| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00603/И |
| Дугаар | 149/шш2026/00122 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 149/шш2026/00122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 18г тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:ИБД*******, утас-*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 33 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:ИБД*******, утас *******/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 12040000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан 12040000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5640000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 6400000 төгрөгийг хариуцагч Э.*******гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******д Playstation-5 загварын тоглоомыг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж 01 хоногийн хугацаатай 65000 төгрөгөөр түрээслүүлсэн ба хариуцагч Э.******* нь Playstation-5 загварын тоглоомын гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтэрсэн түрээсийн төлбөр, Playsration-5 загварын тоглоомын үнэ зэрэг нийт 12040000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.
3.Хариуцагч Э.******* нь би нэхэмжлэгч Б.*******оос Playstation-5 загварын тоглоомыг түрээслэн авсан. Түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. PS тоглоомыг худалдан авах хүсэлтэй байна гээд цахимаар харилцсан. 1000000 төгрөг өгчих тэгвэл наадахаа ав гэж хэлэхэд нь хоёр хувааж төлсөн. Тэрнээс хойш үргэлж цахим хаягаар чат бичиж мөнгө шантаачилж нэхэж ирсэн. Хэл үгээр доромжилж чамайг зовоомоор байна гэх зэрэг чат бичиж дарамталсаар байна. Иймд нэхэмжлэлээс татгалзаж байна. ...гэх тайлбарыг шүүхэд ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
4.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгчийн шаардлагыг төлөхөөс татгалзаж байгаа тайлбарын үндэслэлийг өөрөө нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, нотлох баримтыг гаргаж шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
5.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Б.*******той Playstation-5 загварын тоглоомыг нэг хоногийн 65000 төгрөгөөр тохирч 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулан тус тоглоомыг авч буцаан өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна./хх-ийн 9-10, 28 дугаар хуудас/
6. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хариуцагчийн хүсэлтээр Playstation-5 загварын тоглоомыг гэрээнд заасан хугацаагаар шилжүүлсэн бөгөөд хөлслөгч буюу хариуцагч Э.******* нь хөлсөлсөн эд хөрөнгийг ашигласны төлбөрийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Б.*******од төлөх үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-д хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-д заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах. ...гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******д хөлсөлсөн эд хөрөнгө буюу Playstion-5 загварын тоглоомыг гэрээний хугацаа дууссан даруу буцаан шаардах болон өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагч/хөлслөгч/-аас шаардах эрхтэй. ...мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх. ...гэж зааснаар хариуцагч/хөлслөгч/ Э.******* нь хөлслөн авсан эд хөрөнгийг хөлслөгчид буцаан өгөх үүрэгтэй ба хариуцагч нь уг үүргээ биелүүлэлгүй байна.
7.Тиймээс Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гаас 6400000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9.Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч Э.*******гаас 119150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гаас 6400000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******гаас 12040000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5640000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 109150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ