Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 185

 

    Д.Гт холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1768 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар магадлалтай, Д.Гт холбогдох 1906027962294 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Бы гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Д.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Гоос 555.743 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн 5443 дугаар дүгнэлт буруу гарсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж хэргийн материалд хавсаргасан болно. Сүүлийн гарсан шинжээчийн дүгнэлт “хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна” гэж гарсан ч хэргийн материалд өөр дүгнэлт хавсаргасан байна. 5443 дугаар дүгнэлт дээр дээд уруул, хамрын нуруу, нуруунд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зүүн тавхайн үеийн суналт гэж тогтоогдсон нь миний гэмтлээс шал өөр байсан ба миний гэмтэл толгойн зүүн талдаа 2-2.5 см хагархай, баруун гарын сарвууны ар тал, зүүн гарын мөр гэмтэлтэй байсан нь Зэвсэгт хүчний дугаар ангийн эмчийн анхан шатны 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн үзлэгт тодорхой байгаа. Хоёр дахь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтэд эдгэж байгаа үеийн үзлэг хийгдэж, хөнгөн гэмтэлтэй гэж дүгнэгдсэн байсан. Иргэн Б.Б миний 2019 оны 5 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ус урсдаг байгалийн жалганд бие зассан гэсэн мэдүүлгийг хашааны завсар гэж өөрчлөн бичсэн байна. Жалгын ирмэг дээр амьдрах иргэн Б.Х гэх айлд 4 хүн архидан согтуурч байсан. Д.Г нь 0.75 литр шилтэй архи 1 ширхэг, ундаа 2 ширхэг авч явж байсан. Гэхдээ цамцны энгэрийн халаасанд байсан утас, мөнгө зэргийг харж шээлээ гэж хэрүүл өдсөн. Иргэн Д.Г нь 160-170 см өндөр, 70-80 кг жинтэй бөгөөд 0.75 литрийн шилтэй архи бүхий 1 кг 250 граммын жинтэй зүйлээр миний толгойн тус газар цохиход зуны нейлонон 2 давхар малгай цоо цохигдож урагдан, ухаан алдан газар унасан. Энэ нь хүний хамгийн эмзэг эрхтэнд, түүний дотоод бүтэц, үйл ажиллагаанд маш их хохирлыг учруулах билээ. Энэхүү гэмтлийн улмаас одоог хүртэл сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээг тасралтгүй хийсэн бөгөөд үргэлж толгой өвдөх, ядрах, сульдах, өвчлөмтгий болсноор эм, тариа байнга хэрэглэж эдийн засгийн хохирол үргэлж гарч байна. Үүнээс үүсэлтэй эрхтэн системийн өвчлөлийг таамаглашгүй гэж иргэн би үзэж байна. Миний бие нь одоо амьд байгаадаа баяртай байна. Миний бие Монгол улсын нутаг дэвсгэр, тэр дотроо амьдардаг хороо, дүүргийн газар нутагт цаг хугацаа харгалзахгүй явж, ажиллаж, амьдрах эрхтэй билээ. Гэтэл энэ иргэн ганцаараа мэт аашилж, архидан согтуурч, хэн нэгнийг эд зүйлсээр шийтгэх мэт санаатайгаар тархи толгойгүй нүдэж зодох нь хуульд нийцэх үү? Энэ удаа би азаар амьд үлдлээ. Дараагийн удаа өөр хэн нэгэн энэ хүний бусармаг үйлдлийн улмаас амьд гарах боломж алга байна. Миний сэтгэл санаа, бие эрхтэнд учирсан хохирол нөхөгдөшгүй.

Архидан согтуурсан, санаатай хүнийг алахаар завдсан энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаар амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн эрх чөлөө гэх мэт хуулиуд зөрчигдөж байгаа бөгөөд баримтад тулгуурлан явж эмчлүүлсэн шатахуун, эм, эмчилгээний зардал 8.082.636 төгрөгийг гаргуулж, хохирлоо нөхөн төлүүлэх саналаа дахин гаргаж байна. Энэ зардал нь миний гаргасан л зардал. Энэ зардлын баримтууд нь хууль зүйн үндэслэлтэй, иргэн хүний мөнгөө төлөөд авсан баримт гарцаагүй мөн. Хүнийг хохироох гэсэн санаа агуулаагүй болно. Бодит баримтад үндэслэн иргэн Д.Гоос төлбөрөө нэхэмжилж байна. Д.Г нь хэрэг үйлдээд маргааш нь Ховд, Говь-Алтай аймагт алт ухахаар 3 хүний хамт явсан ба мөрдөн шалгах явцыг удаашруулсан, 4 сар гаруй олдоогүй байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаж байсан дөрвөн 7 хоногийн дотор эдгэрчих гэмтэл биш байсан ба шийдвэр гартал эмчилгээгээ явуулж байсан, одоо ч хийж байна. Тархи толгойн гэмтлийн улмаас бие, эрхтэн, системд гарах өөрчлөлтүүдийг давж гарах бэрхшээл /уур уцаар их хүрэх, ажлын ачаалал даах чадвар муудах, амархан ядрах зэргээс болж эргэн тойрны хамт ажиллагсад, гэр бүлийнхэнд болон өөрт нөлөөлөх нөлөө, үүсэх дарамт, амьдралын хэвийн үйл явцад нөлөөлөх нөлөө, хохирол гэх мэт/-ийг цохисон согтуу хүн, шүүгч та, таны дотны хайртай ээж, аав, үр хүүхэд, хань, хэн нэгэн чинь байсан бол яах бэ? Цохилтын хүчийг дахин нэг тооцоод үз...

Анхан шатны шүүхийн дүгнэлт дээр хохирогчийн эмийн сангаас эм худалдан авсан баримтууд нь эмчийн жоргүй, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй, хоолойн өвдөлтөд уудаг эм зэрэг байсныг дурьдаж байна гэжээ. Иргэн би энэ цохилт гэмтлээс болж үүсэх өвчнийг хэн ч мэдэшгүй, тааварлашгүй, хоолой байтугай хошного ч өвчилж болно гэж үзэж байна. Хүн өөрийн эрүүл мэндэд эм, эмнэлэг, уламжлалт эмчилгээ, рашаан ус, бариа засал, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хил хязгаар харгалзахгүй хийлгэх эрхтэй. Явсан шатахуун, Хятадад эмчлүүлсэн зардал нь эрүүл мэнддээ анхаарч, илэрч буй өвчнийг эдгээхийн улмаас хэрэглэсэн, гаргасан зардал. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн хуралдааны магадлал дээр явж эмчлүүлэхдээ иргэн хүн хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын тээврийн хэрэгслээр үйлчлүүлсний төлбөр төлж тээврийн зардлын баримт бичиг болох 23.000 төгрөгийн тасалбар, БНХАУ-д эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 16.200 юань нь баримтаар бодитоор байхад хэрэгсэхгүй болгож байгаа нь Монгол улсын зарим хууль тогтоомжуудыг үгүйсгэж байна. Дээрх баримтууд нь хэрэгт нотлох бүрэн баримт бичиг болох үндэслэлтэй. Хятад хүн гадаад, дотоодын иргэнд эм, эрүүл мэндийн үйлчилгээ явуулахдаа нэг ч могийн төлбөргүйгээр явуулдаггүйг хэн хүнгүй мэддэг. Иргэн миний өөрийн эрүүл мэндэд зарцуулсан мөнгөний баримт бичиг нь хуулийн этгээдийг төлөөлөх баримт бичиг мөн бөгөөд өөрөөр ямар нэгэн хэлбэрээр нотлох боломжгүй.

Түүнчлэн Д.Г нь “...Эрүүл хүнийг согтуу байсан, намайг хэрэг явдлаас хойш дахин гэмтэл авч уг гэмтлээ надад тохлоо...” гэх мэтээр гүтгэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Архидан согтуурч санаатай хүний бие, эрүүл мэндэд гэмтэл учруулснаа нуун дарагдуулах, олон ам бүлтэй болж өрөвдүүлэх гэсэн оролдлого нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр, хуулийн хариуцлагаас илтээр зугтааж байна. Хэрвээ иргэн Д.Г олон ам бүлтэй, ядуу, төлбөрийн чадваргүй бол архи худалдан авч архидан согтууран цэнгэж бусдыг дайлах, баяр тэмдэглэх байсан уу? Хэрэв хүний амь нас хохироосон бол энэ мэтээр гүтгэж, хуулийг үл хүндэтгэн заргалдах байсан уу? Иргэн Д.Г нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.1, 16.2, 16.6, 16.13 дугаар зүйлд зааснаар иргэн Б.Б миний эрүүл аюулгүй амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатайгаар хохирол учруулсан, гүтгэн доромжилсон, сэтгэл санааны хохирлыг учруулсан учир хуулийн ямар хариуцлага хүлээх вэ? Иргэн Б.Б би хуулийн хариуцлагыг нэхэмжилж хуулиар хүлээсэн үүргээ эдэлмээр байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эмнэлгийн үзлэгийн 1069 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэлтэй гэж гарсан нь иргэн миний эрүүл мэндэд хохирол учирсныг гэрчилж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Быг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Бы гаргасан гомдлыг үндэслэн Д.Гт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр гудамжны орчим иргэн Б.Бтай маргалдаж, улмаар түүний толгойд архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, Д.Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 1069 тоот дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн дүгнэлтийг дурдаагүй алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг магадлалдаа зөвтгөж, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

Хохирогч Б.Б нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо тархиндаа хүнд гэмтэл авч, эмчилгээ хийлгүүлсэн гэх боловч 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1069 тоот шинжээчийн дүгнэлтээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн 1069 тоот дүгнэлттэй /хх-32/ танилцаад /хх-34/ гэмтлийн зэргийг зөвшөөрөхгүй талаар санал хүсэлт гаргаагүй байна. 

Иймд хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогч Б.Б нь шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай гомдлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмын дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгуулах боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1768 дугаар шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН