| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0057/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 84
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт * *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718004080211 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * ******* /РД:*******/, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын *******галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Сансарын 13-118 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 3-17 тоотод байх иргэн *******ы гэрт архидан согтуурсан үедээ *******ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 3-17 тоотод байх иргэн *******ы гэрт архидан согтуурсан үедээ *******ыг зодож, доод эрүүний битүү хугарал, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ амрах гээд хэвтэж байтал 23:00 цаг өнгөрч байхад хаалга нүдээд *******, ******* буюу ******* 2 тал шил архитай орж ирээд “архи уух уу?” гэхээр нь би тэр тал архиа л хэлж байгаа юм байх гэж бодоод “ууя” гэсэн чинь тэд гарч яваад 10 минутын дараа 1 тамхи, 2 ундаа, 2 шил архи барьчихсан орж ирсэн.
...үлдсэн тал шил архиа ууж дуусгаад унтах гэтэл ******* буюу ******* “маргааш ажилтай учир эндээ хоноод явчихъя” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд амрахаар эхнэрийнхээ араар ороод хэвтээд түр зүүрмэглэтэл эхнэр гэнэт орилоод явсан. Гайхаад сэрээд хартал эхнэр “би бөөлжих гээд бостол ******* араас тэврээд авсан” гэхээр нь би “та нар надад архи өгч тасалчихаад эхнэрийг минь оролдох гэж ирсэн юм уу?” гээд уурлаад *******ийг ална гээд талх зүсдэг хутга автал ******* гэрээс гараад зугтаасан. Тэгээд би угаалтуурын хажууд сууж байтал ******* орж ирээд “юу болсон бэ?” гэхээр нь би юу болсон талаар хэлтэл “за та унт, би орон дээр чинь хэвтүүлээд өгье” гээд хажуунаас түшиж явж байгаад гэнэт куртикнийхээ ханцуйд хатуу юм хийж байгаад миний эрүү рүү цохисон. Цохисноос болоод миний амнаас цус гараад байсан. Тэгж байтал *******, ******* нар утсан дээр бичлэг хийгээд байсан. Би “шүд эвгүй болчихлоо” гэтэл “архи уу” гээд архи уулгасан. Архиа уугаад унтсан маргааш өглөө нь босоод үлдсэн архиа ууж дуусгасан.
....Өмгөөлөгчийн хөлс 1000000 сая төгрөг, малжуулах төслийн зээлийн төлбөр болон тэтгэврийн зээлийн хүүгийн төлбөрт 520000 төгрөг, нийт 1520000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хэргийн 3, 101/,
-Хохирлын талаар нотлох баримтууд /хэргийн 22-25, 27-42, 71-77, 173-176/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 26/,
-Хохирогч *******ы өвчний түүхийн хуулбар /хэргийн 47-62,
-*******, Л.******* нараас хохиролд 1600000 төгрөг төлсөн баримт /хэргийн 63/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 80-83 /,
-Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орой 23 цаг өнгөрч байхад нөхөр ******* болон 2 настай хүү Тэргэл бид 3 гэртээ кино үзээд унтах гээд хэвтэж байхад цонх хаалга хүн нүдээд байсан. “Хэн бэ?” гэхэд “******* байна, хаалгаа тайл” гэхэд ******* намайг “хаалгаа тайлж өг” гэсэн. Ингээд намайг хаалга тайлж өгөхөд *******, ******* гэх залуутай хамт халамцуу орж ирсэн.
...би хэсэг унтчихаад сэрэхэд ******* миний урдуур хэвтэж байхаар нь би “бөөлжис хүрээд байна, бөөлжчихөөд ирье” гээд босоод угаалтуурын тосгуурт бөөлжих гэхэд араас ******* гэх залуу миний бүсэлхийгээр тэвэрч аваад байсан. Тэр үед ******* манайд байхгүй байсан. Тэгээд би *******г “боль” гээд түлхэж унагаахад ******* унтаж байснаа сэрсэн. Тэгсэн ******* *******г “чи авгай яагаад байгаа юм” гээд барьж аваад цохих үед ******* *******г сандлаар цээжнийх нь хэсэгт цохисон. Тэгсэн ******* уурлаад эржгэр хутга шиг зүйл аваад ******* рүү дайртал ******* манайхаас гараад зугтсан. Би айгаад гал зуухны хэсэгт зогсож байтал ******* гаднаас орж ирээд “******* ах аа тайвшир, одоо унт, би орон дээр чинь хүргээд өгье” гээд түшиж явж байгаад пийшин өнгөрөөд ******* муухай ёолоод эхлэхээр нь очтол *******гийн амнаас цус гарч байсан. ******* надад ******* намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгсэн ******* ******* ахаа та орны толгой мөргөөд унасан шүү дээ гээд байсан. Тухайн үед тэд ор хүрээгүй, орноос нэлээд наана пийшингийн цаахна байсан. Тэгэхээр нь би *******г “чи яачихав аа, ор мөргөж унаагүй, наад хүн чинь орноос хол байна шүү” дээ гэсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 85-90/,
-Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой намайг Хонгор суманд гэртээ байж байхад *******ы эхнэр бэр Лхагвасүрэн над руу утсаар яриад “ээж та хүрээд ирээч, *******гийн эрүү хавдсан, ангайхгүй, хоол идэж чадахгүй байна” гэсэн. Ингээд би гэрээсээ гарч *******гийнд иртэл эрүүний доод хэсгээр маш их хавдартай байсан. “Яасан юм бэ?” гэхэд ******* муухан яриад эрүү өвдөөд байна өчигдөр шөнө *******, ******* 2 манайд хаалга нүдэж орж ирээд архи ууя гээд өөрсдөө явж архи авч ирээд ууж байхдаа маргалдаж ******* намайг сандлаар цохиж, ******* эрүү рүү хатуу юмаар цохисон гээд байсан." гэх мэдүүлэг /хэргийн 92-94 /,
- Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нэг шил 0,75 литрийн архи худалдаж аваад бид 2 гудамжинд хувааж уугаад тухайн архинаас тал шил нь үлдсэн. Ингээд байж байхад ******* буюу ******* намайг ******* ахынд очъё гэсэн. Тэгээд ******* бид 2 ******* ахынд 23 цагийн орчим очсон. ******* ******* ахыг “ах, ганц шил архи уух уу?” гэхэд ******* ах “тэгье, аваад ир” гэсэн. Ингээд ******* бид 2 дэлгүүр орж, би 0,75 литрийн 2 шил архи ундаатай худалдан аваад буцаад ******* ахынд ирсэн.1 шил архийг ******* ахын гэрт *******, *******, *******гийн эхнэр бид 4 хувааж уусан.
...******* ах над руу хутга бариад дайрахаар нь би гэрээс нь гараад зугтсан. ******* ахын үүдэнд ******* тамхи татаад зогсож байхаар нь “******* ах над руу хутга бариад дайрсан” гэж хэлэхэд ******* зөрөөд дотогш орсон. Би гадаа хэсэг байж байгаад 4-5 орчим минутын дараа ******* ахынд ортол ******* ах пийшингийн талын орон дээр суугаад амнаас нь цус гарч байсан ба “******* миний эрүү рүү цохичихлоо” гээд байсан. Тэгэхээр нь би *******гаас “чи яаж байгаа юм, цохичихсон юм уу?” гэхэд ******* “би цохиогүй, ******* ах өөрөө орны толгой мөргөөд унасан шүү дээ” гээд байсан. Тэгсэн ******* ахын хүүхэд унтаж байгаад сэрээд уйлтал эхнэр нь хүүхдээ тэврээд унтсан. Тэгсэн ******* намайг “гар утсаа өгчих, бичлэг хийнэ” гээд байсан миний гар утсаар бичлэг хийж байхдаа өөрөө яриад л бичлэг хийгээд байсан. Бичлэг нь миний гар утсан дээр байгаа.” гэх мэдүүлэг / хэргийн 96-98/,
-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-100/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 103-104/,
-“*******ы биед доод эрүүний битүү хугарал, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. *******д цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 106/,
-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шинжээч эмчийн үзлэгээр доод эрүүний зүүн булан орчмын хугарлын гэмтэл, доод эрүүний зүүн талын булан орчимд хугарлын харалдаа хавантай цус хуралтын гэмтэлтэй байсан.
...*******д илэрсэн доод эрүүний хугарал нь юм мөргөж унах үед үүсэх боломж багатай.” гэх мэдүүлэг /хэргийн 109-111/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1780000 төгрөг авсан талаар маргахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Мөн хохирогч ******* нь өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, зээлийн хүүгийн болон эргэн төлөлтийн зардалд 520000 төгрөг, нийт 1520000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1.-т хохирогч нь “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” гэж заасны дагуу хохирогч ******* нь өмгөөлөгч Ж.Туяатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 70/ байгуулж, өмгөөлөгчөөр сонгон авчээ.
Өмгөөлөгч Ж.Туяа нь хохирогч *******аас эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1 сая төгрөг авсан талаар нотлох баримт ирүүлсэн /хэргийн 59/ боловч өмгөөлөгч Ж.Туяа нь хүн амын орлогын албан татвар төлсөн баримт байхгүй, хохирогч ******* нь өөрийн сайн дураар өмгөөлөгч сонгон авсан байх тул иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн эмчилгээ хийлгэхийн тулд авсан тэтгэврийн зээлийн хүүгийн төлбөр, малжуулах төслийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр зэрэг нь тухайн гэмт хэрэг гарсантай холбогдон гарсан зардал биш байх тул 520000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 3-17 тоотод байх иргэн *******ы гэрт архидан согтуурсан үедээ *******ыг зодож, доод эрүүний битүү хугарал, тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хажуунаас түшиж явж байгаад гэнэт куртикнийхээ ханцуйд хатуу юм хийж байгаад миний эрүү рүү цохисон. Цохисноос болоод миний амнаас цус гараад байсан.” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай /хэргийн 3, 101/, хохирлын талаар нотлох баримтууд /хэргийн 22-25, 27-42, 71-77, 173-176/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 26/, хохирогч *******ы өвчний түүхийн хуулбар /хэргийн 47-62, *******, Л.******* нараас хохиролд 1600000 төгрөг төлсөн баримт /хэргийн 63/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 80-83 /, гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...түшиж явж байгаад пийшин өнгөрөөд ******* муухай ёолоод эхлэхээр нь очтол *******гийн амнаас цус гарч байсан. ******* надад ******* намайг цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 85-90/, гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрээсээ гарч *******гийнд иртэл эрүүний доод хэсгээр маш их хавдартай байсан." гэх мэдүүлэг /хэргийн 92-94 /, гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* ахынд ортол ******* ах пийшингийн талын орон дээр суугаад амнаас нь цус гарч байсан ба “******* миний эрүү рүү цохичихлоо” гээд байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 96-98/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-100/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 103-104/, “*******ы биед доод эрүүний битүү хугарал, тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 106/, шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******д илэрсэн доод эрүүний хугарал нь юм мөргөж унах үед үүсэх боломж багатай.” гэх мэдүүлэг /хэргийн 109-111/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шаазан почкины хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч * *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 1520000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч * *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шаазан почкины хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ