Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/40

 

Т  ХХК, С.Х нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, М.Машбат /цахимаар/,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Сэргэлэнбаатарын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, М.Машбат нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Т  ХХК, С.Х нарт холбогдох 240200000011 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.***

1.2.***

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

"Т " ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Рерихийн гудамжинд байрлах "Г" ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ийн сайд, Эрүүл мэнд, спорт (Эрүүл мэнд)-ийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан "Триэтаноламин" (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын химийн бодис ашиглах дүгнэлт, зөвлөмж гаргуулж, ашиглах зөвшөөрөл аваагүй үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан байх үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 10- ны өдөр 500 мл савлагаатай, 20 ширхэг, нийт 10 литрийг 289,840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 500 мл савлагаатай, 10 ширхэг, нийт 5 литрийг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Баянгол дүүргийн ***тоотод хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард дээрх "Триэтаноламин" (Triethanolamine C6H153.) гэх нэршилтэй химийн бодисоос 3,5 литрийг Дорноговь аймгийн Хууль бусаар дамжуулсан; Даланжаргалан сумын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Т " ХХК-д

Шүүгдэгч С.Х нь "Т " ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Рерихийн гудамжинд байрлах "Г" ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ийн сайд, Эрүүл мэнд, спорт (Эрүүл мэнд)-ийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан "Триэтаноламин" (Triethanolamine C6H1503.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис ашиглах дүгнэлт, зөвлөмж гаргуулж, ашиглах зөвшөөрөл аваагүй байх үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг, нийт 10 литрийг 289,840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 500 мл савлагаатай 10 ширхэг, нийт 5 литрийг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Баянгол дүүргийн ***тоотод байрлах "Т " ХХК-ий байранд хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард дээрх "Триэтаноламин" (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисоос 3,5 литрийг "Т " ХХК-д хууль бусаар дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч * Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Нийслэлийн прокурорын газрын яллах дүгнэлтээс шүүгдэгч С.Хг үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Т ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, Т  ХХК-ийг үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Т ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

С.Хг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, химийн хорт, аюултай бодисыг авсан гэм буруутайд,

"Т " Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэіжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Т " Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг бизнесийн зөвлөгөө, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "Т " ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг тус компанийн удирдлагад мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Сэргэлэнбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч “Т ” ХХК болон Хандмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Хандмааг химийн хорт аюултай бодисыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан болон хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг, “Т ” ХХК-ийг химийн хорт аюултай бодисыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан болон хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр эсэргүүцэл гаргасан юм. Анхан шатны шүүхээс “Т ” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт гаргасан 2022, 2023 онд ашигласан химийн бодис, урвалжийн тайлан болон 2-р хавтаст хэргийн 39-52 дугаар талд авагдсан “Т ” ХХК-иас 2022 болон 2023 онд гардаж хүргүүлсэн архивын материал болон явуулсан баримт бичгийн бүртгэлээр тус компани нь тусгай зөвшөөрөл гартал “К ” ХХК-ийн агуулахад урвалжийг хадгалуулж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 1-р хавтаст хэргийн 87-88, 91-92, 211-213 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар болон гэрч Халиунаагийн мэдүүлгээр “Т ” ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23/22 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдийн 23 дугаартай албан бичгүүд нь манай байгууллагад огт ирж байгаагүй гэсэн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнээд “К ” ХХК нь тухайн албан бичгийг хүлээн аваагүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх дүгнэлтийг хийж химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн яллагдагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Баянжаргалын мэдүүлэг байдаг. Баянжаргалын мэдүүлгээр тухайн бодисыг манай компани 2022 онд захиалагч байгууллагаас их хэмжээний хайгуулын жоншны дээж шинжилгээнд өгнө гэж үнийн санал ирүүлсний дагуу бэлтгэл ажлыг хангах зорилгоор 10 литрийг “К ” ХХК-иас худалдан авсан. Гэхдээ үйл ажиллагандаа хэрэглээгүй гэх, мөн гэрч Халиунаа, Батжаргал нарын мэдүүлэг, “К ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай албан бичиг зэргээр тухайн химийн бодисыг “Г ” компани нь “Т ” ХХК-ийн хүсэлтээр ямар нэгэн байдлаар манай компани нь өөрийн байрандаа хадгалж байгаагүй. Тухайн үед санхүүгийн баримтаар хүлээлцэж авсан өдрөө “Т ” ХХК нь аваад явсан. “Т ” ХХК-ийн манайд ирүүлсэн бодис хадгалуулах талаарх албан бичгийг ирүүлж байгаагүй. Манайх ийм албан бичиг хүлээж авч байгаагүй гэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон “К ” ХХК-ийн албан бичгээр ирүүлсэн нотлох баримтууд нь хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтуудыг дурдахгүйгээр зөвхөн хэрэгт яллагдагчаар татагдсан компани болон иргэний “К ” ХХК-нд явуулсан гэх албан бичиг  хэрэгт авагдсан байгаа учраас хууль бусаар хадгалсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хоёрдугаарт “Т ” ХХК болон Хандмаа нар нь 2023 оны 07 дугаар сард Триа Ти Ан Ламан гэх бодисоос 3,5 литр бодисыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан үйлдэл нь, мөн хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтаст хэргийн 9-12 дугаар тал, Байгаль орчин аялал жуулчлалын яамны буюу одоогийн нэршлээр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07/100 дугаартай албан бичиг, гэрч Элбэгсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно. Өөрөөр хэлбэл тухайн бодисыг “Т ” ХХК яг энэ бодисын тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа худалдаж авсан үйл баримт тогтоогддог. Өмгөөлөгч нарын зүгээс маргахдаа манайх тусгай зөвшөөрөл гаргасны дараа “Т ” ХХК-д шилжүүлж өгсөн учраас хууль ёсны гэсэн үндэслэлийг гаргаж тайлбарладаг. Тэгэхээр нэгэнт бодисыг тусгай зөвшөөрөлгүй байхдаа худалдаж авсан. Хууль бусаар хадгалж байгаад тусгай зөвшөөрөл гарсны дараа шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Өөрөөр хэлбэл бодисын сурвалж хууль бус, тусгай зөвшөөрөлгүй байхдаа худалдаж авсан учраас. Хууль бусаар хадгалж байгаад зөвшөөрөл гарсны дараа бусдад шилжүүлэхээр хууль ёсны үйл ажиллагаа болох боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байгаа. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “Т ” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд багтаагүй буюу сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. “Т ” ХХК-ний үйл ажиллагаа явуулах чиглэлд сургалтын үйл ажиллагаа явуулах гэсэн чиглэл байхгүй байгаа. Мөн шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийн дугаарыг зөрүүтэй бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

6.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлэх юм бол анхан шатны шүүхээс худалдах худалдан авах гэрээний тал дээр тодорхой нөхцөл байдлыг дурдаж, “Т ” ХХК-г буруутгасан байдаг. Буруутгахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар няцаасан. Гэтэл 243 дугаар зүйлийн 243.2-т худалдсан талын эрх үүргийн нөхцөл байдал адил тусгагдсан байдаг. Энийг харьцуулан үнэлж дүгнээгүй орхигдуулсан. Хэт нэг талыг эрх үүргээр өрөөсгөл үнэлэлт дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлэх юм бол “К ” ХХК зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж хэргийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байхад анхан шатны шүүхээс яллах болон цагаатгах талын нотлох баримтын үндэслэлүүдийг орхигдуулсан. Өөрөөр хэлэх юм бол яллах талын хүрээнд энэ бүгдийг үнэлж дүгнэнэ гэж үгүйсгэсэн байдаг. Прокурор худалдсан талд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байгаа юм чинь худалдан авсан талын үйлдлийг гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэнэ гэдгээр орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт “Т ” ХХК нь аюултай бодисыг биетээр нь аваагүй болох нь шүүхээр үнэлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Гэтэл шүүхээс үүнтэй холбогдуулан уг хэрэгт шууд хамааралтай нөхцөлийг хэргийн бодит байдалтай харьцуулан дүгнээгүй. “Т ” ХХК аюултай бодисыг авсан гэх үйлдэл нь төгс үйлдэгдэх бодитоор хэрэгжих боломжгүй, өөр газар хадгалагдаж байсан тул зөвхөн авсан гэдэг үндэслэлээр эдгээрийн үнэлэх боломжгүй. Яг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах уу үгүй юу гэдгийг харьцуулан дүгнэн үзээгүй. Энэ нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэсэн заалттай зөрчилдөж байгаа анхаарч энэ үндэслэлээр уг “Т ” ХХК-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн оролцсон тул хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй гэдгээр нь, нөгөөх нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Химийн хорт, аюултай бодисыг худалдсан, авсан талыг хоёуланд нь эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан. Гэтэл энэ хэргийн мөрдөн байцаалт яаж явагдсан гэхээр худалдсан талыг нэг хавтаст хэрэгт огт багтааж шалгаагүй хэр нь худалдан авсан талын гэм буруугаар 3 хавтаст хэрэг дүүрсэн байгаа. Ингээд хэт нэг талыг барьж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулаад явсан. Нийгмийн хор аюулын шинж нь адилхан үйлдлийн хоёр талыг нэгийг нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гээд шалгасан мөртөө нөгөө талыг нь зөрчлийн гэмт хэргийн шинжийг хангасан гээд шалгасан байдаг. Гэхдээ анхнаасаа ямар процессын алдаа гаргасан гэхээр нэг хавтаст хэргээр шийдвэрлэх асуудлыг хоёр өөр прокурор шалгаж шийдвэрлэж байгаа шүү дээ. Аягүй аюултай. Тухайн үед эрхэм прокурор өөрөө хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед би маш олон удаа нөгөө талыг яагаад хавтаст хэрэгт оруулж шалгахгүй байгаа юм бэ гэж хүсэлт тавьж байсан. Энэ дээр шударга ёсны зарчим алдагдаж байна. Яагаад гэхээр анхан шатны шүүх “Т ” ХХК нийгмийн хор аюул учруулаагүй гэж дүгнэсэн. Үүн дээр санал нэг байгаа. Гэтэл энэ химийн хорт аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүй этгээдэд худалдаж болохгүй, нийгмийн аюулыг бүрэн ухамсарлаж байна гээд худалдах тусгай зөвшөөрөл авсан компани нь тухайн этгээдэд худалдсан байгаа. Худалдан авсан этгээдийн нийгмийн хор аюулаас давамгай хор аюултай байгаа. Гэтэл илүү хор хохирол учруулсан талыг зөрчлийн хуулиар шийдээд нөгөө талыг нь Эрүүгийн хуулиар үргэлжилсэн үйлдлээр гэж оруулж ирсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад сая прокурорын эсэргүүцэлдээ дурдсан нөхцөл байдлуудыг дурдаад явъя. Хэрэв “К ” ХХК-д хадгалуулаагүй, өөрийнхөө агуулахад хадгалсан бол яагаад зөрчлийн тухай хуулиар “Т ” ХХК-ийг шийдэж болоогүй юм бэ.  2 дугаар хавтаст хэрэгт худалдагч талд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд 2023 онд авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2022 онд хүнд худалдсан нь зүүтэй байна гэж шийдсэн. Ирээдүйд авсан зөвшөөрлөөр өнгөрсөн жилд худалдсан үйлдэл нь зөв байна гээд шийдсэн. Зөрчлийн арга хэмжээ ч авагдаагүй. Ингээд шударга ёсны зарчим удаа дараа алдагдсан. Би тухайн үед хүсэлт өгөөд гаргаж өгөөгүй. Энэ дээр ямар асуудал дахиад яригдсан бэ гэхээр гэрч Халиунаагийн мэдүүлэг байнга яригдаад байгаа. Гэрч Халиунаагийн мэдүүлэг туйлын тогтворгүй буюу Цэцэгдэлгэр гэдэг прокурорын тогтоол гарсны дараа бид нарыг мэдээгүй байхад мэдүүлэг ганцхан удаа өөрчлөгдсөн. Энэ эрс өөрчлөгдсөн мэдүүлгийг яллах гол үндэслэл болгож оруулж ирсэн. Энэний цаана ямар аймшигтай, ашиг сонирхолтой үйлдэл явсан юм бэ. Үүнийг бид нар өнөөдөр мэдэх боломж байгаагүй. Тэгэхээр хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх шударга ёсны зарчмыг алдагдуулаад нэг талыг нь гэмт хэрэг үйлдээгүй гээд нөгөө талыг нь гэмт хэрэг үйлдсэн гээд оруулаад ирсэн. Зөрчлийн хуулийн үзэл санаа ямар байдаг вэ гэхээр эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Тэгвэл яагаад “К ” ХХК-г эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол түүнээс худалдан авсан нэг талыг эрүүгийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзээд байгаа юм. Энэ дээр шүүх дүгнэлт хийж өгөөч. Мөн прокурор, анхан шатны шүүхээс ч тэр нийгмийн хор аюул учраагүй гэж үзсэн. Тэгэхээр “Т ” ХХК-ийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, бүрэлдэхүүнгүй байгаа. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тодорхойлох хэсгийнхээ үндэслэл болгохдоо худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ. Өмчлөл гэдэг чинь тухайн хүний эзэмшил шилжихийг шууд ойлгоно. Гэтэл анхан шатны шүүх нь өмчлөл, эзэмшил нь шилжээгүй юм байна гэж үндэслэлдээ дурдчихаад тогтоох хэсэгтээ эсрэгээ шилжсэн мэтээр ял оногдуулж байгаа. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гол зөрчил байгаа. Хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан гээд ял оногдуулсан. Хууль бусаар эргэлтэд оруулсан гэж үзчихээд яг тогтоох хэсэгтээ ял оногдуулахдаа авсан гэж бичсэн. Тэгэхээр үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдөж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шударга ёсны зарчмыг хангах үүднээс энэ хоёр тал хоёулаа өнөөдөр зөрчлөөр шийдэгдэх байсан. Нэг бол хоёулаа эрүүгийн хэргээр шийдэгдэх ёстой байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Сэргэлэнбаатарын эсэргүүцэл, шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч “Т ” ХХК-ны өмгөөлөгч М.Машбат нарын гомдол зэрэгт тус  тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн нарын гомдлыг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох юм.

Гэтэл шүүгдэгч “Т ” ХХК болон компанийн гүйцэтгэх захирал С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар “Т ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2020 оны 08 дугаар сард үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн ба бизнесийн зөвлөгөө өгөх, худалдааны зуучлал, эд материал, түүхийн эдийн худалдаа, геотехникийн шинжилгээ, барилгын материалын судалгааны лаборатори, уул уурхайн эрдсийн шинжилгээний лаборатори, геологийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлүүдээр ажиллагаа явуулдаг.

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг, нийт 10 литр “триэтаноламин” гэх химийн хорт аюултай бодисыг “Г” ХХК-наас 289,840 төгрөгөөр худалдан авахдаа уг бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй байхдаа худалдан авсан боловч ашиглаагүй буюу “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл гартал өөрт нь хадгалуулахаар хүсэлт /2021-03-21-ны Д/23/22 дугаартай албан тоот/-ээ гаргаж хадгалуулсан, мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500 мл савлагаатай 10 ширхэг, нийт 5 литр “триэтаноламин” гэх бодисыг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авсан боловч ашиглалгүй тус компанид хадгалуулж байгаад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “триэтаноламин” бодисын тусгай зөвшөөрөл гарсны дараа буюу 2023 оны 07 дугаар 19-ны өдөр хадгалуулсан нийт 15 л бодисоо авах хүсэлт /2023-07-19-ны Д/123/23 дугаартай албан тоот/-ээ “Г” ХХК-д гаргаж авсан гэж шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн нарын зүгээс мэдүүлдэг, “Г” ХХК “... манайх хадгалаагүй” гэж маргасан, мөн 2023 оны 07 дугаар сард “Т ” ХХК-тай уул уурхайн эрдсийн шинжилгээний лабораторийн чиглэлээр хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байхдаа уг бодисоос 3,5 л-ийг тэдний лабораторид үлдээсэн үйл баримт тус тус болсон.

Энэ үйл баримтад холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатараас “триэтаноламин” гэх химийн хорт аюултай бодисыг ашиглах талаар Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулж, Монгол Улсад ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй байж 2022 оны 03 дугаар сарын 22-нд 10 литр, 2023 оны 06 дугаар сарын 22-нд 5 литрийг тус тус худалдан авсан, мөн ашиглах зорилгоор  “Т ” ХХК-ны байранд хадгалсан,

мөн тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан уг бодисын 3,5 литрийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан гэж үзэж, “Т ” ХХК-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж яллуулахаар,

“Т ” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Хг “Т ” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Г” ХХК-аас “триэтаноламин” химийн хорт, аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг аваагүй байхдаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 л, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 5 л-ийг тус тус худалдан авсан, улмаар үйл ажиллагаанд ашиглах зорилгоор “Т ” ХХК-ны байранд хууль бусаар хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр “триэтаноламин” химийн хорт, аюултай бодисыг “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан, “Т ” ХХК-ны байранд хадгалсан гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэж тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Хд холбогдох хэргээс “...химийн хорт, аюултай бодисыг үйл ажиллагаанд ашиглах зорилгоор “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Хг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, химийн хорт, аюултай бодисыг худалдаж авсан гэм буруутайд, “Т ” ХХК-ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын  төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдаж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сэргэлэнбаатар “...шүүгдэгч С.Хд холбогдох хэргээс химийн хорт, аюултай бодисыг хадгалсан, “Т ” ХХК-д дамжуулсан гэх үйлдлүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, ... “Т ” ХХК-д бизнесийн чиглэлээр зөвлөгөө, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж шийдвэрлэсэн нь “Т ” ХХК-ны үйл ажиллагааны чиглэлд байхгүй эрхийг хассан нь үндэслэлгүй,  ... яллах дүгнэлтэд бичсэн эрүүгийн хэргийн дугаарыг шийтгэх тогтоолд буруу зөрүүтэй бичсэн” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүсч эсэргүүцэл бичсэн,

Шүүгдэгч С.Х, “Т ” ХХК-ны өмгөөлөгч С.Жаргалсайхан, М.Машбат нарын зүгээс “...шүүгдэгч нар гэм буруугүй” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч давж заалдах гомдол тус тус гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгч “Т ” ХХК, түүний гүйцэтгэх захирал С.Х нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3, 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллуулахаар гаргасан яллах дүгнэлт үндэслэлгүй тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзсэн.

Учир нь: -Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс бодитой тогтоож чадаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэх шинжүүдийг гэмт хэрэгт,

Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “химийн хорт, аюултай бодисыг экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол” гэх шинжүүдийг зөрчилд  тооцохоор тус тус заасан.

Хэрэгт “триэтаноламин” хорт, аюултай бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтдаг болох нь Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх 28-30/-ээр, 2022 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд уг бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй “Т ” ХХК-д “Г” ХХК худалдсан, “Т ” ХХК ашиглах тусгай зөвшөөрөлгүй байж худалдан авсан тус тус тогтоогдсон.

“Т ” ХХК-ны үйл ажиллагаа нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр геотехникийн шинжилгээ, барилгын материалын судалгааны лаборатори, уул уурхайн эрдсийн шинжилгээний лаборатори, геологийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд бөгөөд “Г” ХХК-наас үйл ажиллагаандаа зарцуулагддаг химийн бодисыг худалдах авах байдлаар хамтран ажилладаг болох нь мөн  тогтоогдсон.

Хэрэгт “триэтоналомин” химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл нь гараагүй байхдаа худалдан авсан “Т ” ХХК болон түүний гүйцэтгэх захирал С.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3, 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол  худалдсан “Г” ХХК-ны үйлдэлд “...Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.7-д заасан худалдах журмыг зөрчсөн тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй” гэж үзсэн нь шүүгдэгч “Т ” ХХК-ны өмгөөлөгч М.Машбатын энэ талаар гаргасан гомдлуудад прокуророос өгсөн хариугаас ойлгогдох ба “Г” ХХК-д Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон талаар хэрэгт авагдаагүй.  

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг,  Зөрчлийн хуулийн 5.11 буюу химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих зөрчлийн шинжүүд хоорондоо ижил төстэй ба ялгагдах шинж нөхцөл байдлын талаар прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг анхан шатны шүүх анхаарч дүгнэлгүй “Т ” ХХК болон түүний гүйцэтгэх захирал С.Х нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл: “Триэтаноламин” гэх химийн хорт, аюултай бодисыг “Г” ХХК “Т ” ХХК-д худалдсан, “Т ” ХХК худалдан авсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байхад худалдан авсан үйлдэлд шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, ингэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дүгээр зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох журам зөрчигдсөн, анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд бүхэлд нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

6.Шүүгдэгч “Т ” ХХК болон түүний гүйцэтгэх захирал С.Х нар нь “триэтаноламин” гэх химийн хорт, аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл гараагүй байхад 2022 оны 3 дугаар сард 10 л, 2023 оны 6 дугаар сард 5 литр, бүгд 15 литрийг “Трү  Ти Ар Си” ХХК-ны байранд хууль бусаар хадгалсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоож чадаагүй.

Үйл баримт 2022 оны 3 сар, 2023 оны 06 сард тус тус болоод өнгөрсөн ба Цагдаагийн байгууллага 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.

Шүүгдэгч “Т ”ХХК болон компанийн гүйцэтгэх захирал С.Хгийн  яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...манай байгууллагын зүгээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500мл савлагаатай 20ш нийт 10литр “триэтаноламин” бодисыг 289,840 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500мл савлагаатай 10ш 5л-ийг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авалт хийхээр “Г” ХХК-д мөнгө шилжүүлсэн боловч яг тухайн үед манай байгууллагын тусгай зөвшөөрөл гараагүй байсан болохоор “Г”ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22-105/01 дугаартай “Танай байгууллагаас химийн бодисууд худалдан авах хүсэлтийн дагуу химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийн хуулбараа илгээнэ үү” гэсэн албан бичгийн дагуу манай байгууллага нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Д23/22 дугаартай албан бичгээр “Манай байгууллагын тусгай зөвшөөрөл гараагүй байгаа тул тусгай зөвшөөрөл гартал Г ХХК-ны агуулахад хадгалуулах хүсэлт тавьсны дагуу бидний хүсэлтийг хүлээн авч манай байгууллагын 2022, 2023 онд худалдаж авсан 15л “триэтаноламин” гэх бодисыг хадгалж байгаад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын тусгай зөвшөөрөл гарсан тул 2023 оны 07 дугаар сарын 19-ны Д/125/23 дугаартай албан бичгээр хандаж 15л “триэтаноламин” гэх бодисыг манай байгууллагад хүлээлгэн өгч байсан” гэж / 2хх 8-11/-д өгсөн мэдүүлэг нь,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...“Т ” ХХК-ы 2022, 2023 онд гадагш явуулсан албан бичгийн архивын материал болон Явуулсан баримт бичгийн бүртгэлд  “Г” ХХК-д явуулсан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Д23/22 дугаартай албан бичиг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав, ... мөн “Г” ХХК-д явуулсан 2023 оны 07 дугаар сарын 19-ны Д/125/23 дугаартай албан бичиг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 47, 49/,  уг албан бичгүүдийн Явуулсан бичгийн бүртгэлд тус тус бүртгэгдсэнийг бүртгэлийн дэвтрээс гэрэл зургийн аргаар бэхжүүлж,  хавсаргасан /2хх 50,52/ нь шүүгдэгч С.Хгийн мэдүүлэгтэй тус тус тохирч байгаа Мөн “Т ” ХХК-ны 2022, 2023 онуудад гаргасан химийн хорт болон аюултай бодисын зарцуулалтын тайлангаар 2022 онд “триэтаноламин” бодис зарцуулагдаагүй, 2023 онд зарцуулагдсан болон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх ба шүүгдэгч нарыг буруутгаж байгаа энэ үйлдэл нь үгүйсгэгдэж байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Бодисыг худалдсан “Г” ХХК-ны ажилтан О.Халиунаагийн зүгээс “Т ” ХХК-ны 2022, 2023 онд худалдаж авсан “триэтаноламин” химийн хорт, аюултай бодисыг манайх хадгалаагүй, худалдаж авсан даруйд тус компанид хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар батлагдан тогтоогдоогүй байна.

Иймд энэ нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодис болох “триэтаноламин”-ыг “Т ” ХХК-ны байранд хадгалсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

7.Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг “...тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан уг бодисын 3,5 литрийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-д хууль бусаар дамжуулсан, “Т ” ХХК-ны байранд хадгалсан” гэж яллах нэг үндэслэлээ болгосон боловч энэ үйлдлийн талаар яллагдагчаар тогтоож, мэдүүлэг аваагүй нь түүний /2хх 8-11/ мэдүүлгээс харагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучиннэгдүгээр бүлэгт заасны дагуу буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарсны дараа мөрдөгчөөс уг тогтоолыг танилцуулж сэжигтэн, яллагдагчийн эрх үүргийг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуулийн этгээд болон шүүгдэгч нарыг “Т  ХХ-д химийн бодис хууль бусаар дамжуулсан, тэдний байранд хадгалсан гэх үйлдлийн талаар мэдүүлэг аваагүй байхад прокурор энэ тухай яллах дүгнэлт үйлдсэн нь мөрдөн байцаалт явуулах журам зөрчигдсөн, прокурор мөн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх нөхцөл байдал бий болсон.

Иймд энэ тухай прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаараагүй боловч энэ үйлдлийг “ ...”Т ” ХХК, “Т ” ХХК-иуд нь хамтран ажиллах гэрээний дагуу лабораторийн үйл ажиллагааг явуулах, зааварчилгаа зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байсан хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын сүүлээр “Т ” ХХК-д үлдсэн нь “Т ” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Элбэгсайханы мэдүүлэг, 2 компанийн хамтран ажиллах гэрээ зэрэгт тус тус үндэслэн “ дамжуулсан, “Т ” ХХК-ны байранд хадгалсан гэх үйлдлүүд тогтоогдохгүй байна “ гэсэн үндэслэлээр “Т ” ХХК, гүйцэтгэх захирал С.Х нарын үйлдлээс тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэснийг шууд буруутгасангүй.

8.Хэрэгт “Т ” ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдээр төлөөлүүлсэн нь мөн үндэслэлгүй болсон.

            Учир нь: “Т ” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай буюу Дамба овогтой Хулан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт /1хх 166-171/-оор тогтоогдож байх ба Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Т ” ХХК-г төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Д.Хулан гэж үзнэ.

            Гэтэл хэрэгт компанийн үүсгэн байгуулагч Д.Хуланг оролцуулаагүй, түүнээс томилоогүй этгээд болох А.Баяржаргалыг компанийн төлөөлөгчөөр оролцуулж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй болсон.

9.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч “Т ” ХХК, түүний гүйцэтгэх захирал С.Х нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3, 24.3 дугаар зүйлийн 1-д заасан химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, энэ тухай гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хангаж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлд хамаарна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1,  1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “Т ” ХХК, түүний гүйцэтгэх захирал С.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3, 24.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, “Т ” ХХК болон шүүгдэгч С.Х нарыг цагаатгаж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, М.Машбат нарын давж заалдсан гомдлуудыг хангаж, прокурор Ц.Сэргэлэнбаатараас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

                        ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС