Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 67

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******т холбогдох 1718004070006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1978 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хорооллын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 150000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч******* нь  2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг “Бурхант” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрүүл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 10 сард

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Boldbayr 24.2-1.docx

 

сумын захиргаанд “нөхөрлөлийн журмаар газар ашиглах” талаар бичиг баримт бүрдүүлж өгсөн байсан бөгөөд 2017 оны 11 сар хүртэл хүлээсэн боловч хариу нь гараагүй. Миний хувьд нэг талаас бүрдүүлж өгсөн бичиг баримтын хариу гарчих байх гэж бодсон. Нөгөө талаас тухайн үед хэсэг хүмүүстэй техникийн түрээсийн гэрээ байгуулчихсан байсан учир түрээсийн гэрээндээ шахагдаад ашиглана гэж байсан газартаа туршилтын угаалга хийж үзсэн. Амьдралд хавчигдаад зөвшөөрөл гарахаас өмнө олборлолт хийсэн нь миний буруу. Би 4 хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн, би өөрөө ажилгүй байсан. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хэргийн 5-9/,

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-17/,

-36.15 гр жинтэй алтан гулдмайг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 18/,

-Машин механизмын түрээсийн гэрээ /хэргийн 19-25/,

 

-Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Шарын гол сумын Санжинт баг Бурхант гэх газарт хууль бусаар ашигт малтмал, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд учирсан 1679578 төгрөгийг бүрэн төлүүлмээр байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар газрьн хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн хууль бус аргаар ашиг малтмал олборлоод эвдсэн талбайг нөхөн сэргээхэд 1050000 төгрөг зарцуулахаар дүгнэлтэнд дурдсан байна. Мөн нөхөн сэргээлтийн явцад орон нутгийн байгаль орчны алба хяналт тавих ажилд зориулж 84253 төгрөгийг орон нутгийн байгаль орчны албанд төлөх төлбөрүүдийг бүрэн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,

-Гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө уурхай дээр байхад танил дүү ******* хүрч ирээд “******* эгч ээ, би туршилтын угаалга хийсэн юм, та миний угаалгыг аваад өгөөч” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд усан буун дээр нь очоод угаалгыг нь аваад зогсож байхад Шарын гол сумын байгаль орчны байцаагч ******* хүмүүс дагуулж ирээд үйл ажиллагааг зогсоосон. Надаар ******* байцаагч металлыг усан буунаас угаалгаж авсан. Тухайн алтыг цэвэрлүүлж үлээлгээд 43.2 гр алтыг хураан аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

 

-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Шарын гол суманд гэртээ байхад ******* хүрч ирээд “жаахан газар ухсан байгаа,  тэндээс алт хэр зэрэг гарах бол, туршиж үзэх гэсэн юм” гээд намайг “усан буун дээр суугаад өгөөч” гээд гуйгаад байсан юм. Би баз *******ын хамт яваад очсон. Тэгээд усан буун дээр нь явж очоод шороо угааж байхад Шарын гол сумын байгаль орчны байцаагч ******* хүмүүс дагуулж ирээд үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед ******* байцаагч “баяжмалаа гарга” гэхээр нь би ******* эгчийн хамт усан буунаас баяжмалыг гаргаж хатааж өгсөн. Тухайн алтыг ******* эгч гэрт үлээж нарийсгаад байгаль орчны байцаагч ******* т хураалгасан.

…Надад баз ******* хэлэхдээ нөхөрлөлийн бичиг баримттай газар гэж хэлж байсан, түүнээс биш би сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 31/,

 

-Үнэт металл хайлсан тухай 00027243 дугаартай акт /хэргийн 35/,

-Алтан гулдмай 36.15 гр жинтэй болохыг тогтоосон үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хэргийн 37/,

 

-“…иргэн******* хууль бусаар алт олборлох явцдаа нийт 0.14 га талбайд эвдрэл үүсгэсэн байна. Байгалийн нөөцүүдэд эдэлбэр газар 204.2 төгрөг, газрын хэвлийд 462000 төгрөг, усанд 1216804 төгрөг, агаарт 570 нийт 1679578 төгрөг. Хууль бусаар алт олборлосон талбай хуучин талбай ашиглалт хийгдсэн талбай байна. Ухсан талбай нь Шарын голын гольдролоос 1.2 м зайтай байсан тул гольдролыг өөрчлөх нөлөөгүй байна. Эвдрэлд орсон 0.14 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг 1 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтийг 53136 төгрөгөөр хийхээр байна.

...иргэн******* нь нийт 0.14 га талбайг эвдрэлд оруулсан байна. Алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд нийт 1.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож үзэхэд 1.05 сая төгрөгийг зарцуулахаар байна. Нөхөн сэргээлтийн явцад хяналт тавихад нийт 84253 төгрөгийг зарцуулахаар байгаа тул энэ зардлыг хохирол учруулсан этгээд орон нутгийн этгээд орон нутгийн байгаль орчны албанд төлөх шаардлагатай.” гэх байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Сайхан ариун дэлхий” ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/36 дугаартай дүгнэлт,  экологийн хохирлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 39-51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч******* нь  2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг “Бурхант” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1679578 төгрөгийн хохирол учирч, нөхөн сэргээлтийн зардалд 1053163 төгрөг, нөхөн сэргээлтийн явцад хяналт тавихад зарцуулагдах зардалд 84253 төгрөг зарцуулагдах болох нь байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Сайхан ариун дэлхий” ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/36 дугаартай дүгнэлт,  экологийн хохирлын үнэлгээний дүгнэлтээр /хэргийн 39-51/ нотлогдож байх тул шүүгдэгч*******аас 2816994 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд: “…Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар газрьн хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 29/ өгсөн боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасан нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т хуульчилж өгчээ.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулсан шийдвэр гаргасан тохиолдолд ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8-т хуульчилж өгсөн байна.

Иймд нөхөн төлбөрийн талаар ямар нэгэн эрх зүйн акт гарсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нөхөн төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч******* нь  2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг “Бурхант” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…түрээсийн гэрээндээ шахагдаад ашиглана гэж байсан газартаа туршилтын угаалга хийж үзсэн, гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хэргийн 5-9/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-17/, 36.15 гр жинтэй алтан гулдмайг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 18/, машин механизмын түрээсийн гэрээ /хэргийн 19-25/, хохирогч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…орон нутгийн байгаль орчны албанд төлөх төлбөрүүдийг бүрэн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би зөвшөөрөөд усан буун дээр нь очоод угаалгыг нь аваад зогсож байхад Шарын гол сумын байгаль орчны байцаагч ******* хүмүүс дагуулж ирээд үйл ажиллагааг зогсоосон. Надаар ******* байцаагч металлыг усан буунаас угаалгаж авсан. Тухайн алтыг цэвэрлүүлж үлээлгээд 43.2 гр алтыг хураан аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30/, гэрч С.Мандахбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…усан буун дээр нь явж очоод шороо угааж байхад Шарын гол сумын байгаль орчны байцаагч ******* хүмүүс дагуулж ирээд үйл ажиллагааг зогсоосон.” гэх мэдүүлэг /хэргийн 31/, үнэт металл хайлсан тухай 00027243 дугаартай акт /хэргийн 35/, алтан гулдмай 36.15 гр жинтэй болохыг тогтоосон үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хэргийн 37/, байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Сайхан ариун дэлхий” ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/36 дугаартай дүгнэлт,  экологийн хохирлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 39-51/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтны 869.43, мөнгөний 122” хувь сорьцтой 36.15 гр алтыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Долгор овогт Толягийн *******ыг хууль бусаар ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******аас Байгаль орчинд учруулсан хохиролд 1679578 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1053163 төгрөг, нөхөн сэргээлтийн явцад хяналт тавихад зарцуулагдах зардалд 83253 төгрөг, нийт 2816994 /хоёр сая найман зуун арван зургаан мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт олгож, нөхөн төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Долгор овогт Толягийн *******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч*******т торгох ялын 5400000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч*******т анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алтны 869.43, мөнгөний 122” хувь сорьцтой 36.15 гр алтыг улсын орлого болгосугай.  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ