Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01440

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01440

 

 

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/19/04/20 дугаар тушаал хүчингүй болгуулан, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э- нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Говь-Алтай орон нутгийн хөтөлбөрийн жолоочоор 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажиллаж байхад суурин төлөөлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т19/04/20 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон. Хариуцагч байгууллага нь Т.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т19/04/20 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Т.Э-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Т.Э- нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолоочоор ажиллаж байхдаа гэрээлэгч сонгон шалгаруулах процесст оролцон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягтыг худал бөглөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гадна нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Т.Э- нь урьд энэхүү асуудлаар шүүхэд гомдол гаргаж байсан боловч дэмжиж ирээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/13967 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шүүгчийн захирамж гарснаас хойш 5 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ыг хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөрийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас 9 351 582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 304 976 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Э- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь анх Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/19/04/20 дугаар тушаалтай холбоотой гомдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргаснаар иргэний хэрэг үүсгэж, зохих ажиллагаа хийгдсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид мэдэгдээгүй хуралдааныг хийснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн 13967 дугаар захирамж гарган нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Гэхдээ уг 13967 дугаартай захирамжийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид гардуулаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шууданд хийснийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад маргааш нь буцаан нэхэмжлэлээ, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийн хамт шүүхэд дахин гаргасныг мөн сарын 13-ны өдөр бүртгэлд хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01805 дугаартай захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх гомдол ирүүлсэн байна гэж буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Уг татгалзсан захирамжийг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин гомдлоо гаргасан байгаа.

Үүнээс үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд ирээгүйгээс шалтгаалсан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй байх бөгөөд харин ч шүүхийн болон шүүхийн захиргааны ажилтны хууль бус, буруутай үйл ажиллагаанаас болсон байх тул уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан. Ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар ажилтан Т.Э-ыг ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгч мөн 5 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж ирээгүй тул шүүгчийн 13967 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүгчийн захирамжид гомдол гарган, 10 дугаар сарын 02-ны өдрийн 3535 тоот албан бичгээр гомдлыг буцаасан байдаг.

Гэтэл шүүх ...итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр холбогдох материалыг шуудангаар хүргүүлжээ гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 9 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан үйл баримтыг дүгнэж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.7 дахь хэсэгт заасныг дагуу гомдлыг буцаасан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацааг шинээр тоолвол 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа дууссан байна. Үүнээс хойш гаргасан нэхэмжлэлүүдийн улмаас гомдол гаргах хугацааг шинээр тоолох, сэргээх хууль зүйн үндэслэл байгаагүй.

Шүүх нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг буруу бодсон. Нэг сарын дундаж цалин хөлсийг тооцож гаргахдаа 379 311+1 172 000+1 172 000/3=1 241 104 (970 707 гарах ёстой) гэж тооцож, улмаар сар, өдрийн цалин хөлсийг бодож гаргасан нь буруу байна.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 304 976 төграг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү дүнг ямар дүнгээс, ямар аргачлалаар бодож гаргасан нь ойлгомжгүй байна. 9 351 582 төгрөгийн цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд 164 575 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр байна. Дээрх байдлаар алдаатай дүгнэгдэж, хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардпагыг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/19/04/20 дугаар тушаал хүчингүй болгуулан, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гомдол гаргасан байна.

Хариуцагч тал эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан тухай гомдлоо хуулиар тогтоосон хугацаанд гаргасан эсэх талаар маргаж, энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болжээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/19/04/20 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/13967 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. /хх-29-31/ Уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн мөн сарын 20-ны өдөр гардан аваад тус шүүхэд гомдол гаргажээ. /хх-105,106/ Уг гомдлыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн оршин суугаа газрын хаягаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжийг хүргүүлсэн өдрөөс гомдол гаргах хугацааг шинээр тоолж, нэхэмжлэгч Т.Э-ыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. /хх107/

Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжид гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн аваагүй, Тамгын газраас албан бичгээр буцаасан гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч ийм баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүх, дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01754 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД