Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

Ж.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Ж.От холбогдох 2419004820022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.О нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.90 хувийн промильтой үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ***Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр ***улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.Амартүвшингийн унаж явсан *** улсын дугаартай Ниссан Неут маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Ж.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон", 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, оршин суух газраа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно", 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох хуулийн хүрээнд шүүгдэгч Ж.Оын урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн эрх хасах ялыг тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоогоогүй орхигдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлд хамаарч байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 1 жил 60 хоногийн хугацаагаар тогтоох ёстой тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Ж.Оыг жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгал дахь спиртийн агууламж 1.90 хувийн промильтой үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ***Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр ***улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.Амартүвшингийн унаж явсан *** улсын дугаартай Ниссан Неут маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Ж.Оыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийдвэрлэсэн байна.

 3.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокуророос “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх байдлаар шийдвэрлээгүй” үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоол /1хх35-39/-оор шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

5.Шүүгдэгч Ж.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүх урьд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хүчингүй болгож, ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг баримтлан ял оногдуулахдаа шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж, нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх байтал урьд шүүхээр шийтгүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан байна.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “эрх хасах” ял нь ялын төрөлд орж тооцогдох бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчлагдсан.

7.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ тухай гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

                        ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС