Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 87

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогч Д.Батхишиг,

Шүүгдэгч Ц.Атармөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Цэрэнсономын Атармөнхөд холбогдох 1718001110036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Бор овогт Цэрэнсономын Атармөнх /РД:МИ89091813/, 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радиотелеграммч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн  Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсэг 3-67 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Атармөнх нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Атармөнх нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Ц.Атармөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Энэ ургамлыг худалдаж авдаг компаниуд нь түүгээд ирвэл нэг килограммыг нь 5000 төгрөгөөр худалдаж авна гэсэн учир би түүсэн.

...үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, нөхөн төлбөрийг боломжоороо төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Д.Батхишигийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дэрэвгэр жиргэрүү ургамал нь байгалийн ховор ургамлын бүлэгт хамаардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэрхүү зөвшөөрлийг гаргадаг бөгөөд уг зөвшөөрлөөр аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг юм. Өнөөдрийн байдлаар Хонгор суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй.

...Ц.Атармөнх нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хүйтний гол” гэх газарт “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг тусгай зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн байна. Энэ ургамлын үнэлгээ нь 5108000 төгрөг болсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хохирлын хэмжээг 5 дахин нугалж нөхөн төлбөр төлүүлэхээр заасан байдаг. Иймд гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт хуулийн дагуу шүүгдэгч Ц.Атармөнхөөс 25540000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 13/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-17/,

 

- Эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хэргийн 20-23/,

 

  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 26-28/,

 

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 3500000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 31-32/,

 

-Гэрч Б.Мандахнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хэдэн жилийн өмнө хүмүүстэй хамт ургамлын үндсэнд явдаг байсан юм. Энэ жил наадмын дараа 7 дугаар сарын 15-ны үед 86768888 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “Дарханаас үндэс аваад хот руу явуулаад өгөөч, нэг тонн тутмаас нэг сая төгрөгийн хөлс өгье” гэж хэлсэн. Тэгээд би Хабитатад байдаг Атараа буюу Атармөнх гэх залуутай уулзаад “надад үндэс цуглуулаад өг, би тонн тутмаас 300000 төгрөг өгье” гэж хэлээд Атараагаар 8 сарын эхэн хүртэл түүлгээд удалгүй Атараа “үндсээ өөрөө авна, та нартай ажиллахгүй” гэж хэлээд больсон. Түүнээс хойш би Атараагаас үндэс аваагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41/,

 

-“Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 50000 төгрөг. 102.16 кг=5108000 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ тооцсон дүгнэлт /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

“Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын 350-т зааснаар ховор ургамлын ангилалд хамаарч байгаа бөгөөд тухайн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг, 2017 онд Хонгор суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй байсан болох нь хохирогч Д.Батхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Атармөнхийг зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас байгальд орчинд 5108000 төгрөгийн хохирол, 25540000 төгрөгийн нөхөн төлбөр учирсан бөгөөд 5108000 төгрөгийн үнэ бүхий 102.16 кг “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын үндсийг мөрдөн байцаалтын шатанд хурааж, ялзарч дуудсан 11.365 кг үндсийг хасч, 90.79 кг ургамлын үндсийг хэргийн хамт ирүүлснийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т  “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хохирогч Д.Батхишиг нь шүүгдэгч Ц.Атармөнхөөс 25540000 төгрөгийг нэхэмжилж байх тул байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрт 25540000 төгрөгийг шүүгдэгч Ц.Атармөнхөөс гаргуулж, Байгаль орчин, Уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Атармөнх нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Атармөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Энэ ургамлыг худалдаж авдаг компаниуд нь түүгээд ирвэл нэг килограммыг нь 5000 төгрөгөөр худалдаж авна гэсэн учир би түүсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Д.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дэрэвгэр жиргэрүү ургамал нь байгалийн ховор ургамлын бүлэгт хамаардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэрхүү зөвшөөрлийг гаргадаг бөгөөд уг зөвшөөрлөөр аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг юм. 2017 оны байдлаар Хонгор суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-17/, эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хэргийн 20-23/, эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 26-28, гэрч Б.Мандахнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Атараагаар 8 сарын эхэн хүртэл түүлгээд удалгүй Атараа үндсээ өөрөө авна, та нартай ажиллахгүй гэж хэлээд больсон.” гэх мэдүүлэг /хэргийн 41/, ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ тооцсон дүгнэлт /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Атармөнх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Атармөнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Ц.Атармөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Атармөнхөөс нөхөн төлбөрт 25540000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, Уур амьсгалын санд олгох үндэслэлтэй байх тул 3500000 төгрөгийн үнэ бүхий Ц.Атармөнх, Д.Цэрэнсоном, Ц.Батбаатар, Ц.Батмөнх,Ц.Баярбаатар нарын дундын өмчлөлийн Г-2003003630 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 3-67 тоотод байрлах 700.0 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг /хэргийн 26/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, дээрх газрын үнээс Ц.Атармөнхөд ногдох хэсгийг нөхөн төлбөрт тооцон гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.795 кг “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бор овогт Цэрэнсономын Атармөнхийг “дэвэргэр жиргэрүү” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу шүүгдэгч Ц.Атармөнхөөс 25540000 /хорин таван сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Атармөнхөд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Атармөнхөд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.79 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, 3500000 төгрөгийн үнэ бүхий Ц.Атармөнх, Д.Цэрэнсоном, Ц.Батбаатар, Ц.Батмөнх,Ц.Баярбаатар нарын дундын өмчлөлийн Г-2003003630 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 3-67 тоотод байрлах 700.0 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, дээрх газрын үнээс Ц.Атармөнхөд ногдох хэсгийг нөхөн төлбөрт тооцон гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Атармөнхөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ