| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2502001210114 |
| Дугаар | 2025/ДШМ/843 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/843
2025 07 22 2025/ДШМ/843
Б.Х-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа,
шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Манайлжав, П.Сарантуяа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Манайлжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох эрүүгийн 2502001210114 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн Б-ийн Х................., /...................;
Шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Америкийн нэгдсэн улсаас “*********” гэх нэртэй сайтыг ашиглан бүтээгдэхүүний захиалга хийж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улс, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх суудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн “Б- Х-” гэх бичиглэлтэй хажуу талдаа “****” дугаартай ачаанд багтсан “lbs ТНСА VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи мэт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I-р жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9- tetrahydrocannabinol)-ийн агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” орон сууцны 9 дүгээр байрны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК (РД:******)-ийн “******” (******) гэх нэртэй олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан хүлээн авч, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хорих 461 дүгээр ангид ирснээс хойш өнгөрсөн бүх амьдралаа эрэгцүүлэн бодож, өөрийн тэнэг гэнэн зан, Монгол Улсын хууль, дүрмийг анзаарч мэдэхгүйгээс болчимгүй хэрэгт орж, хайртай ээжээ ганцааранг нь орхисондоо маш их харамсан, шаналж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэснээс гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр байтал хорих ялыг хөнгөрүүлэх тухай ерөнхий ангийн заалтыг журамлаагүй, улсын яллагчийн сонсгосон ялаас дээгүүр хүнд ял өгсөн явдалд гомдолтой байна.
Миний хувьд хориглосон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн зүйл огт байхгүй, харин анх удаа зохих журмын дагуу захиалаад олж авахыг завдсан үйлдэл болсон. Энэ хэрэгтээ би туйлын их гэмшиж, гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшиж хүлээж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ гэмт хэргийг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлсэн. Бусдад ямар нэгэн гэм хор, хохирол учруулаагүйгээс гадна миний хувийн байдал, өндөр настай өвчтэй ээжийгээ асардаг зэргийг харгалзан үзэж оногдуулсан 7 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү.
Ээж минь группт байдаг бөгөөд эм тарианы хордлогоор дүлийрч, одоо өндөр настай, хөл, хараа муутай хагалгааны заалттай, ээжийгээ бүр нэмээд сэтгэлээр шаналгаж зовоож байгаадаа маш ихэд харамсаж хямарч байна. Би 7 дугаар ангиасаа АНУ-д байдаг ах дээрээ очиж өдөр нь сургуульд явж, орой нь ажиллаж ахынхаа дээд сургуулийн төлбөрт тус болж шөнөөр сагс тоглодог байсан. Ингэж нойр, хоол дутуу явсаар ядаргаанд орсоноо мэдэхгүй, аав, ээж, эгч нар дээрээ ирж хэсэгхэн хамт амьдраад буцахдаа ганцаараа үлдэхэд сэтгэлээр унаж багахан сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Нутагтаа ирж Шархадны эмнэлэгт эмлчүүлж овоо сэргэн ажил ч хийж, буцаж явна гэж байтал намайг өсгөсөн хайртай эмээ, аав 2 минь хэдэн сарын зөрүүтэй нас барж, би дахин хямарч дэпрест орж буцаад эмчилгээнд орсон. Эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байж тасралтгүй эм уух шаардлагатай болсон. Өөрийн ухаан бодлоо хянах чадвар сул дорой, аливаа хууль, дүрэм мэдэхгүйгээсээ буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Цаашид би хууль, дүрмийг чанд сахиж хэрэгжүүлж чадахаа амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэл хүндэдсэн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.
Анхан шатны шүүх Б.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ялыг хөнгөрүүлэх талаар эрүүгийн хариуцлагын санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ юм.
Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш гэж тайлбарласаныг өмгөөлөгчийн зүгээс тухайн нөхцөлд хэрэглэж болох эрх олгосон хэм хэмжээ гэж ойлгож байна.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, Б.Х-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х- нь 38 настай, эхнэр, хүүхэдгүй, эхтэйгээ амьдардаг, дотогшоо чиглэсэн, дуу цөөтэй, нойргүйдэлтэй, сэтгэцийн эм хэрэглэдэг. Б.Х- ямар нэгэн зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн үйлдэл тодорхой байдаг. АНУ-ын цахим сүлжээнд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд та сайхан болно, эрүүл мэндэд сайн гэх агуулгатай нээлттэй зар байсан учраас би ч хэрэгтэй юм байна гээд захиалахаар байгаа юм. Хэрэв гаалийн байгууллага ажлаа хийгээд тухайн бодисыг хураагаад авсан бол энэ хүн ийм зүйл ангиар ял шийтгүүлэхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тус ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд энэ төрлийн гэмт хэрэгт 5-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгч Б.Х-ын хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн бодис нь мансууруулах төрлийн бодис гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, АНУ-д хүлээн зөвшөөрөгддөг, нийтэд илэрхий сайтаас захиалж авсан, энэ мансууруулах төрлийн бодис биш гэдэг агуулгаар мэдүүлэг өгч оролцсон. Энэ нөхцөл байдлаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Прокурорын зүгээс хуульд зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Америкийн нэгдсэн улсаас “*********” гэх нэртэй сайтыг ашиглан бүтээгдэхүүний захиалга хийж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улс, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх суудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн “Б- Х-” гэх бичиглэлтэй хажуу талдаа “****” дугаартай ачаанд багтсан “lbs ТНСА VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи мэт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I-р жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9- tetrahydrocannabinol)-ийн агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” орон сууцны 9 дүгээр сайрны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК /РД:******/-ийн “******” /******/ гэх нэртэй олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан хүлээн авсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, улсын хилээр нэвтрүүлсэн болох нь:
Гэрч Ш.Бын “...урд өмнө нь манай байгууллагаар карго илгээмж авдаг байсан. ...тухайн өдөр ажил дээрээ байх үед ойролцоогоор 20-21 цагийн орчимд гаднаас Б.Х- нь орж ирсэн бөгөөд манай ажил дээр ачааны машинаар карго ирчихсэн байх үед Б.Х- нь бидэнд тусалж ачаа бараанаас зөөлцөж өгчихөөд өөрөө арын өрөөнөөс ороод өөрийнхөө 1 ширхэг цагаан ууттай ачааг аваад үүдний хэсэгт байх өрөөнд авч ирж тухайн ууттай зүйлээ задалж үзчихээд аваад гараад явсан. ...үүдний өрөөнд Б.Х- нь ачаагаа задалж үзэхэд би зайнаас харсан бөгөөд тухайн үед болохоор цагаан уутнаас электрон тамхи мэт дөрвөлжин зүйл байх шиг харагдсан. ...” /хх 57-58/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/1777 дугаар “...1.2, Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “lbs ТНСА VAPE BLUEBERRY MINT” гэсэн шошготой шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан цэнхэр өнгийн цахилгаан тамхи мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/, дельта-8 тетрагидроканнабинол /delta-8 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно. Илэрсэн дельта-8 тетрагидроканнабинол /delta-8 tethrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн “lbs ТНСА VAPE BLUEBERRY MINT” гэсэн шошготой шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан цэнхэр өнгийн цахилгаан тамхи мэт зүйлийн жин нь 33.5581 грамм байна ...” /хх 62-64/ гэх,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар “...Б.Х- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Харин 2016 оны 09 дүгээр сард сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Простая шизофрения гэсэн 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан түүх байна. Б.Х- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. ...хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, өөртөө болон бусдад аюул учруулж болох эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно. ...” /хх 74-76/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
хүний биед 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 03-08/,
“******” /******/ шуудан илгээмжийн газрын хяналтын камер болон тус газрын захиалгын системд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/,
“******” /******/ шуудан илгээмжийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/,
Б.Х- эзэмшигчтэй “Голомт” банкны ******* тоот дансанд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /хх 18-19/,
Б.Х-ын эзэмшлийн “Самсунг Галакси 9 плас” загварын гар утсанд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 28-34/,
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-37/,
Гаалийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/53 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 119-120/,
цахим орчинд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-41/,
сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэх өвчний түүх /хх 141-155/,
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орчуулгын баримтыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх 43-53/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Б.Х-аас “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Манлайжаваас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.
Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.
Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд 17.2.1-д “үйлчлүүлэгч буюу илгээгч нь илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх” үүрэгтэй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг шуудангаар илгээхийг хориглоно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр хэргийн бүрдэл хангагддаг.
Өөрөөр хэлбэл, хууль бус барааг хүлээн авагч хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай сайн мэдсэн үеэс барааг хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үздэг бөгөөд Б.Х-ын үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.
Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүх шүүгдэгч Б.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл байх тул шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Манлайжавын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгий 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Х-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж буй хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 7 жилийн хорих ялыг багасган 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Үндэслэх нь хэсэгт шүүгдэгч Б.Х-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж олж авсан” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсэгт “олж авсан” гэснийг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Б.Х-аас хураан авсан эд мөрийн баримтыг хэнд даалгаж, устгуулах нь тодорхойгүй бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж. ...” гэснийг “...шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Х-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Б.Манлайжавын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “...Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,
5 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Б- Х-” гэх бичиглэлтэй хажуу талдаа “****" дугаартай “lbs ТНСА VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), II жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, “*******” гэх бичиглэл бүхий наалттай цагаан өнгийн 1 ширхэг уут зэргийг зохих журмын дагуу устгаж, Б.Х-ын Галакси эс-9 плас загварын хар өнгийн гар утсыг шүүгдэгчид буцаан олгож, олгосон тэмдэглэл, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,
2. Шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР