| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/07859/И |
| Дугаар | 191/ШШ2025/11374 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АУШ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч:ЭЭС ХХК холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 65,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.*******, хариуцагчийн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч И.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53 790 000 төгрөг, газардуулгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг нийт 65 790 000 төгрөг гаргуулах тухай
******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 7 сарын 15 өдөр ГТДХ-2024-05 дугаартай Сүхбаатар аймгийн Сүхбаатар, *******, ******* сумдын нутагт 35КВ-ын ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил хийж гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан бөгөөд захиалагч ******* ХХК-с урьдчилгаа 46 000 000 төгрөгийг 2024 оны 7 сарын 22-ны өдөр шилжүүлсэн тул 2024 оны 7 сарын 27-ны өдрөөс үндсэн ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил эхэлсэн. Манай компанийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэсэн хугацаа 2024 оны 7 сарын өдрөөс 2024 оны 12 сарын 16 өдрийг хүртэл ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг 2024 оны 7 сарын 15 өдөр байгуулсан ГТДХ 2024-05 дугаартай Сүхбаатар аймгийн Сүхбаатар, *******, ******* сумдын нутагт 35КВ-ын ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил хийж гүйцэтгэх хамтран ажиллах гэрээнд заасны дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 7 сарын 15 өдөр ГТДХ-2024-05 дугаартай Сүхбаатар аймгийн Сүхбаатар *******, ******* сумдын нутагт 35КВ-ын ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил хийж гүйцэтгэх хамтран ажиллах гэрээний дагуу акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Тухайн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, *******, ******* сумдын нутагт 35-КВ-ын ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлын газардуулга хийхээр 1 суурийн анкерийн газардуулгыг 1 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэдэг бөгөөд 28 анкерийн суурийн газардуулгыг 28 000 000 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 сарын 1 -ний өдөр 1 000 000 төгрөг, 4 сарын 10 өдөр 5 000 000 төгрөг, 4 сарын 22 өдөр 11 300 000 төгрөгийг газардуулгын төлбөрөөс төлсөн. Иймд ******* ХХК-с Сүхбаатар аймгийн Сүхбаатар, *******, ******* сумдын нутагт 35КВ-ын ЦДАШ-ийн төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53 790 000 төгрөг гэрээнд тусгаагүй газардуулгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг нийт 65 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү
1.1. Гэрээнд тусгагдаагүй 28 анкерын газардуулга хийсэн юм. 12 сая төгрөг нь газардуулгын үлдэх төлбөр юм. Хариуцагч нь 28 анкерын төлбөр ярих шиг боллоо. Гэтэл бид 2025 оны 4 сард газардуулгыг бүрэн хийсэн. Хариуцагч нь хувцасны мөнгө ярьж байна гэтэл гэрээнд зааснаар хувцсаар хангах байсан. Мөнгөөр 192,750,000 төгрөг авсан. Газардуулгын баримт хэрэгт байхгүй. 2024.12.15-нд ажлыг хийж дуусгасан.
1.2. 2024.7.5-нд хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үнэ 230 сая төгрөг юм. Сүхбаатар аймагт өндөр хүчдэлийн шугамын суурийг гүйцэтгэх болсон. 2024.7.22-нд анхны төлбөр төлөгдсөнөөр үйл ажиллагаа эхэлсэн. Гэрээний хавсралтад зааснаас санхүүжилт доголдолтой байсан. Нэхэмжлэгчийн инженер уруу 8 саяын гүйлгээ хийгдсэн. Бусад гүйлгээг хийгээд нийт 176,750,000 сая төгрөг дансаар шилжүүлсэн. 2024 онд гэрээний дагуу хариуцагч нь мөнгийг цувуулж төлсөн. 28 анкер суурилуулсан. 1 анкарыг 1 саяаар суурьлуулах байсан. Суурилуулалтад нийт 16 саяыг төлөөд 12 саяыг төлөөгүй. Суурь бэлдэх ажлаас 53,790,000 төгрөг дутуу юм. Иймд нийт 65,790,000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлд хамааралгүй төлбөрийг хасаж тооцно гэсэн нь үндэслэлгүй. Хэрэв харилцан тооцох байсан бол сөрөг нэхэмжлэл гаргах байсан юм гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч П.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь 2024 оны 07-р сарын 15-ны өдөр ГТДХ-2024-05 дугаар бүхий Сүхбаатар аймгийн Сүхбаатар, *******, ******* сумдын нутаг дэвсгэрт 35КВ-ын ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг 2024 оны 07-р сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 09-р сарын 08-ны өдрийг дуустал нийт 55 хоногийн хугацаатайгаар мөн гэрээний нийт үнийн дүнг 230,000,000₮ /Хоёр зуун гучин сая төгрөг/-өөр харилцан тохиролцож МУ-ын ИХ-ийн 343-р зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний хавсралт №3 “Гэрээт ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 20%-аар хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, гэрээний Хавсралт №2 “Ажлын даалгавар”-т заасан угсралтын ажил үйлчилгээг манай компанийн зүгээс гүйцэтгэгчид олгосон МК012022-3400-ЕЬ шифртэй зураг төслийн дагуу угсралтын ажлыг гэрээ болон холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлэн, заасан шаардлагыг бүрэн хангаж мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд, бүрэн хэмжээгээр хийж гүйцэтгэн, хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан.
Гэвч “*******” ХХК нь гэрээнд заасан хугацааны дотор гэрээний Хавсралт №2 “Ажлын даалгавар”-т заасан угсралтын ажил үйлчилгээг мөн манай компанийн зүгээс олгосон МК012022-3400-ЕЕ шифртэй зураг төслийн дагуу угсралтын ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй ба хугацаа хэтрүүлсний улмаас бидний ажлын уялдаа алдагдаж хойшлогдсоор байсан. Тухайн үед тус ажлыг хурдан дуусгах зорилгоор гүйцэтгэгч талаас нэхэмжилсэн төлбөрийг тухай бүрд нь шилжүүлж байсан боловч ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байсан тул “*******” ХХК-д удаа дараа аман болон албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч уг шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй. Гэрээний 3.2, 3.3-р хэсэгт заасны дагуу Ажлын талбай дээр очин ажил эхлэх үед эхний өдөр урьдчилгаа төлбөр болгон гэрээний үнийн дүнгийн 20 хувь болох 46,000,000 /Дөчин зургаан сая төгрөг/-ийг олгоно гэж заасан боловч манай талаас ажил эхлээгүй байхад буюу 2024 оны 7-р сарын 22-ны өдөр эхний санхүүжилтийг шилжүүлсэн ба дараа дараагийн санхүүжилтийг олгох нөхцөл бүрдээгүй буюу ажлын гүйцэтгэл Хавсралт №3-т заасан төлөвлөгөөт гүйцэтгэлдээ хүрээгүй болон чанарын шаардлага хангахгүй байхад 2 дахь санхүүжилтийг шилжүүлсэн. Гэх мэтчилэн төлөвлөгөөний дагуу хийгдээгүй ажлуудыг гүйцээж хийх, чанарыг сайжруулах байх гэсэн итгэлээр нийт 199,968,000.00 төгрөгийг “*******” ХХК-ийн ГОЛОМТ БАНК 2905201895 тоот дансанд шилжүүлсэн.
Иймд “*******” ХХК-ийн гэрээнд заасан чанарын доголдолтой, дутуу гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал: Суурилуулалтын ажлыг фото зургаар баримтжуулаагүй, суурийн буцаан булалтыг нягтруулаагүй, хар тосон түрхлэг 1 үе хийгээгүй, тулгуурын газардуулга хийгээгүй зэрэг “*******” ХХК-ийн дутуу үлдээсэн бүх ажлуудыг ахин зардал гарган өөрсдөө хийж дуусгасан. Учир нь ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй, дутуу байсан тул “*******” ХХК-д удаа дараа аман болон албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч уг шаардлагыг хүлээн авч биелүүлэхгүй байсан тул манай компанийн зүгээс гүйцээж хийх, бүрэн дуусгах шаардлага гарсан. Уг ажлыг одоогийн байдлаар 17,439,245.12 төгрөгийн зардал гаргаж гүйцэтгэсэн ба уг зардалд ажилчдын цалин хөлс, хоол унд, явж ирэх хоёр талын замын зардал, машин механизмын түлш гэх мэтчилэн зардлууд багтаж байгаа мөн “*******” ХХК-тай байгуулсан гэрээний нийт үнийн дүн болох 230,000,000.00 төгрөгөөс 199,968,000.00 төгрөгийг өгсөн гэтэл үлдэгдэл 30,032,000.00 төгрөг байх байтал “ *******” ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,790,000.00 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн “*******” ХХК нь гэрээнд заасны дагуу Хавсралт №2 “Ажлын даалгавар”-т заасан угсралтын ажил үйлчилгээг манай компанийн зүгээс гүйцэтгэгчид олгосон МК012022-3 400-ЕБ шифртэй зураг төслийн дагуу угсралтын ажлыг гэрээ болон холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлэн, заасан шаардлагыг бүрэн хангаж мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд, бүрэн хэмжээгээр хийж гүйцэтгэн, хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тул “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Нэхэмжлэгч нь 53 сая төгрөг гэдэг нь буруу дүн юм. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 55 хоногийн хугацаатай байсан боловч 2024.12.15-ны өдөр хүртэл ажилласан. 2024.11.30-ны өдөр хүртэл дуусгах төлөвлөгөө гаргасан боловч дуусгаагүй тул хүлээж байгаад бид ажлаас буусан. Гэрээний дагуу 43 сая төгрөг олгосон гэж байна. Ажил эхлэх үед гэрээнд зааснаар 43 сая төгрөг олгоно гэснээр үүнийг олгосон. Улмаар гэрээний хавсралтад заасны дагуу 6 анкер хийсэн тохиолдолд нэмж 46 саяыг олгох байсан боловч нэхэмжлэгч нь ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд санхүүжилт хүссэн тул 20 сая төгрөг олгосон. Үүний дараа 26 саяыг нэмж олгосон. Гэх мэтчилэн ажил 5 удаа санхүүжилтээр ажлын гүйцэтгэлээр бага багаар санхүүжилт олгоод нийт 199,968,000 төгрөг одоогоор олгосон байгаа юм. Бид хамтран ажиллаж байснаар нэхэмжлэгчийн кран ашигласнаар 1,750,000 төгрөг олгосон. Энэ гэрээнд хамааралгүй төлбөр юм. Гэрээ нь 230,000,000 төгрөгийн үнэтэй юм. Нэхэмжлэгчийн ажилтанд 8 сая төгрөг шилжүүлснийг хасаж яриад байна. Нэхэмжлэгч тал хөдөлмөр хамгааллын хувцасгүй байсан тул бид нэхэмжлэгчийн ажилтанд ажлын хувцас өгсөн. Захиалагчийн шаардлагаар 5 ажилтанд 1,210,000 төгрөгийн ажлын хувцас олгосон. Үүнийг нийт 230 саяас суутгаж байгаа юм. 2024 оны санхүүжилт дууссан. 2025 онд ажлаа дутуу гүйцэтгэсэн тул 4.1-д санхүүжилт хүссэнээр 1 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Үүнийг ажилдаа гарч байгаа тул олгосон. Гэтэл түлшний үнэ гээд 268,000 төгрөг шилжүүлсэн. 28 анкераас 4 ширхэг нь нэхэмжлэгчийн кран өргөж дийлэхгүй байсан тул манай кранаар гүйцэтгэсэн. Үүний ажлыг хөлс болох 2,540,000 төгрөгийг суутгаж байгаа юм. Мөн бид материалыг нь тээвэрлэхэд 3,200,000 төгрөг зарцуулсан. 2025.4.10-нд 10 сая төгрөг шилжүүлсэн. Энэ нь гэрээний үнэ юм. 2025.4.22-нд мөн гэрээний үнэнд 10 сая төгрөг шилжүүлсэн. Эдгээр санхүүжилтийг хүссэн үед нь олгож байсан боловч одоо болтол ажлыг бүрэн дуусгаагүй байгаа юм. Хийсэн ажлыг захиалагч байгууллага чанаргүй байна цөмөрсөн хэсгийг зас гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Гэтэл хариу өгөөгүй тул үүнийг бид өөрсдөө зассан. Энэ ажилд техник болон ажилтны цалинд 17 сая орчим төгрөг байгаа юм. Эдгээрээс 13,782,000 төлөхийг зөвшөөрнө.
Гэрээний хавсралт 4 дээр хариуцах зүйлийн жагсаалт гэж байгаа юм. Хувцсыг захиалагч хариуцахаар заасан боловч төлбөрийг хариуцахгүй юм. Газардуулгын хувьд гэрээн дээр ажлын зургийн дагуу ажил гүйцэтгэнэ гэсэн байдаг. Ажлын зурагт газардуулгын ажил орсон байдаг юм. 28 анкер боссон гэхдээ ажлаа хүлээлгэж өгөөгүй. Мөн сүүлийн 5 анкер нь нягтаржуулалт болон бетум түрхлэг байхгүй. 2 анкерт л газардуулга хийсэн. Мөнгөн хэлбэрээр 192,750,000 төгрөг төлсөн. Хувцас 1,210,000 төгрөг, түлш 260,000 төгрөг, манай кран ашигласан зардал 2,540,000 төгрөг, материалыг тээвэрлэсэн 3,200,000 төгрөг, 2025 оны 9 сард хийсэн засварын ажлын цалин, хоол, техникийн зардал 17 орчим сая төгрөг. Эдгээр төлсөн төлбөрт тооцоод 13 сая төгрөгийг ажлаа хүлээж авсны дараа төлнө. Чанарын доголдолтой байсан боловч 2024.12.15-нд 28 анкер боссон байсан гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ /хх5-7/, ажлын төсөв болон санхүүжилтийн төлөвлөгөө /хх9/, захиалагч, гүйцэтгэгчээс ханган нийлүүлэх материал болон багаж, хамгаалах хэрэгслийн жагсаалт /хх10/, мемориалын баримт 10 ширхэг /хх11-20/, ажил гүйцэтгэлийн акт 2 ширхэг /тусдаа хавтаслагдсан/
3б. Хариуцагчаас: Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ /хх45-47/, ажлын даалгавар /хх49/, захиалагч, гүйцэтгэгчээс ханган нийлүүлэх материал болон багаж, хамгаалах хэрэгслийн жагсаалт /хх50/, Голомт банкны цахим гүйлгээний баримтууд 14 ширхэг /хх51-63/, төлбөрийн цахим баримтууд /хх80-104/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хх110-134/, албан тоот 2 ширхэг /хх135-137/, төлбөрийн баримт 12 ширхэг /хх138-149/, флаш
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 37,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэх үүрэгт 53,790,000 төгрөг, гэрээнд заагаагүй ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 12,000,000 төгрөг, нийт 65,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас болон зарим нэмэлт зардал гарсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаа хүлээлгэж өгсний дараа 13,782,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
4. Зохигч 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 230,000,000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар аймаг, Сүхбаатар, *******, ******* сумдын нутаг 35 кв-н ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх хамтран ажиллах гэсэн гэрээ байгуулжээ. /хх5-7/
Гэрээний хавсралт 2 болон ажлын даалгавраас үзэхэд 28 ширхэг анкер угсралтын ажил гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх9-10/
Гэрээний 4.1-т зааснаар ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусахаар тохиролцсон. Гэвч 28 ширхэг анкер нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр газар дээр бэхлэгдэж, гүйцэтгэсэн цаг хугацааны талаар зохигч маргаагүй. Түүнчлэн нь ажлыг хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн үйл баримт нь энэ хэрэгт талуудын маргааны зүйлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан ажлыг хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн талаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Хэрэгт хариуцагчаас ажлын хөлс төлсөн талаарх Голомт банкны мемориалын баримтууд авагдсан бөгөөд нийт 192,750,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй. /хх11-20/
5. Хариуцагчийн төлөөлөгч нь 5 ширхэг анкер нягтаршуулалт болон бетум түрхлэг буюу илжрэлээс хамгаалах түрхлэг дутуу хийгдсэн гэж маргасан. Улмаар энэхүү дутуу хийгдсэн гэх ажлыг 2025 оны 09 дүгээр сард өөрсдийн 17 орчим сая төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн, мөн 4 анкерт өөрсийн краныг ашиглуулсан зардалд 2,540,000 төгрөг, нэхэмжлэгчийн материалыг тээвэрлэсэн зардалд 3,200,000 төгрөг, ажлын хувцасны зардалд 1,210,000 төгрөг, түлшний зардалд 260,000 төгрөгийг тус тус төлсөн төлбөрт тооцож, улмаар 13,782,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч нь төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнтэй маргаагүй боловч үүний 16,000,000 төгрөг нь анкерын газардуулгын нэмэлт ажлын төлбөрт тооцогдоно гэж маргасан.
Улмаар нэхэмжлэгч нь газардуулгын ажил нь нэмэлт ажил гэх, хариуцагч нь газардуулга нь гэрээнд заасан ажилт хамаарах талаар тайлбарласан боловч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй.
Гэрээний 1.1-д зааснаар ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгэх бөгөөд зурагт газардуулга орсон гэх боловч энэ талаарх баримтыг хэн аль нь шүүхэд ирүүлээгүй. Цаашлаад энэ талаар дэлгэрэнгүй зураг байдаг эсэх, мөн гаргаж өгөх талаар хүсэлт гаргахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт шаардах боломжгүйг дурдав.
6. Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/194 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгаар /анкер/ угсарч босгох ажлын технологийн карт, гуравдугаар хавсралтаар баталсан “Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын газардуулгын эсэргүүцэл хэмжих” ажлын технологийн картаас үзэхэд цахилгаан дамжуулах агаарын шугамыг угсрах ажилд газардуулгатай байх техникийн шаардлага тавигддаг гэж ойлгогдож байна.
Дээрх А/194 дүгээр тушаалаар баталсан карт буюу журам нь интернэт орчинд нээлтэй тавигдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгч нь газардуулга тус бүрийг гэрээнээс гадуур хийх ажил буюу тус бүрийг 1,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй байна.
7. Хариуцагч нь гэрээ хэрэгжих явцад өөрийн краныг ашиглуулж, холбогдох зардал гаргасан, нэхэмжлэгчийн материалыг тээвэрлэж зардал гарсан, түлш илүү нийлүүлсэн гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. Мөн гүйцэтгэгдсэн ажил нь чанарын доголдолтой байсан, улмаар өөрийн зардлаар засварласан гэх тайлбараа нотлоогүй. Тодруулбал, 2025 оны 09 дүгээр сард гарсан гэх зардлын баримтууд нь маргаж буй гэрээтэй холбоотойгоор гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна. /хх110-134/
Цаашлаад ажлын хувцсыг гэрээний хавсралтад зааснаар хариуцагч хариуцах бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн ажилчдыг ажлын хувцсаар хангаж 1,210,000 төгрөгийн зардал гарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
8. Иймд дээрх үндэслэлийг харьцуулан үзээд 28 ширхэг анкер гүйцэтгэгдсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон, хариуцагчийн нэмэлт зардал гаргасан гэх тайлбар, нэхэмжлэгчийн нэмэлт ажил гүйцэтгэсэн гэх тайлбар тус тус нотлогдоогүй тул гэрээний дагуу дутуу төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. Тодруулбал, гэрээгээр 230,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 192,750,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 37,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 37,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 344,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД