Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 221/2019/0015/З |
Дугаар | 133 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 133
Э.Зын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0017 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2-т заасныг тус тус баримтлан Э.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Давж заалдах журмаар гаргасан гомдол:
2. Э.Зын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0017 дугаар шийдвэр нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж гарсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн эс хүлээн зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.
3. Шүүхийн шийдвэрт дурдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам" нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсоны дагуу гаргасан, нийтээр заавал дагаж мөрдүүлэх шинжтэй, гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзжээ. Аливаа хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам зэргийг захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх хуульд заасан гол шалгуур нь “тухайн харилцаанд оролцогчдод уг хэм хэмжээний акт нь заавал дагаж мөрдөгдөх ... шинжтэй үйлчилдэг байх” юм. Ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь хуулиараа зөвхөн Шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарах бөгөөд журам нь Шүүгчдийн зөвлөгөөний дээрх бүрэн эрхийг зааварчлаагүй, хязгаарлаагүй. Шүүгчдийн зөвлөгөөнөөс хэнийг нэр дэвшүүлэх, эс дэвшүүлэх нь зөвлөгөөнд өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрх хэвээр байх тул иргэн, хуулийн этгээд, ялангуяа шүүгчдийн зөвлөгөөний эрх ашгийг ямарваа нэг хэлбэрээр хязгаарласан, зохицуулсан, уг харилцаанд хэн нэг иргэнд (нийт этгээд) чиглэсэн “эрх-үүрэг” үүсгэж, хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон агуулгатай зохицуулалт журамд огт байхгүй. Ийм байтал “...журам тодорхой шат дараатай асуудлыг зохицуулж, бүхэлдээ тодорхой үр дүнд хүрэх харилцааг зохицуулсан агуулгатай...” байдаг гэсэн хуульд заагаагүй агуулгыг үндэслэн тус журмыг Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тогтоол, эсхүл журмын аль хэсэг нь шүүгчдийн зөвлөгөөн, эсхүл нэр дэвшигчдийн хувьд ямар байдлаар заавал дагаж мөрдөх шинжтэй болж байгаа үндэслэлийг тодорхой заасан бол үндэслэл бүхий болох байсан байна.
4. Цаашлаад тус журмаар байгуулагдах Тооллогын комисс нь аливаа нэр дэвшүүлэх, жагсаалт гаргах, санал болгох, санал тоолох ажиллагааны явцад нэр дэвшсэн хэн нэгэнд эрх олгох, үүрэг, хариуцлага ногдуулах ямар ч эрх хэмжээгүй ба зөвхөн Шүүгчдийн зөвлөгөөний үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх зорилготой байхаар заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт “...шүүгчдийн зөвлөгөөн болон тооллогын комисс нь уг журмаар зохицуулагдаж буй харилцаанд оролцох этгээдэд энэ журмыг баримтлан шаардлага тавих агуулгатай гэж үзэхээр байгаа тул...” гэснээрээ мөн л хууль болон журамд заагаагүй агуулгыг үндэслэлээ болгожээ. Энэ хэсэгт шүүгчдийн зөвлөгөөн болон тооллогын комисс гэсэн хоёр субьектыг нэг дор авч үзсэн. Шүүгчдийн зөвлөгөөний хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. Харин Тооллогын комиссын хувьд угаас аль нэг этгээдэд шаардлага тавих, үр дагавар үүсгэх шийдвэр гаргах эрхгүй тул ийнхүү дүгнэх боломжгүй нь ойлгомжтой. Энэ агуулгаараа тус журамд заасан Тооллогын комиссын үйл ажиллагаанд хэн нэгэн өртсөн, эрх зүйн үр дагавар тухайн этгээдэд үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр маргаж буй тогтоолыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа юм. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоол, түүний хавсралтаар батлагдсан журам нь тодорхой байдлаар захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд түүний улмаас хэн нэгний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсон гэж үзвэл чухам аль хэсэг нь буюу тогтоол болон журмын аль зүйл, заалт эсхүл аль хавсралт нь дээрх шинжтэй болохыг шүүх тогтоох ёстой байсан. Шүүхээс ийнхүү тодорхой зааг ялгааг нь тогтоолгүйгээр тус тогтоолыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээрээ цаашид захиргааны хэм хэмжээний акт болон захиргааны байгууллага дотооддоо өөрийн эрх хэмжээний нийцүүлэн гаргах дүрэм, журам хоорондын зааг ялгааг тогтоох боломж хязгаарлагдаж байна. Үүний улмаас захиргааны байгууллага ямар тохиолдолд өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд дотогшоо чиглэсэн шийдвэр гаргах вэ гэсэн асуулт үүсэж байна. Тухайн дүрэм, журмыг мөрдлөг болгон ажилладаг субьект түүнд заасны дагуу шаардлага тавих агуулгатай учраас захиргааны хэм хэмжээний акт болно гэж үзвэл албан байгууллагын бичиг хэргийн журам ч захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болж хувирахыг үгүйсгэхгүй. Иймд маргаж буй тогтоол, эсхүл журмын аль зүйл, аль заалт, аль хавсралт нь хуульд заасан шинжийг хангасан, улмаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнийг нэг мөр тогтоосныхоо дараа зөвхөн тодорхой хэсгийг нь хүчин төгөлдөр бусад тооцох нь хуульд нийцэх байжээ. Өөрөөр хэлбэл, тогтоол болон журмын захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангахааргүй зүйл, заалтыг ч Захиргааны ерөнхий хуулийн 59.1 болон 67.2 дахь хэсгийг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийджээ.
6. Шүүхээс шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох" гэж заасныг удирдлага болгосноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн. Тодруулбал, шийдвэрт “...маргаан бүхий тогтоолоор шүүгчдийн зөвлөгөөн өөр өөрөөр, тухайлбал тухайн зөвлөгөөнд нэр дэвшигч өөрөө байгаа тохиолдолд илээр санал хурааж болохоор (санал хураалтыг нууцаар явуулж болно.) зохицуулсны улмаас нэхэмжлэгчийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнө дурдсанчлан шүүх шүүгчдийн зөвлөгөөнөө хэдийд товлон зарлах, хэрхэн зохион байгуулах, санал хураалтыг илээр, эсхүл нууцаар явуулахыг шийдэх зэрэг эрх нь Шүүхийн тухай хуулиар гагцхүү шүүгчдийн зөвлөгөөнд өөрт нь хадгалагддаг. Ийм учраас тус журмаар санал хураалтыг илээр эсхүл нууцаар явуулах талаар хэм хэмжээ тогтоосон, заавал мөрдөгдөхүйц агуулгатай зохицуулалтыг огт тусгаагүй, шүүгчдийн зөвлөгөөн өөрөө шийднэ. Журмын зөвхөн 2.5 дахь заалтад “...шүүгч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох үүднээс нэр дэвшүүлэх санал хураалтыг нууцаар явуулж болно” гэж харин ч санал хураалтыг нууцаар явуулж болох агуулгыг дурдсан байгаа юм. Түүнчлэн журмын дагуу зөвхөн шүүгчдийн зөвлөгөөнд шүүгчдээс гаргасан саналыг л нэгтгэдэг бөгөөд нэр дэвшигчдийн, ялангуяа нэхэмжлэгчийн нэр дээр өгсөн саналыг нэмж, хасах, эсхүл түүний төлөө санал өгөхгүй байхыг даалгасан, уриалсан зохицуулалт огт байхгүй юм. Ийм учир шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтыг удирдлага болгон шийдвэрлэх ёсгүй байжээ.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь хуулиараа зөвхөн Шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарах бөгөөд уг журам нь Шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийг зааварчлаагүй, хязгаарлаагүй. Шүүгчдийн зөвлөгөөнөөс хэнийг нэр дэвшүүлэх, эс дэвшүүлэх нь зөвлөгөөнд өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрх хэвээр байх тул иргэн, хуулийн этгээд, ялангуяа шүүгчдийн зөвлөгөөний эрх ашгийг ямарваа нэг хэлбэрээр хязгаарласан, зохицуулсан, уг харилцаанд хэн нэг иргэнд (нийт этгээд) чиглэсэн “эрх-үүрэг” үүсгэж, хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон агуулгатай зохицуулалт журамд огт байхгүй. Ийм байтал давж заалдах шатны шүүх “...журам тодорхой шат дараатай асуудлыг зохицуулж, бүхэлдээ тодорхой үр дүнд хүрэх харилцааг зохицуулсан агуулгатай...” байдаг гэсэн хуульд заагаагүй агуулгыг үндэслэн тус журмыг Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гэж үзсэн нь буруу” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгч А.З нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “...24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг баталсан бөгөөд хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд ийм эрх хэмжээ олгоогүй байна. Иймээс энэхүү тогтоол, журмыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. ...зөрчигдсөн эрхийн тухайд, Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох”, “төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхийг хязгаарласан...” гэж маргажээ.
11. Давж заалдах шатны шүүхээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-/аар/ зохицуулсан харилцааг зохицуулах эрх хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгоогүй, ...шүүгчдийн зөвлөлгөөний үйл ажиллагааг зохицуулсанаараа нэр дэвших этгээдүүдэд үйлчлэл бүхий гадагш чиглэсэн шинжтэй, ...уг журам Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
12. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэдгийг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгохоор хуульчилсан, гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам” нь захиргааны хэм хэмжээний актын “нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан” гэсэн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл уг журмын 1.1-д зааснаар Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааг зохицуулахаар заасан, иймд уг журмыг нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан гэж үзэхээргүй юм.
13. Харин, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.7 “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж тус тус заасан, тухайн журам нь шүүгчдийн зөвлөгөөнд буюу тодорхойлж болохуйц этгээдэд хандсан захиргааны акт гэж үзэхээр байна.
14. Тиймээс, тухайн журмыг хэм хэмжээний акт гэж үзэхгүй учир давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх харьяалал зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШШ2019/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.Зын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА