь нас нь хохирсон” үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхээс Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох, цагаатгах эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан “...Д.Г-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх, Д.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-ийн “...Д.Г-т гомдол, саналгүй...” /3-р хавтаст хэргийн 166-р тал/ болсон зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг шүүгдэгч Д.Г-т хэрэглэж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Гэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичихдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол, хор уршгийг шүүх үндэслэл бүхий, зөв шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1097 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн хэсгийн 2.5 дахь заалтад...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ