Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Бяангол сумын Засаг даргад холбогдох 

           “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг мөн “Ногоон бут” ХХК, иргэн Л.Оргил, Б.Баттулга, Ё.Дашдэмбэрэл, Л.Жалхар, Д.Төмөрчөдөр нарт газар олгосон захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                        Б.Баясгалан   

            Хариуцагчийн төлөөлөгч:                                           Г.Саранцэцэг, Д.Гантулга

            Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Дашдэмбэрэл                                              

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам  нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч “Шанддов” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Болорэрдэнэ, Д.Буянбал нар анх 2008 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Шанддов” ХХК-ийг үр тариа эрхлэх зорилгоор шилжүүлж авсны дагуу 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын 71 дүгээр тоот шийдвэр гарч, “Шанддов” ХХК нь нийт 10 хэсэг газрыг Банкын хөндийд эзэмших болсон. Тухайн үеэс эхлэн бид жил бүр дээрх газруудад уринш, тариалалтыг сэлгэн хийж ирсэн билээ. Компаний хувьд 2011 оныг дуустал бүх талбайдаа тариалалт болон уриншийг зохих ёсоор хийж ажилласан.

            2012 онд компаний мэдэлд байсан Кубота тракторууд ашиглах боломжгүй болж, техникийн шинэчлэлт хийж чадаагүйн улмаас тариалалт болон уринш хийх тракторгүй болсон тул хойд талаараа хужиртай, малын хөлийн замд байрлах 63.44 болон 19.72 га талбайд тариалалт хийхээ больж 76.20 хэмжээтэй талбайг 2 жилдээ 1 ашиглах болсон. Харин 16.01 га газрын үржил шим маш сайн болохоор жил бүр тариалан хийж байсан.

            2013 оны зун жилийн ээлжит уринш хийхээс өмнө Засаг дарга Б.Энхбат манай компанид хандаж 76.2 га хэмжээтэй талбайд “Хос түрүү” ХХК-ийг уринш хийлгээд тариулаад өгөөрэй, танайх газраа ашиглахгүй 2 жил болох гээд байна гэсэн хүсэлт тавьсан. Манай компаний хувьд техникийн хүрэлцээ муутай ч уриншийг хийх боломжтой байсан ч Засаг дарга хүссэн, 2 жил тутам газрыг ашигласан байдалтай болох юм байна гээд энэ тухай Засаг дарга Б.Энхбатад хэлж, тариулсаны түрээсийн төлбөр авахгүйгээр тарихыг зөвшөөрсөн. Тухайн үед Засаг дарга тус газрыг эзэмших эрхийг 2013 онд хүчингүй болгосон талаар огт дурьдаагүйн сацуу бүр манай компаниас “Хос түрүү” ХХК-д газрыг ашиглуулж тариулах асуудлаар зөвшөөрлийг амаар авч байсан удаатай.

            2014 оны эхээр, өвлийн 1-2 сарын үед Б.Жанчивдорж, Б.Болор-Эрдэнэ нар Засаг дарга Б.Энхбаттай Улаанбаатар хотод уулзахад газар хураасан талаар мэдэгдээгүй. Бид “Шанддов” ХХК-ийн газруудыг боломжийн хэмжээнд ашиглаж байгаа, хөрөнгө оруулалт авах чиглэлээр ажиллаж байгаа газруудыг Голомт банкны зээлийн барьцаанд Засаг даргын зөвшөөрлөөр тарьж ашиглаж байгаа талаар уламжилж байсан. Б.Энхбат дарга танай газруудыг хураахгүй танай газар зээлийн барьцаанд байгааг мэдэж байгаа, зээлийн барьцаанд байдаг талаар албан бичиг өгөөрэй гэсэн зүйл хэлж, манай компаниас 2014 оны 04 дүгээр сарын 21-нд албан бичиг өгч байсан.

            Харин 2015 онд  “Шанддов” ХХК-ийн жилийн үйл ажиллагаа эхлээд явуулж байх үе буюу 6 дугаар сард компаний даамал Б.Жанчивдорж нь дээр дурьдсан 4 хэсэг газрын гэрээг хүчингүй болгосон дараагийн эзэмшигчид хувиарласан гэх албан бус мэдээллийг бидэнд ирүүлсэний дагуу бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын албаны мэргэжилтэнтэй утсаар ярихад танай газрыг 2013 оны захирамжаар хүчингүй болгосон, одоо маргалдаад байх зүйлгүй хэмээн бидэнд амаар хэлэхэд бид захирамжаа ч гардаж аваагүй, бидэнд газруудыг маань хураасан талаар огт мэдэгдээгүй, бид цаг тухайд нь газрынхаа төлбөрийг төлж байхад ямар учраас бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа юм бэ гэж асуухад захирамж гарсан тул одоо аргагүй гэсэн хариуг хэлж, захирамжаа аваарай гэсэн. Үүний дараа хэд хэдэн удаа утсаар ярьж, манай компаний газруудыг хураан авсан захирамжуудыг хэнд гардуулж өгснийг баримтаар үзэх, захирамжийг албан ёсоор гардаж авахаар очсон ч албан ёсоор гардуулж өгөөгүй, мөн 2015 оны 12 дугаар сард танилцаж хуулбарыг нь өгөөч, бид шүүхээр явна гээд албан ёсоор гардуулж өгөөч гэтэл бас л өгөөгүй. Энэ үед Засаг дарга Б.Энхбаттай орж уулзаад, өмнө нь захирамж гарсан бол хэлэх боломжтой байхад яагаад хэлээгүй талаар лавлахад захирамж гарчихлаа гэсэн хариуг хэлсэн. Тухайн үед Сэлэнгээс ирэхэд миний гар дээр албан бичиг, албан ёсоор гардаж авсан гэх бичиг баримт байхгүй, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад тэрээр “та нар албан ёсоор гардаж авсан огноотой бичиг баримттай байж шүүхэд хандах эрхтэй” гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын захиргаан дээр дахин очиж дээрх газруудыг хүчингүй болгосон захирамжийг хуулбарлуулж аваад, хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг дараад өгөөч гэхэд газрын мэргэжилтэн “Баянгол сумын захиргаанд тийм тамга тэмдэг байдаггүй харин сумын Тамгын газрын дарга нь нотариат хийдэг тэр хүнээр захирамжийн эх хувийг аваад хуулбар үнэн даруулахад болно” гэсний дагуу миний бие нотариатаар он сар өдөртэй хуулбар үнэн гэсэн тамга даруулж мөн цахим шуудангаар захирамжийн хуулбарыг гардаж авсан болно.

            Манай компани Газрын тухай хуулинд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, 2 жил тутамд тариалан хийж газраа зориулалтын дагуу ашиглаж, сумын захиргаанд нөөцийн улаан буудайг зээлээр болон үнэгүй нийлүүлж, сумын захиргааны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Ийм байхад манай компаний эзэмшиж байсан дээрх 4 газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжинд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэлээ болгож, ном журмын дагуу тариалан, уринш хийж байсан манай компанийн биет хөрөнгийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр хүчингүй болгоод захирамжаа ч танилцуулаагүй дээрх газруудын төлбөр мөнгийг төлүүлсэний дараа, хэзээ хойно хүмүүсийн амнаас дам дамаа сонсож байж, үнэн худлыг мэдэх зорилгоор 2016 онд өөрсдийн биеэр очиж байж олж мэдсэнд манай компани маш ихээр гомдож байна.

            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь дээрх А/70 дугаартай захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад дур мэдэн захиргааны актыг гаргаж, 2 жилд нэг удаа газраа зориулалтын дагуу ашиглаж байхад, ямар нэг үндэслэлгүйгээр, газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар мэдэгдэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хүчингүй болгосон захирамжийг бидэнд болон Голомт банкинд мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийг болон бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

            Манай компанийн дээрх 4 газар нь ямар нэг байдлаар хамтран ажиллах үед хураагдаагүй, өөр эзэмшигч ашиглагчгүй байсныг 2013, 2014 онд хамтран үйл ажиллагаа явуулж байсан иргэн Д.Цогтбаяр, “Атлас Женериал” ХХК-ууд нотлоно.

            Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/70 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “Шанддов” ХХК-аас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “Шанддов” ХХК-ийн хураагдсан газар тариалангийн 4 тусдаа газрыг буцаан олгох тухай нэхэмжлэл гаргасан билээ.

            “Шанддов” ХХК-ийн хураагдсан 4 тусдаа газруудыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын захирамжаар 5 иргэн, 1 аж ахуйн нэгжид 2015 оны 05 дугаар сарын 08-ны захирамжуудаар дахин хувиарласан байгаа тул өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж дахин хувиарласан захирамжуудыг хүчингүй болгон өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөсөн нэхэмжлэлдээ: Тус шүүхэд нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан билээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэрэгт цугларсан баримтуудтай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэхь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь байдлаар өөрчилж байна.

            Хариуцагч 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох захиргааны акт гаргах үед дээрхи хуульд заасан үндэслэл байгаагүй буюу үндэслэл бүрдээгүй байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм.

            Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг  даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэснийг өөрчлөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж шаардлагаа өөрчилж байна.

            Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хэвээр байгаа болно гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол сум нь Атрын 3 дугаар аяны хүрээнд хийгдсэн ажлуудыг үргэлжлүүлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах зорилгоор сумын газар тариаланчидтай жилд 1-2 удаа уулзалт зөвлөгөөн зохион байгуулж уринш боловсруулалт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, сумын иргэдээс ажлын байраар хангах, мэргэжлийн ажилтантай болох чиглэлээр үүрэг даалгавар өгч хяналт тавьж ажиллаж ирсэн. Жил бүр уринш хүлээн авах комиссыг томилж газар дээр нь үзэж чанарын үзүүлэлт талбайн ашиглалтыг шалгаж хэвшсэн.

            “Шанддов” ХХК нь 2010 оноос үйл ажиллагаа нь доголдож 2011, 2012 онд технологит уринш нэг ч га-д хийгээгүй, уринш хийсэн гэх талбай нь өндөр өвстэй, тариалангийн талбайг элдэншүүлээгүй байдалтай, ажиллагаатай трактор техникийн хүрэлцээ хангамж муу байсан учир газар дээр нь очиж үзсэн уринш хүлээн авах комиссын санал, тариалангийн газрын ашиглалт судалгааг үндэслэн Газрын турхай хуулийн дагуу “Шанддов” ХХК-ийн тариалангийн 4 нэгж талбарын нийт 175 га газрыг сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаар захирамжаар хураан авсан.

            2013 онд газар эзэмших гэрээг дүгнэх үед “Шанддов” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жанчивдорж ирж бусад 6 нэгж талбарын газрын гэрээг сунгуулаад шинэчилж хийсэн гэрээг сунгах үед газар хураагдсан тухай захирамжийг танилцуулан хураагдсан газрын гэрээг хийгээгүй болно.

            Хураагдсан талбай нь 2014 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж сумын ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан.

            2014 онд ямар нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд олгогдоогүй дахин 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж 2015 оны 5 дугаар сард 1 ААН, давуу эрхтэй тариаланч өрх 5 иргэнд Засаг даргын захирамжаар хуваарилсан болно.

            “Шанддов” ХХК нь 2011 онд 808 га эргэлтийн талбайтай, тогтсон ажилтангүй байсан. Тухайн онд 435 га улаан буудай тариалж 520 тн ургац 4 га-д хөх тариа тариалж 0,9 тн ургац хураан авч 368 га-д уринш бэлтгэсэн тухай мэдээ өгч байсан.

            2010 оны ХХААХҮ-н сайд, Сангийн сайдын 24/34 тоот хамтарсан тушаалаар дотоодын гурилын үйлдвэрүүдэд тушаасан улаан буудайнд урамшуулал олгох журам батлагдан хэрэгжиж эхэлсэн.

            2010 онд “Шанддов” ХХК нь 312 га-д улаан буудай тариалж 300 тн ургац авсан мэдээ өгсөн. Гэтэл зөвхөн 192 тн улаан буудай журмын дагуу тушаасан байсан. 2011 онд 520 тн улаан буудай хурааж авсан тухай мэдээлсэн боловч шурилын үйлдвэрт 1 ч тн буудай тушаагаагүй нь ургац хураалтын мэдээг худлаа өгсөн нь сумын мэдээг буруу гаргах үндэслэл болж байсан.

            2012 онд 320 га-д улаан буудай тариалж 300 тн ургац хураан авч 368 га уринш бэлтгэсэн мэдээ өгч 64.7 тн будаа тушаасан нь мөн мэдээг өсгөж өгсөн байсан. Тухайн жил уринш хүлээж авах ажлын хэсэг томилогдон уриншийн мэдээг баталгаажуулахаар талбар бүрээр хүлээж авсан ба ажлын хэсгийн дүгнэлтээр 5 нэгж талбарын 325 га-д уринш хийгдээгүй нь тогтоогдсон.

            2013 оны 04 дүгээр сард “Шанддов” ХХК-ийн 4 нэгж талбарын 175 га газрын эзэмших эрх хүчингүй болж 632 га эргэлтийн талбайтай болсон. 2013 онд 200 га-д улаан буудай тариалж 30 тн ургац, 160 га-д рапс тариалж 24 тн ургац хураан авч, 257 га-д уринш бэлтгэсэн мэдээ өгсөн. “Шанддов” ХХК нь техник, тоног төхөөрөмжийн хангалт муу, мэргэжлийн боловсон хүчнээс гадна тогтсон ажилтангүй үйл ажиллагаагаа эрхэлсэнээр уринш боловсруулалтыг технологийн дагуу хийлгүй 1 удаагийн боловсруулалтаар хавах, тал бүрээс цоохорлож тариалалт хийдэг нь талбайн хөрсний бүтцийг алдагдуулж, зарим хэсгийг атаршуулах нөхцөл байдалд хүргэж байсан. Газрын тухай хуульд заасны дагуу 5 жил тутам хөрсний шинжилгээг тариалангийн талбай эзэмшигч хийлгэж байх үүрэгтэй ба өдийг хүртэл шинжилгээнд хамрагдсан тухай сум орон нутагт мэдээ ирүүлээгүй байна.

            Иймд Газрын тухай хуулийн дагуу “Шанддов” ХХК-ийн талбай хураасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй болно гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн Л.Оргил, Б.Баттулга, Ё.Дашдэмбэрэл, Л.Жалхар, Д.Төмөрчөдөр болон “Ногоон бут” ХХК-д тус тус үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн тул дээрхи нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Г.Саранцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Уг компани 2008 онд анх газар авсан. 2009 онд н.Сүрэнжав гэх захиралтай хүмүүс ирсэн. Тэр жил тариагаа цасанд даруулаад үйл ажиллагаа нь муудсан. Тухайн үед сумаас хүмүүс дуудаж үзүүлж байсан. Сумаас жилд 2 удаа хавар намартаа Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан  тариалангийн газруудыг явж үздэг байсан. “Шанддов” ХХК нь 2010, 2011, 2012 онуудад гэрээнд заасан /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ газрын төлбөрөө бүрэн төлж байгаагүй, 2013 онд хүртэл бүрэн төлөөгүй, Засаг дарга захирамжиндаа “Шанддов” ХХК-ийг газраа 2 жил дараалж ашиглаагүй талаар тусгасан.

Манай сум /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/ газар ашиглалтын мэдээгээ гаргах гээд “Шанддов” ХХК-аас мэдээг нь асуухад байнга худал мэдээлдэг байсан.  Мөн 2012 онд мэдээ тайлан худлаа гарсан нь бас нотлогддог. Тариалангийн тооллогын үеэр 4 болон 10 сард 2 удаа ажлын хэсэг ажилласан. 2012 онд 368 га талбайд уринш хийгээд 320 га талбайд тарьсан, мэдээ тайлан нь дандаа зөрүүтэй. 300 тн будаа хурааж авсан гэх атлаа 64.7 тонн будаа л тушаасан байдаг. Хураагдсанаас бусад газрыг шалгахад 3 га газар атаршсан, 70 га талбайд будаа тарьсан байсан. Ингээд 350 га талбайг нь бүтэн, 150 га газрыг нь хурааж авах нөхцөл бүрдсэн байсан. Гэхдээ би 175 га газрыг л хурааж авсан.

2012 онд 368 га газарт уринш хийсэн гээд үүнийг нь шалгахад 320 га байсан, мөн 320 га талбайд тариа тарьсан гэтэл 200 га газартаа тариа тарьсан байсан. Дээрх байдлын талаар манай сумын агрономч, хажууд нь тариа тарьж байсан хүмүүс бүгд нотлоно. “Шанддов” ХХК нь 800 га талбайд үйл ажиллагаагаа жигд явуулах боломжгүй гэдгээ харуулсан.

“Шанддов” ХХК нь Б.Жанчивдорж гэдэг хүнийг анх манай захирал гэж хэлж байсан. 2013 онд гэрээгээ сунгах гээд очиход нь 4 газар нь хураагдсан, 6 газрынх нь гэрээг сунгах боломжтой, та даргатай уулз гэж би хэлж байсан. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар орсон. 2014 онд энэ хураагдсан талбай нь олгогдоогүй тул 2014 оны 12 дүгээр сард газар зохион байгуулалтын асуудлаар иргэдийн хурлаар орж 1 аж ахуйн нэгж, 5 иргэнд олгогдсон гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ хэрэг урьд Захиргааны хэргийн шүүхээр ороод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хэргийг анх хэрэгсэхгүй болгосон байдаг. Хугацаа хэтэрсэн зүйл дээр бид маргаад байна. 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан “Шанддов” ХХК нь гэрээгээ цуцалсаныг 4 дүгээр сард мэдсэн. Засаг даргын 1 захирамжаар 4 газрыг нь хүчингүй болгосон тэгэхээр “Шанддов” ХХК мэдээгүй байх боломжгүй. Нийт газрынх нь 6 дээр нь гэрээ хийгдээд 4 газрынх нь гэрээг хүчингүй болсоныг мэдсэн байх боломжтой.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд “Шанддов” ХХК мэдээлсэн хэмжээндээ ургацаа өгөөгүй, газруудаа гэрээнийхээ дагуу ашиглаагүй гэдэг нь харагдаж байна. Засаг дарга дээр дурьдсан үндэслэлүүдээр газрыг хүчингүй болгосон.

2011 оны татварын тайлан дээр уг компани татвараа төлсөн тайлан, газрын төлбөр төлсөн баримт зэргээс дутуу төлснийг харах боломжтой. Засаг дарга гэрээг дуусахаас өмнө биш дууссаны дараа гэрээг хүчингүй болгосон. “Шанддов” ХХК нь газрын төлбөрөө байнга дутуу хийж байсан, газрын төлбөрөө төлдөггүй, мөн газраа гэрээнд зааснаар ашиглаагүй учраас гэрээний хугацаа дууссаны дараа хүчингүй болгосон. Түүний дараа нь иргэдэд нийтээр зарлаж газар олгосон. Уг газрыг хууль зөрчиж олгоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л.Жалхар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91 тоот захирамжаар иргэн миний биед Монгол Улсын газар эзэмших хуулинд заасны дагуу давуу эрхийн дагуу 17 га газар тариалангийн талбай хувиарлан өгсөн билээ. Би 2015 онд уг талбайдаа тариалалт явуулсан юм. Одоо ч тариалалт хийх бэлтгэлээ хийсэн билээ. Иймд уг гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Гуравдагч этгээд Б.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол сумын Шанддовд байрлалтай 20 га талбайг /63 га юм/ тариалангийн зориулалтаар Газрын тухай хуулийн дагуу газар тариалангийн үйлдвэрлэлд 37 жил ажилласан давуу эрхээр авсан учир уул талбайг эргүүлэн авах тухай өмнө эзэмшиж байсан компаний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

            Гуравдагч этгээд Ё.Дашдэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ё.Дашдэмбэрэл миний бие Зүүнхараа САА-д 1961-1973 он хүртэл 12 жил тариа бригадад тракторчин, 1992-2000 он хүртэл Баянгол суманд Загдалын ногоо бригад, компанид ажилласан бөгөөд тариалангийн үйлдвэрлэлд 20 жил ажилласан учир Газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр Баянгол сумын Шанддов хэмээх газар үр тарианы чиглэлээр 20 га талбайг 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн шийдвэрээр газар эзэмших 000576051 тоот гэрчилгээ авсан болно. 2015 онд уг талбайд тосны ургамал тариалсан болно. Хуулийн дагуу надад олгогдсон 20 га талбайг эзэмшихээр нэхэмжилснийг хүчингүй болгож надад үлдээхийг хүсье гэжээ.

            Гуравдагч этгээд Л.Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Оргил миний бие Баруунхараа САА-н Доргонт бригадад 1982 онд наймдугаар ангиа төгсөнгүүт тракторч, комбайчнаар 2002 он хүртэл тасралтгүй ажилласан учир Газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр Баянгол сумын Шанддов хэмээх газар үр тарианы чиглэлээр 20 га талбайг 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн захирамжаар хувиарлан өгсөн. 2015 онд уг талбайд тосны ургамал тариалсан болно. Хуулийн дагуу надад олгогдсон 20 га талбайг эзэмших нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Д.Төмөрчөдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 1986 оноос 1995 оныг дуустал газар тариаланд ажилласан учир давуу эрхээр олгосон 100 га газрыг 1997 онд хэлэлцэж байгаад 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 20га газрыг шийдвэрлэж өгсөн учир “Шанддов” ХХК-ний захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Дашдэмбэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би улсад газар тариалангийн чиглэлээр 20 жил ажилласан. Дээрх газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар орсоны дараа бид газраа авсан. Огт хууль зөрчөөгүй. Нөгөө талаар 2015, 2016 онд бид уг газарт тариа тарьсан. Эхний жил тариалахад газар маань 8-10 см хөрсний үйлдвэр явуулах боломжтой, нилээн атаршсан газар байсан бөгөөд шаардлагатай бордоо хийгдээгүй байсан. Энэ бол маш олон жил муу хэрэглэснийг харуулж байгаа юм. Энэ жил ч гэсэн нилээн боловсруулж байж ургац тарих боломжтой болсон.

            “Шанддов” ХХК одоо 600 гаруй га талбайтай.  Компани  нь  мэргэжлийн хүмүүс, түүнд тохирох тоног төхөөрөмжтэй байж үйл ажиллагаагаа явуулдаг. “Шанддов” ХХК нэг ч удаа өөрийн техникээр тариалалт хийж байгаагүй, тэнд байгаа Спирт бал бурмын техник болон бусад компаний техникээр тарьж байсан. Үүнийг ойр хавьд нь байгаа бүх хүмүүс мэднэ. Сая 100 га газраа түрээслэж, 300 га газартаа төмс тарьж байсан. Энэ байгууллага төрийн газраар бизнес хийж байна. Би сумын Засаг даргыг дуудаж хэлж байсан. Тоног төхөөрөмж гэвэл тоногдоод дууссан шахуу 3 комбайн хашаанд нь байдаг. Газраа ашиглаж чадахгүй байгаа учраас “Шанддов” ХХК нь газраа хураалгасан нь зүйтэй гэв.

Үндэслэх  нь :

           Нэхэмжлэгч “Шанддов” ХХК нь анх “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Ногоон бут” ХХК, иргэн Л.Оргил, Б.Баттулга, Ё.Дашдэмбэрэл, Л.Жалхар, Д.Төмөрчөдөр нарт газар олгосон захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч “Шанддов” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаан дээр “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийг өөрчилсөн байна.

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийгн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийн тухайд:

            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2001 оны 06 дугаар 25-ны өдрийн 94 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар “Шанддов” ХХК-д 15 нэгж талбарын 2046 га тариалангийн талбайг хуваарилан эзэмшүүлж, гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ[1]. Харин “Тариалангийн талбайд тооллого явуулж газар эзэмших эрх баталгаажуулах” гэх үндэслэлээр 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай сумын Засаг даргын захирамжийн хавсралтаар[2] Банкын хөндийд үр тарианы зориулалтаар 10 нэгж талбарын нийт 808.14 га тариалангийн газрыг эзэмшүүлэн, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нарын хооронд “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулжээ.

            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь Атрын 3 дугаар аян, тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоол, аймаг сумаас гаргасан хөтөлбөрийн хэрэгжилт, сумын Засаг даргын тоот захирамжаар уриншийн боловсруулалтыг хүлээн авах комиссын тайлан, Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4.3 дах заалт, 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч “Шанддов” ХХК-ийн Банкын хөндийд байрлах  4 нэгж талбарын 63.45, 16.01, 76.2, 19.72 га нийт 175.38 га газруудын газар эзэмших эрхийг 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  А/70 дугаар захирамжаар  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  заасныг зөрчсөн байна.

            Газар эзэмшигчийг төлөөлж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал  Г.Саранцэцэг болон газар эзэмшигчийг төлөөлж “Шанддов” ХХК-ийн захирал  Б.Болор-Эрдэнэ нарын харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0209845[3], 0209837[4], 0209844[5], 0209841[6] гэрээнүүдийн 4.4-т “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн  62 дугаар зүйлд зааснаар хохиролыг нөхөн төлөхийг шаардах” мөн 4.5-д “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” газар эзэмшүүлэгчийн үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр мөн  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байтал хариуцагч нь гэрээний биелэлтийг дүгнэлгүйгээр газар эзэмших  эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

            Харин нэхэмжлэгч “Шанддов” ХХК нь 2010, 2011, 2012, 2013 онуудад өөрийн эзэмшлийн нийт талбайд болон тодорхой хэсэгт уринш бэлтгэх, тариалалт хийж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ХАА-н тасгийн агрономичийн гаргаж, ХАА-н тасгийн дарга болон сумын Засаг дарга нар хянаж, сумын Засаг дарга  танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан “Үр тариа тариалалт, ургац хураалт, уриншийн мэдээнүүд[7] Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэхэмжлэгчийн байгуулсан 5.893.500 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0209841, 0209837, 0209844, 0209842 дугаартай 16.01, 63.45, 76.2, 12.76 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх “2011 оны хаврын тариалалтад дизель түлш олгох “зээлийн гэрээ, 12.633.800 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0209839, 0209838 дугаартай 488.89 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх” 2011 онд уринш боловсруулалтанд дизель  түлш олгох” зээлийн гэрээ,  6.624.000 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0209839, 0209838 дугаартай 488.89 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх 2012 оны “хаврын тариалалтад дизель түлш олгох” зээлийн гэрээ. 6.230.000 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0209839, 0209838 дугаартай  488.89 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх 2013  оны “хаврын тариалалтад дизель түлш олгох” зээлийн гэрээ, 7.041.100 төгрөгийн үнийн дүн бүхий, зээлийн баталгаанд эзэмшлийн 0209839, 0209838 дугаартай 488.89 га газар эзэмших эрхийг барьцаа болгосон гэх 2012 оны “уринш боловсруулалтанд  дизель түлш олгох” зээлийн гэрээ, зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож байна.

            2.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудын  тухайд:

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн...,түүнд нийцүүлэн боловсруулсан сум,дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Банкийн хөндийд  байрлах “Шанддов” ХХК-ийн  эзэмшиж байсан газар тариалангийн 4 нэгж талбарын 16.01, 63.45, 76.2, 12.76 га  нийт 175.38  га, газруудыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор уг газруудыг үр тарианы зориулалтаар ашиглуулахаар 2014 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. 2014 онд уг газрууд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд олгогдоогүй тул дахин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60  дугаар тогтоолоор  2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна[8].

            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91 дүгээр захирамж[9]-аар Баян 2 дугаар баг Шанддовд байрлах 76.2 га газрыг үр тарианы зориулалтаар “Ногоон бут” ХХК-д, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/92 дугаар захирамж[10]-аар Шанддовд байрлах 21 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн Л.Оргилд, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/93 дугаар захирамж[11]-аар Шанддовд байрлах 21 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн Б.Баттулгад, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/94 дүгээр захирамж[12]-аар  Шанддовд байрлах 20 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн Ё.Дашдэмбэрэлд, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/95 дугаар захирамж[13]-аар Шанддовд байрлах 16 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн Л.Жалхарт, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/96 дугаар захирамж[14]-аар  Шанддовд байрлах 21 га газрыг үр тарианы зориулалтаар иргэн Д.Төмөрчөдөр нарт тус бүр газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгож  шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга нь “Шанддов” ХХК-ийн эзэмшиж байсан 4 нэгж талбарын 175.38 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныхоо дараа дээрх иргэд, ААН нэгжид эзэмшүүлсэн  болох нь хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/70 дугаартай захирамж болон хүчингүй болсон газруудыг эзэмших эрхийг “Ногоон бут” ХХК, иргэн Л.Оргил, Б.Баттулга, Ё.Дашдэмбэрэл, Л.Жалхар, Д.Төмөрчөдөр нарт олгосон захирамжуудыг хуулийн этгээдийн албан ёсны хаягаар бичгээр мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

            Гуравдагч этгээдээр татагдсан “Ногоон бут” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа тус шүүхэд ирүүлээгүй мөн нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2,106.3.12 дах  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/70 дугаартай захирамжийн “Шанддов” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/91, А/92, А/93, А/94, А/95, А/96 дугаартай захирамжуудыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг 5692012910 дугаартай дансанд хэвээр үлдээж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай

                                                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БУРМАА