| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/06833/И |
| Дугаар | 191/ШШ2025/11373 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МТЗ ТӨХК /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 158,430,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч У.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “*******” ТӨХК-тай байгуулсан.
Энэ гэрээний хүрээнд “******* *******” ХХК нь Төмөр замын удирдлагын нэгдсэн программ нэвтрүүлэх, программыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх, “*******” ТӨХК нь 298.925.000 төгрөгийн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
1. Энэ гэрээний хэрэгжилтийн хүрээнд “******* *******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Систем хөгжүүлэлт, Хөдлөх бүрэлдэхүүний систем, галт тэрэгний хөдөлгөөний систем, ачаа тээврийн систем, ачаа тээврийн хэрэглэгчийн систем, мэдээлэл солилцооны систем, статистикийн систем, админ удирдлагын систем зэрэг ажлыг гүйцэтгэж, гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэлийн 93 хувийг гүйцэтгэсэн.
Харин “*******” ТӨХК-аас Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данснаас “******* *******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данс руу дараах байдлаар төлбөр төлсөн Тухайлбал:
• 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20%-ийн төлбөр болох 59.785.000 төгрөг
• 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20%-ийн төлбөр болох 59.785.000 төгрөг нийт 119.570.000 төгрөгийн төлсөн.(Энэ нь нийт төлбөрийн 40 хувьд л ногдох төлбөр юм)
Ажлын гүйцэтгэлийн 93 хувийн төлбөрийн үлдэгдэл 53 хувийн төлбөр болох 158,430,250 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 1-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй.
2. Ингээд ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үлдэгдэл 7 хувийг гүйцэтгэхэд Төмөр замын тээврийн олон улсын ГНГ код монгол орчуулгаар, Монгол Улсад бүртгэлтэй бүхий л төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээлэл гэх мэт мэдээллүүд шаардлагатай байсан тул удаа дараа хандсан боловч уг мэдээллийг гаргаж өгөөгүй.
“******* *******” ХХК нь программ хангамж, өгөгдлийн сан загварчлал, алгоритм гэх мэт техникийн боловсруулалтыг хийж гүйцэтгэх, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “*******” ТӨХК-аас холбогдох бүртгэл, координат, албан тушаал, ажил үүргийн хуваарийн талаар мэдээллүүдийг авахгүйгээр ажлыг гүйцэтгэлийг бүрэн гүйцэт дуусгавар болгох боломжгүй байдалд хүрсэн.
“*******” ТӨХК нь ажлыг дуусгавар болгоход шаардлагатай 7 хувийн мэдээллийг гаргаж өгөхгүй, удаа дараа уулзалт болон албан тоот хүргүүлж, хамтран ажиллахыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй.
“*******” ТӨХК нь холбогдох мэдээллийг явуулах тухай албан бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдлийг албан тоотоор явуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Тиймээс “*******” ТӨХК-аас ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон.
Ингээд ажлын гүйцэтгэлийн 93 хувийг эцсийн тайлан, программ хангамжийн эх код, өгөгдлийн сангийн бүтэц, мэдээлэл, дэлгэцийн зохиомжууд, суулгах зааврыг багтаасан DVD-ийг хүргүүлж, ажлын гүйцэтгэлийн 93 хувийг захиалагчид хүлээлгэж өгсөн.
Захиалагч *******” ТӨХК нь нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 93 хувийг гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан бол үүний төлбөр 278.000.250 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэтэл өнөөдрийн байдлаар 278.000.250 төгрөгөөс 119.570.000 төгрөгийн төлсөн тул 158.430.250 төгрөгийг төлөөгүй. Тиймээс уг төлбөрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3. Хэрвээ “*******” ТӨХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуух ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг өгчихсөн бол “******* *******” ХХК нь уг гэрээгээр тохирсон ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, 100 хувийн төлбөрийг авах боломжтой байсан.
Гэтэл ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үлдэгдэл 7 хувийг гүйцэтгэхэд Төмөр замын тээврийн олон улсын ГНГ код монгол орчуулгаар, Монгол Улсад бүртгэлтэй бүхий л төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээлэл гэх мэт мэдээллүүд шаардлагатай байсан тул удаа дараа хандсан боловч уг мэдээллийг гаргаж өгөөгүйгээс шалтгаалж үлдэх 7 хувийн ажлыг хийж чадаагүй.
Иймд “*******” Төрийн өмчит хувьцаат компаниас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 158.430.250 /зуун тавин найман сая дөрвөн зуун гучин мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж “******* *******" ХХК-д олгож өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь 2024.7.4-нд хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 298 сая төгрөг төлөх нэхэмжлэгч нь нэгдсэн программ гүйцэтгэхээр тохиролцсон. 2025.5.13-ны өдөр хүртэл хугацаанд системийн хөгжүүлэлт, ачаа тээврийн систем зэрэг ажлыг гүйцэтгэж нийт 93 хувийг гүйцэтгэсэн. Хариуцагч нь 59,785,000 төгрөгийг хоёр удаа гүйлгээгээр нийт 119,570,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Ажлын гүйцэтгэлийг дутуу төлсөн. Төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн. Ажлын тайланг хүлээлгэн өгсөн. Нийт 4 удаа тайлан гаргаж хүргэж өгсөн. Ийнхүү мэдэгдэхдээ баримт гаргаж өгөөгүй тохиолдолд ажил бүрэн гүйцэтгэгдэхгүй талаар мэдэгдсэн. Бид ажлын үр дүнг хүргүүлсэн. Иймд 158,430,250 төгрөгийг өнөөдрийн хүртэл төлөгдөөгүй. Холбогдох мэдээллийг гаргаж өгсөн тохиолдолд ажлыг бүрэн гүйцэтгэх боломжтой байсан. Иймд үлдэх 7 хувийн төлбөрийг шаардаагүй. Ийм ийм зүйлийг дутуу хийсэн талаар албан тоот хүргүүлж байгаагүй. Хариуцагч нь ажлыг гүйцэтгээгүй гэдэг боловч ямар зүйлийг хийгээгүй талаар тайлбарладаггүй. Саяны тайлбараас үзэхэд дүгнэлттэй л маргаж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ч.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн зүгээс “*******” ТӨХК-д холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Төмөр замын удирдлагын нэгдсэн программ”-ын ажил гүйцэтгэх АГГ-2024/43 дугаар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 158.430.250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
“*******” ТӨХК-с “Төмөр замын удирдлагын нэгдсэн программ нэвтрүүлэх, программыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх” нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд энэхүү нээлттэй тендер сонгон шалгаруулалтад “******* *******” ХХК шалгарч тус компанитай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр АГГ-2024/43 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажилласан.
Гэрээний үүргийн дагуу “******* *******” ХХК “Төмөр замын удирдлагын нэгдсэн программ нэвтрүүлэх, программыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, “*******” ТӨХК ажлын хөлсөнд 298.925.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэрээний хэрэгжилтийн хүрээнд “*******” ТӨХК-ийн зүгээс гэрээний үүргийн хэрэгжилтийг ханган 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ- 2024/43 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хавсралт болох “Төмөр замын удирдлагын нэгдсэн программ хөгжүүлэх ажлын болон төлбөрийн хуваарь”-ийн дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4-т заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 20 хувийн урьдчилгаа болох 59.785.000 /Тавин есөн сая долоон зуун наян таван мянга /төгрөгийг “******* *******” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны ******* дугаартай данс руу, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 хувийн төлбөр болох 59.785.000 /Тавин есөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөг, нийт 119.570.000 /Нэг зуун арван есөн сая таван зуун далан мянга/төгрөгийг ******* ******* ХХК-руу шилжүүлсэн байдаг.
Гэвч гүйцэтгэгч тал болох “******* *******” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4 дүгээр зүйл Гүйцэтгэгчийн эрх, үүрэгт заасны дагуу
- 4.1. Гүйцэтгэгч нь программ /модуль/ болон түүний бүрэлдэхүүн хэсгийн шийдэл /системийн бүтэц, өгөгдлийн сангийн загварчлал, алгоритм, хэрэглэгчийн интерфэйс гэх мэтээр хязгаарлагдахгүй/-ийг боловсруулахдаа төмөр замын онол болон практик, бусад төмөр замын байгууллагын туршлага зэргийг судалж захиалагчийн онцлогт тохируулсан санал гаргаж захиалагчид танилцуулна” гэсний дагуу танилцуулаагүй;
- 4.2. Гүйцэтгэгч нь 4.1-т заагдсан шийдэлд Захиалагчийн саналыг тусгаж, баталгаажуулсан баримт бичиг үйлдэнэ” гэсний дагуу захиалагчийн саналыг тусгаж баталгаажуулсан баримт бичгийг үйлдээгүй;
- 4.3. Гүйцэтгэгч нь программыг 4.2-т заагдсан Захиалагчаар батлуулсан баримт бичгийн дагуу хүлээлгэн өгнө” гэсний дагуу батлуулсан баримт бичгийн дагуу хүлээлгэн өгөөгүй;
- 6.1. Гүйцэтгэгч нь Захиалагчийн төлөөлөгчид ажлын үр дүнг шалгуулан хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэнэ” гэж заасны дагуу ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “*******” ТӨХК-ийн бичиг хэргийн ажилтанд үлдээгээд явсан.
Энэ талаар 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 01/1996 дугаар албан бичгээр гэрээний үүргийн дагуу тухайн программыг албан ёсоор хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн боловч гүйцэтгэгчийн зүгээс татгалзсан хариуг утсаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор компанийн бичиг хэрэгт үлдээсэн CD дээр суулгасан программыг мэргэжлийн программист хөлслөн программ суулгах ажлыг зохион байгуулсан.
Мэргэжлийн шинжээч томилсон талаар: 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/Ш32025/32556 дугаар захирамжийн дагуу Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гаргасан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэгч болох “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж талуудын асуултын хүрээнд дүгнэлт гаргуулах үндэслэлтэй байна гэж үзсэний дагуу шинжээчээр “Дижитал нексус” ХХК- ийг томилж
- 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ-2024/43 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тохиролцсон ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн, хэдэн хувийг дутуу гүйцэтгэсэн болохыг тогтоолгох,
- Гүйцэтгэсэн ажлын үр дүнг “*******” ТӨХК үйл ажиллагаандаа ашиглах боломжтой эсэх,
- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээврийн нэгдсэн программтай дүйцэхүйц байж чадаж байгаа эсэхийг тодорхойлуулах” үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэсэн.
“Дижитал нексус” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар:
Шинжээчид тавьсан асуулт:
1. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ-2024/43 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тохиролцсон ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн, хэдэн хувийг дутуу гүйцэтгэсэн болохыг тогтоох; Шинжээчийн хариулт:
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ-2024/43 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тохиролцсон ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн хэдэн хувийг дутуу гүйцэтгэсэн болохыг тогтоох шинжилгээний хүрээнд:
- Төмөр замын удирдлагын нэгдсэн программ /Тээврийн цахим систем/-ийн техникийн тодорхойлолтод нийт 7 дэд программ хангамжаас бүрдсэн байхыг тусгасан боловч дэд системүүдийг ач холбогдлын зэргээр нь тодорхойлж гэрээнд тусгаагүй байгаа нь тохиролцсон ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
2. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ-2024/43 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг “*******” ТӨХК үйл ажиллагаандаа ашиглах боломжтой эсэх;
Шинжээчийн хариулт: 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АГГ-2024/43 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг “*******” ТӨХК үйл ажиллагаандаа ашиглах боломжтой эсэхийг тогтоох шинжилгээний хүрээнд:
- Database, Ticket system, Frontend, Backend системүүдийг туршилтын орчинд ажиллуулж үзэв. Гүйцэтгэгч талын хүлээлгэж өгсөн DVD-г суулгаж бэлтгэсэн дараах зааврын дагуу ажиллав. 1энэ хэсэгт программыг цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй/
3. Гэрээнд заасан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Тээврийн нэгдсэн программ”-тай дүйцэхүйц байж чадаж байгаа эсэх;
Шинжээчийн хариулт: Тус систем нь 2007 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн нийт 13 тусдаа программ хангамжаас бүрдсэн систем юм. Хэрэглэгчийн систем болон тооцооны систем нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Бусад системүүд нь хоорондоо интеграци хийгдээгүй тус тусдаа ажилладаг байна. Мөн тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг хийдэг төмөр замын байгууллагад 15-аас илүү ажилласан туршлагатай, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багтай.
Энэхүү 13 программ хангамж нь нийт 150 гаруй модультайгаас “*******” ТӨХК голлох моделиудыг техникийн тодорхойлолтоо тусгаж өгсөн байна. МТЗ/20240101149 дугаар тендерийн “Техникийн тодорхойлолт”-д тусгасан дэд моделиудын хөгжүүлэлт зохих түвшинд хийгдсэн байна.
Шинжээч буюу “Дижитал нексус” ХХК-ийн зүгээс тус программд хийсэн шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн бөгөөд дээрх дүгнэлт нь “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээчид тавьсан 3 асуудлын хүрээнд гаргасан дүгнэлт нь тавьсан асуултуудад бүрэн гүйцэт, оновчтой хариулаагүй, бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзэхээр байна.
Иймд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “******* *******" ХХК-тай байгуулсан АГГ-2024/43 дугаар “Төмөр замын удирдлагын нэгдсэн программ”-ын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 158.430.250 /Нэг зуун тавин найман сая дөрвөн зуун гучин мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “*******” ТӨХК-ийн “******* *******” ХХК- д төлсөн 119.570.000 /Нэг зуун арван есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
2.1. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд нэмэлт дүгнэлт гаргуулахтай холбоотойгоор шинжээч нь оновчтой дүгнэлт гаргаагүй. Гэрээнд заасан ажлаа дутуу хийсэн. Төлсөн мөнгөө гаргуулах хүсэлтэй байгаа юм. Гэрээний 4.1-т гүйцэтгэх ажлын талаар заасан байдаг. 4.2-т захиалагчийн саналыг тусгасан баримт бичиг үйлдэгдээгүй. Баталсан баримт бичгийн дагуу хүлээлгэн өгөөгүй. Энэ талаар акт үйлдэгдээгүй. Улмаар бичиг хэргийн ажилтанд үлдээж явсан байдаг. Энэ талаар албан ёсоор хүлээлгэж өгөхийг шаардсан боловч татгалзсан тул программыг мэргэжлийн хүнээр суулгуулсан. Тусгай компьютер бэлдэж суулгаж үзсэн юм. Энэ нь дүгнэлтийн 2 дахь хэсэг дээр байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх14-15/, ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтын хуулбар /хх16-23/, албан тоот 9 ширхэг /хх24-36/, шуудангийн төлбөр төлсөн баримт 3 ширхэг /хх40-42/, гүйцэтгэлийн тайлан /хх46-77/, гүйцэтгэлийн эцсийн тайлан /хх78-108/, эхлэлийн тайлан /хх109-118/, системийн үйл ажиллагааны зураглал, дэлгэцийн зохиомж гаргах ажлын тайлан /хх119-128/, DVD,
3б. Хариуцагчаас: Албан тоот /хх195/, шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг /хх196,197/, Б.Хүдэрхүүгийн санал /хх199-200/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Шинжээчийн дүгнэлт /хх153-175/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 158,430,250 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөрт 158,430,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ТӨХК нь гэрээнд заасан ажил гүйцэтгэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй гэж маргасан.
4. Зохигч 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 298,925,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх16-21/
Гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын задаргаа, хугацаа, хөлс төлөх талаар нарийвчлан тохиролцсон байна. /хх22-23/
Хариуцагч нь гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 59,785,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр 59,785,000 төгрөг, нийт 119,570,000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх14-15/
Эдгээр үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зохигчийн маргааны зүйл нь ажлыг захиалгын дагуу гүйцэтгэсэн эсэх, хүлээлгэн өгсөн эсэх үйл баримт болж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээнэ.
4.1. Гэрээний 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь төмөр замын удирдлагын нэгдсэн программыг шинээр хийж гүйцэтгэх бөгөөд 1.2.1-1.2.7-д гүйцэтгэх ажлын задаргааг заасан байна. Мөн гэрээний хавсралтаар ажлыг гүйцэтгэх хугацаа, төлбөр төлөх хуваарийг тохиролцсон. Энэхүү баримтад хэн аль нь тэмдэг дарж баталгаажуулсан эсэх талаар маргаагүй.
Үүнээс үзэхэд гэрээний 4.1, 4.2-т заасан зохицуулалт хэрэгжсэн гэж үзэхээр байна. Тодруулбал хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болон мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 59,785,000 төгрөгийн төлбөр төлсөн болон дээр дурдсан гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх хуваариас үзэхэд захиалагчийн саналын дагуу буюу гэрээний 4.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж байсан байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох программ хангамжийг зохих шаардлага хангасан хадгалах зүйл буюу DVD-д бичиж, эхлэлийн болон эцсийн тайлангийн хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан DVD, тайланг бичиг хэргийг ажилтан дээр орхисон байсан гэх тайлбар болон Монгол шуудангийн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /хх40-42, 46-128/
5.1. “*******” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар албан тоотоор ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-д зааснаас үзэхэд ажлын дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгээгүй үлдэх хэсэг нь нэхэмжлэгчээс бус харин хариуцагч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой байна. /хх153, 161-175, 161/
Мөн дизайныг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж захиалагчаар баталгаажуулсан талаар дүгнэгдсэн.
Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т зааснаас үзэхэд ажлын үр дүн болох программд жижиг алдаа заасан бөгөөд үүнийг засах боломжтой гэж ойлгогдож байна. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч талаас зохих мэдээллээр хангасан тохиолдолд энэхүү алдааг засаж, программыг бүрэн ажиллагаанд оруулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Дүгнэлт хэсгийн 3 дахь хэсгээс үзэхэд гүйцэтгэсэн ажил нь тендерийн техникийн тодорхойлолтод тусгагдсан дэд модулиудын хөгжүүлэлт зохих түвшинд хийгджээ.
6. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэгдээгүй үлдэх хэсэг нь нэхэмжлэгчээс хамаараагүй, хариуцагч мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний зүйлийг бүрэн ажиллагаанд оруулах боломжтой гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь гэрээний дагуу тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.
Гэрээний 3.1-д зааснаар 298,925,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 119,570,000 төгрөг төлсөн тул 179,355,000 төгрөг төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй.
6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зохих мэдээллээр хангаагүйн улмаас зарим ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр 158,430,250 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
6.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч тал зохих мэдээллээр хангасан тохиолдолд үлдэх ажлыг нэмэлт төлбөр шаардахгүйгээр гүйцэтгэж дуусгах талаар тайлбарласныг дахин тэмдэглэж байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “*******” ТӨХК-с 158,430,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хураамжид урьдчилан төлсөн 950,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 950,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД